A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2025 оны 10 дугаар

сарын 01-ний өдрийн 117 дугаар

тогтоолын хавсралт

 

 

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНД ТУСЛАМЖ,

ХӨНГӨЛӨЛТ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.1-26.1.6 дахь заалтад заасан тусламж, хөнгөлөлт олгох, санхүүжүүлэх, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.Ахмад настны хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх Эмнэлэг хяналтын комисс тогтоох бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй ахмад настан нь Ахмад настны тухай хууль, эсхүл Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан ижил төрлийн тусламж, хөнгөлөлтөд хамрагдах тохиолдолд өөрийн сонгосон аль нэг тусламж, хөнгөлөлтөд хамрагдана.

 

1.3.Энэ журмын 1.2-т зааснаас бусад хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэхийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан комисс тогтооно.

 

Хоёр.Тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт гаргах

 

2.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ журамд заасан тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтээ халамжийн нэгдсэн систем "еhalamj.mn" (цаашид "нэгдсэн систем" гэх)-ээр дамжуулан цахимаар, эсхүл сум, хорооны нийгмийн ажилтанд хандан цаасан хэлбэрээр гаргана.

 

2.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон сэтгэцийн эмгэгтэй хүний тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг түүний эх, эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

 

2.3.Асрамж, халамжийн байгууллага, төрөлжсөн асрамжийн газарт асруулж байгаа, сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнийг тухайн байгууллагын нийгмийн ажилтан нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад хандан тусламж, хөнгөлөлтөд хамруулах ажлыг хариуцна.

 

2.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүн тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүсэлтийг сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүй.

 

Гурав.Тусламж, хөнгөлөлт олгоход

                                                 үндэслэх бичиг баримт

 

3.1.Хөгжлийн бэрхшээлтэй хүн энэ журамд заасан тусламж, хөнгөлөлтөд хамргадах хүсэлт гаргахад шаардагдах өргөдөл, иргэний үнэмлэх, хүүхдийн төрсний гэрчилгээ болон шаардлагатай бусад мэдээллийг сум, хорооны нийгмийн ажилтан  нэгдсэн системээс татан бүрдүүлнэ.

 

3.2.Сум, хорооны нийгмийн ажилтан хөгжлийн бэрхшээлтэй хүний хүсэлтийг хянан бүртгэж, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагад илгээнэ.

 

3.3.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага сум, хорооны нийгмийн ажилтны илгээсэн хүсэлтийг хянан баталгаажуулна.

 

3.4.Хөгжлийн бэрхшээлтэй хүнд орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авах мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоход нэгдсэн системийн дараах бичиг баримтыг үндэслэнэ:

 

      3.4.1.хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс (цаашид "хүүхдийн комисс" гэх)-ын шийдвэр;

 

      3.4.2.эрүүл мэндийн магадлалын зөвлөл, эсхүл Эмнэлэг хяналтын комиссын шийдвэр;

 

      3.4.3.бүрэн хараагүй, бүрэн хэлгүй, дүлий, одой иргэн болохыг тодорхойлсон Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэр.

 

3.5.Ортопед, тусгай хэрэгслийг худалдан авсан үнийн хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:

 

      3.5.1.төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт, хэрэв сумын эрүүл мэндийн төвд төрөлжсөн мэргэшлийн эмч байхгүй тохиолдолд сумын ерөнхий эмчийн дүгнэлт, хүүхдийн живхний хөнгөлөлт олгоход хүүхдийн комиссын шийдвэр;

 

      3.5.2.ортопед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн и-баримт, эсхүл нэхэмжлэх.

 

3.6.Протез, ортопед, тусгай хэрэгслийг дотоодод захиалгаар хийлгэсэн үнийн хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:

 

      3.6.1.төрөлжсөн мэргэшлийн эмчийн дүгнэлт, эсхүл протезын үйлдвэрээр хийлгэж байгаа  тохиолдолд тухайн байгууллагын төрөлжсөн мэргэшлийн эмчийн нэгдсэн системд үүсгэсэн тодорхойлолт;

 

      3.6.2.протез, ортопед, тусгай хэрэгслийн төлбөр төлсөн и-баримт, эсхүл нэхэмжлэх.

 

3.7.Хөгжлийн бэрхшээлтэй хүн (хүүхэд, насанд хүрэгсэд) болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн цэцэрлэг, сургуульд ирж, очих унааны  зардлын хөнгөлөлтийг олгоход дараах бичиг баримтыг үндэслэнэ:

 

      3.7.1.орон нутгаас аймгийн төв, эсхүл нийслэлд ирж суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүн, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ирж, очих унааны зардал төлсөн баримт, хүүхдийн комиссын шийдвэр;

 

      3.7.2.аймаг, нийслэл, сум, дүүргийн цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, хүний болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид Засгийн газраас тогтоосон тусламж, хөнгөлөлтийн хэмжээний дагуу унааны зардлыг олгоход хүүхдийн комиссын шийдвэр.

 

3.8.Насанд хүрсэн бүрэн хараагүй, сонсголын хэл ярианы бэрхшээлтэй хүнд харилцаа холбооны зардлын хөнгөлөлтийг олгоход шаардлагатай тодорхойлолт Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн шийдвэрийг сум, хорооны нийгмийн ажилтан нэгдсэн системээс татаж бүрдүүлнэ.

 

Дөрөв.Тусламж, хөнгөлөлт олгох

 

4.1.Хүүхдийн комиссын шийдвэрийг үндэслэн байнгын асаргаа шаардлагатай өдөр тутам живх хэрэглэдэг 2-оос дээш насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд 3 жил тутам нэг удаа олгох живхний үнийн хөнгөлөлтийг Засгийн газраас тогтоосон жишиг үнэд багтаан гурав тэнцүү хувааж, жилд нэг удаа олгоно.

 

4.2.Хөгжлийн бэрхшээлтэй хүн протез, ортопед болон тусгай хэрэгслийг өөрийн сонгосон протезын үйлдвэр, холбогдох байгууллагаар хийлгэх, эсхүл ортопед, тусгай хэрэгслийг эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх байгууллага, эмийн сангаас авах тохиолдолд Засгийн газраас баталсан жагсаалт, жишиг үнийн дагуу хөнгөлөлтийг авна.

 

4.3.Хөгжлийн бэрхшээлтэй хүн бусдын хэрэглэж байсан тэргэнцэр худалдан авсан тохиолдолд жишиг үнийн хөнгөлөлтийг 50 хувиар тооцон олгоно. Энэ тохиолдолд худалдан авах болон худалдах  талуудын хүсэлт, тэргэнцэрийн фото  зургийг сум, хорооны нийгмийн ажилтан нэгдсэн системд оруулж, тайлбар бичнэ.

 

4.4.Гадаад улсаас худалдан авсан, эсхүл хийлгэсэн протез, ортопед, тусгай хэрэгслийн төлбөрийн баримт болон хэрэглэж байгааг нотлох фото зургийг иргэнээс сум, хорооны нийгмийн ажилтан авч, нэгдсэн системд оруулан, тайлбар бичиж, Засгийн газраас тогтоосон жишиг үнийн дагуу олгоно.

 

4.5.Асрамж, халамжийн байгууллага, төрөлжсөн асрамжийн газар асруулж байгаа, эсхүл сэтгэцийн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэгт удаан хугацаагаар хэвтэн эмчлүүлж байгаа, хорих ангид ял эдэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүнд протез, ортопед, тусгай хэрэгслийн үйлчилгээ үзүүлэх байгууллага явуулын хэлбэрээр, үйлчилж болно.

 

4.6.Аймаг, нийслэл, сум, дүүргийн цэцэрлэг, сургуульд суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчид унааны зардлыг Засгийн газраас тогтоосон тусламж, хөнгөлөлтийн хэмжээгээр жилд нэг удаа иргэний банкан дахь харилцах дансанд шилжүүлнэ.

 

4.7.Хөдөө орон нутгаас аймгийн төв, нийслэлд очиж суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн ирж, очих унааны зардлын хөнгөлөлтийг тээврийн байгууллагын тогтоосон тарифт үнээр тооцон жилд нэг удаа иргэний банкан дахь харилцах дансанд шилжүүлнэ.

 

4.8.Энэ журмын 4.7-д заасан хөнгөлөлтийг олгохдоо хэрэв хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, түүний асран хамгаалагч, харгалзан дэмжигч өөрийн унаагаар зорчсон тохиолдолд шатахууны баримтыг үндэслэн авто тээврийн тарифт үнээр тооцож олгоно.

 

4.9.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасан унааны зардлын хөнгөлөлтийг олгохдоо өмчийн харьяалал харгалзахгүй цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, коллеж, дээд сургууль, их сургуулийг хамруулна.

 

4.10.Энэ журмын 3.5, 3.6-д заасан хөнгөлөлтийг байгууллагын нэхэмжлэхээр авах тохиолдолд протез, ортопед, тусгай хэрэгсэл тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа тул байгууллага, иргэний банкан дахь харилцах дансанд мөнгө шилжүүлэхийг зөвшөөрсөн маягт (нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас гаргасан)-ыг цахимаар, эсхүл цаасан хэлбэрээр бөглүүлнэ.

 

                                        Тав.Төрийн байгууллага хооронд

    мэдээлэл солилцох

 

5.1.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журамд заасан эмч, эмнэлгийн байгууллагын дүгнэлт, тодорхойлолт, шийдвэрийг төрийн мэдээлэл солилцооны системээр дамжуулан тухай бүр нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

 

5.2.Нэгдсэн системээс татах шаардлагатай бичиг баримтыг уг системд цонх үүсгэж байршуулна.

 

                                                      Зургаа.Бусад

 

6.1.Тусламж, хөнгөлөлт олгох үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалтад нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны  байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тус тус хяналт тавьж ажиллана.

 

6.2.Аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж нь тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хөгжлийн бэрхшээлтэй хүний бичиг баримтад хяналт тавьж ажиллана.

 

6.3.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагын хяналт, шалгалт хариуцсан нэгж хөгжлийн бэрхшээлтэй хүнд хөнгөлөлт, тусламж олгох үйл ажиллагаа, хууль, журам, чанар, стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд түүврийн аргаар, төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт, шалгалтыг хийнэ.

 

6.4.Энэ журамд заасан тусламж, хөнгөлөлтөд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй хүний  сэтгэл ханамжийн судалгааг цаасан болон цахим (киоск, мессеж) хэлбэрээр авч үнэлгээний системд бүртгэн, нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага судалгааны үнэлгээг нэгтгэн, дүнг олон нийтэд ил тод мэдээлнэ.

 

6.5.Энэ журмын 6.4-т заасан судалгааны тайлан, дүнд үндэслэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага хариуцан үйлчилгээгээ сайжруулах арга хэмжээг зохион байгуулна.

 

6.6.Нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймаг, дүүргийн нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага нь тусгай дугаар бүхий нээлттэй утас, цахим хаяг тогтмол ажиллуулж, иргэний санал, гомдлыг цаасан болон цахим хэлбэрээр хүлээн авч, шийдвэрлэнэ.

 

6.7.Аж ахуйн нэгж, байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүний хэрэгцээ, шаардлагад нийцээгүй, чанаргүй протез, ортопед, тусгай хэрэгсэл олгох, эсхүл олгоогүй боловч хуурамч баримт бүрдүүлж өгсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

6.8.Тухайн хүний хөгжлийн бэрхшээлтэй эсэх, эсхүл байнгын асаргаа шаардлагатай эсэхийг буруу тодорхойлсон, шийдвэрийг хуурамчаар үйлдсэн, протез, ортопед, тусгай хэрэгсэл олгох дүгнэлтийг үндэслэлгүй гаргасан,  тусламж, хөнгөлөлтийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

 

6.9.Тусламж, хөнгөлөлтөд хамрагдах хүнийг буруу тогтоосон, хуурамч бичиг баримт үйлдэн тусламж, хөнгөлөлт авсан хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэж, хохирлыг нөхөн төлүүлнэ.

 

 

 

---о0о---