- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- 1008 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 137
Улаанбаатар хот
1008 АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ТӨСЛИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, "Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн 1.1.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Ногоон нуур орчимд баригдаж байгаа 1008 айлын орон сууцны төсөл хэрэгжиж дуусч байгаатай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланд даалгасугай:
1.1.нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийг газраа орон сууцаар солих нөхцөлтэйгээр сонгон шалгаруулж, Ногоон нуурын 1008 айлын орон сууцанд хамруулах, чөлөөлсөн газарт хувийн хэвшилтэй хамтран орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулж, явц, үр дүнг тухай бүр танилцуулах;
1.2.Ногоон нуурын 1008 айлын түрээсийн орон сууцанд зорилтот бүлгийн иргэдийг сонгон шалгаруулж, хамруулах болон орон сууцны түрээсийн үнийг зах зээлийн үнэтэй уялдуулан шинэчлэн тогтоох талаар холбогдох арга хэмжээг хууль, журмын дагуу авах.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 32 дугаар тогтоолын 1.1.2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН САЙД Э.БАТ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх