A

A

A

Бүлэг: 1979

Хяргас сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын

2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн

20 дугаар тогтоолын хавсралт

 

ХЯРГАС СУМЫН БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРАМ

 

Нэг.Зорилго:

1.1.Сумын малчид, мал бүхий иргэд бэлчээрийг зүй зохистой, хуваарьтайгаар ашиглах, хамгаалах, ургамлын зүйл, төрлийг нэмэгдүүлэх байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжийг бүрдүүлэх, бэлчээрийг түүний нөөц, даацад нь тохирсон мал сүрэг өсгөн үржүүлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад журмын зорилго оршино.

Хоёр.Ерөнхий шаардлага:

2.1.Сумын иргэд нь багийн Засаг даргад хүсэлт гарган багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцүүлэн зөвшөөрсөн бол өвөлжөө, хаваржааны бүс нутагт хашаа, бууц барьж эзэмшинэ. Зуслан, намаржааны бүс нутаг, бэлчээрт өвөлжөө, хаваржаа шинээр барихгүй. 

2.2.Нөөцөлсөн бэлчээр, хадлангийн талбай өвөлжөө, хаваржаа, намаржааны бүс нутагт мал оруулан гишгүүлэх, чөлөөлсөн хугацаанаас түрүүлж идүүлэх болон  зөвшөөрөлгүйгээр тус бүс нутагт нүүдэллэхгүй байх.

2.3.Бэлчээрийг зөв зохистой ашиглах талаар гаргасан бүдүүвч зураглал, цаг хугацаа, бэлчээрийн хуваарь зэргийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж нэг хувийг Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ.

2.4.Гаднаас дур мэдэн отрын айл, мал сүргийг зөвшөөрөлгүй оруулж, өвөлжөө, хаваржаа, хот бууцыг дамжуулан ашиглахгүй, бэлчээрт хашаа барихгүй байх.

2.5.Өөрийн эзэмшдэг өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны газрыг жил бүр ахуйн хог хаягдлаас цэвэрлэж нэгдсэн хогийн цэгт хүргэх

2.6.Бусад сумын айл өрх, мал сүрэг Хяргас суманд отроор болон түр тавиулаар ирэхээр бол  багийн даргад санал хүргүүлж, сумын засаг дарга нар харилцан гэрээ байгуулж, мал эмнэлгийн гарал үүслийн бичиг авсан байх 

2.7.Багийн засаг дарга нь дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ.

2.7.1.Гаднын сумаас гэрээ, зөвшөөрөл, мал эмнэлгийн үйлчилгээний бичиггүй орж ирсэн малчинд шаардлага өгч нүүлгэх.

2.7.2.Бэлчээр ашиглалтын журам зөрчсөн этгээдэд хугацаатай мэдэгдэх хуудас өгч сумын засаг даргад нэн даруй мэдэгдэх 

2.7.3.Бэлчээрийг хуваарийн дагуу чөлөөлөөгүй этгээдийг албадан нүүлгэж гарсан зардлыг төлүүлэх

Гурав.Нутаг бэлчээрийг зохистой эзэмших ашиглах талаар:

3.1.Бэлчээр нутгийг ашиглаж ирсэн уламжлал, зохистой ашиглах, хамгаалах,

нөхөн сэргээх шаардлагыг үндэслэн хаваржаа, зуслан, намаржаа, нөөц бэлчээр нутгийг доорх байдлаар тогтоов.

3.1.1.Зуслангийн бүс нутаг:

Хангай баг: Хойд Баянгол, Бор бургасны дэнж, Нуурын ам, Бэл булаг, Цагаан тарвагат, Толь, урд Баянгол, Ендэрт, Баянбулаг, Өөхтэйн ам, Шаварт

Бугат баг: Хуучин төв, Бэйсийн зааг,  Гашуун, Найрт, Тагийн булаг, Баян худаг, хойд Суварга, Шон мод, Борхайрханы бэл, Ичээтийн гол,  Ичээтийн хөвч, урд Суварга, Улаан хэрц, Шохойн цахир ам, Шалаан бэлчир, Улаан бумба, Байцаан гол

Хайрхан баг: Цагаан гол,  Нарт, Цахт, Сарлагт, Хөх салаа, Давхар ус, Хар булаг, Марц, Шилийн хаг, Хүрмийн хаг

3.1.2.Хуц ухна маллах суурийн зусах, намаржих нутгийг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ.

3.2.Хаваржаа, Намаржааны бүс нутаг:

Хангай баг: Марц, Хангилцаг, Бухын голууд, Таван улиас, Өсрүүн, Адгийн хоо, Дунд хоо, Баянцагаан, Мушгиа худаг, Их худаг, Бураат худаг, Таригийн худаг, Давааны ам, Ар мухрууд

Бугат баг: Булаг, Хөндлөн, Агьт, Хөшөөт, Хоо толгой, Могойт, Билүүгийн гол, Улаан нүүр, Хөх эрэг, Тахилт, Шар өндөр, Хавангийн худаг, Ламын худаг, Товчийн хар, Таригийн бор толгой , Бураагийн баруун хөдөө

Хайрхан баг: Билүү, Шар толгой,  Бурхад хад, Цалгар, Тараагийн гол,  Адаргана, Зээрэн, Өвгөний марц, Дэлийн худаг, Сар толгой, Хүүрхээн сай, Зэлийн зүүн хөдөө

3.3.Хадлан өвс бэлтгэхийн тулд нөөцөлж байгаа бэлчээр нутгийг түрүүлж ашиглахгүй байх. Хадлан бэлтгэхдээ ургацыг гүйцээх болон үр боловсорсон үед бэлтгэж байх.

3.4.Сумын Засаг даргаас тухайн жилийн ургацын байдлыг харгалзан нөөц бэлчээр нутгийг тогтоох талаар сумын ИТХ-д санал хүргүүлж болно.

3.5.Онцгой нөхцөл байдал үүссэн тохиолдолд хаваржих, зусах, намаржих, өвөлжихийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. (Хүн малын гоц халдварт өвчин гарсан, хорио цээр, хязгаарлалт тогтоосон)

3.6.Тухайн жилийн өвс ургацын гарцын байдалтай уялдуулан хадлан өвс бэлтгэх талбайг багийн Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны саналыг үндэслэн сумын Засаг дарга хуваарилах ажлыг зохион байгуулна.

Дөрөв.Нөөцөлсөн бэлчээр хадлангийн талбайг тогтоох талаар:

4.1.Нөөцөлсөн нутаг бэлчээрийг ашиглах зайлшгүй шаардлага гарсан үед сумын Засаг дарга шийдвэр гарган хэрэгжилтийг хангуулна.

4.2.Сумын нутагт ашиглагддаггүй бэлчээр ашиглах зорилгоор уст цэг гарган бэлчээрээ тэлж ашиглаж байгаа малчдын бүлэг, иргэдийг дэмжин бэлчээр нутгийг нь ашиглуулж болно.

4.3.Бэлчээр ашиглах хуваарийг (зуслан гарах, намаржаа, өвөлжөөнд буух, нүүх гэх мэт) багийн Иргэдийн Нийтийн Хурлаар тухай бүр хэлэлцэн тогтоож малчдад танилцуулж мөрдүүлэх

Тав.Журмыг мөрдөх хугацааны талаар:

5.1.Өвөлжөөний бүс нутаг чөлөөлөх хугацаа: 4 дугаар сарын 10-аас 11 дүгээр сарын 10 хүртэл

5.2.Хадлангийн талбайг чөлөөлөх хугацаа: 5 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15 хүртэл

5.3.Хаваржааны бүс нутагт нутаглах хугацаа: 4 дүгээр сарын 10-аас  06 дугаар сарын 25-нийг хүртэл

5.4.Намаржааны бүс нутагт нутаглах хугацаа: 8 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 10 хүртэл,

5.5.Зарим бүс нутагт нутаглах хугацаа 2 үе шаттай байна.Тухайн асуудлыг багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцэж тогтооно

5.6.Сумын төвийн суурин маллагааны бүсэд 5-р сарын 1-ээс 10-р сарын 15-ыг хүртэл саалийн үнээтэй байхыг зөвшөөрнө.

Зургаа. Малчид, мал бүхий иргэдийн хүлээх үүрэг:

6.1.Сумын малчид, мал бүхий иргэд тогтоолд заасан газруудад бэлчээрийг ашиглаж, газрынхаа гол ус, байгаль орчныг бохирдуулахгүй байх,

6.2.Сумын ИТХ-аас батлагдсан хуваарийн дагуу нутаг дэвсгэрт хамаарагдах зуслангийн газрыг сумын малчид, мал бүхий иргэд нийтээрээ эзэмших.

6.3.Бусад сум, орон нутгийн гэрээ, зөвшөөрөлгүйгээр малчдын малыг авч маллахгүй байх, мал худалдаж авах, бэлгэд авах тохиолдолд сумын мал эмнэлгийн үржлийн нэгжид мэдэгдэж урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах.

6.4.Сумын Засаг дарга болон холбогдох байгууллагуудаас гаргасан хэрэгжилт, эрх бүхий байгууллагаас тавьсан шаардлагыг биелүүлэх.

6.5.Өөрийн ашиглаж байгаа бэлчээрт ой хээрийн түймэр болон байгаль орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдээлэх.

6.6.Гол, горхи, булаг шандын эх ундаргыг хамгаалахаас бусад тохиолдолд бэлчээрийг хашиж хамгаалахгүй байх.

Долоо. Журмын биелэлтийг хангах талаар:

7.1.Энэ журмыг биелүүлэх, зохион байгуулж хяналт тавьж байх ажлын хэсгийг Байгаль орчин тогтвортой хөгжлийн тасаг, Хөдөө аж ахуйн тасаг, Мал эмнэлгийн тасгийн мэргэжилтнүүд, Газрын даамал, багийн ИНХ-ын дарга, багийн Засаг дарга нарыг оролцуулан сумын Засаг даргын шийдвэрээр байгуулан тогтмол ажиллуулах.

7.2.Журам зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.3.Журмыг зөв хэрэгжүүлж байгаа малчин өрхийг урамшуулах, дэмжих, шагналд тодорхойлох, зээл тусламж дэмжлэгт хамруулах

7.4.Журмын биелэлтийн явцыг жил бүр сумын ИТХ-д танилцуулж цаашид зохион байгуулах арга хэмжээг тодорхойлох.

 

----- оОо -----