A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 103

Төрийн ордон, Улаанбаатар хот

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсэг, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2 дахь заалт, 11 дүгээр зүйлийн 11.1.2.а, 11.1.2.б дэх дэд заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд заасан стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх, түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмын хүрээнд дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/Тавантолгойн бүлэг ордын ашиглагдаагүй байгаа хэсгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, орд ашиглалтыг сайжруулж, одоо болон ирээдүйн иргэдийн эрх ашгийг тэгш хангах зарчмыг баримтлан, тухайн орд газруудыг урт, удаан хугацаанд үр ашигтай ашиглах бодлого хэрэгжүүлж, хөрөнгө оруулагч хуулийн этгээдүүдтэй хууль тогтоомжийн дагуу хэлцэл хийж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт туссан төсөл, хөтөлбөрүүд болон эрүүл мэнд, боловсрол, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авах;

2/энэ тогтоолын 1 дэх дэд заалтыг хэрэгжүүлэхдээ хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, бүтээгдэхүүн арилжаалах зэрэг бүхий л үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу ил тод нээлттэй, үр ашигтай зохион байгуулах;

3/Тавантолгойн бүлэг ордын үйл ажиллагаанд олон улсын стандартыг нэвтрүүлж, үр ашгийг хөндлөнгийн олон улсын аудитын байгууллагаар хянуулж, тайлагнах зарчмыг тогтоох;

4/Тавантолгойн бүлэг ордтой холбоотойгоор байгуулсан, хэрэгжүүлсэн төрийн нууцад авсан гэрээ, хэлцлийг хууль тогтоомжийн дагуу төрийн нууцаас гаргах арга хэмжээг 2026 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор авч хэрэгжүүлж, Монгол Улсын Их Хуралд тайлагнах.

2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА  Ж.БАТ-ЭРДЭНЭ