- Нүүр
- Дүгнэлт
- Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
.
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр
Дугаар 10
Улаанбаатар хот
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан /илтгэгч/, О.Мөнхсайхан, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж.Баттуул, түүний өмгөөлөгч Д.Оросоо, мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч З.Тамир, мэдээлэл гаргагч иргэн Л.Галбаатар, Т.Сумъяабазар, Д.Чанцалдулам, Э.Энэрэл, Б.Анхзаяа, Э.Хүрэлбаатар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, мөн шинжээчээр хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Тэмүүлэн, сэтгүүлч З.Боргилмаа нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Ж.Баттуул Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 13.14 дүгээр зүйлийг Эрүүгийн хуульд нэмэлтээр оруулж, гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрчиж байна. Монгол Улс хүний нэр төр, алдар хүндийг хамгаалсан эрх зүйн тогтолцоотой бөгөөд Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлээр зохицуулж байна. Өөрөөр хэлбэл, иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэрээр, эсхүл тухайн тохиолдолд тохирсон арга хэрэгслээр няцаах үүрэг хүлээх зохицуулалт өнөөдөр үйлчилж байна. Мөн 2015 оны 5 дугаар сард Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөл Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлыг хэлэлцээд, нийт 164 зөвлөмж өгснөөс 8 нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой байсан. Үүнд Эрүүгийн хуулийн нэр төр гутаахтай холбоотой зүйл заалтыг халах, олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд нийцүүлэн иргэний журмаар шийдвэрлэх гэсэн зөвлөмж ирүүлсэн байдаг. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх асуудлаар дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуульд "13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах" гэсэн зүйлийг нэмэлтээр оруулсан нь иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэж болох иргэний гэм хорын асуудлыг гэмт хэрэгт тооцсон нь нийгэмд нэгэнт тогтсон ойлголт уу, эсхүл зохиомол бий болгосон ойлголт уу гэдгээс үл хамааран аливаа хэлбэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний агуулгыг үндэсний эрх зүйн тогтолцоонд явцуу, хязгаарлагдмал байдлаар авч үзэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд тодорхойлсон иргэний үндсэн эрхийг хязгаарлаж болох зохих суурь стандартад нийцэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хууль тогтоогч хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхтэй хэдий ч энэхүү онцгой бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тодорхойлсон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд хэрэгжүүлэх учиртай юм. Хууль дээдлэх зарчмын агуулгыг (1) доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалждаа нийцэж байх; эсхүл (2) төр, түүнийг төлөөлж буй байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн, эсхүл хуулийн дагуу явагдах гэх зэргээр тодорхойлох нь бий. Энэ утгаар авч үзвэл, хууль тогтоогч худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг тогтоохдоо субьектив санаа зорилгыг орхигдуулан хуульчилсан нь ихээхэн өргөн хүрээтэй онцлог хэв шинж бүхий гэмт хэрэг болсон байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын суурь болсон Үндсэн хууль дээдлэх зарчмын үзэл санаа, агуулгад харшлахын зэрэгцээ эрх чөлөөний зарчмын суурь болсон хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, үндсэн эрхийн агуулгад нийцэхгүй байна.
Хүн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх суурь нөхцөл нь мэдээлэл хайх, олж авах эрх юм. Олон улсын эрх зүйгээс ялгаатай нь Монгол Улсын Үндсэн хуульд мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх чөлөөнөөс тусад нь бие даасан үндсэн эрх болгож, баталгаажуулсан онцлогтой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрх чөлөө нь мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхийг нөхцөлдүүлдэг тул тус эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл хайх, хүлээн авах эрх зөрчигдөх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Гурав. Монгол Улсын иргэн Э.Тамир Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуульд "13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах" гэсэн зүйлийг нэмэлтээр оруулсан нь иргэний хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэгдэж болох иргэний гэм хорын асуудлыг гэмт хэрэгт тооцсон нь нийгэмд нэгэнт тогтсон ойлголт уу, эсхүл зохиомол бий болгосон ойлголт уу гэдгээс үл хамааран аливаа хэлбэрээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний агуулгыг үндэсний эрх зүйн тогтолцоонд явцуу, хязгаарлагдмал байдлаар авч үзэх нөхцөлийг бүрдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын Үндсэн хуульд төдийгүй Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээнд тодорхойлсон иргэний үндсэн эрхийг хязгаарлаж болох зохих суурь стандартад нийцэхгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар хууль тогтоогч хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхтэй хэдий ч энэхүү онцгой бүрэн эрхээ Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тодорхойлсон төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын хүрээнд хэрэгжүүлэх учиртай юм. Хууль дээдлэх зарчмын агуулгыг (1) доод эрэмбийн эх сурвалж нь дээд эрэмбийн эх сурвалждаа нийцэж байх; эсхүл (2) төр, түүнийг төлөөлж буй байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн, эсхүл хуулийн дагуу явагдах гэх зэргээр тодорхойлох нь бий. Энэ утгаар авч үзвэл, хууль тогтоогч худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцож, уг гэмт хэргийн бүрэлдэхүүний үндсэн шинжийг тогтоохдоо субьектив санаа зорилгыг орхигдуулан хуульчилсан нь ихээхэн өргөн хүрээтэй онцлог хэв шинж бүхий гэмт хэрэг болсон байна. Ингэснээр төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмын суурь болсон Үндсэн хууль дээдлэх зарчмын үзэл санаа, агуулгад харшлахын зэрэгцээ эрх чөлөөний зарчмын суурь болсон хүний эрх, эрх чөлөөний үзэл санаа, үндсэн эрхийн агуулгад нийцэхгүй байна.
Хүн итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэх суурь нөхцөл нь мэдээлэл хайх, олж авах эрх юм. Олон улсын эрх зүйгээс ялгаатай нь Монгол Улсын Үндсэн хуульд мэдээлэл хайх, хүлээн авах эрх чөлөөг үзэл бодолтой байх, илэрхийлэх эрх чөлөөнөөс тусад нь бие даасан үндсэн эрх болгож, баталгаажуулсан онцлогтой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн эрх чөлөө нь мэдээлэл хайх, хүлээн авах үндсэн эрхийг нөхцөлдүүлдэг тул тус эрх чөлөө зөрчигдсөн тохиолдолд мэдээлэл хайх, хүлээн авах эрх зөрчигдөх боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Дөрөв. Монгол Улсын иргэн Л.Галбаатар, А.Баярмаа нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "... илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ..." эрх чөлөөнд халдсан. "Худал мэдээлэл тараах" (disinformation) гэмт хэрэгт ногдуулах хуулийн хатуу хариуцлагаас үүдэн олон нийтийн өмнөөс шүүмжийг өрнүүлдэг сэтгүүлч, нийгмийн идэвхтнүүд, олон дагагчтай цахим хэрэглэгч нар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь ардчилал, нээлттэй, ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг. Түүнчлэн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид "Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах" гэж заасан. Үүнийг баталгаажуулж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 46/105 дугаар тогтоол гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Тав. Монгол Улсын иргэн Р.Саруултөгс Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах гэмт хэргийг хуульчлахдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив талын элементийг тухайлан заагаагүй, илт худал мэдээлэл гэдгийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байгаагаас хуулийг янз бүрээр тайлбарлан хэрэглэж байна. Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 19 дүгээр зүйлд "Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй. Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана. ...". Эдгээр эрхийг хязгаарлаж болох боловч тэр нь заавал хуулиар тогтоогдсон байх ёстой бөгөөд бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах шаардлагаас үүдэн гарсан байх ёстой гэж тодорхой заасан. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн болохыг тогтоолгож, дүгнэлт гаргуулахаар энэхүү мэдээллийг гаргаж байна." гэжээ.
Зургаа. Монгол Улсын иргэн Т.Сумъяабазар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтыг зөрчиж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалт нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх гэсэн агуулгатай. Хүн бүр бодол, санаагаа илэрхийлэх эрх чөлөөтэй. Үүнд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр буюу хэвлэлээр, эсхүл уран сайхны хэлбэрээр, түүнчлэн өөрийн сонгосон бусад аргаар чөлөөтэй эрж хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана.
Хүн гэдэг байгалийн бодгалийн үндсэн шинж болох оюун ухаант байдал нь үзэл бодолтой байх туйлын эрхийг агуулж байдаг. Үзэл бодолтой байх эрхээр нөхцөлдөж мэдэх эрх, түүнийг хангах үүднээс мэдээлэх эрх, үүнээс үзэл бодол, итгэл үнэмшил бүрэлдэн тогтох, түүнийгээ илэрхийлж, түгээж (жагсаал цуглаан, олон янз хэлбэрээр) буй нь харилцан хамаарал, нягт уялдаа, гинжин хэлхээ бүхий эрхүүдийн үндэс болсон "үзэл бодол" гэсэн ойлголтод суурилдаг. Тэгвэл үзэл бодолтой байх эрх чөлөө нь туйлын буюу жам ёсны юм. Бодол санаагаа илэрхийлэх эрх чөлөө нь сонин хэвлэл, радио, өргөн нэвтрүүлгийн давталтууд, мэдээлэл түгээхэд хэрэглэгддэг тоног төхөөрөмжид Засгийн газрын болоод хувийн хяналт тавих зөрчил зэрэг шууд бус аргаар, эсхүл үзэл бодол, санааг мэдээлэх, түгээхэд саад хийх бусад аливаа аргаар хязгаарлагдах ёсгүй юм.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах зургаан гол нөхцөлийн нэг болох тохирсон (зайлшгүй) байх зарчмыг зөрчдөг учраас үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг зөрчиж байна. Хүний алдар хүнд халдашгүй байх эрх бол Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын халдашгүй, чөлөөтэй байх ерөнхий эрхээр хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн эрх учраас алдар хүндийг гүтгэлэг, доромжлолоос хамгаалах шаардлага гардаг. Гэвч гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг, зөрчилд тооцож баривчлах, торгох ялаар шийтгэх нь алдар хүндийг хамгаалахад тохирохгүй, зайлшгүй биш юм. Учир нь ийм зохицуулалт нь олон нийтийн шүүмжийг намжаах, хаахад урвуулан ашиглагддаг төдийгүй үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэхэд айдас төрүүлдэг, мөн алдар хүндийг хамгаалахад чиглэсэн ч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарладаг.
Хүний нэр төрийг хамгаалахын тулд эрүүгийн гэмт хэрэгт тооцох шаардлагагүй бөгөөд тухайн эрхийг иргэний эрх зүйгээр хамгаалах бүрэн боломжтой. Иймд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхэд сөргөөр нөлөөлж буй хортой үр дагаврыг нь бодолцон эрүүгийн гэмт хэрэгт тооцох зүйл заалтыг хүчингүй болгох ёстой юм. Худал мэдээлэл тараах үйлдэл нь санаатай үйлдэх гэмт хэрэгт хамаарч байгаа боловч хүний нэр төр, алдар хүндийг гутаах санаа зорилгогүй, худал мэдээлэл тараасан үйлдэл ч уг зүйлээр эрүүгийн хариуцлагад татагдаж болох эмзэг байдалтай болжээ. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч илт худал мэдээлэл тарааж, хүний нэр төрд халдсан этгээдийн субьектив санаа зорилгод ач холбогдол өгөлгүй орхигдуулж, харин нэр төрд халдсан, тараасан буюу обьектив талын шинжээр нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан явдал нь Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг зөрчсөн ухралт болжээ. Түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлөөс 2015 онд Хүний эрхийн төлөв байдлын ээлжит хэлэлцүүлэг явуулах үед "нэр төр гутаахтай холбоотой заалтыг Эрүүгийн хуулиас халах"-ыг найман улс Монгол Улсад зөвлөсөн байгааг анхаарах шаардлагатай.
Нэр хүндэд халдсан гэдэг нь заавал нэр төрийг гутаасан гэсэн агуулгыг бүрэн илэрхийлэхгүй, гутаасан агуулга байхгүй ч нэр хүнд, эрх ашиг хөндөгдсөн бол халдсан гэж үзэж гомдол гаргах, түүнийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгах тохиолдол их байна. Тодорхой, бодитой үйл явдалд тулгуурласан, үндэслэл бүхий үзэл бодол, таамаг, шүүмжлэлт сөрөг мэдээлэл тараасан, иргэний хэргийн шинжтэй зарим асуудлыг эрүүгийн журмаар шалгах нь үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд дарамт, цензур болж байна. Мөн Засгийн газар болон төрийн албан хаагчийг шүүмжилсэн, үл хүндэтгэсэн явдлыг гэмт хэрэгт тооцох эрсдэл үүсээд байна. Үзэл бодлоо илэрхийлсэн, хардах эрхээ хэрэгжүүлсэн, мөн хүний эрх хамгаалагч, сэтгүүлч нарыг шоронд хорих, дуугүй байлгах, сүрдүүлэх зорилгоор эрүүгийн болон холбогдох бусад хууль тогтоомждоо дур зоргоор ашиглаж болзошгүй, салаа утгатай үгээр илэрхийлсэн заалтуудыг тухайн хууль тогтоомжоос хасах нь зүйн хэрэг юм. Шүүмжлэлт үзэл бодлоо тайван замаар илэрхийлж болно гэсэн зарчмыг хүндэтгэн үзэх хэрэгтэй.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан "худал мэдээлэл тараах" гэмт хэргийг шалгах, шийдвэрлэхдээ "илт худал мэдээлэл" гэсэн ойлголтод тодорхой үйл баримт, болсон үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгсөн, шүүмжилсэн, тодорхой үндэслэл бүхий боловч нэр хүндийг гутаасан, түүнд халдсан, бодит баримтыг бүрэн гүйцэт бус, алдаатай мэдээлэл тараасан, сөрөг мэдээллийг хамруулан эрүүгийн журмаар шалгаж, шүүхээс гэм буруутайд тооцох асуудал гарч байгаа нь үг хэлэх, мэдээллийн эрх чөлөөний зарчимд нийцэхгүй байна. Эрх баригчдын үзэл бодол, уламжлалт үнэт зүйлд харш байж болзошгүй, нийгэмд зөрчилдөөнтэй асуудлуудыг хөндсөн, авлига, алдаатай удирдлага зохион байгуулалт, хүний эрхийн зөрчлийн талаар мэдээлэх, Засгийн газрыг шүүмжлэхээс сэргийлэх, эсхүл үүнийх нь төлөө шийтгэхийн тулд хэвлэл мэдээллийн салбарыг албан болон албан бус байдлаар хянах, мэдээлэлд шууд болон шууд бус байдлаар шүүлтүүр (цензур) тавих нь итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд үл нийцнэ.
Хүний эрхийн зөрчил, авлига, эсхүл удирдлагын алдаа юм уу, шүгэл үлээгчдийн ажлын талаар сурвалжилсан сэтгүүлч үүнийхээ төлөө мөрдөн байцаалт, эрүүгийн хэрэгт шүүхээр шийтгүүлэх болон бусад төрлийн шахалт хавчлагад өртөх ёсгүй. Эрх мэдлээ буруугаар, эсхүл урвуулан ашигласныг илчилж бичдэг хараат бус эрэн сурвалжлах сэтгүүл зүйн ач холбогдлыг эрх бүхий байгууллагууд үнэлж, хариуцлагатай байдлыг сайжруулах үүднээс тэднийг дэмжих хэрэгтэй. Түүнчлэн сэтгүүлчид аливаа хариу арга хэмжээнд өртөх айдас, хөндлөнгийн саадгүйгээр ажлаа хийх нөхцөлөөр хангах хууль эрх зүйн болон бусад дэмжлэгийг чөлөөтэй авах, сэтгүүлчийг дур зоргоор гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд өртүүлэхгүй байх нөхцөлийг хангах ёстой.
Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж, хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгосны хувьд иргэдийн улс төрийн эрх чөлөө тэр дундаа үг хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл авах эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн баталгааг бэхжүүлж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, үндсэн эрхэд халдсан эл асуудалд анхаарал хандуулах цаг болсныг бодолцох нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан үүсгэн хянан шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү." гэжээ.
Долоо. Монгол Улсын иргэн Д.Чанцалдулам Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн "… илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." гэж заасан нь ойлгомжгүй, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан. "Худал мэдээлэл тараах" (disinformation) тухай хуулийн хатуу хариуцлага нь олон нийтийн өмнөөс шүүмжийг өрнүүлдэг сэтгүүлч, нийгмийн идэвхтнүүд, олон дагагчтай фэйсбүүк хэрэглэгч нар "амандаа үдээр" хийх буюу өөрийн цензурт түлхэж, улмаар тэд дуугарахаас татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь ардчилал, нээлттэй, ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид "Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах" гэж заасан. Үүнийг баталгаажуулж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 46/105 дугаар тогтоол гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Найм. Монгол Улсын иргэн Э.Хүрэлбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн "… илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." гэж заасан нь ойлгомжгүй, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан. "Худал мэдээлэл тараах" (disinformation) тухай хуулийн хатуу хариуцлага нь олон нийтийн өмнөөс шүүмжийг өрнүүлдэг сэтгүүлч, нийгмийн идэвхтнүүд, олон дагагчтай фэйсбүүк хэрэглэгч нар "амандаа үдээр" хийх буюу өөрийн цензурт түлхэж, улмаар тэд дуугарахаас татгалзаж эхэлдэг. Үр дагавар нь ардчилал, нээлттэй, ил тод байдалд асар сөргөөр нөлөөлдөг. 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн хүний эрхийн төлөв байдлыг хянан хэлэлцэх ээлжит нэгдсэн хэлэлцүүлэг (UPR)-ийн Ажлын хэсгийн 36 дугаар чуулганаар Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаарх үндэсний гуравдугаар илтгэлийг хэлэлцүүлэх үеэр өгсөн зөвлөмжид "Гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх арга хэмжээ авах замаар сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтан болон иргэний нийгмийн идэвхтнүүд ямарваа шийтгэл хүлээхээс айж эмээх зүйлгүйгээр үйл ажиллагаагаа олон улсын стандартын дагуу чөлөөтэй явуулах нөхцөлийг хангах" гэж заасан. Үүнийг баталгаажуулж Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 46/105 дугаар тогтоол гарсан. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтыг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Ес. Монгол Улсын иргэн Э.Энэрэл, Б.Анхзаяа нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл ирүүлжээ:
"2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд нэмэлтээр "13.14 дүгээр зүйл.Худал мэдээлэл тараах" гэсэн зүйлийг оруулсан нь олон нийтийн мэдэх эрхийг хангадаг сэтгүүлч болон нийгмийн идэвхтнүүд, цахим хэрэглэгчид эрүүгийн гэмт хэрэгтэнд тооцогдохоос болгоомжлон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзахад хүргэж, улмаар Монгол Улсын ардчилалд сөргөөр нөлөөлөх үр дагавартай юм. Иймд Эрүүгийн хуулийн Худал мэдээлэл тараах гэсэн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хянан хэлэлцэж, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Арав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр Үндсэн хуулийн цэцэд хандан дараах тайлбарыг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, 2015 оны Эрүүгийн хуульд "Худал мэдээлэл тараах" гэсэн 13.14 дүгээр зүйл нэмсэн. Ингэснээр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлийн гүтгэх зөрчлийг хүчингүй болгож, хүний нэр төр, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж, үндэслэл нотолгоогүйгээр илт худал мэдээлэл олон нийтэд тараасан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, хүний нэр төрийг Эрүүгийн хуулиар хамгаалахаар болсон. Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдэл, түүнийг гэмт хэрэгт тооцох харилцаа нь нэг талаас Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээнд заасан хүн бүр итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, нөгөө талаар хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрхтэй холбогдож байна.
1.Хүний нэр төр, алдар хүнд нь олон улсын хүний эрхийн хэм хэмжээ, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар хамгаалагдсан хүний эрхийн үнэт зүйл билээ. Нэр төр, алдар хүнд нь хоорондоо ялгаатай хууль зүйн ойлголтууд юм. Нэр төр гэдэгт хүн болж төрснийхөө хувьд бусдаар хүн гэж хүлээн зөвшөөрүүлж хүндлүүлэхийг ойлгодог байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүний албан тушаал, хөрөнгө мөнгө, авьяас чадвар, гаргасан ажлын амжилт, олны хүндэтгэл эсэхээс үл хамаарч аль ч хүнд байх, түүний эрхэм чанарыг хүндэтгэх тухай ойлголт билээ. Харин алдар хүнд нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурьтай холбоотой бөгөөд хүн хөдөлмөр зүтгэл, авьяас билиг, ур чадвар, ёс суртахууны эрхэм чанараараа бусдаас буюу нийгмээс олж авч, унаж ба босож байдаг үнэлгээг илэрхийлсэн хууль зүйн ойлголт юм. Дээрхээс үзэхэд хүний нэр төр нь хүн бүрд байгалиас заяагдмал, аливаа хууль эрх зүйн эх сурвалж болсон анхдагч шинжтэй ойлголт байна. Хүнийг хүн болохын хувьд бусад этгээд хүлээн зөвшөөрч, хүндэтгэх нь нэр төрийн анхны утга мөн ажээ. Мөн нэр төрийг төр, байгууллага, бусад этгээд хэн бүхэн ямар ч нөхцөлд доромжлох, гутаах эрхгүйг эрх зүйн дээд эрэмбийн хэм хэмжээнд тодорхой тусгажээ. Ялангуяа төрийн байгууллага, бусад этгээд хүнийг эрүүдэн шүүх, хүн бусаар хандах нь хүний нэр төрийг гутааж буй хүний эрхийн ноцтой хэлбэр бөгөөд үүнийг таслан зогсоох нь хүн төрөлхтөн, аливаа төр улсын байнгын эрхэм зорилго, хуулийн зохицуулалтын үндэс байсаар ирсэн.
Хүний нэр төрийг гутаан доромжлохгүй байх нөхцөлийг хангах, хөндөгдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх үүргийг Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасны дагуу төр хариуцах юм. Энэ агуулгын хүрээнд Эрүүгийн хууль, Иргэний хуулиар хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах эрх зүйн үндсийг төрөөс тогтоожээ. Түүнчлэн бусад хүний нэр төр, алдар хүндийг хүндэтгэх нь Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад зааснаар иргэн бүрийн үүрэг мөн. Хүний эрх нь хэмжээ хязгааргүй ойлголт биш бөгөөд нэг хүний эрх нөгөө хүний эрхээр хязгаарлагдана гэж үздэг. 1789 онд батлагдсан Францын Хүний болон Иргэний эрхийн тунхгийн 4 дүгээр зүйлд "Бусдыг дарамтлахгүйгээр хүссэн бүхнээ хийх боломжийг эрх чөлөө гэнэ. Хүн бүрийн эрхийн хязгаар нь нийгмийн бусад гишүүдэд эрхээ эдлэх боломжийг баталгаажуулахад оршино. Энэ зааг хязгаарлалтыг зөвхөн хуулиар тодорхойлох боломжтой. ..." гэж зааснаас эрх зүйн энэхүү нийтлэг зарчмыг харж болно.
Иймд аливаа этгээд үзэл бодлоо илэрхийлэх эрхийн цар хүрээ нь бусдын нэр төр, алдар хүндээр хязгаарлагдахаар байна. Хүний нэр төрийг хамгаалах хуулийн зохицуулалт нь тухайн хувь этгээдийн нэр төр, эрхийг хамгаалж байгаа хэлбэр болохын зэрэгцээ нэр төр, алдар хүндийг нийгмийн үнэт зүйлийн хувьд мөн хамгаалж буй механизм мөн. Тодруулбал, нийгмийн гишүүд нэгнийгээ эсрэг үндэслэлгүй, эрхэмсэг оршихуй, алдар хүндийг гутаасан, халдсан үйлдэл гаргасны төлөө зохих хариуцлага ногдуулж буй нь нийтийн эрх ашгийг хамгаалахад чиглэгдсэн зорилгыг мөн агуулдаг.
2.Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь ардчиллын нэг тулгын чулуу болохын дээр хүмүүс санал бодлоо солилцох, үзэл хандлагаа хөгжүүлэх арга хэрэгсэл болдгоороо ач холбогдол өндөр билээ. Хүний үзэл бодол, итгэл үнэмшил нь түүний оюун санаанд биет бусаар оршин буйн хувьд үзэл бодолтой байхыг төр, бусад этгээдийн зүгээс хориглох, хуулиар хариуцлага ногдуулах боломжгүй юм. Харин тухайн үзэл бодлоо гадагшаа бичмэл, аман, үйлдлээр, эсхүл хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан илэрхийлж байгаа үйлдэл хуульд зааснаар хязгаарлагдах нь олон улсын гэрээгээр зөвшөөрөгдсөн байна.
Үзэл бодлоо илэрхийлэх эрхэд тавигдах хязгаарлалт нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад зааснаар (1) хуулиар тогтоосон байх, (2) зайлшгүй хэрэгцээтэй байх шаардлагад нийцсэн байхын зэрэгцээ (3) тодорхой үндэслэлд суурилсан байх шаардлагатай юм. Энэхүү үндэслэлийг нь Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактад (1) бусдын эрх, нэр төрийг хүндэтгэх, (2) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, (3) хүн амын эрүүл мэнд, (4) ёс суртахууныг хамгаалах зорилготой байх ёстой гэж тодорхой заажээ.
Хүний эрхэд хязгаарлалт тогтоох энэхүү үндэслэл, нөхцөлийг Монгол Улсын Үндсэн хуульд тусгахдаа Үндсэн хуульд хүний эрхийг (1) салшгүй үндсэн эрх, (2) бусад үндсэн эрх гэж ангилж, салшгүй эрхээс бусад эрхийн хувьд үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд хуулиар зохих хязгаарлал тогтоож болно гэж Үндсэн хуулийн Арван наймдугаар зүйлийн 5 дахь хэсэгт заажээ. Салшгүй эрх гэдэг нь улс орны хил хязгаараар хязгаарлагдахгүй, дайн байлдаан, онцгой нөхцөл зэрэг ямар ч үед хүнээс салгаж үл болох Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглох эрхүүд хамаарч байна. Харин үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь дээр дурдсан хязгаарлагддаггүй салшгүй эрхэд хамаарахгүй байна.
Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээний дээрх зохицуулалтаас үзэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхүүд нь хүний үндсэн эрх болохын зэрэгцээ аливаа хүн уг эрхээ эдлэхдээ бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжилж, хөндөж болохгүй, мөн энэ үйлдлийг таслан зогсоох зорилгоор тэрхүү эрхэд тодорхой хязгаарлалт тавьж болохоор байна. Монгол Улс итгэл үнэмшилтэй байх хүний салшгүй эрхэд хууль гарган хязгаарлалт тогтоогоогүй, харин үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх дээр зарим хязгаарлалтыг хуулиар тогтоосон байна. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах замаар бусдын нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь Үндсэн хуульд заасан итгэл үнэмшилтэй байх, мэдээлэл хүлээн авах эрхийг зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
3.Хүний нэр төр, алдар хүндэд халдсан гүтгэх, доромжлох үйлдлийг Монгол Улс 1986, 2002 оны Эрүүгийн хуулиудаар гэмт хэрэгт тооцож ирсэн. 2002 оны Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт "Бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ." гэж доромжлох гэмт хэргийн шинжийг хуульчилсан бол мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт гүтгэх гэмт хэргийн шинжийг "Хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор илт худал гүжирдлэг тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хориос тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ." гэж заажээ. Эрүүгийн хуулийн уг зохицуулалт нь гүтгэх (defamation), доромжлох (insult) үйлдлийг гэмт хэргийн санаа зорилго, үйлдлийн шинж байдлыг харгалзан ялгаатай байдлаар зохицуулсан нь олон улсын нийтлэг жишигт нийцсэн зохицуулалт юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн гүтгэх, доромжлох гэмт хэргийн зохицуулалт нь манай улсын эрүүгийн эрх зүйн практикт нэгэнт хэвшин тогтож, хэрэглээ, ойлголт нь нэг мөр болсон байсан. Тухайлбал, Улсын дээд шүүхийн "Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр зүйлүүдийн зарим заалтыг тайлбарлах тухай" 2007 оны 40 дүгээр тогтоолд гүтгэх, доромжлох гэмт хэргийн шинжийг дэлгэрүүлэн тайлбарласан байна. Уг тайлбарт "... доромжлох ..." гэдэгт нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан, тухайн хүний нэр төр, алдар хүндийг санаатай гутаасан үйлдлийг ойлгохоор заажээ.
Эрүүгийн хуулийн тайлбарт дурдсанаар "гүтгэх" гэдэгт бодит байдалд нийцээгүй, илт худал мэдээлэл, гүжирдлэгийг бусдын нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор тараасан үйлдлийг ойлгохоор, "гутаах" гэдэг нь уг хүний нийгэмд үнэлэгдэх зүй ёсны бодит үнэлгээг муутган, гажуудуулсан ойлголт тараахад чиглэгдсэн үйлдэл байна гэж тайлбарласан бол Улсын дээд шүүхийн тайлбарт "... гутаах зорилго ..." гэж өш хонзон санах, үзэн ядах, уур хорслоо тайлах, атаархах, эр эмийн хардлага зэрэг атгаг санаагаа хэрэгжүүлэх гэсэн хувийн сэдэлтийг хэлэхээр, "... худал гүжирдлэг ..." гэдэгт илт худал мэдээлэл, баримт сэлтийг ойлгохоор заажээ. Уг мэдээлэл илт худал гэдгийг ухамсарлаж мэдсээр байж тараасан байдаг онцлогтой.
"Гүтгэх" гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал нь хүний нэр төр, алдар хүндийг гутаах гэсэн шууд санаатай байдаг бол Эрүүгийн хуулийн 252 дугаар зүйлд заасан "Зориуд худал мэдээлэх" гэмт хэрэг үйлдсэн этгээд нь бусдад хууль бусаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх зорилготой байдгаар ялгагдана. Доромжлох гэмт хэрэг нь тодорхой хүний эсрэг чиглэсэн, түүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилготой байдаг бол танхайрах гэмт хэрэг нь олон нийтийг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн байдгаараа ялгагдана. Дээрхээс үзэхэд гүтгэх гэмт хэрэг нь бусдын нэр төр, алдар хүндэд халдахдаа "гутаах зорилготой" байх буюу субьектив талын шинжийг тодорхой зааж өгсөн, түүнчлэн тараасан мэдээлэл нь "илт худал гүжирдлэгийн" шинжтэй байхаар заажээ. Өөрөөр хэлбэл, мэдээлэл нь анхнаасаа худал байхын зэрэгцээ тарааж буй этгээд нь түүнийг худал гэдгийг мэдсэн үед гэмт хэргийн шинж бүрдэхээр заажээ.
2020 онд Эрүүгийн хуульд нэмэлтээр орсон 13.14 дүгээр зүйлд тусгагдсан "худал мэдээлэл" гэдгийг гүтгэх гэмт хэрэгт заасан "илт худал гүжирдлэг" гэдэг утгаар буюу тараагч мэдээллийг худал гэдгийг анхнаас нь мэдэж байсан үед гэмт хэрэг гэж үзэж хууль хэрэглэх нь зүйтэй юм. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт заасан худал мэдээлэл тараах үйлдэлтэй төрөөс бусдын эрх, нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор тэмцэх ёстой нийгмийн үзэгдэл мөн. Хуурамч мэдээллийн нийгэмд үзүүлэх хор уршиг нь их байдаг. Хуурамч мэдээлэл нь улс төрийг гажуудуулах, будилаан тарих, ардчилсан институцид итгэх итгэлийг бууруулах, иргэний нийгэмд эргэлзүүлэх, мэдээллийн эмх замбараагүй байдалд хүргэх зэрэг сөрөг үр дагаврыг үүсгэдэг байна.
Түүнчлэн цахим орчин, нийгмийн сүлжээ хүмүүсийн нийгмийн амьдралын гол талбар болж буй өнөө цагт нэр, хаяг тодорхойгүй хаягаас хувь хүн, нийгмийн бүлэг, улс орны эрх ашиг, нэр төр, эдийн засагт хохирол учруулах, санаатай, зохион байгуулалттай, өргөн цар хүрээтэй худал мэдээлэл тараах үйл ажиллагаа явуулах нь улам бүр нэмэгдэж байна. Энэ тохиолдолд худал мэдээлэл тараасан субьект нь тодорхойгүй тул хохирогч буюу эрх ашиг нь хөндөгдсөн этгээд Иргэний хуульд заасны дагуу хариуцагчийг тодорхойлох, хариуцагчийн хаяг, утсыг олж нэхэмжлэл гаргах бодит бололцоогүй юм. Иймд цахим хуурамч мэдээлэл тараах асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулж буй нь олон улсын гэрээ, Үндсэн хуулиар хамгаалсан хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах үр нөлөөтэй механизм болно. Худал мэдээлэл тараах гэмт хэрэг сүүлийн 5 жилийн хугацаанд нийт 828 бүртгэгдсэний 732 буюу 88.4 хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Нийт шалгасан 828 эрүүгийн хэргийн 548 буюу 66.2 хувийг шийдвэрлэсэн байна. Хууль хэрэглээний түвшинд тодорхой хийдэл, асуудал гарч байгаагаас үүдэн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг цаашид боловсронгуй болгох хэрэгцээ байгааг үгүйсгэхгүй юм.
Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар 2021 оны 01 дүгээр сард Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд нэмэлт, өөрчлөлт оруулах агуулгатай хуулийн төсөл санаачилж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлж байжээ. Уг хуулийн төсөлд гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллагыг тооцохгүй байх, үзэл бодлоо илэрхийлэхдээ улс төрд нөлөө бүхий этгээдийн хувь хүнийх нь нэр төрд халдсан бус, зөвхөн эрхэлж буй албан тушаалынхаа хүрээнд олж авсан эрх мэдэлтэй нь холбогдуулж хардаж сэрдсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байхаар заажээ. Энэ хуулийн төсөл нь одоогийн Эрүүгийн хуулийн зохицуулалтыг тодруулсан шинжтэй байна. Үүний үндэслэл нь улс төрч, нийтийн албан тушаалтан нь нийтлэг эрх ашгийг хангахын төлөө ажил хийж буйн хувьд иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагын хараа хяналт, шүүмжлэлд байх нь зүйн хэрэг юм. Гэвч нийтийн албан тушаалтныг иргэд, сэтгүүлчдийн зүгээс шүүмжилсний төлөө тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь ардчилсан нийгмийн үнэт зүйлд харшлах юм.
Энэхүү гүтгэх гэмт хэргийн хүрээ хязгаарыг Америкийн Нэгдсэн Улсын Дээд шүүх 1964 онд New York Times v. Sullivan хэргийг шийдвэрлэхдээ тодорхойлжээ. Энэ кейст нийтийн албан тушаалтан хэвлэл мэдээллийн байгууллагыг алдар хүндэд халдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд Дээд шүүхээс уг нэхэмжлэлийг хангахгүй шийдвэрлэхдээ "гүтгэлгийг нотлохын тулд төрийн албан тушаалтан тэдний эсрэг хэлсэн зүйл нь жинхэнэ хорон санаагаар (actual malice), өөрөөр хэлбэл энэ нь худал гэдгийг мэдсээр байж, эсвэл үнэнийг хайхрамжгүй хандсан гэдгээ харуулах ёстой гэж" шийдвэртээ дурджээ.
Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчил, эрх мэдлээ урвуулан ашигласан, бизнесийн хууль бус практик зэрэг иргэдийн эрх, нийтлэг ашиг сонирхлыг зөрчсөн үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх нь хэвлэл мэдээллийн үүрэг бөгөөд гүтгэлгийг гэмт хэрэгт тооцохдоо олон нийтэд дээр дурдсан мэдээллийг хүргэх энэ урсгалыг зогсоохгүй байхаар хуульчлах шаардлагатайг хүлээн зөвшөөрч байна.
Иргэний мэдээлэлд Монгол Улсад хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах тогтолцоо нь зөвхөн Иргэний хуулиар зохицуулагдаж байгаа тул энэ харилцааг эрүүгийн хууль тогтоомжоор зохицуулах шаардлагагүй гэсэн үндэслэл дурджээ. Гэвч манай улсад гүтгэх гэмт хэргийг Эрүүгийн хуулиар хуульчлахын зэрэгцээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалт мөрдөгдсөөр ирсэн юм. Өөрөөр хэлбэл, хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах хууль зүйн хамгаалалт нь эрүүгийн болон иргэний эрх зүйн харилцаанд аль алинд нь хамаарч ирсэн уламжлалтай байна.
Хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хөндөхгүйгээр, хүний нэр төр, эрхэмсэг оршихуйг хамгаалж, эдгээр эрхүүдийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах зорилгоор Эрүүгийн хуулийн дээрх зүйл заалтыг боловсронгуй болгох шаардлага байгааг үгүйсгэхгүй бөгөөд хууль санаачлах эрх бүхий субьектүүд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах асуудлыг санаачлан уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Арван нэг. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
Монгол Улсын шүүхийн холбогдох шийдвэр (шүүхийн тогтоол, магадлал зэрэг);
2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, судалгаа, тайлан, Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаан болон Ажлын хэсгийн хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол;
Монгол Улсын дээд шүүх, Албан бичиг, 2024.04.26, №02/1476;
Шүүхийн ерөнхий зөвлөл, Албан бичиг, 2024.07.01, №01/1184; 2024.10.25, №01/1724, 2024.11.19, №02/1974; 2025.10.17, №01/1686;
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Албан бичиг, 2024.05.16, №01/727; 2024.08.30, №06/1264; Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд өгсөн саналын холбогдох хэсэг, 2024.07.04, №05/1012;
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд, Албан бичиг, 2024.07.26, №1/88; 2024.12.24, №1/2548;
Монгол Улсын Гадаад харилцааны яам, Албан бичиг, 2025.10.14, №03/4996;
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, Албан бичиг, 2024.07.02, №1/5478; 2024.11.15, №1/7464; 2025.10.14, №02/4642;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Албан бичиг, 2024.04.18, ТГ-02/649; 2024.11.12, ТГ-02/1762; 2025.05.29, №ТГ-02/653; 2025.06.12, ТГ-02/712; 2025.10.13, ТГ-02/1192;
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Албан бичиг, 2024.10.25, №ХЭГ-2067; 2025.06.17, №ХЭГ-1730;
Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Ерөнхий Ассамблейн тогтоол, Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал, 1948, 217/А/III/; Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, 1966, 2200А(XXI);
НҮБ-ын Хүний эрхийн хороо, Ерөнхий тайлбар: 19 дүгээр зүйл (Үзэл бодолтой байх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө), 2011, №34; Ерөнхий тайлбар: 17 дугаар зүйл (Хувийн халдашгүй байх эрх), 1988, №16;
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлынилтгэл, 2015.07.13, A/HRC/30/6; 2020.12.28, A/HRC/46/9; 2025.11.21, A/HRC/61/7;
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдах зорилгоор шүүхийн тогтолцоог "буруу ашиглах" нь: чиг хандлага, сорилт ба хариу арга хэмжээ, 2022;
Венецийн комисс, Илэрхийлэх эрх чөлөө болон хэвлэл мэдээллийн тухай дүгнэлт, тайлангийн эмхэтгэл, 2020.07.07, CDL-PI(2020)008;
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Судалгааны төвийн "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө болон Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн заалт "худал мэдээлэл тараах" гэмт хэрэг" харьцуулсан судалгаа;
"Глоб интернэшнл төв" төрийн бус байгууллага, Албан бичиг, 2024.09.26, №86;
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Албан бичиг, 2024.11.14, №24-01/211;
Хэвлэл мэдээллийн зөвлөл, 2024 оны үйл ажиллагааны жилийн тайлан, 2025;
"МонголынЭмнестиИнтернэшнл" төрийн бус байгууллага, Албан бичиг, 2024.09.16, №195; Мэргэжлийн дүгнэлт, 2025.08.04, №235;
Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Шинжээчийн дүгнэлт, 2025.11.03;
Хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, Шинжээчийн дүгнэлт, 2025.01.05;
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Тэмүүлэн, Шинжээчийн дүгнэлт, 2025.11.18;
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо, Шинжээчийн дүгнэлт, 2024.10.23;
Сэтгүүлч З.Боргилмаа, Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19.
ҮНДЭСЛЭЛ:
Үндсэн эрхийн хязгаарлалт нь заавал биелэгдэх шинжтэй шаардлага тавих, тодорхой нөхцөл тогтоох, хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хориглох, шийтгэл ногдуулах зэрэг хэлбэртэй байж болно. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." бол ял шийтгэх зохицуулалттай тул энэ нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах үүднээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавьсан хязгаарлалт гэж үзэхээр байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-аар хамгаалагдсан үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх, хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрх тус бүрийн агуулгыг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эдгээр эрхийг зөрчсөн эсэх, үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
Нэг. Холбогдох үндсэн эрхийг тайлбарлах нь
Үндсэн хууль нь итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болохыг өргөн агуулгаар баталгаажуулсан байна. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтад "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж тусгажээ.
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасан. Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, түүний албан ёсны тайлбарыг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчим гэж үзэж баримтална (Цэцийн дүгнэлт, 2025, №01). Хүний эрхийн түгээмэл тунхаглал (цаашид "Түгээмэл тунхаглал" гэх)-ын 19 дүгээр зүйлд "Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар хайх, хүлээж авах, түгээх эрх чөлөө багтана." гэж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-ын 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Хүн бүр үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрхтэй.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүн бүр санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэ эрхэд төрөл бүрийн мэдээлэл болон үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, эсхүл хэвлэлийн буюу уран сайхны аргаар, эсхүл өөрийн сонгосон бусад аргаар хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөө багтана." гэж заажээ.
Үндсэн хуулийн болон Түгээмэл тунхаглал, Пактын дээрх заалтыг системчлэн тайлбарлах (хэм хэмжээний бүтцийн нэгдмэл, уялдаатай байдлыг хангах) замаар түүгээр баталгаажсан эрх, эрх чөлөөний агуулгыг тодорхойлох боломжтой. Эдгээр заалт үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө төдийгүй мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зэрэг харилцан хамаарал бүхий үндсэн эрхийг өөртөө багтааж, оюуны эрх чөлөө, нээлттэй, ил тод байдал, олон ургалч үзэл, нийгмийн оролцооны үндэс болдог. Иймд Үндсэн хуулиар баталгаажсан эдгээр эрх, эрх чөлөөний үндсэн агуулгыг тус тусад нь тайлбарлаж, нэгтгэн дүгнэх нь Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл тэдгээр эрхийг зөрчсөн эсэхийг тогтоох, Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх)-ийн шийдвэр хууль ёсны, үндэслэлтэй байх шаардлагыг хангахад ач холбогдолтой байна.
1.1.Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө
Хүн чөлөөтэй бодох, юунд итгэх, юунд эс итгэхээ шийдэх, өөрийн үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх уугуул мөн чанартай. Итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад нэрлэн баталгаажуулсан. Харин үзэл бодолтой байх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд агуулагдсан, түүний эх сурвалж, салшгүй хэсэг тул Үндсэн хуульд нэрлэгдээгүй үндсэн эрхэд тооцогдон хамгаалагдана.
Хүний итгэл үнэмшил төлөвшихөд тухайн хүн, нийгмийн бүлэг, үндэстний шашин шүтлэг, ертөнцийг үзэх үзэл, танин мэдэхүйн хүрсэн түвшин, боловсрол, туршлага зэрэг олон хүчин зүйл нөлөөлнө. Итгэл үнэмшил нь шашин, ёс суртахуун, ёс зүй, улс төрийн талаарх хувь хүний харьцангуй тогтвортой дотоод итгэл, байр суурь байдаг бол үзэл бодол нь итгэл үнэмшлээр хязгаарлагдахгүй өргөн хүрээтэй ойлголт юм. Иймд шинжлэх ухааны, улс төрийн, түүхийн, ёс суртахууны, философийн, шашны зэрэг бүхий л төрлийн итгэл үнэмшил, үзэл бодол Үндсэн хуулиар хамгаалагдана (Цэцийн дүгнэлт, 2025, №04).
Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хүний оюуны дотоод ертөнцийг хөндлөнгийн оролцооноос хамгаалж, аливаа итгэл үнэмшил, үзэл бодлоо бий болгох, түүнийгээ ямар нэгэн хориг саадгүйгээр баримтлах, хэдийд ч, ямар ч шалтгаанаар өөрчлөх, илэрхийлэхээс татгалзах зэрэг эрхийг багтаана (Цэцийн дүгнэлт, 2025, №04). Хүний итгэл үнэмшил, үзэл бодлыг хуулиар, эсхүл бусад хэм хэмжээгээр зохицуулахгүй бөгөөд хүний толгойд төрөх бодлыг удирдах, хянахыг ямар ч этгээдэд хориглоно. Аль нэг итгэл үнэмшил, үзэл бодлыг баримтлах, эсхүл баримтлахгүй байхыг албадаж болохгүй. Мөн бодитой, эсхүл баримталж байж болзошгүй үзэл бодлынх нь төлөө хэний ч үндсэн эрхийг хязгаарлах, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглох бөгөөд баривчлах, цагдан хорих, шүүн таслах, яллах зэргээр сүрдүүлэх, дарамтлах, жигшүүлэх нь үзэл бодолтой байх эрх чөлөөг зөрчинө (НҮБ-ын Хүний эрхийн хорооны 2011 оны 34 дүгээр Ерөнхий тайлбар, цаашид "Ерөнхий тайлбар, №34" гэх, догол 9). Тийм учраас Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй." гэж хуульчилсан байна.
Үндсэн эрхийг туйлын болон бусад үндсэн эрх гэж ангилах нь үндсэн эрхийг тайлбарлах, нэг мөр ойлгон хэрэглэх суурь нөхцөл болно. Туйлын эрхийг ерөөс хязгаарлаж болохгүй бөгөөд түүнийг хязгаарлах нь ямар ч хууль ёсны зорилгоор зөвтгөгдөхгүй. Туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хуулиар шаардана.
Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Харин итгэл үнэмшил, үзэл бодлыг илэрхийлэх нь гадагш чиглэсэн, нийтэд хамаатай тул ийнхүү илэрхийлэх эрх чөлөө нь туйлын эрх биш бөгөөд Үндсэн хуульд заасан зарчим, шаардлагын дагуу хязгаарлагдах боломжтой. Иймд Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтэд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын итгэл үнэмшил, үзэл бодолтой байх дотоод эрх чөлөө нь "туйлын эрх, харин итгэл үнэмшил, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь туйлын бус эрх юм." гэж тусгажээ.
1.2.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь илэрхийлэгдэх үзэл бодол, мэдээллийн агуулгыг төдийгүй түүнийг илэрхийлэх хэлбэрийг хамтад нь хамгаална. Энэ эрх чөлөө нь бусдад түгээх боломжтой бүх төрлийн үзэл бодол, мэдээллийг, тэр дундаа олонход таалагдахгүй, дургүйцэл, бухимдал төрүүлэхүйц үзэл бодлыг ч гадагш чөлөөтэй илэрхийлэх баталгааг иргэнд эдлүүлнэ.
Хүмүүс үзэл бодлоо голчлон үгээр илэрхийлдэг бөгөөд үг нь хүмүүсийн харилцааны хамгийн үр нөлөөтэй хэрэгсэл тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад "үг хэлэх" эрх чөлөөг тусгайлан баталгаажуулсан. Үүний зэрэгцээ ардчилсан нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас "хэвлэн нийтлэх" эрх чөлөөг мөн онцлон хамгаалсан байна. Гэхдээ үзэл бодлын илэрхийлэл зөвхөн эдгээр эрх чөлөөгөөр хязгаарлагдахгүй. Хүн өөрийн үзэл бодлыг амаар болон бичгээр, эсхүл өөрийн сонгосон бусад хэлбэрээр гадагш илэрхийлэх эрхтэй. Үүнд дуугүй байх, бэлгэ тэмдэг, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг илэрхийллийн хэлбэр ч багтана.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь дараах шинжээр ардчилсан нийгмийн тулгуур эрх чөлөөнд тооцогдоно. Нэгдүгээрт, энэхүү эрх чөлөө нь ардчиллыг бодитой хэрэгжүүлэх суурь нөхцөл болно. Хэрэв энэ нөхцөл алдагдвал иргэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг чөлөөтэй хэлэлцэх, мэдээлэлд тулгуурлан шийдвэр гаргах, төрийн үйл хэрэгт оролцох боломж нь хязгаарлагдаж, улмаар сонгуулийн шударга байдал болон төрийн үйл ажиллагаанд тавих хяналт суларна. Хоёрдугаарт, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь үнэнийг танин мэдэх боломжоор хангаж, оюуны хөгжлийг дэмжинэ. Мэдээллийн чөлөөт урсгалыг зүй бусаар хязгаарлавал хүмүүс үнэнийг мэдэх боломж хомсодно. Мэдээллийг түгээж, иргэдийн мэдээлэл хүлээн авах эрхийг хангах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үндсэн чиг үүрэг мөн. Гуравдугаарт, энэ эрх чөлөө нь угаас үнэ цэнтэй бөгөөд хувь хүний бие даасан байдлыг баталгаажуулна. Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх нь хувь хүн өөрийгөө төлөвшүүлэх, чөлөөтэй хөгжих үндэс төдийгүй төр болон бусад этгээдээс хараат бус оршиход ач холбогдолтой.
1.3.Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтаар баталгаажсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь хүн аливаа мэдээллийг хил хязгаар үл харгалзан хайх, хүлээн авах, түгээх эрхийг бүхэлд нь хамарсан өргөн агуулгатай үндсэн эрх. Энэхүү эрх нь үзэл бодол, мэдээллийн олон талт, чөлөөт урсгалыг хамгаална. Хэн нэгний үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зохих үндэслэлгүйгээр хязгаарлах нь бусдын мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг зөрчинө. Учир нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь үзэл бодол, мэдээллийг хайх, түгээх эрх болон бусдын түгээсэн үзэл бодол, мэдээллийг хүлээн авах эрхийг хамтад нь багтаана.
Мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 17 дахь заалтад "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ..." гэж тусган баталгаажуулсан. Харин мэдээлэл "түгээх" эрхийг Үндсэн хуульд нэрлэн заагаагүй боловч энэ эрх нь мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй салшгүй уялдаатай, тэдгээрийн үр ашигтай хэрэгжилтийг хангах зайлшгүй нөхцөл тул эдгээрийг цогц эрх гэж ойлгоно. Иймд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх нь хамтдаа Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний салшгүй бүрдэл мөн.
Мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх нь хоорондоо холбоотой ч ялгаатай агуулгатай. Мэдээлэл хайх эрх нь мэдээллийг идэвхтэй эрж цуглуулах боломжийг баталгаажуулдаг. Энэ нь үйл явдал, үзэгдэл, эсхүл бусад асуудлыг судлах, эрэн сурвалжлах, асуух, танин мэдэх зэргээр хэрэгжинэ. Мэдээлэл хүлээн авах эрх нь бусдын түгээхийг хүссэн, эсхүл түгээхээр бэлтгэсэн мэдээллийг хүлээн авах агуулгатай бөгөөд ийнхүү хүлээн авахад саад учруулах, хязгаарлалт хийхийг төрийн байгууллага, албан тушаалтан, эсхүл бусад этгээдэд хориглоно. Энэ эрх нь мэдээлэл хүлээн авахаас татгалзах эрхийг мөн өөртөө багтаана.
Мэдээллийн үндсэн дээр үзэл бодол бий болж, боловсруулагдаж, түгээгддэг тул мэдээлэл авах эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэрэгжүүлэх үндэс мөн. Иймд мэдээлэл хайх болон хүлээн авах эрх нь хамтдаа мэдээлэл авах эрхийг баталгаажуулна. Тодруулбал, иргэн болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрийн байгууллагад байгаа мэдээллийг авах эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэний хүсэлтийн дагуу мэдээллийг гарган өгөхөөс гадна өөрийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой болон эзэмшиж буй бусад мэдээллийг нийтэд ил тод, нээлттэй байлгах, үүнийг хэрэгжүүлэх журмыг хуулиар тогтоох үүрэгтэй. Энэ төрлийн мэдээлэлд хадгалж буй хэлбэр, эх сурвалж, мэдээлэл үүссэн цаг хугацаанаас үл хамаарч төрийн байгууллагын мэдэлд байгаа бүх төрлийн баримтыг хамааруулна.
Мэдээлэл түгээх гэдэгт өөрт байгаа, бүтээсэн, хайж, эсхүл хүлээн авсан зэрэг мэдээллийг нийтэд хүргэх, хүртээл болгох үйл ажиллагааг ойлгоно. Мэдээлэл түгээх эрх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний бүрдэлд багтах тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтаар хамгаална. Мэдээллийг хайх, хүлээн авах нь тухайн мэдээллийг зөвхөн хадгалахад чиглэдэггүй, харин түүнийг түгээснээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний зорилго хангагдана.
1.4.Хэвлэн нийтлэх эрх чөлөө
Хэвлэн нийтлэх эрх чөлөө нь ардчилсан нийгэмд онцгой үүрэг гүйцэтгэдэг учраас Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтад түүнийг нэрлэн баталгаажуулсан бөгөөд уг эрх чөлөө нь иргэд төдийгүй сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хамаатай.
Цензур (хяналт)-аас ангид хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх төдийгүй бусад үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэхэд ач холбогдолтой, ардчилсан нийгмийн тулгын чулуу юм (Ерөнхий тайлбар, №34, догол 13). Иргэд нийтийн ашиг сонирхлыг хөндсөн болон бусад асуудлаар мэдээллийг өөрөө хайх, авах боломж нь хязгаарлагдмал тул хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь мэдээлэл хайж, түгээх замаар мэдээлэл хүлээн авах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдэд тусална. Иргэд хэвлэл мэдээллээр дамжуулан мэдээллийг хүлээн авах нь түгээмэл юм. Иймд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтаар хамгаалсан мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх болон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлыг эрэн сурвалжлах, мэдээллийн эх сурвалжаа нууцлах зэрэг бусад эрхийг эдэлнэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг зөвхөн мэдээлэл дамжуулахад бус, түгээсэн мэдээллийн агуулгыг олон нийт өөрсдөө үнэлэх боломжийг бүрдүүлэхэд оршино. Хэвлэл мэдээллийн агуулгад цензур (хяналт) тогтоох нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний цөмд халдах, үгүйсгэх ноцтой зөрчилд хүргэх тул Үндсэн хуулиар хориглоно. Энэ талаар 1998 оны Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "... Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй." гэж заажээ.
Нийгэм, улс төрийн болон бусад сэдвээр үзэл бодол, мэдээллийг чөлөөтэй солилцох нь албан тушаалтан бүрэн эрхээ урвуулан ашигласан, дур мэдэн хэрэгжүүлсэн эсэхийг илчлэх, хяналт тавих чухал нөхцөл мөн. Төрийн эрх мэдэл ард түмнээс уг сурвалжтай тул төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаа нь нийтийн болон хэвлэл мэдээллийн хяналтад байх ёстой бөгөөд иргэд энэ төрлийн мэдээлэл хүлээн авч, үзэл бодлоо бүрдүүлэхэд хамгийн үр нөлөөтэй хэрэгслийн нэг нь хэвлэл мэдээлэл байдаг. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтийн үзэл бодол, саналыг сонсож, тайлбар хийх, нийтийн итгэлийг олж авах боломжийг төрийн байгууллага, албан тушаалтанд олгохын зэрэгцээ ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцох болон сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдлэх нөхцөлийг хангана. Хэвлэн нийтлэх эрх чөлөө энэ шинжээрээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөтэй адил Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "ардчилсан ёс"-ны зарчмыг хэрэгжүүлэх суурь болно.
1.5.Хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрх
Хүний нэр төр, алдар хүнд нь Үндсэн хууль болон Түгээмэл тунхаглал, Пактад үндсэн эрхийн түвшинд баталгаажсан бөгөөд түүнийг хамгаалахад зайлшгүй тохиолдолд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль ёсны үндэслэл болно.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "халдашгүй, чөлөөтэй байх эрх"-ийн хүрээнд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалж, Үндсэн хуулийн бусад заалтаар мөн баталгаажуулсан (Цэцийн дүгнэлт, 2024, №04). Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна." гэж, Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. ... Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. ... Иргэний хувийн ... халдашгүй байдлыг хуулиар хамгаална;" гэж, мөн зүйлийн 17 дахь заалтад "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. Хүний эрх, нэр төр, алдар хүнд, улсыг батлан хамгаалах, үндэсний аюулгүй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хуулиар тогтоон хамгаална;" гэж, Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Монгол Улсын иргэн "хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;" үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ гэж тус тус хуульчилсан байна.
Үндсэн хуулийн дээрх зохицуулалтаас гадна Түгээмэл тунхаглалын болон Пактын удиртгалд "хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр"-ийг хүлээн зөвшөөрч, Түгээмэл тунхаглалын 12 дугаар зүйл болон Пактын 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний алдар хүндэд хууль бусаар халдахыг хориглосон бөгөөд тийм халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй гэж заасан. НҮБ-ын Хүний эрхийн хороо " [Пактын] 17 дугаар зүйл нь хувь хүний алдар хүндийг хамгаалсан бөгөөд Оролцогч улс нь энэ нөхцөлийг хангах хууль тогтоомжийг батлах үүрэгтэй. Эрх зүйн ийм зохицуулалт нь хувь хүнийг аливаа хууль бус халдлагаас үр дүнтэй хамгаалах, буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, зөрчигдсөн эрхээ үр нөлөөтэй сэргээх боломжийг бүрдүүлнэ." гэж үзжээ (Ерөнхий тайлбар, №16, догол 11).
Хүний нэр төр, алдар хүндийн талаарх эдгээр зохицуулалт нь нэг талаас хүний нэр төр, алдар хүнд халдашгүй байх эрхийг баталгаажуулж, улмаар хууль бус халдлагаас хамгаалах, зөрчигдсөн тохиолдолд сэргээх зохицуулалт бий болгох үүргийг төрд хүлээлгэсэн бол нөгөө талаас иргэн өөрөө бусдын нэр төр, алдар хүндийг хүндэтгэх үүргийг ёсчлон биелүүлэх Үндсэн хуулийн эрх зүйн үндсийг тогтоосон байна.
Хүний нэр төр гэдэг нь хүн болж төрсөн хэн бүхэнд угаас заяасан адил үнэ цэн юм. Хүний нэр төр халдашгүй байх эрх нь туйлын эрх бөгөөд "хүн болохын хувьд угаас чухал үнэ цэнтэй гэж хүлээн зөвшөөрч хүндэтгэх үүргийг" төрд хүлээлгэнэ (Цэцийн дүгнэлт, 2024, №04). Иймд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүн бүрийг эрх зүйн этгээд гэж үзэж, хүний нэр төрийг нь хүндэтгэж, "хүнийг нийгмийн харилцааны обьект бус, субьект гэж хандана" (Цэцийн дүгнэлт, 2024, №04; 2025, №02; №03).
Алдар хүнд нь ёс суртахууны, мэргэжлийн, эсхүл бусад хэмжүүрээр хувь хүн нийгэмд ямар байр суурь эзэлж буйг харуулна (Цэцийн дүгнэлт, 2024, №04). Өөрөөр хэлбэл, энэ нь хувь хүний талаар үнэлсний үндсэн дээр бусдын зүгээс өгч буй тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх гадаад үнэлэмж юм. Хүн ёс зүйтэй, шударга, үнэнч байдлаараа нийгэмд үнэлэгдэж, танигдсанаар түүний алдар хүнд бий болж, нэмэгдэнэ. Хүний нэр төр нь алдар хүндийн үндэс суурь болдог тул энэ хоёр ойлголт нягт холбоотой. Тиймээс маргаан бүхий зохицуулалт нь илт худал мэдээлэл тараахыг хориглох замаар алдар хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэгдсэн байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахын зэрэгцээ хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд илт худал мэдээлэл тарааж халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр зохицуулсан байна. Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд нь тухайн хуулийн этгээд эрхэлж буй аж ахуйгаа үр ашигтай эрхлэн хөтөлж, үйлдвэрлэл, үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүнээр тодорхой зах зээл, хэрэглэгчийг тогтвортой хангаж, тэдний хүлээлтэд нийцсэнээр бий болдог. Хуулийн этгээд эрхэлж буй ажил, үйл ажиллагааны үр дүнд олж авдаг нийгмийн үнэлэмжийн талаарх энэхүү ойлголт нь иргэний эрх зүйн харилцаанд түлхүү хэрэглэгдэж ирсэн бөгөөд хуулийн этгээдийн эдийн засаг, аж ахуйн шинжтэй хууль ёсны ашиг сонирхолд багтана. Энэхүү хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх нь хүний нэр төр, алдар хүндтэй адил Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Монгол Улсын иргэний ёсчлон биелүүлэх үндсэн үүрэгт хамаарна.
Хоёр. Үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлагыг хангасан эсэх
Үндсэн хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болно гэж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж ирсэн. Аливаа үндсэн эрхийн хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчим зэрэг нийтлэг шаардлагад нийцсэн байх ёстой (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2020, №03; 2023, №03; 2024, №02; №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; №09; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01). Түүнчлэн үндсэн эрх бүрийн мөн чанараас шалтгаалж тухайн эрхийн хязгаарлалтад тавих тусгай шаардлагыг бас хангах шаардлагатай. Эдгээр нийтлэг болон тусгай шаардлагын аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт нь үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно.
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь нийтлэг шаардлага төдийгүй тухайн эрх чөлөөний мөн чанараас үүдсэн тусгай шаардлагыг давхар хангасан байвал зохино. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчим гэсэн нийтлэг шаардлагыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд:
2.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх ёсны хүрээнд үндсэн эрхийн хязгаарлалтыг заавал хуулиар тогтоох бөгөөд уг хууль нь эрх зүйн тодорхой байдалд нийцсэн, дур мэдэн хэрэгжүүлэх, хэрэглэхээс сэргийлсэн байх ёстой. Эрх зүйн тодорхой байдлын дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан хууль нь "хувь хүн түүнийг мөрдөж, үйлдлээ зохицуулахад чиглэл болохуйц тодорхой томьёологдсон, олон нийт танилцах боломжтой байвал зохино." (Ерөнхий тайлбар, №34, догол 34).
Эрүүгийн хуулиар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэх асуудлыг зохицуулдаг учраас түүний заалт бүр эрх зүйн тодорхой байдлыг хангасан байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинж нь хоёрдмол утгагүй, ойлгомжтой, оновчтой, нарийвчлан томьёологдож, шууд хэрэглэх боломжтой байхыг шаардана.
Хууль тогтоогч 2020 онд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа өмнө үйлчилж байсан гүтгэх, доромжлох гэмт хэргийн ойлголтыг өөрчилж, цар хүрээг нь өргөтгөсөн "худал мэдээлэл тараах" гэсэн шинэ төрлийн гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгажээ. Тухайн зохицуулалтыг түүхчлэн үзвэл, хүний нэр төр, алдар хүндэд хохирол учруулах буюу "гүтгэх", "доромжлох" үйлдлийг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын 1961, 1986 оны Эрүүгийн хууль, Монгол Улсын 2002 оны Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцож ирсэн байдаг. Харин 2015 онд Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, батлахдаа гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг халж, 2017 онд Зөрчлийн тухай хуульд "гүтгэх" зөрчлийг хуульчилсан байжээ. Монгол Улсын Засгийн газраас боловсруулж 2019 онд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 13.14 дүгээр зүйлийн гарчгийг "гүтгэх" гэж томьёолсон байсныг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд "худал мэдээлэл тараах" гэж өөрчлөн баталжээ (Улсын Их Хурлын Тамгын газар, 2024.04.18, ТГ-02/649). Энэ зохицуулалт нь үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтоох шалгуурыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч дараах үндэслэлээр эрх зүйн тодорхой байдлын зарчимд нийцээгүй байна:
Нэгд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн гарчгийг "худал мэдээлэл тараах" гэж хэт ерөнхий байдлаар томьёолсон атал тухайн зохицуулалтын агуулга нь "хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах"-ыг хориглож, нэр томьёо, ойлголтын зөрүү үүсгэжээ. "Хүний нэр төр" болон "алдар хүнд", "худал мэдээлэл" болон "илт худал мэдээлэл" гэх төстэй нэр томьёог хэрэглэсэн боловч тэдгээрийг тодорхойлоогүй, ялгааг нь гаргаагүй байна. "Илт худал мэдээлэл" гэх ойлголт нь хуурамч мэдээлэл, ташаа мэдээлэл зэрэг мэдээллийн бусад хэлбэрээс ялгаатай эсэх, түүнчлэн хэрхэн ялгах нь тодорхойгүй тул уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж, агуулгыг хийсвэр, олон утгаар тайлбарлан хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.
Хоёрт, хууль тогтоогч уг гэмт хэргийн обьектив талын шинжийг "... илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." гэж үйлдлээр тодорхойлсон ч түүний субьектив талын шинжийг заагаагүй буюу бүрхэгдүүлсэн байна. Энэ талаар шинжээчийн дүгнэлтэд "Тухайн илт худал мэдээллийг олон нийтэд тараасан үйлдэл нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулах зорилготой байхыг шаардаагүй байна." гэж тусгажээ (Шинжээчийн дүгнэлт, 2024.08.15; Шинжээчийн дүгнэлт, 2025.11.03). Үүний улмаас тухайн мэдээлэл нь илт худал боловч хүний нэр төр, алдар хүндэд бодит хохирол учруулаагүй, түүнчлэн мэдээллийг хохирол учруулах зорилгогүйгээр тараасан болон дамжуулсан тохиолдлыг ч "хүний нэр төр, алдар хүндэд халдсан" гэж үзэж, гэмт хэрэгт тооцохоор зохицуулсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахдаа хэт өргөжүүлэх эрсдэл үүсгэсэн байна.
Гуравт, илт худал мэдээллийг ямар арга, хэлбэрээр, ямар хүрээнд түгээсэн зэргийг харгалзан үзэлгүй, зөвхөн "олон нийтэд тараасан" гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болжээ. Худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаанаас үзэхэд "олон нийтэд тараасан" гэж үзэх шалгуур, хүрээ тодорхойгүйгээс хууль хэрэглээний зөрүү үүссэн байна. Тодруулбал, нийгмийн сүлжээ ("facebook," "х" буюу "twitter" зэрэг)-нд нийтэлсэн мэдээлэлд цөөн хүн, зарим тохиолдолд маш цөөн буюу хоёр, гурван хүн дэмжсэн, эс дэмжсэн тэмдэг дарсан, эсхүл хязгаарлагдмал хүрээнд хуваалцсан байдлыг ч "олон нийтэд тараасан" гэж үзсэн нь уг ойлголтыг хэт өргөжүүлэн тайлбарлаж хэрэглэхэд хүргэж, иргэд, сэтгүүлчид, нийгмийн сүлжээгээр үзэл бодлоо илэрхийлэгчид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эрүүгийн хариуцлагад татагдах эрсдэлийг нэмэгдүүлжээ.
Дөрөвт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид тооцогдох этгээдийн хүрээг хэт өргөжүүлэн зохицуулжээ. Тодруулбал, "хуулийн этгээд" гэдэгт төрийн байгууллага, албан тушаалтан хамаарах эсэхийг нэг мөр ойлгохоор хуульчлаагүй байна. Үүний улмаас төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны талаар шүүмжлэл илэрхийлснийг "хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан" хэмээн эрүүгийн хэрэг үүсгэсэн, ял оногдуулсан тохиолдол гарчээ.
Тавд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдлыг хангаагүйгээс мөрдөгч, прокурор, шүүгч уг зохицуулалтыг үзэмжээр, эсхүл дур мэдэн хэрэглэх, урвуулан ашиглах эрсдэлтэй болжээ. Хуулийг хэрэглэх эрх бүхий эдгээр албан тушаалтан мэдээлэл "илт худал" эсэхийг субьектив үнэлгээнд тулгуурлан дүгнэж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлах боломжтой байгаа нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний зарчмыг алдагдуулж байна.
Эрх чөлөөний зарчим нь өргөн агуулгатай бөгөөд хүн үндсэн эрхээ эдлэхэд хөндлөнгөөс оролцох, дур мэдэн хязгаарлахыг төр, эсхүл бусад этгээдэд хориглоно. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтад "... Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч … эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. ..." гэж тусгасан. Мөн Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 15 дахь заалтад "шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөтэй;", мөн зүйлийн 16 дахь заалтад "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй. ..." гэж тусгайлан заасан нь эдгээр эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахгүй байх шаардлагыг тогтоожээ.
2.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт тохирсон байх зарчимд нийцсэн байх ёстой. Уг хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангахыг тохирсон байх зарчим шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; №09; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01). Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд "хэт ерөнхий хязгаарлалт тогтоох ёсгүй. … хязгаарлалт тохирсон байна." (Ерөнхий тайлбар, №34, догол 34). Маргаан бүхий зохицуулалт нь тохирсон байх зарчмын дээр дурдсан шалгуурыг хангасан эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна:
2.2.1.Хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой байх бөгөөд энэ зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Иймд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд хязгаарлалт тогтооход нэгдүгээрт, ямар ашиг сонирхол, үнэт зүйлийг хамгаалахыг зорьж буйг, хоёрдугаарт, уг зорилго нь Үндсэн хуульд заасан хууль ёсны зорилготой давхцаж байгаа эсэх, уг зорилгод үйлчилж буй эсэхийг шалгах шаардлагатай.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар "алдар хүнд халдашгүй байх" эрхийг хамгаалсан төдийгүй Арван есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Хүн эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ үндэсний аюулгүй байдал, бусад хүний эрх, эрх чөлөөг хохироож, нийгмийн хэв журмыг гажуудуулж болохгүй." гэж заасан. Түүнчлэн Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь онцгой үүрэг, хариуцлага дагуулдаг болохыг онцлоод, уг эрх чөлөөг "... зарим талаар хязгаарлаж болох боловч уг хязгаарлалт нь заавал хуулиар тогтоогдсон байх" бөгөөд "(a) бусдын эрх, алдар хүндийг хүндэтгэх;", эсхүл "(b) үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, хүн амын эрүүл мэнд, ёс суртахууныг хамгаалах."-д зайлшгүй байх шаардлагатай гэж тодорхой зохицуулжээ. Пактын Оршил, 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн хүний нэр төр (human dignity)-өөс ялгахын тулд Пактын 19 дүгээр зүйлийн 3 (a) дахь заалтын "reputation" гэдгийг "алдар хүнд" гэж орчуулбал зохино (Цэцийн дүгнэлт, 2024, №04). Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Пактын 19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт нэрлэн жагсааснаас өөр үндэслэлээр хязгаарлаж болохгүй (Ерөнхий тайлбар, №34, догол 13). Иймд Үндсэн хууль болон Пактад заасны дагуу алдар хүндийг хамгаалах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болох хууль ёсны зорилгод тооцогдоно. Харин маргаан бүхий зохицуулалтад тусгасан "хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд"-ийг хамгаалах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлах үндэслэл болохуйц хууль ёсны зорилго биш байна.
Хүний алдар хүнд нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын халдашгүй, чөлөөтэй байх эрхийн хүрээнд баталгаажсан үндсэн эрх тул түүнийг хуулиар хамгаалах шаардлагатай. Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэгт хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэргийг хуульчилсан бөгөөд хууль тогтоогч 2020 онд уг бүлэгт 13.14 дүгээр зүйлийг нэмж, "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." бол ял шийтгэхээр зохицуулжээ. Эрүүгийн хуулийн энэ зохицуулалт нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдлийг зогсоох боломжтой байх тул эдгээр эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
2.2.2.Зайлшгүй эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит арга хэмжээнүүдээс ижил үр нөлөөтэй боловч тухайн эрхэд хамгийн бага халдсаныг нь сонгохыг зайлшгүй байх шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Ийм арга хэмжээ нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй шаардлагатайгаас илүү хүнд, хатуу байж болохгүй. Энэ шалгуураар авч үзэхэд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад дараах үндэслэлээр зайлшгүй арга хэмжээ биш байна. Үүнд:
Нэгд, хүн өөрийн нэр төртэй байх, алдар хүндтэй байх, ажил хэргийн нэр хүндтэй байх ашиг сонирхолтой байх бөгөөд эдгээр ашиг сонирхлоо хамгаалах, хамгаалуулах боломжийг Иргэний хуулиар олгодог (Шинжээчийн дүгнэлт, 2025.11.18, х. 6). Тодруулбал, 2002 оны Иргэний хуулийн 21, 497, 511 дүгээр зүйлээр иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд мэдээллийнхээ үнэн зөвийг хариуцах; түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй тохиолдолд эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар няцаалт хийх; нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд учруулсан гэм хорыг мөнгөн, эсхүл бусад хэлбэрээр арилгах зэрэг хамгаалалтын аргыг тогтоосон байна. Иргэний хуулийн эдгээр зохицуулалт нь маргаан бүхий зохицуулалттай харьцуулахад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхийг илүү бага хэмжээнд хязгаарлах бөгөөд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад адилхан үр нөлөөтэй арга зам гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёрт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр худал мэдээлэл тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцож зорчих эрхийг хязгаарлах, эсхүл бусад ял шийтгэх төдийгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ зүйлийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах явцад хүнийг баривчлах, цагдан хорих, чөлөөтэй зорчих, эсхүл бусад үндсэн эрхэд хязгаарлалт тогтоох, хүний бие, эсхүл орон байранд үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхийг илүү ихээр хязгаарлах хууль зүйн үр дагавартай байна. Тодруулбал, 2020 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн дагуу 2,402 хэрэгт хэрэг бүртгэлт явуулснаас 1,634 хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Улмаар 233 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 22 хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, 175 хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд энэ явцад 218 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 21 хүнд цагдан хорих, 25 хүнд хязгаарлалт тогтоох, 198 хүнд хувийн баталгаа гаргах арга хэмжээг тус тус авсан байна (Улсын ерөнхий прокурорын газар, 2025.10.14, №02/4642). Энэ төрлийн гэмт хэрэгт шалгагдсан иргэдийг баривчилсан, цагдан хорьсон хугацаа нь 2-53 хоног байна (Глоб интернэшнл төв ТББ, 2024.09.26). Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020-2024 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр 105 хэрэг хянан шийдвэрлэж, 104 хүнд ял оногдуулсан байна (Шүүхийн ерөнхий зөвлөл, 2025.10.17, №01/1686). Худал мэдээлэл тараах гэмт хэргийн зохицуулалт, шийдвэрлэлтийн талаарх эдгээр нөхцөл байдал нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг иргэний эрх зүйгээр хамгаалах нь эрүүгийн эрх зүйгээс илүү хөнгөн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах эрсдэл бага болохыг нотолж байна.
Гуравт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн нийтлэл, мэдээлэлтэй холбоотой иргэн, хуулийн этгээдийн гомдлыг хүлээн авч шалгах, сэтгүүлч ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн, эсхүл мэргэжлийн алдаа гаргасан нь тогтоогдсон тохиолдолд өөрөө залруулга хийсэн, уучлалт гуйсан эсэхийг харгалзан тухайн хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчийн нэрийг дурдаж, эсхүл дурдахгүйгээр нийтэд мэдээлэх замаар хариуцлага хүлээлгэх тогтолцоог хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт гэнэ. Олон улсад гүтгэх, доромжлохтой холбоотой асуудлыг шүүхийн бус журмаар буюу хэвлэл мэдээллийн зөвлөл зэрэг өөрийн зохицуулалтын механизмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг байна (НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага, 2022). Ардчилсан улс орнуудын туршлагаас харахад хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой гомдлыг өөрийн зохицуулалтын байгууллагаар шийдвэрлүүлэх соёл тогтсон байх бөгөөд энэ тохиолдолд гомдлыг хууль, шүүхийн байгууллагад давхардуулан гаргахыг хязгаарлах эрх зүйн зохицуулалт үйлчилдэг (Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19). Монгол Улсад Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, олон нийтийн тэнцвэртэй төлөөллөөс бүрдэж, өөрийн зохицуулалтыг бие даан хэрэгжүүлж байх бөгөөд 2015-2024 онд 591 гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн байна (Хэвлэл мэдээллийн зөвлөл, 2025, х. 2). Иймд сэтгүүлчийн сахилгын зөрчил болон мэргэжлийн алдааг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтаар хянан шийдвэрлэх нь Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөөнд илүү бага халдаж, хүний алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах нэмэлт чухал арга зам гэж үзэх үндэслэлтэй байна.
2.2.3.Тэнцвэртэй эсэх
Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангах ёстой. Тодруулбал, үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалт нь хууль дээдлэх болон шударга ёсны үүднээс зөвтгөгдөх боломжтой. Харин тухайн зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр "худал мэдээлэл тараах" гэмт хэргийг зохицуулж, хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийн хэрэгжилтэд хэт сөрөг нөлөө үүсгэж байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангахгүй байна. Учир нь маргаан бүхий зохицуулалт нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан илт худал мэдээллээс гадна ийм хохирол учруулаагүй бусад мэдээлэл, үзэл бодлын чөлөөт илэрхийллийг хязгаарлах, урвуулан ашиглагдах сөрөг үр дагавартай байна.
Нэгд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн улмаас иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан худал мэдээлэл тараах гэмт хэрэгт буруутгагдаж, шалгагдахаас эмээж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэхээс татгалзах, өөрийгөө цензурдах бодит эрсдэл учирдаг болох нь маргагч талуудаас болон мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн тайлбар, шинжээчийн дүгнэлт, мэргэжлийн дүгнэлт, маргааныг Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах ажиллагааны явцад цугларсан бусад баримт, мэдээлэл, судалгаагаар тогтоогдож байна (Глоб интернэшнл төв ТББ, 2024.09.26, №86; Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, 2024.11.14, №24-01/211; Монголын Эмнести Интернэшнл ТББ, Мэргэжлийн дүгнэлт, 2025.08.04, №235; Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19, х. 18). Тодруулбал, маргаан бүхий зохицуулалтын дагуу авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил, аж ахуйн, эсхүл компанийн хууль бус үйл ажиллагаа зэрэг иргэдийн эрх, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэгт шалгагдах, шүүхээс худал мэдээлэл тараах гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдох, ял шийтгүүлэх боломжтой байна. Үүний зэрэгцээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаан хугацаанд үргэлжилж, өмгөөллийн зардал төлөх зэрэг хүндрэл дагуулдаг нөхцөл байдал тогтоогдож байна. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн ч ийм нөхцөл байдалтай нүүр тулах боловч худал мэдээлэл тараах гэмт хэргийн онцлогоос шалтгаалан иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан нь албан тушаалтантай холбоотой, эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар эрэн сурвалжлах, мэдээлэх, шүүмжлэх зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хэрэгжүүлэхээс татгалзахад хүргэж, улмаар иргэдийн мэдээлэл хүлээн авах Үндсэн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна.
Хоёрт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцсон нь ардчилсан нийгэм дэх олон талт, шүүмжлэлт дуу хоолой, чөлөөт хэлэлцүүлгийг намжаах зорилгоор урвуулан ашиглах эрсдэлтэй байна (Глоб интернэшнл төв ТББ, 2024.09.26, №86; Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, 2024.11.14, №24-01/211; Монголын Эмнести Интернэшнл ТББ, Мэргэжлийн дүгнэлт, 2025.08.04, №235; Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19, х. 18).
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад мөрдөгч нь сэтгүүлчийн бэлтгэсэн ямар мэдээ, мэдээлэлд хэний гомдлоор хэрэг үүсгэж байгаа, тэрчлэн хэрэг үүсгэсэн эсэх талаар мэдэгдэлгүйгээр удаа дараа цагдаагийн газарт дуудах, тодорхойгүй байдал үүсгэх, хэргийг шалгахдаа хэдэн сараар сунжруулах, цаг хугацаа, сэтгэл зүйн дарамтад оруулах, цагдан хорих, цахим хуудасны хандалтыг хаах зэрэг дур мэдсэн шинжтэй үйлдэл гаргадаг нь гэм бурууг тогтоохоос өмнө "залхаан шийтгэх" хэлбэр болж байна гэжээ (Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19, х. 15, 18). Мөн "Уг зүйлээр гомдол гаргагч иргэдийн 90-ээд хувь нь улс төрч, төрийн албан тушаалтан байгаагаас үзэхэд энэ нь "дарга"-ын нэр хүндийг хамгаалахад үйлчилж, хэвлэл мэдээлэл сэтгүүл зүйн онол, практикаар нотлогдсон, олон улсын гэрээ, конвенцоор хүлээн зөвшөөрсөн нийгмийн хяналтын үүргээ хараат бусаар хэрэгжүүлэхэд нь хууль бус хязгаарлалт болж буй цензурын нэг хэлбэр гэж үзэж байна. Сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хэсэгт нийгмийн анхаарлыг хандуулах, хяналтыг чиглүүлэх нэг үндсэн үүргээ хэрэгжүүлэхээс зүрхшээх, сэтгүүлчид айдас, болгоомжлолд автах нөхцөл байдлыг үүсгэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад ажиллаж хөдөлмөрлөх бололцоо, цалин орлогоо алдаж ... байна." гэж дурдсан байна (Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19, х. 18). Тодруулбал, улс төрийн, эдийн засгийн, эсхүл бусад эрх мэдэл бүхий этгээд нийтийн ашиг сонирхолтой холбоотой шүүмж, мэдээлэл түгээсний төлөө хэвлэл мэдээллийн байгууллага, түүний ажилтан, сэтгүүлч, хүний эрх хамгаалагч, иргэний нийгмийн ажилтан, бусад иргэний эсрэг гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт шалгуулах, улмаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг зүй бусаар хязгаарлах боломжтой байна.
Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь дээр дурдсаны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эмээх нөлөө (chilling effect) үүсгэх, нийтийн ашиг сонирхолтой холбоотой шүүмжийг зогсоох зорилгоор урвуулан ашиглагдах, сэтгүүл зүйн үйл ажиллагаанд цензур (хяналт) тогтоох эрсдэл бий болгож, Үндсэн хуульд заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон мэдээлэл түгээх эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлж байгаа нь холбогдох дүгнэлт, тайлбар, мэдээллээр нотлогдож байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангахгүй байна.
2.3.Олон улсын эрх зүй ба нийтлэг чиг хандлага
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс Пактаар хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, олон улсад нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримтална. Монгол Улс 2010, 2015, 2020, 2025 онд үндэсний илтгэлээ Хүний эрхийн төлөв байдлын ээлжит дүгнэлт хэлэлцүүлэг (UPR)-т оруулсныг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл хэлэлцээд Пактад заасан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хүндэтгэх, хангах, хамгаалах талаарх зөвлөмжийг тусгайлан, тухай бүр өгсөн байна.
Тэдгээр зөвлөмжид үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавигдах аливаа хязгаарлалт нь хууль ёсны, зайлшгүй, тохирсон байх зарчмыг хангаж байхыг баталгаажуулах, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн ажилтан олон улсын стандартын дагуу ямар нэгэн ял шийтгэлд өртөхөөс айхгүйгээр үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулах баталгааг хангах, төрийн болон орон нутгийн байгууллагын үйл ажиллагааны талаар шүүмжлэх, мэдээлэх нь хавчлага, дарамтад өртөхөд хүргэхгүй байх баталгааг бий болгох, хүний эрхийн олон улсын стандартын дагуу гүтгэлгийг гэмт хэргээс хасаж, иргэний хуулиар зохицуулах, гүтгэх гэмт хэргийг шүүмжлэгчийг дуугүй болгоход ашиглахгүй байх, сэтгүүлчийн эх сурвалж, шүгэл үлээгчийг хамгаалах баталгааг бүрдүүлэх зэргийг тусгасан байна (2015.07.13, A/HRC/30/6, догол 108.131–108.138, 2020.12.28, A/HRC/46/9, догол 116.69-116.70). Мөн Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийг хүчингүй болгож, гүтгэх болон худал мэдээлэл тараахыг зохицуулсан хуулийг Пактын 19 дүгээр зүйл, Ерөнхий тайлбар №34-т нийцүүлэх нь зүйтэй гэжээ (2025.11.21, A/HRC/61/7, догол 105.58, 105.59, 105.61, 105.62, 105.74, 105.75). НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн эдгээр зөвлөмжөөс гадна НҮБ-ын Хүний эрхийн хороо (Ерөнхий тайлбар, №34, догол 47), Үзэл бодолтой байх, чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дэмжих, хамгаалах асуудал хариуцсан Тусгай илтгэгч (A/HRC/14/27, 2011.05.16, догол 36), НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (2022, х. 24) нь гүтгэх, доромжлох үйлдлийг гэмт хэрэгт тооцохоос татгалзаж, иргэний хууль тогтоомжоор зохицуулахыг гишүүн улс орнууд болон дэлхий нийтэд уриалсан байгааг тэмдэглэх нь зүйтэй.
Мэдээллийн технологийн хөгжил, интернэтийн нөлөөгөөр нийгмийн харилцааны зарим хэсэг цахим орчинд өрнөдөг болсон. Хүн цахим орчинд ч үндсэн эрх, эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Интернэт нь мэдээллийг өндөр хурд, өргөн цар хүрээтэй түгээх боломжийг бүрдүүлсэн ч ноцтой хохирол, хор уршиг учруулж болзошгүй худал мэдээллийн тархалтыг нэмэгдүүлж байна. Үүнтэй уялдуулан цахим орчинд үндсэн эрхийг хязгаарлах боломжтой боловч уг хязгаарлалт нь заавал хуулиар тогтоосон, хууль ёсны зорилготой, түүнд хүрэхэд зайлшгүй бөгөөд тэнцвэртэй байх шалгуур, бусад зарчмыг бүрэн хангасан байх шаардлагатай.
Иймд төрөөс худал мэдээллийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авах үүргээ биелүүлэх шаардлагатай бөгөөд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхийг зайлшгүй шаардлагатайгаас илүү хязгаарлах (ял шийтгэх, хяналт тогтоох зэрэг)-аас татгалзах нь зүйтэй гэж олон улсын хүний эрхийн байгууллага үзсэн байна. Хүний эрхэд суурилсан хандлага, олон ургалч үзэл, хүлцэн тэвчих зарчмыг бэхжүүлж, олон талт эх сурвалж, дуу хоолойг сонсож, улмаар итгэж болохуйц, нотолгоонд суурилсан, найдвартай мэдээлэл авах боломжоор хангах нь худал мэдээллийг багасгах илүү үр нөлөөтэй арга зам бөгөөд хүмүүс баталгаатай бус мэдээлэлд автахгүйгээр өөрийнхөөрөө бодож, бодитой дүгнэх орчныг бүрдүүлэхэд ач холбогдолтой (НҮБ-ын Тусгай илтгэгчийн илтгэл, 2020.04.23, A/HRC/44/49; 2021.04.13, A/HRC/47/25). НҮБ-ын Ерөнхий Ассамблейд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын танилцуулсан илтгэлд цахим платформын ил тод байдлыг шаардах, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн бие даасан, чөлөөт байдлыг хамгаалах, цахим ур чадварыг нэмэгдүүлэх зэргээр хүний эрхэд нийцсэн арга хэмжээг шат дараатай авахыг зөвлөжээ (2022.08.12, A/77/287).
Бүх худал мэдээлэл ноцтой хор уршиг дагуулдаггүй бөгөөд зөвхөн зарим нь нийтийн эрүүл мэнд, сонгууль, үндэсний аюулгүй байдал зэрэг чухал ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах үр дагавартай байдаг тул гагцхүү эдгээр тохиолдолд төрөөс зохицуулах шаардлага үүсэж болно. Гэхдээ тухайн зохицуулалт нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэх бөгөөд тохирсон байх зарчимд нийцүүлж, хянуур боловсруулсан байх ёстой (НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022.08.12, A/77/287, догол 42). Энэ хүрээнд алдар хүнд, эсхүл бусад эрх, хууль ёсны ашиг сонирхолд ноцтой хохирол учруулах зорилгоор худал, эсхүл төөрөгдүүлсэн мэдээлэл түгээснээс үүдэлтэй асуудлыг шийдвэрлэхийн тулд үндсэн эрхийг илүү бага хязгаарладаг арга хэрэгслийг хэрэглэж, худал мэдээлэл тараасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан хуулиа хүчингүй болгох хэрэгтэйг олон улсын хүний эрхийн механизм нотлон харуулж байна (Мэргэжлийн дүгнэлт, 2025.08.04, №235, догол 39).
Гурав. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад тавих тусгай шаардлагыг хангасан эсэх
Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөнд тавих аливаа хязгаарлалтыг үндсэн эрхийн хязгаарлалтын нийтлэг болон тусгай шаардлагад бүрэн нийцсэн, зайлшгүй тохиолдолд зөвтгөнө. Хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль (Иргэний хууль, Эрүүгийн хууль зэрэг)-ийн зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага (эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх болон бусад зарчим)-ыг хангах ёстой. Харин тусгай шаардлагын хувьд "алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тэнцвэрийг хангах", "Эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тодорхойлох" болон "нэмэлт эрхийн шалгуур"-т нийцсэн байхыг шаардана. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эдгээр тусгай шаардлагыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
3.1.Алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний тэнцвэрийг хангасан эсэх
Үндсэн хуульд заасан эрх, эрх чөлөө нь зарим тохиолдолд хоорондоо зөрчилдөж болох бөгөөд ийм зөрчилдөөн нь тухайн эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоох шалтгаан болно. Үндсэн эрх хоорондын зөрчилдөөн үүссэн нөхцөлд аль нэг эрхийг нөгөөгөөс нь давуу гэж үзэх бус, тэдгээр эрхийн мөн чанар, хамгаалалтын зорилгыг харилцан уялдуулж, тэнцвэртэйгээр тайлбарлах нь Үндсэн хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтаар баталгаажсан "алдар хүнд халдашгүй байх" эрхийг хамгаалахтай уялдсан байх хэдий ч мөн зүйлийн 16 дахь заалтын "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө"-г хязгаарлаж, үндсэн эрхийн зөрчилдөөн үүсгэжээ. Алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоёулаа туйлын эрх биш, адил үнэ цэнтэй тул аль нэг нь нөгөөгөөсөө давуу биш. Иймд эрүүгийн, иргэний, эсхүл бусад хуулиар зохицуулах болон уг зохицуулалтыг хэрэглэх тохиолдол бүрд эдгээр эрхийн хооронд үүссэн зөрчилдөөнд тэнцвэрийг хангах шаардлагатай. Тэнцвэрийг хангахад дараах шалгуурыг баримтлах бөгөөд тухайн харилцааны онцлогоос хамааран өөр шалгуур тавигдаж болно. Үүнд:
Нэгд, нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийг бусад төрлийн илэрхийллээс илүү хамгаалах нь Үндсэн хуульд нийцнэ. "Нийтийн ашиг сонирхолтой холбоотой шүүмж нь ийм илэрхийллийг хамгаалах үндэслэл болохыг хүлээн зөвшөөрвөл зохино." (Ерөнхий тайлбар, №34, догол 47). Тодруулбал, нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар сонгогчид болон сонгуульд нэр дэвшигч, сонгогдсон төлөөлөгчийн хооронд мэдээлэл, үзэл бодлоо солилцох чөлөөт харилцаа орших нь чухал. Иймд хэвлэл мэдээллийн байгууллага нийтийн асуудлыг сурвалжлан нэвтрүүлэх, ямар нэг хязгаарлалт, цензур (хяналт)-гүй мэдээлэл түгээх боломжтой байх ёстой. Нийтлэлч, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн бусад ажилтныг зөвхөн төрийн байгууллага, албан тушаалтныг шүүмжилсний төлөө ял шийтгэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд тавих зайлшгүй хязгаарлалтад тооцогдохгүй (Ерөнхий тайлбар, №34, догол 42).
Хоёрт, ардчилсан нийгэмд нийтийн зүтгэлтэн нь нийтийн болон хэвлэл мэдээллийн хяналтад байдаг тул иргэнтэй харьцуулахад өөрийнхөө эсрэг шүүмжийг илүү хүлцэн тэвчих үүрэгтэй. Нийтийн зүтгэлтэн гэдэгт улс төрч, төрийн өндөр албан тушаалтан, эдийн засгийн салбарт нөлөө бүхий, эсхүл нийгмийн амьдралд тодорхой үүрэг гүйцэтгэж, идэвхтэй оролцдог хүнийг хамааруулж ойлгоно. Эдгээр хүмүүс нь тухайн ажил, албан тушаалыг эрхлэхийг өөрөө зөвшөөрсний үндсэн дээр хэрэгжүүлж буй тул шүүмжлэлд хүлээцтэй хандах ёстой. Энэ талаар НҮБ-ын Хүний эрхийн хороо "төрийн бүх алба хаагч, ялангуяа ... төрийн өндөр албан тушаалтан нь улс төрийн эсэргүүцэл, шүүмжийг хүлээн авах ёстой хууль ёсны субьект мөн." гэж тайлбарлажээ (Ерөнхий тайлбар, №34, догол 34, 38). Харин иргэн нь нийтийн зүтгэлтэнтэй адил шүүмжийг хүлцэн тэвчих үүрэггүй тул түүний алдар хүндийн хамгаалалт нь илүү өндөр байх шаардлагатай. Иймд худал мэдээлэл тараах гэмт хэргийн хохирогчид төрийн байгууллага, албан тушаалтныг хамааруулахгүй байвал зохино.
Гуравт, гүтгэлгийг хориглосон хууль, ялангуяа түүнийг гэмт хэрэгт тооцсон зохицуулалтыг үнэн эсэхийг нь батлах боломжгүй илэрхийлэлд хэрэглэх ёсгүй (Ерөнхий тайлбар, №34, догол 47). Иймд үйл баримтын шинжтэй мэдээлэл (factual statement) болон үнэлэлт дүгнэлт (value judgment) хоёрыг ялгаж хэрэглэх шаардлагатай. Үйл баримтын шинжтэй мэдээллийг үнэн эсэхийг нотлох боломжтой, харин үнэлэлт дүгнэлт үнэн эсэхийг батлах боломжгүй. Үнэлэлт дүгнэлт нь бусдын үйл ажиллагаа (зан төлөв, хандлага, шийдвэр, үйлдэл, эс үйлдэхүй зэрэг)-г өөрийн үнэт зүйл, мэдлэгийн үндсэн дээр үнэлж, илэрхийлсэн субьектив үзэл бодол учраас түүнийг баримтаар батлах, няцаахыг шаардаж болохгүй. Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд "хэвлэл мэдээлэл үүргээ гүйцэтгэх явцад нэр дурдагдсан албан тушаалтан, төрийн байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, үзэл бодлоо илэрхийлэх нь хэвлэн нийтлэх эрх чөлөөний дагуу" хийгдэх бөгөөд энэхүү үнэлэлт дүгнэлт, үзэл бодлыг "үнэн, худал" гэж хайрцаглан дүгнэх боломжгүй гэжээ (2025.11.19, х. 13).
Дөрөвт, нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтын шинжтэй мэдээллийг сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйн дагуу үнэнч шударгаар нягталж түгээсэн бол түүнийг хэвлэн нийтлэх эрх чөлөөний дагуу илүү хамгаална. Хэвлэн нийтлэх гэж буй аливаа үйл баримтын шинжтэй мэдээлэл үнэн эсэхийг нягтлах боломжит арга хэмжээ (холбогдох хүнтэй холбоо барьж, хариу тайлбар авах зэрэг)-г авсны дараа хэвлэн нийтлэх нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг боловч энэ үүргээ биелүүлэх нь хэтэрхий хүнд байх ёсгүй. Тодруулбал, нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлыг үнэнч шударгаар нягталж нийтлэхэд гарсан алдаагаар нь сэтгүүлчийг шууд буруутгаж, хуулийн хариуцлага хүлээлгэхгүй. НҮБ-ын Хүний эрхийн хороо "хор уршгийг нь мэдсээр байж учруулаагүй боловч мэргэжлийн алдаа гаргаж нийтэлсэн нийтийн зүтгэлтний талаарх худал мэдээлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх, бусад байдлаар хууль зөрчсөн гэж үзэхээс зайлсхийх нь зүйтэй." гэжээ (Ерөнхий тайлбар, №34, догол 47). Ийм мэргэжлийн алдааг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хүрээнд шийдвэрлэх боломжтой (Шинжээчийн дүгнэлт, 2025.11.19).
Эдгээр шалгуураар авч үзвэл, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Үндсэн хуулиар баталгаажсан агуулгын түвшинд хамгаалаагүй байх бөгөөд үндсэн эрх хоорондын тэнцвэрийг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнд: нэгд, нийтийн ашиг сонирхолтой холбоотой үзэл бодлын илэрхийллийг илүү хамгаалах талаар хуульчлаагүй байна. Хоёрт, маргаан бүхий зохицуулалтад нийтийн зүтгэлтэн өөрийнхөө эсрэг шүүмжийг иргэнээс илүү хүлцэн тэвчих агуулгыг тусгаагүй байна. Үүний улмаас төрийн өндөр албан тушаалтан, холбогдох бусад этгээд нь худал мэдээлэл тараах гэмт хэргийн хохирогч болж, өөрийнхөө эсрэг шүүмжийг намжаах оролдлого гарсан нь шүүхийн шийдвэр, судалгаагаар нотлогдож байна. Гуравт, үйл баримтын шинжтэй мэдээлэл болон үнэлэлт дүгнэлтийг ялгаж зохицуулаагүйгээс үйл баримтын шинжтэй мэдээллийг үндэслэн илэрхийлсэн үнэлэлт дүгнэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй болжээ. Дөрөвт, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг тусгайлан хамгаалаагүй тул нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтыг үнэнч шударгаар мэдээлэх явцад гарсан мэргэжлийн алдаанд ял шийтгэх боломжтой байна.
3.2.Эрүүгийн хуулиар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тогтоосон эсэх
Эрүүгийн хууль бол хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх хамгийн хатуу, эцсийн арга хэрэгсэл (ultima ratio) байдаг тул хүнд, ноцтой хэргээс бусад тохиолдолд хэрэглэх нь тохиромжгүй юм. Хүний нэр төр, алдар хүндийг бусад арга хэрэгсэл (иргэний хууль, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт зэрэг)-ээр хамгаалах боломжгүй, онцгой тохиолдолд л эрүүгийн хуулийн зохицуулалтыг зөвтгөнө. Хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх талаарх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Пактын 19 дүгээр зүйлийн талаарх НҮБ-ын Хүний эрхийн хорооны албан ёсны тайлбарыг баримталбал хүний алдар хүндийг хамгаалахад зайлшгүй, онцгой тохиолдолд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг эрүүгийн хуулиар хязгаарлаж болох бөгөөд уг хязгаарлалтын хүрээг өмнө авч үзсэн нийтлэг болон тусгай шаардлагад нийцүүлэн дараах байдлаар явцууруулан тогтоохыг шаардана. Үүнд:
Нэгд, хүний алдар хүндэд хохирол учруулах зорилгоор мэдсээр байж гүтгэсэн хамгийн ноцтой хэлбэрийг гэмт хэрэгт тооцож болно (Ерөнхий тайлбар, №34, догол 47). Хэдийгээр гэмт хэрэг, ялын бодлогыг тодорхойлох нь хууль тогтоогчийн онцгой бүрэн эрхэд хамаарах боловч гүтгэх гэмт хэрэг нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хууль зүйн үр дагавар бий болгодог тул хянуур хандаж, зохих шаардлагад захирагдана.
Хоёрт, гүтгэх үйлдэлд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь уг хууль бус үйлдлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Тухайлбал, нөхөн төлбөр, торгуулийн хэмжээг хэт өндөр тогтоох, эсхүл хорих ял зэрэг хүнд ял шийтгэх нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад тохирсон бус арга хэмжээнд тооцогдоно. (Ерөнхий тайлбар, №34, догол 47).
Гуравт, гүтгэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахгүй, урвуулан ашиглахгүй байх процессын эрх зүйн баталгааг бүрдүүлбэл зохино. Тодруулбал, "үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхээс эмээх нөлөө үүсгэх боломжтой тул гүтгэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулахыг хориглоно." (Ерөнхий тайлбар, №34, догол 47). Гүтгэх гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад баривчлах, цагдан хорих, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах, цахим хуудасны хандалтыг зогсоох, хүний бие, эсхүл орон байранд үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон бусад үндсэн эрхийг хязгаарлах асуудлыг гагцхүү хуулиар нарийвчлан зохицуулах (эрх зүйн тодорхой байдлыг хангах), эдгээр зохицуулалт тохирсон байх, шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зэрэг зарчимд бүрнээ нийцсэн байх ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №07; №08; Цэцийн тогтоол, 2024, №02).
Эдгээр шалгуурт Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нийцсэн эсэхийг шалгахад уг гэмт хэргийн шинжийг нарийвчлан тодорхойлоогүй, хэт ерөнхий нэр томьёо хэрэглэсэн ч тэдгээрийг тайлбарлаагүй, ноцтой хохирол учирсан байхыг шаардах болон хүний нэр төр, алдар хүндийг гутаасан үйл баримтын шинжтэй мэдээлэл худал гэдгийг нь мэдсээр байж, санаатай тараасан байх шалгуурыг тодорхой заагаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд бодит хохирол учруулаагүй, ялимгүй үйлдэлд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байх тул маргаан бүхий зохицуулалт нь эрүүгийн хууль тогтоомжоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тогтоох шалгуурт нийцэхгүй байна.
Харин өмнө үйлчилж байсан гүтгэх болон доромжлох гэмт хэрэгтэй харьцуулахад Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хорих ял шийтгэхээс татгалзаж, торгох ялын хэмжээг бууруулсан нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан зохицуулалтын дагуу хүлээлгэх хариуцлага тохирсон байх зарчмыг хангахад чиглэсэн байна.
3.3.Нэмэлт эрхийн шалгуурт нийцсэн эсэх
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн зохицуулалт нь үндсэн эрхийн зөрчилдөөнтэй холбоотой байна. Ийм зөрчилдөөн зөвхөн хоёр эрхээр хязгаарлагдахгүй, бусад эрхийг хамарч байгаа тохиолдолд нэмэлт эрхийн шалгуурыг хэрэглэж аль алиных нь үндсэн шинжийг үнэлнэ. Хэрэв А этгээд Х эрхээ эдлэх нь Б этгээдийн Y эрхэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна Б этгээдэд хамаарах өөр нэгэн Z эрхийг давхар хязгаарлаж байвал Б этгээдийн үндсэн эрхийг илүү хамгаалах хууль зүйн үндэслэл бүрдэнэ. Энд дурдсан Z эрх буюу гурав дахь эрх нь үндсэн эрхийн шинжийг агуулсан хууль зүйн хариуцлагын заалтаар илрэх тохиолдол байдаг. Үүнд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан зорчих эрхийг хязгаарлах ялын зохицуулалт багтаж байна. Тодруулбал, зорчих эрх нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 18 дахь заалтаар баталгаажсан үндсэн эрх бөгөөд улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа чөлөөтэй сонгох, гадаадад явах, эх орондоо буцаж ирэх зэрэг өргөн агуулгыг багтаана.
Зорчих эрхийг хязгаарлах нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтын мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхээ хэрэгжүүлэх боломжийг хаах, эсхүл багасгах сөрөг нөлөөтэй. Ялангуяа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн, эсхүл улс төрийн шинжтэй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэхэд саад учруулна. НҮБ-ын Хүний эрхийн хороо үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөгөө эдлэхийг эрмэлзэгч иргэн, тэр дундаа сэтгүүлчийн зорчих эрхийг зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд хязгаарлах нь Пактад нийцэхгүй гэсэн байна (Ерөнхий тайлбар, №34, догол 45).
Маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан хоёр үндсэн эрхийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай байх бөгөөд хүний нэр төр, алдар хүндийг хамгаалахын тулд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын зэрэгцээ зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалт агуулжээ. Тодруулбал, 2020-2024 онд эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр 105 хэрэгт 104 хүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэснээс 20 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна (Шүүхийн ерөнхий зөвлөл, 2025.10.17, №01/1686). Үүнээс гадна худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад уг гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан хүнд "хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ" авах зохицуулалт мөн үйлчилнэ. Энэ дагуу 2020 оны 01 дүгээр сараас 2025 оны 09 дүгээр сарыг дуусталх хугацаанд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан нийт 218 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авснаас 25 хүнд буюу 11.5 хувьд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авчээ (Улсын ерөнхий прокурорын газар, 2025.10.14, №02/4642).
Дээрх нөхцөл байдлаас үзвэл, худал мэдээлэл тараах гэмт хэргийг хянан шалгах ажиллагаа удаашрах, эсхүл түдгэлзэх тохиолдолд тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдэх хүртэл зорчих эрхийг хязгаарлах буюу ийм төрлийн хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахад нийцсэн, тохирсон арга хэрэгсэл биш байх тул нэмэлт эрхийн шалгуурыг хангахгүй байна.
Дөрөв. Нэгтгэн дүгнэвэл
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол ... ял шийтгэнэ." гэж заасан нь дурдсан эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласан шинжтэй байна. Тус зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг болон тусгай шаардлагыг хангаагүй учраас Үндсэн хуулиар хамгаалагдсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө болон холбогдох бусад үндсэн эрхийг зөрчсөн байна.
1.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө нь ардчилсан нийгмийн суурь үнэт зүйл болохыг өргөн агуулгаар баталгаажуулжээ. Энэхүү эрх чөлөө нь итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ үг хэлэх, хэвлэн нийтлэх болон бусад хэлбэрээр чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх зэрэг харилцан хамаарал бүхий цогц эрхийг өөртөө багтааж байна. Итгэл үнэмшил, үзэл бодолтой байх эрх чөлөө нь хувь хүний дотоод мөн чанарыг хамгаалдаг туйлын эрх тул түүнийг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Харин итгэл үнэмшил, үзэл бодлыг илэрхийлэх нь гадагш чиглэсэн, нийтэд хамаатай тул ийнхүү илэрхийлэх эрх чөлөөнд Үндсэн хуульд заасан зарчим, шаардлагын дагуу хязгаарлалт тогтоох боломжтой.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь заалтын "халдашгүй, чөлөөтэй байх" эрхийн хүрээнд хүний нэр төр, алдар хүндийг хамгаална. Хүний нэр төр бол хүн болж төрсөн хэн бүхэнд угаас заяасан адил үнэ цэн бөгөөд туйлын эрхэд тооцогдоно. Алдар хүнд бол хувь хүний нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлэх гадаад үнэлэмж бөгөөд түүнд хууль бусаар халдахыг Үндсэн хуулиар хориглоно. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь илт худал мэдээлэл тараахыг хориглох замаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдахаас хамгаалахад чиглэсэн, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх чөлөөнд тогтоосон хязгаарлалт мөн байна.
2.Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага болон тухайн эрх чөлөөний мөн чанараас үүдсэн тусгай шаардлагыг давхар хангах ёстой. Эдгээр шаардлагын аль нэгийг хангаагүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчим гэсэн нийтлэг шаардлагыг хангаагүй байна.
2.1.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл, журмыг гагцхүү хуулиар тогтоох шалгуурыг хэлбэрийн хувьд хангаж байх боловч эрх зүйн тодорхой байдалд нийцээгүй, улмаар уг гэмт хэргийн хүрээг үндэслэлгүйгээр өргөжүүлж, олон утгаар хэрэглэх нөхцөлийг бүрдүүлжээ. Нэгд, тус зүйлийн гарчиг болон агуулгад ялгаатай нэр томьёо хэрэглэж, ойлголтын зөрүү үүсгэсэн байна. Мөн "хүний нэр төр" болон "алдар хүнд", "худал мэдээлэл" болон "илт худал мэдээлэл" гэх төстэй нэр томьёог хольж хэрэглэсэн боловч тэдгээрийг тодорхойлж, ялгаагүй байна. Хоёрт, хууль тогтоогч уг гэмт хэргийн обьектив талыг "... илт худал мэдээллийг олон нийтэд тараасан ..." гэж тодорхойлсон боловч субьектив талыг нь тодорхой заагаагүй, бүрхэгдүүлсэн байна. Үүний улмаас тухайн мэдээлэл нь илт худал боловч хүний нэр төр, алдар хүндэд бодит хохирол учруулаагүй, түүнчлэн мэдээллийг хохирол учруулах зорилгогүйгээр тараасан, эсхүл дамжуулсан ялимгүй тохиолдлыг ч "хүний нэр төр, алдар хүндэд халдсан" гэж үзэж, гэмт хэрэгт тооцохоор байна. Гуравт, "олон нийтэд тараасан" гэж үзэх шалгуур, хүрээ тодорхойгүйгээс нийгмийн сүлжээнд нийтэлсэн мэдээллийг цөөн хүн дэмжих, эс дэмжих тэмдэг дарсан, эсхүл хязгаарлагдмал хүрээнд хуваалцсан үйлдэлд ч эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой болжээ. Дөрөвт, уг гэмт хэргийн хохирогчид тооцогдох этгээдийн хүрээг хэт өргөжүүлсэн байна. Тодруулбал, төрийн байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааг шүүмжилснийг "хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан" хэмээн ял оногдуулсан тохиолдол гарсан байна. Тавд, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь эрх зүйн тодорхой байдлыг хангаагүйгээс мөрдөгч, прокурор, шүүгч уг зохицуулалтыг үзэмжээр, эсхүл дур мэдэн хэрэглэх, хэрэгжүүлэх, урвуулан ашиглах эрсдэл үүсгэсэн байна. Иймд маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний зарчмыг алдагдуулж, эрх зүйн тодорхой байдалд нийцээгүйн улмаас мөн хэсэгт заасан хууль дээдлэх зарчмыг зөрчсөн байна.
2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангахыг тохирсон байх зарчим шаардана. Энэ дагуу шалгахад, нэгд, алдар хүндийг хамгаалах нь Үндсэн хуульд заасны дагуу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлаж болох хууль ёсны зорилго мөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараах үйлдлийг зогсоох боломжтой байх тул эдгээр эрх, ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн, уялдаатай байна.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд илт худал мэдээлэл тарааж халдсан үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна. Энэ ойлголт нь хуулийн этгээдийн эдийн засаг, аж ахуйн шинжтэй хууль ёсны ашиг сонирхолд илүү хамааралтай тул иргэний эрх зүйн харилцаанд түлхүү хэрэглэгдэж ирсэн бөгөөд энэ хүрээнд үр нөлөөтэй хамгаалагдах боломжтой. Иймд "хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүнд" нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг Эрүүгийн хуулиар хязгаарлах үндэслэл болохуйц зорилго болохооргүй байна.
Хоёрт, маргаан бүхий зохицуулалт нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад зайлшгүй арга хэмжээ биш байна. Учир нь энэ зохицуулалтын дагуу худал мэдээлэл тараах үйлдлийг гэмт хэрэгт тооцож, ял шийтгэх бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж, баривчлах, цагдан хорих, үзлэг, нэгжлэг хийх, мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулах зэргээр үндсэн эрхэд илүү ихээр халдах боломжтой байна. Харин Иргэний хуулийн зохицуулалт нь мэдээллийн үнэн зөвийг хариуцах, няцаалт хийх, уучлалт гуйх, гэм хорыг арилгах зэрэг илүү хөнгөн аргаар хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө болон бусад үндсэн эрхэд бага хэмжээгээр халдахаар байна. Түүнчлэн Монгол Улсад хэрэгжиж буй сэтгүүл зүй дэх ёс зүйн зөрчил болон мэргэжлийн алдааг хянан шийдвэрлэж, хариуцлага хүлээлгэх "өөрийн зохицуулалт"-ын механизм нь хэвлэн нийтлэх эрх чөлөөнд илүү бага халдсан арга замаар алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалах боломжтой байна.
Гуравт, Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний хэрэгжилтэд хэт сөрөг нөлөө үүсгэж байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангахгүй байна. Энэ зохицуулалт нь хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан илт худал мэдээллээс гадна ийм хохирол учруулаагүй үзэл бодлын бусад илэрхийллийг хязгаарлахаар байна. Тодруулбал, авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил зэрэг нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсний төлөө эрүүгийн хэрэгт шалгагдаж цаг хугацаа алдах, зардал гаргах, улмаар ял шийтгүүлэх боломжтой байна. Эрүүгийн хэрэгт буруутгагдаж буй хэн ч ийм нөхцөл байдалтай нүүр тулах боловч худал мэдээлэл тараах гэмт хэргийн хувьд иргэд болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар эрэн сурвалжлах, мэдээлэх, шүүмжлэхээс татгалзах, өөрийгөө цензурдах (хянах) бодит эрсдэл үүсгэж, иргэдийн мэдээлэл хүлээн авах Үндсэн хуульд заасан эрхийн хэрэгжилтэд саад учруулж байна. Мөн уг зохицуулалт нь нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар шүүмж илэрхийлсний төлөө иргэд болон хэвлэл мэдээллийн байгууллага, ажилтны эсрэг гомдол гаргаж, эрүүгийн хэрэгт шалгуулах замаар ардчилсан нийгэм дэх олон талт, шүүмжлэлт дуу хоолой, чөлөөт хэлэлцүүлгийг намжаахад урвуулан ашиглах нөхцөлийг бий болгож байна.
3.Хүний алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хуулийн зохицуулалт нь "эдгээр үндсэн эрх хоорондын тэнцвэрийг хангах", "Эрүүгийн хуулиар хязгаарлах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тодорхойлох" болон "нэмэлт эрхийн шалгуур" зэрэг тусгай шаардлагыг хангах ёстой. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл энэхүү тусгай шаардлагыг хангаагүй байна:
3.1.Маргаан бүхий зохицуулалт нь хүний алдар хүнд халдашгүй байх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө хоорондын тэнцвэрийг хангаагүй байна. Нэгд, нийтийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар үзэл бодлоо илэрхийлснийг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөний дагуу бусад төрлийн илэрхийллээс илүү хамгаалах зохицуулалтыг хуульчлаагүй байна. Хоёрт, нийтийн зүтгэлтэн өөрийнхөө эсрэг шүүмжийг иргэнээс илүү хүлцэн тэвчих эрх зүйн зохицуулалтыг бий болгоогүй байна. Гуравт, үйл баримтын шинжтэй мэдээлэл болон үнэлэлт дүгнэлтийг ялгаж зохицуулаагүйгээс үйл баримтын шинжтэй мэдээллийг үндэслэн илэрхийлсэн үнэлэлт дүгнэлтэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрсдэлтэй байна. Дөрөвт, мэргэжлийн, ёс зүйтэй сэтгүүл зүйг тусгайлан хамгаалаагүй тул нийтийн ашиг сонирхолтой холбоотой үйл баримтыг үнэнч шударгаар мэдээлэх явцад гарсан мэргэжлийн алдаанд ял шийтгэх боломжтой байна.
3.2.Эрүүгийн хуулийн зохицуулалт нь хууль бус үйлдэлд хариуцлага хүлээлгэх хамгийн хатуу, эцсийн арга хэрэгсэл учраас хүний алдар хүндийг хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт, иргэний хууль тогтоомж зэрэг бусад арга хэрэгслээр хамгаалах боломжгүй, онцгой тохиолдолд л зөвтгөгдөнө. Тодруулбал, хүний алдар хүндэд ноцтой, бодитой хохирол учруулсан үйлдлийг гэмт хэрэгт тооцох, обьектив, субьектив талын шинжийг нарийвчлан заах боломжтой бөгөөд түүнд шийтгэх ял нь зөрчлийн шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байхыг шаардана. Хэт өндөр хэмжээгээр торгох, хорих ял зэрэг хүнд шийтгэл нь энэ шаардлагыг хангахгүй. Эрүүгийн хуулиар зохицуулах тохиолдолд түүний хүрээг ноцтой түвшинд явцууруулан тодорхойлох төдийгүй уг гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг дур мэдэн хязгаарлахгүй, урвуулан ашиглахгүй байх баталгааг бүрдүүлэх шаардлагатай. Гэтэл Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний алдар хүндэд ноцтой, бодит хохирол учруулсан байхыг шаардаагүй, мөн алдар хүндийг гутаасан үйл баримтын шинжтэй мэдээллийг худал гэдгийг нь мэдсээр байж, санаатай тараасан байх зэрэг шалгуурыг тусгаагүй тул ийм хохирол учруулаагүй, ноцтой бус үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой байна. Худал мэдээлэл тараах гэмт хэрэгт хорих ял шийтгэхээс татгалзаж, торгох ялын хэмжээг бууруулсан нь тохирсон арга хэмжээ боловч зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан нь тус эрх чөлөөг хэтрүүлэн хязгаарлах нөхцөлийг бүрдүүлсэн байна.
3.3.Нэмэлт эрхийн шалгуураар шалгахад маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулиар баталгаажсан хоёр үндсэн эрхийг хязгаарлах хууль зүйн үр дагавартай байна. Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь хүний нэр төр, алдар хүндийг хамгаалах зорилгоор үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын зэрэгцээ зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх зохицуулалт агуулсан байна. Зорчих эрхийг хязгаарлах нь иргэд болон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн бусад ажилтан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх болон хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэхэд саад учруулах эрсдэлтэй байна.
4.Дээрхийг бүхэлд нь дүгнэж үзвэл, маргаан бүхий зохицуулалт нь үндсэн эрхийн хязгаарлалтад тавих нийтлэг шаардлага болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөний хязгаарлалтад тавих тусгай шаардлагыг хангаагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний болон хууль дээдлэх зарчмыг, Арван зургадугаар зүйлийн 16, 17 дахь заалтаар хамгаалсан үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө, мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрхийг тус тус зөрчиж, улмаар Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд хууль бүрнээ нийцсэн байх зарчмыг алдагдуулсан байна.
5.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцсон нь үзэл бодол, итгэл үнэмшилд бус, харин түүний илэрхийлэлд тавьсан хязгаарлалт байх тул Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх" эрх чөлөөг хөндөөгүй байна.
6.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараахыг хориглосон нь эдгээр эрх, ашиг сонирхлыг хамгаалах хууль зүйн баталгааг бүрдүүлэхэд үйлчилж байх тул Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна.
2.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх ..." эрх чөлөөтэй, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчөөгүй байна.
3.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД Д.ГАНГАБААТАР
Л.ӨЛЗИЙСАЙХАН
О.МӨНХСАЙХАН
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх