A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 153

Улаанбаатар хот

ТӨСВИЙН ЗАРИМ БАЙГУУЛЛАГЫГ ӨӨРЧЛӨН БАЙГУУЛАХ ТУХАЙ

Төсвийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.10 дахь заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа "Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрыг "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газарт нэгтгэн, "Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулсугай.

2.Улсын төсөвт үйлдвэрийн газруудыг нэгтгэсэнтэй холбогдуулан "Мал эмнэлгийн эмийн сорилт, баталгаажуулалтын улсын лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрын эд хөрөнгөд тооллого хийх, үндсэн болон бусад эд хөрөнгийг орон тоо, цалингийн сангийн хамт "Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газарт шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), Мал эмнэлгийн ерөнхий газар (А.Нарантуяа)-т тус тус даалгасугай.

3."Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори" улсын төсөвт үйлдвэрийн газрын чиг үүргийн давхардлыг арилгаж, дүрэм, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 110 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Төсвийн төвлөрүүлэн захирагчийн жагсаалт"-ын 24 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

24.

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга

Мал эмнэлгийн ерөнхий газар, орон нутаг дахь мал эмнэлгийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лабораторийн төсвийн

5.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан "Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 188 дугаар тогтоолын 1.2 дахь заалтын "Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори" гэснийг "Улсын мал эмнэлэг, ариун цэвэр, эмийн сорилт, баталгаажуулалтын нэгдсэн лаборатори" гэж өөрчилж, мөн тогтоолын 4 дүгээр зүйлийг хүчингүй болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ж.ЭНХБАЯР