A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 159

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Соёлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам батлах тухай" Засгийн газрын 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Хөгжмийн зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ын 1 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 1.4 дэх хэсэг нэмсүгэй:

"1.4.Шаардлагатай тохиолдолд тусгайлан сонгон шалгаруулалт зарлахдаа энэ журмын 1.3-т заасан уран бүтээлийн төрлөөс тухайлан сонгон шалгаруулж болно."

2.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.3.4 дэх заалтын "гоцлол" гэсний дараа ", цөөхүүл" гэж, 6 дугаар зүйлийн 6.3.4 дэх заалтын "Монголын хөгжмийн зохиолчдын холбоо" гэсний дараа ", мэргэжлийн урлагийн байгууллага" гэж тус тус нэмсүгэй.

3.Мөн журмын дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг:

"3.1.Хөгжмийн зохиолын бүтээлийг сонгон шалгаруулах, үнэлэх болон улсын санд худалдан авах санал гаргах, бүртгэх, мэдээлэх, сурталчлах үйл ажиллагааг Монголын хөгжмийн зохиолчдын холбоо (цаашид "холбоо" гэх), нийтийн хүртээл болгон түгээн таниулах ажлыг Улсын филармони хариуцах бөгөөд уг ажилд мэргэжлийн урлагийн бусад байгууллагыг татан оролцуулж болно.

3.2.Холбоо бүтээл сонгон шалгаруулах удирдамж, зарыг тухайн жилийн I улиралд багтаан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон холбооны цахим хуудсаар дамжуулан олон нийтэд мэдээлнэ."

2/4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:

"4.6.Мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүд болон нарийн бичгийн даргыг холбооны удирдах зөвлөлийн хурлаар жил бүр хэлэлцэн сонгоно."

4.Мөн журмын 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "судлаач" гэснийг "судлаачид" гэж, мөн хэсгийн "... албан хаагчаас бүрдсэн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга бүхий орон тооны бус 9 гишүүнтэй байна" гэснийг "... албан хаагч, зөвлөлийн даргаас бүрдсэн орон тооны бус 9 гишүүн, нарийн бичгийн даргатай байна" гэж, 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "0.2" гэснийг "20" гэж тус тус өөрчилсүгэй.

5.Мөн тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Дүрслэх урлагийн шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэг:

"4.1.Мэргэжлийн зөвлөл нь дарга, гишүүдээс бүрдсэн орон тооны бус 9 гишүүн, нарийн бичгийн даргатай байна."

2/4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь заалт:

"4.2.6.Мэргэжлийн урлаг судлаач, шинжээч, шүүмжлэгчид."

6.Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсгийн "0.2" гэснийг "20" гэж, 6 дугаар зүйлийн 6.3.1 дэх заалтын "жилдээ 2-оос доошгүй удаа" гэснийг "тогтмол" гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн "бүтээлийг түүний" гэснийг "бүтээлийн" гэж тус тус өөрчилсүгэй.

7.Мөн тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан "Утга зохиолын шилдэг бүтээл шалгаруулах, улсын санд худалдан авах, хадгалах, ашиглах журам"-ын 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4.3 дахь заалт нэмсүгэй:

"6.4.3.кино, жүжгийн зохиолоор театр, чуулгын сан хөмрөгийг баяжуулах."

8.Мөн журмын дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/4 дүгээр зүйлийн 4.4.2 дахь заалт:

"4.4.2.туурвил зүйн уран чадвар;"

2/4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэг:

"4.6.Мэргэжлийн зөвлөлийн дарга, гишүүд болон нарийн бичгийн даргыг Монголын зохиолчдын эвлэлийн удирдах зөвлөлийн хурлаар тухай бүр хэлэлцэн сонгоно."

3/5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэг:

"5.3.Төсвөөс олгосон хөрөнгийн 20 хувийг шалгаруулалт зохион байгуулах, шилдэг бүтээлийг сурталчлах, үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд зарцуулна."

4/6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг:

"6.2.Зохиогчийн бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээнд тухайн бүтээлийг хуулбарлах, нийтэд түгээх, дамжуулах, тоглох, дэлгэж үзүүлэх тухай заалтыг тусган батална."

9.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.3.3 дахь заалтын "драмын зохиол;" гэснийг "кино, жүжгийн зохиол;" гэж, 1.3.5 дах заалтын "хүүхдийн зохиол;" гэснийг "хүүхдэд зориулсан уран зохиол;" гэж, 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсгийн "тухайн жилийн 9 дүгээр сарын эхний долоо хоногт" гэснийг "тухайн жилийн 12 дугаар сард" гэж, 3.4 дэх хэсгийн "тухайн жилийн 11 дүгээр сард" гэснийг "дараа оны Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд буюу 5 дугаар сарын гуравдугаар долоо хоногт" гэж, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн "судлаач" гэснийг "судлаачид" гэж, мөн хэсгийн "албан хаагчаас бүрдсэн зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга бүхий орон тооны бус 9 гишүүнтэй байна." гэснийг "... албан хаагч, зөвлөлийн даргаас бүрдсэн орон тооны бус 9 гишүүн, нарийн бичгийн даргатай байна" гэж тус тус өөрчилсүгэй.

10.Мөн журмын 1 дүгээр зүйлийн 1.3.4, 1.3.6 дахь заалт, 2 дугаар зүйлийн 2.1.2, 2.2.4, 2.2.5 дахь заалтыг тус тус хассугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ