A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 106

Улаанбаатар хот

БАЙГАЛИЙН НӨӨЦ БОЛОН ДУРСГАЛТ ГАЗРЫН ХИЛИЙН ЗААГИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 6 дахь заалт, 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3 дахь заалт, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай" Улсын Их Хурлын 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 41 дүгээр тогтоол, "Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай" Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 46 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт орших "Гүн гашууны хоолой" байгалийн нөөц газрын хилийн заагийг 1 дүгээр хавсралт, Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших "Баяндун уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 2 дугаар хавсралт, Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт орших "Халхын таван уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 3 дугаар хавсралт, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших "Мэнэнгийн цагаан хоолой" байгалийн нөөц газрын хилийн заагийг 4 дүгээр хавсралт, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал "А" хэсгийн байгалийн нөөц газрын хилийн заагийг 5 дугаар хавсралт, Дорнод аймгийн Матад сумын нутагт орших Жаран тогооны тал "Б" хэсгийн байгалийн нөөц газрын хилийн заагийг 6 дугаар хавсралт, Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших "Ташгайн таван нуур" байгалийн нөөц газрын хилийн заагийг 7 дугаар хавсралт, Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших "Хөх нуур" байгалийн нөөц газрын хилийн заагийг 8 дугаар хавсралт, Өвөрхангай аймгийн Хархорин, Хужирт, Өлзийт сумын нутгийг дамнан орших "Дулаан хайрхан уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 9 дүгээр хавсралт, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр, Онгон сумын нутагт орших "Онгон таван булаг" байгалийн нөөц газрын хилийн заагийг 10 дугаар хавсралт, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт орших "Зотол хаан уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 11 дүгээр хавсралт, Ховд аймгийн Дарви, Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Тонхил, Дарви сумын нутгийг дамнан орших "Сутай хайрхан уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 12 дугаар хавсралт, Хэнтий аймгийн Баян-Адарга, Норовлин, Батноров сумын нутагт орших "Улз гол"-ын эхийн байгалийн нөөц газрын хилийн заагийг 13 дугаар хавсралт, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших "Дэлгэрхаан уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 14 дүгээр хавсралт, Дорноговь аймгийн Айраг сумын нутагт орших "Цагаан дэлийн агуй" байгалийн дурсгалт газрын хилийн заагийг 15 дугаар хавсралт, Ховд аймгийн Мянгад сумын нутагт орших "Алтан хөхий уул" байгалийн нөөц газрын хилийн заагийг 16 дугаар хавсралт, Баянхонгор аймгийн Гурванбулаг сум, Завхан аймгийн Отгон сумын нутагт орших "Хөх нуур-Бумбат" орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 17 дугаар хавсралт, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга сумын нутагт орших "Хурх хүйтний хөндий" орчмын байгалийн нөөц газрын хилийн заагийг 18 дугаар хавсралт, Баянхонгор аймгийн Галуут сумын нутагт орших "Баянхонгор хайрхан уул" байгалийн дурсгалт газрын хилийн заагийг 19 дүгээр хавсралт ёсоор тус тус тогтоосугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан улсын тусгай хамгаалалтад авсан газартай давхцалтай иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж байгаа газрыг солих буюу эргүүлэн авах тохиолдолд нөхөн олговор олгох, газар ашиглуулах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай), холбогдох аймгийн Засаг дарга нарт тус тус даалгасугай.

3.Улсын тусгай хамгаалалтад авсан газрыг газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн системд бүртгэхийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар (А.Энхманлай)-т үүрэг болгосугай.

4.Байгалийн нөөц болон дурсгалт газрын хамгаалалтын менежментийг хариуцах захиргааны бүтэц, орон тоонд шаардагдах зардлыг хууль тогтоомжид нийцүүлэн батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР