- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр
Дугаар 09
Улаанбаатар хот
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 17.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл, мэдээлэл гаргагч иргэн А.Отгонбаатар, Б.Отгон, Г.Батбаяр, Т.Баярхүү, Д.Ламжав, К.Жандосын өмгөөлөгч С.Асланбек, Ө.Баяраагийн итгэмжилсэн төлөөлөгч М.Зулзаяа, Б.Бат-Уул болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг, мөн шинжээчээр Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од нар оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн А.Отгонбаатар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах өргөдлийг ирүүлжээ:
"Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэдгийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтад "Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх ... аргаар." сонгоно гэж тодорхой заасан байна. Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуулийн нийт хүчинтэй санал 1,455,118 байна. Үүнийг 100 хувь гэж үзвэл 1 хувьд ногдох саналын тоо 14,551 болно. ... Эндээс үзвэл ... 30,382-оос дээш санал авсан нам Улсын Их Хуралд нэг суудал авах бөгөөд 40,783 буюу 2.8 хувийн санал авсан "Үнэн ба зөв" нам нэг суудал авсан нь тодорхой нотлогдож байна.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтад "намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;"-аар заасныг үндэслэл болгож, Сонгуулийн ерөнхий хороо "Үнэн ба зөв" намд суудал ногдуулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалттай адил утга бүхий тус зүйлийн 74.2.3, 74.2.4 дэх заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн байна." гэжээ.
Хоёр. Монгол Улсын иргэн Б.Отгон Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ:
"Нэгдүгээрт, сонгогчдын хувьд зарим тойрогт 16,000 хүний саналаар нэг гишүүнтэй болох нөхцөл бүрдэж байхад зарим тойрогт 80,000 хүний саналаар нэг гишүүнтэй болж, хоорондын зөрүү 5 дахин их байна. Мөн 800,000 гаруй иргэн саналаа өгөөгүй байхад 35 хувийн санал авсан нам Улсын Их Хуралд олонх болж байна. Хоёрдугаарт, нам, эвсэлд санал өгсөн иргэдийн 4 хувийн босго давсан нам 18,000 хүний саналаар нэг суудалтай болж байхад 70,000 санал авсан эвсэл нэг ч суудалгүй үлдэж тухайн намд өгсөн иргэдийн саналыг өөрсдийн хүсэл зоригийн эсрэг буюу дэмжээгүй нам, эвсэлд хуулийн дагуу гэдэг нэрээр хүчээр хуваарилан суудал өгч байна. Гуравдугаарт, ... намуудын хувьд босго тавьснаар энэ удаагийн сонгуульд 58,000 санал авч байж эхний нэг гишүүнтэй болж байхад, нам, эвсэл хэмээн ялгаварлан гадуурхсанаас болж 70,000 санал авсан эвсэл Улсын Их Хуралд нэг ч суудалгүй болж тухайн эвсэлд өгсөн саналыг бусад намд хуваарилснаар Үндсэн хуульд заасан ... тэгш байдлыг хангаагүй байна. Дөрөвдүгээрт, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. ... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж хуульчилснаас бус, намуудын авсан саналд аливаа нэгэн хаалт, босго тогтоох нь шударга ёсыг дээдлэх, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байна.
Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэсэн байна.
Гурав. Монгол Улсын иргэн Г.Батбаяр Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна. ... Намуудын авсан саналд аливаа нэгэн хаалт, босго тогтоох нь шударга ёсыг дээдлэх, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байна. ... Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчим нь намд өгсөн нийт сонгогчийн саналын тоог 48 гишүүний тоонд хуваан тэгш байдлын зарчмыг хангах ойлголт юм. Намд өгсөн нийт саналыг 100 хувь гэж үзвэл 48 гишүүнд хуваан нийт сонгогчийн 2.083 хувийн санал авсан тохиолдолд намын жагсаалтаар нэг гишүүн сонгогдох нөхцөлийг хангана. Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.3, 74.2.4 дэх заалт нь нам, эвсэл хоёрыг ялгаварлан гадуурхсан, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг зөрчсөн байна." гэжээ.
Дөрөв. Монгол Улсын иргэн Т.Баярхүү Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээлэл, ихэсгэсэн шаардлагыг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.4 дэх заалт нь иргэдийн сонголтыг хүчээр бусад намд хуваарилах замаар төлөөлөгчдийн байгууллагаа сонгож байгуулах эрхэд илтэд халдаж байна. Ингэснээр иргэд төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн төлөөлөлгүй болж төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдлэх боломжгүй болж байна. ... Намын авсан саналд аливаа нэгэн хаалт, босго тогтоох нь шударга ёсыг дээдлэх, тэгш байдлыг хангах зарчмыг зөрчиж байна. Иймд тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.4 дэх заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн болохыг тогтоож өгнө үү.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд өгсөн нийт сонгогчийн саналыг 100 хувь гэж үзэн, түүнийг 48 суудалд тэнцүү хуваахад гарах 2.088 хувь нь саналын босго байхаар хуульчлагдсан ч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтад нэг нам 4 хувь, хоёр намын эвсэл 5 хувь, гурав ба түүнээс дээш намын эвсэл 7 хувь байхаар уг босгыг ихэсгэсэн нь Үндсэн хуулийн дээрх хэсгийг зөрчсөн байна. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь Үндсэн хуульд заасан "хувь тэнцүүлэн төлөөлөх арга"-тай зөрчилдсөн байж болзошгүй төдийгүй иргэний "шууд сонгох эрхийн үндсэн дээр" сонгох сонголтыг засварласан үр дагавартай байна. Иймд дээр дурдсан хуулийн заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэсэн байна.
Тав. Монгол Улсын иргэн Б.Ононбаяр Үндсэн хуулийн цэцэд хандан дараах өргөдлийг ирүүлжээ:
"... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дагуу миний дэмжсэн нам жагсаалтын журмаар ялагдал хүлээв. Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад буй "... Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Учир нь ялагдсан намын санал тус хуулиар ялсан намд шилжиж иргэдийн саналыг хүчээр сонгоогүй намд тэнцүү хуваан өгч ... шударга бусаар суудал хуваариллаа. Миний дэмжсэн нам, эвсэл сонгуульд ялагдсан гэж үзсэн ч миний санал миний дэмжээгүй нам, эвсэлд шууд хуваарилагдан очиж Улсын Их Хуралд суудал нэмж өглөө. Өөрөөр хэлбэл, би Үндсэн хуулиар олгогдсон сонгох эрхээ эдэлж чадаагүйгээр зогсохгүй миний саналыг миний эсрэг ашигласан хэмээн үзэж байна." гэжээ.
Зургаа. Монгол Улсын иргэн К.Жандос Үндсэн хуулийн цэцэд хандан дараах өргөдөл, нэмэлт тайлбарыг ирүүлжээ:
"Миний бие Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Ардчилсан намын жагсаалтын 17 дугаарт бичигдэн нэр дэвшиж, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох нөхцөлийг хангасан боловч Үндсэн хууль зөрчсөн заалтаас шалтгаалан сонгогдох эрх минь зөрчигдөөд байна. ... Улсын Их Хурлын 48 гишүүний суудлыг хуваарилахдаа босго даваагүй нам, эвсэлд өгсөн сонгогчдын саналыг босго давсан нам, эвсэлд өгсөн болгон өөрчилж тооцоолохоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт заажээ. Энэ бол 200,000 гаруй буюу 14.3 хувьтай тэнцэхүйц их хэмжээний саналыг босго давсан нам, эвсэлд өгсөн болгон гүжирдэн өөрчилж сонгуулийн дүн гаргах замыг зассан, ... сонгууль шууд байх тухай Үндсэн хуулийн агуулгыг зөрчсөн ... заалт даруй мөн. Мөн зүйлийн 74.3 дахь хэсгийн хүрээнд босго даваагүй гэх 16 нам, эвслийн нийт 207,887 хүний санал гээгдсэн ба эдгээр саналыг босго давсан намуудад тэгш хуваарилж байгаа нь Үндсэн хуулийн сонгох, сонгогдох эрхэд ноцтой халдаж байгаа үйлдэл юм. Иймд тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна." гэжээ.
Долоо. Монгол Улсын иргэн Ө.Баяраа Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээллийг ирүүлжээ:
"... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь ард түмний төрийг удирдах үйл хэрэгт шууд болон төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарлах нөхцөлийг бүрдүүлжээ. Учир нь миний, таны өгсөн санал, сонгосон сонголт, илэрхийлсэн хүсэл зоригийг миний өмнөөс хэн нэгэн шийдвэр гаргаж бусдад хуваарилах, үр дүнд нь ард түмнээс төлөөлөх эрхээ жинхэнэ ёсоор аваагүй хэн нэгэн Улсын Их Хуралд сонгогдох нөхцөл бүрджээ. Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар "босго хувь" гэх ойлголтыг бий болгож, тэрхүү босго хувьд нь хүрээгүй бол өгсөн санал, сонгосон сонголт, илэрхийлсэн хүсэл зориг нь хүсээгүй, сонгоогүй хэн нэгэнд хүчээр хуваарилагдах нөхцөл боломжийг бүрдүүлж Үндсэн хуулийг зөрчсөн байна. Мөн зүйлийн 74.3.2 дахь заалтаар тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлэх шаардлагыг анхнаасаа хангаагүй, цаашилбал жагсаалтаар нэр дэвшигчийг огт тодруулаагүй нам, эвслийг "саналын хуудас"-т оруулж, үр дүнгүй, хуурмаг, санал хураалт явуулах замаар сонгогчийн саналыг үнэгүйдүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. ... Иймд тус хуулийн заалтууд нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн байна." гэжээ.
Найм. Монгол Улсын иргэн Д.Ламжав Үндсэн хуулийн цэцэд хандан дараах мэдээлэл, нэмэлт тайлбарыг ирүүлжээ:
"Улсын Их Хурлын 48 гишүүний суудлыг хуваарилахдаа босго даваагүй нам, эвсэлд өгсөн сонгогчдын нийт саналыг босго давсан нам, эвсэлд өгсөн болгон өөрчилж тооцоолохоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад заажээ. Cонгуулийн ерөнхий хороо 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүнг гаргахдаа босго даваагүй нам, эвсэлд сонгогчдын өгсөн 207,887 орчим санал буюу нам, эвсэлд өгсөн нийт саналын 14.5 хувьтай тэнцэх хэмжээний их саналыг босго давсан таван нам, эвсэлд өгсөн болгон өөрчилсөн байна. Үүнээс шалтгаалан Монгол ардын намын жагсаалтын 19 дүгээрт, Ардчилсан намын жагсаалтын 17 дугаарт бичигдсэн нэр дэвшигч нарын Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох эрх зөрчигдөж байна. Иймд тус зүйлийн 74.3.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн байна.
Босгыг улс төр тогтоодог, харин нэг бүтэн суудал авах саналын тоо буюу товчоор квотыг математик тогтоодог. Энэ бол хувь тэнцүүлэн суудал хуваарилах сонгуулийн санал хураалтын дараа тодорхой болдог цор ганц натурал (эерэг бүхэл) тоо. Иймээс натурал биш тоо хэзээ ч квот болж чадахгүй. Гэтэл 1990 онд Улсын Бага Хурлын 50 суудлыг хуваарилах энэхүү квотыг процентоор тогтооно гэж улс төрийн хүчнүүд хамтарсан протоколоор тохиролцсон бол, 2012 онд Улсын Их Хурлын 76 суудлын 28-ыг, 2024 онд Улсын Их Хурлын 126 суудлын 48-ыг хувь тэнцүүлэн хуваарилахад мөнхүү квотыг бас процентоор тогтооно хэмээн Монгол Улсын Их Хурлын холбогдох сонгуулийн тухай хуульд урьдчилан заажээ. Хэдий ингэж буруу тохиролцсон буюу хуульчилсан боловч сүүлчийнхээс бусдад нь квотыг зөвөөр тогтоож зохих тооны суудлыг Үндсэн хуульдаа нийцүүлэн хуваарилсан юм. ...
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад заасан аргачлал нь хамгийн их үлдэгдлийн арга тул олон улсын сайн туршлагад бүрэн нийцэж байна гэсэн шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. ... Квотыг процентоор тогтоох нь аравтын бутархайг аравтын бутархайд хуваах тул квотыг нэг утгатай тодорхойлох боломжгүй. Үүнээс улбаалан 3 суудал янз бүрээр хуваарилагдах, цөөн оронтой тооны хүрээнд ойролцоо бодохоос өөр аргагүй байдалд хүрдэг тул тэнцүү үлдэгдлүүд гарах магадлал ихсэж суудал хуваарилахад саад учрах эрсдэл дагуулна. Нэг бүтэн суудал авах хувийг "а" үсгээр тэмдэглэе. 85.7:48=1.785 ... "а" квотоо хэдээр тооцох асуудал тулгарна. "а" нь 1.8 тохиолдолд бүтэн суудлын нийлбэр 44 тул 4 суудлыг Ардчилсан намаас бусад дөрөвт нэг нэгээр нэмж хуваарилна. Ийнхүү Монгол ардын нам 20, Ардчилсан нам 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 суудал авна. Хэрэв квотыг "а"-г 1.79 гэж авбал бүтэн суудлын нийлбэр 44 тул үлдсэн 4 суудлыг Монгол ардын намаас бусад дөрвөн этгээдэд тус бүр 1 суудал хуваарилна. Ийнхүү Монгол ардын нам 19, Ардчилсан нам 17, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 суудал авна. Хэрэв "а" нь 1.7 тохиолдолд бүтэн суудлын нийлбэр 48 тул Монгол ардын нам 20, Ардчилсан нам 17, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 2 суудал авна. ... Иймд тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн." гэжээ.
Ес. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"1.Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. ..." гэж заасан. ... Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу сонгуулийн тогтолцоо, түүний хувилбар, сонгуулийн тогтолцооны үндсэн элемент болох суудал хуваарилах зарчмыг Үндсэн хуульд нийцүүлэн сонгон хуульчлах онцгой бүрэн эрхтэй. ... Венецийн ... комиссоос сонгуулийн тогтолцоонд босго тогтоохтой холбоотой өгсөн ... зөвлөмжид "Хэрэв хамгийн бага босго тогтоох үндэслэл нь хэт хуваагдлаас сэргийлж, парламентын бүтцийг боломжит хэмжээгээр найдвартай тогтоож, улмаар Засгийн газрыг хялбараар бүрдүүлэх тохиолдолд үндэсний хэмжээнд босго тогтоохыг зүй ёсны чиг хандлага гэж үзнэ ..." гэсэн байдаг. Энэ босгыг улсууд харилцан адилгүй тогтоодог ба сонгуулийн холимог тогтолцоотой олон улсад албан ёсны босго буюу авбал зохих саналын доод хувийг тогтоож, тэрхүү шаардлагыг хангасан намд суудал хуваарилах нөхцөл бүрддэг. Тухайлбал, Холбооны Бүгд Найрамдах Герман, Бельги, Эстони, Гүрж, Унгар, Молдав, Польш, Чех, Словак зэрэг улсад саналын босгыг нийт хүчинтэй саналын 5 хувиар тогтоож өгсөн нь хамгийн түгээмэл ба Итали, Япон зэрэг улсад 3 хувийн босго тогтоожээ. Түүнчлэн Турк Улсад 10 хувь, Оросын Холбооны Улсад 7 хувийн босго тогтоосон нь европын улсуудын дотор өндөр босготойд тооцогддог байна. Сонгуулийн хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоонд суудал хуваарилах асуудлыг ямар нэг босгогүй тогтоосон тохиолдолд сонгуулийн үр дүнд улс төрийн соёл, үйл ажиллагааны хувьд төлөвшиж амжаагүй, эсхүл дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг намууд суудал авах, улмаар улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болох зэрэг сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байдаг. ... Иймд ... Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар олон улсын ... түгээмэл чиг хандлага, жишигт нийцүүлэн тодорхой саналын босгыг хангасан нам, эвсэлд суудал хуваарилах зохицуулалтыг хуульчилсан болно.
2.Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар тодорхой шаардлагыг хангасан нам, эвсэлд суудал хуваарилахаар заахдаа аль нэг намыг тухайлан зааж, эсхүл Үндсэн хуулийн тэгш эрхийн зарчимд харшилсан агуулгаар энэхүү босгыг тогтоогоогүй. Сонгуульд оролцож буй бүх намд сонгуульд бүртгүүлэх, оролцох, сурталчилгаа явуулах зэрэг бүх үйл явцад тэгш байдлыг хангаж, адил тэгш шаардлага тавьсан болно. Нам нь бодлогын институт бөгөөд парламент нь эдгээр намын бодлогын мэтгэлцээний талбар байх ёстой тул бодлогын намуудыг төлөвшүүлэхэд энэхүү босго тодорхой хэмжээний шалгуур болж өгч чадна гэж хууль санаачлагч үзсэн. Сонгуулийн холимог тогтолцооны хувьд анхаарах зүйл нь хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгогдох саналын босгыг оновчтой тодорхойлох явдал байдаг. Босгыг хэт өндөр тогтоох нь парламент дахь цөөнхийн төлөөллийн тоог хязгаарлаж, олонхыг төлөөлөх тогтолцооноос ялгаагүй болгодог бөгөөд хэт доогуур тогтоовол олонхын төлөөлөл бүрдэхгүй, эвслийн Засгийн газар бүрдэхэд хүргэдэг сөрөг талтай учир энэ босгыг оновчтой тогтоох нь парламентын ардчиллын төлөвшилд эергээр нөлөөлдөг. 2012 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг мөн холимог тогтолцоогоор явуулж, саналын босгыг 5 хувь байхаар хуульчилж байсан. ... Харин 2023 онд ... уг босгыг 4 хувь болгож бууруулснаар ... нам Улсын Их Хуралд суудал авах боломж нэмэгдсэн.
3.Монгол Улсын хувьд ... их үлдэгдлийн зарчим буюу нэг суудалд ногдох саналын квотыг тооцсоны үндсэн дээр тодорхой квот хангасан намуудад ногдох суудлыг хуваарилах зарчмыг сонгон хэрэгжүүлсэн болно. Их үлдэгдлийн зарчмаар нийт хүчинтэй саналын тоог парламентын суудлын тоонд хуваах Харегийн аргыг илүү өргөн ашигладаг. Их үлдэгдлийн зарчмаар саналын босго давсан намд бүх суудлыг хуваарилна. Сонгуулийн хувь тэнцүүлэх аргачлалын дагуу босго давсан намуудын саналын нийлбэрийг 100 хувь гэж тооцохын тулд хоёр арга хэрэглэдэг. Эхний арга нь бүх намын саналд тэнцүү хэмжээгээр нэмж тооцох бол удаах арга нь намуудын авсан хувьтай нь тэнцүүлэн нэмдэг. Эхний арга нь бага хувийн санал авсан намуудад, хоёр дахь нь томоохон намуудад ашигтай. Монгол Улсын хувьд тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад зааснаар эхний аргыг хэрэглэсэн. Үүний дагуу босго даваагүй 207,887 саналыг тус бүр 20 хувиар тэнцүү хэмжээгээр хуваахад Монгол ардын нам 18, Ардчилсан нам 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 гэсэн байдлаар хуваарилагдсан байна. Харин хоёр дахь аргаар тооцвол анх авсан саналын хувьд харгалзуулан 207,887 саналыг хуваарилах бөгөөд Монгол ардын нам 19, Ардчилсан нам 17, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 гэсэн дүн гарах байв. Үүнд анхаарах ёстой нэг чухал асуудал бол ... аль ч тохиолдолд босгод хүрээгүй намын авсан саналыг бусад намын авсан санал болгож шилжүүлж байгаа хэрэг биш, харин нийт суудлыг Үндсэн хуульд заасны дагуу хувь тэнцүүлэх аргаар хуваарилж буй хэрэг юм. Ийнхүү санал хураалтын дүнг гаргах процессыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд үе шат бүрээр тодорхой хуульчилсан бөгөөд дээрх санал хоорондын зөрүүг тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад заасны дагуу тооцсоны дараа их үлдэгдлийн зарчмаар суудал хуваарилсан нь сонгогчдын санал гээгдэхгүй байх, ард түмнийг төлөөлөх эрхийг хангах нэг арга хэрэгсэл болсон гэж үзэж болно.
4.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан их үлдэгдлийн зарчмаар суудал хуваарилах зохицуулалт нь засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн үзэл санаа, зарчмын хүрээнд шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох, төрийн байгууллагад сонгох, сонгогдох иргэний үндсэн эрх, эрх чөлөөг аливаа нөлөөллөөс ангид, хараат бусаар бүрэн хэрэгжүүлэх шаардлагыг хангахад чиглэсэн. 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар эргэлтгүй шийдвэрлэсэн тул цаашид сонгогчид дан ганц хүнийг биш, бодлогыг сонгодог тогтолцоонд шилжих, улмаар хэн нэр дэвшихээс үл хамааран ... нам бодлогын нам болж төлөвших боломж бүрдэнэ. Үүнээс үзэхэд, хууль тогтоогч өөрийн орны онцлог, эрх зүйн зохицуулалт, намын төлөвшил зэрэг олон талт нөхцөл байдлыг харгалзан улс төрийн олон ургалч үзэл, бодлого, байр суурийг дэмжигч улс төрийн бүлэг, хэсгийн оролцоог хангах зорилгоор намын жагсаалтаар хувь тэнцүүлэх зарчмаар суудал авах боломжийг Үндсэн хуульд нийцүүлэн ... хуулиар нарийвчлан тогтоосон болно. Иймд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4, 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалт нь Үндсэн хуулийг ... зөрчөөгүй гэж үзэж байна." гэсэн байна.
Арав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянгахишиг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн нэмэлт тайлбартаа:
"Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь суудал хуваарилалтын бодолтыг хялбаршуулах аргачлал бөгөөд нам, эвсэлд өгсөн саналыг өөр нам, эвсэлд өгсөн болгож хувиргасан агуулгагүй болохыг суудал хуваарилалтын гурван хувилбараар баталъя. Үүнд:
1.Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын ... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар их үлдэгдлийн аргаар 4 буюу 5 /эвсэл/ хувийн босготой хувь тэнцүүлэн 48 суудал хуваарилахаар зохицуулсан. Энэ нь эхлээд босго давсан намд авсан саналын тоогоор, нэг суудалд ногдох саналын квотоор, эсхүл авсан саналын хувиар нэг суудалд ногдох хувийн квотоор оногдох суудлын тоог /бүхэл байх албагүй/ тодорхойлно. Нийт хүчинтэй саналын тоог N, хуваарилагдах нийт суудлын тоог К /манай тохиолдолд К=48/ гэвэл g=N/К нь нэг суудалд ногдох саналын тоо буюу квот, q=100%/K нь нэг суудалд ногдох саналын хувь буюу квот юм. Намд санал өгсөн саналын тоог n гэвэл n/g нь нэг суудалд ногдох саналын тоогоор хуваарилагдсан суудлын тоо бөгөөд бүхэл тоо байх албагүй ба тэр нь бүхэл хэсэг, бутархай хэсэг гэсэн хоёр нэмэгдэхүүнтэй.
Босго давсан намын эхний хуваарилалтын суудлууд нь Монгол ардын нам 16,805; Ардчилсан нам 14,464; XYH нам 4,984; Үндэсний эвсэл 2,479; Иргэний зориг ногоон нам 2,408 байна. Эндээс бүхэл суудлууд нь Монгол ардын нам 16, Ардчилсан нам 14, ХҮН нам 4, Үндэсний эвсэл 2, Иргэний зориг ногоон нам 2, нийт 38 суудал. Хуваарилагдаагүй 10 суудлыг нэг нэгээр нь үлдэгдлийн ихээс бага руу буусан дарааллаар нэг нэг суудал өгнө. ХҮН намд 1, Монгол ардын намд 1, Үндэсний эвсэлд 1, Ардчилсан намд 1, Иргэний зориг ногоон намд 1 суудал. Ингэхэд ахиад 5 суудал үлдэв. Үүнийг мөн дарааллаар нэг нэгээр өгөхөд бүгд дахин нэг нэг суудал нэмж авна. Ингээд хоёр шаттай хуваарилалтад Монгол ардын нам 18, Ардчилсан нам 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 гэсэн суудлуудтай болно. ... Үүнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтын агуулга оршихоос биш мэдээлэл гаргагчийн хэлснээр "... босго даваагүй намд өгсөн сонгогчдын саналыг босго давсан намд өгсөн болгож өөрчилсөн ..." биш юм. Тэнцүү тооны суудал бүгдэд нь нэмж өгч байгаа нь хэрэв нэг суудалд ногдох хувийн /процентын/ квотоор суудал хуваарилж байгаа бол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад заасны адил босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийн нийлбэр 14.28592 хувийг 5 намын авсан саналын хувь дээр тэнцүү хувааж нэмсэнтэй адил; хэрэв нэг суудалд ногдох саналын тооны квотоор суудал хуваарилж байгаа бол босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын нийлбэр болох 207,887-г босго давсан намын авсан санал дээр тэнцүү хуваан нэмж үлдэгдэл суудал хуваарилсантай адил юм. Иймд тус зүйлийн 74.3.2 дахь заалт нь суудал хуваарилалтын бодолтыг хялбаршуулах аргачлал бөгөөд нам, эвсэлд өгсөн саналыг өөр нам, эвсэлд өгсөн болгож хувиргасан агуулгагүй нь дээрх суудал хуваарилалтын хувилбараар батлагдаж байна.
2.Тухайн намд их үлдэгдлээр суудал хуваарилахаас өмнө ногдох суудлын тоог /энэ нь бүхэл тоо байх албагүй/ нэг суудалд ногдох /хүчинтэй/ саналын тоо, нэг суудалд ногдох саналын хувиар тогтоох нь адил болно. Баталгаа нь: Нийт хүчинтэй саналын тоог N, хуваарилагдах нийт суудлын тоог К /манай тохиолдолд K=48/ гэвэл g=N/K нь нэг суудалд ногдох саналын тоо буюу квот, q=100%/K нь нэг суудалд ногдох саналын хувь буюу квот. Намд санал өгсөн саналын тоог n гэвэл n/g нь нэг суудалд ногдох саналын тоогоор хуваарилагдсан суудлын тоо бөгөөд бүхэл тоо байх албагүй ба тэр нь бүхэл хэсэг, бутархай хэсэг гэсэн хоёр нэмэгдэхүүнтэй. Энэ бутархай хэсгийг хуульд болон энэхүү тайлбарт "үлдэгдэл" гэж нэрлэсэн. Жишээ нь, 3.14, үүнд 3 нь бүхэл хэсэг, 0.14 нь бутархай буюу үлдэгдэл. Ийм учраас иргэн Д.Ламжавын 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн мэдээлэлд "... "нэг суудалд ногдох саналын тоог" "нэг суудалд ногдох саналын хувь" гэсэн шинжлэх ухаанд харш ойлголтоор орлуулан сонгуулийн дүн гаргана гэж дараагийн гурван заалтаар хуульчилсан нь мэдээлэлд дурдсан Үндсэн хуулийн зөрчлийг улам лавшруулж байна" гэсэн нь үндэслэлгүй юм.
3.Иргэн Д.Ламжав мэдээллийнхээ тайлбар хэсэгт "Намын жагсаалтаар нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийн сонгогдох эрх зөрчигдсөн, тэдгээрийн оронд болзол хангаагүй хоёр нэр дэвшигчид Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрх олгогдсон байгаа нь өмнөх зөрчлийг давхар нотолж байгаа юм" гээд өөрийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан нэмэлт тайлбартаа "баталгаа"-г хийжээ. Тэрхүү гаргасан "баталгаа" нь суудал хуваарилах өөр систем (цаашид "Л систем" гэнэ) хэрэглэснээс болсон ба Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтаар тодорхойлогдох суудал хуваарилах системээс өөр болохыг дор баталж тайлбарлах болно. Л системд нэг суудалд ногдох саналын тооны квотыг нийт хүчинтэй саналын тоо N=1,455,188-аас биш, босго давсан нам, эвсэлд өгсөн нийт саналын тоо L=1,247,301-ээс тооцож, g=30,316.417-ийн оронд g(Л)=25,986.48-ыг хэрэглээд их үлдэгдлийн зарчмаар хуваарилан Монгол ардын нам 19, Ардчилсан нам 17, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 гэж гарган Монгол ардын нам, Ардчилсан намд нэг нэг суудал илүү, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд нэг нэг суудал дутуу "хуваарилжээ". Энэ нь энгийн үгээр тайлбарлавал: "Сонгуульд босго давсан нам, эвслүүдийг л оролцсон гэж үзээд сонгуулийн дүнг гаргаж эдгээрт суудлыг их үлдэгдлийн зарчмаар хуваарилна" гэсэн үг юм. ...
4.Иргэн Д.Ламжав 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр гаргасан тайлбартаа "квотыг процентоор тогтоох нь аравтын бутархайг аравтын бутархайд хуваах тул квот нэг утгатай тодорхойлогдох боломжгүй" гэжээ. ... Монгол Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуулиар хувь тэнцүүлэн хуваарилсан 28 суудлыг 5 хувийн босготойгоор их үлдэгдлийн зарчмаар хуваарилсан суудлын тоог системээрээ бодоод хариу нь тохирсныг "энэ нь босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналыг давсан дөрөвт өгсөн болгож нэмээгүй давхар нотолгоо даруй мөн" гэжээ. Гэвч тийм биш юм. 2012 оны 28 суудал хуваарилсан систем, аргачлал (гурван аргачлалын аль нь ч байсан адил хариутай гэдгийг нэгдүгээр хэсэгт тайлбарласан)-тай адил байсан. Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын нийлбэрийн хувьд ногдох суудлын тоо их байх тусам хуулийн дагуу хуваарилсан суудлын хуваарилалт Л системийн дагуу хуваарилсан суудлаас илүү их зөрнө, харин бага байх тусам энэ хоёр хуваарилалт зөрүү бага, хангалттай бага үед давхацна. ... Иймд тоон утгаараа хариу давхацсан нь Үндсэн хуульд нийцдэг, давхцахгүй бол Үндсэн хууль зөрчдөг гэсэн логик байж болохгүй юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад заасан систем болон Л систем нь тооцооллын ялгаатай систем бөгөөд аль аль нь Үндсэн хууль зөрчихгүй юм. Энэхүү хоёр системийн үндсэн ялгаа нь: Л системээр суудал хуваарилахад их суудалтай нь хуваарилагдаагүй суудлаас ихийг авна. ... Иймд хууль тогтоогчийн сонголт хийсэн хувилбар нь бүх намд адил нөхцөлөөр хуваарилах систем юм. Их үлдэгдлээр эцэслэх нь сонгодог хувилбарын нэг мөн бөгөөд эдний алийг нь ч дэмжээгүй сонгогчдод "ногдох" нийлбэр суудлыг авсан суудалтай нь хувь тэнцүүлэн хуваах нь их санал авсныг дэмжих хувь оролцоо болгож болохгүй юм." гэжээ.
Арван нэг. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"... Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх асуудлаас бусад дээр дурдсан маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн асуудал дээр Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Баасанжаргал, Г.Уянгахишиг нарын хүргүүлсэн тайлбартай санал нэг байгааг илэрхийлье.
Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. ... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд сонгох эрхийн үндсэн дээр ... дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж заасан байна. Сонгуулийн шууд сонгох эрх нь иргэдийн өгсөн саналын дундуур ямар нэг этгээд аливаа хэлбэрээр орж сонголтыг засварлаж, өөрчлөхгүй байх, сонгогчдын саналын илэрхийлэл болон сонгуулийн үр дүн зөрөхгүй байх гэсэн утгыг хоёрдмол утгагүйгээр тодорхойлдог.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт ... нь Үндсэн хуульд заасан "хувь тэнцүүлэн төлөөлөх арга"-тай зөрчилдсөн байж болзошгүй төдийгүй иргэдийн "шууд сонгох эрхийн үндсэн дээр" сонгох сонголтыг засварласан үр дагавартай байна. Босго даваагүй намуудын саналыг босго давж сонгогдсон намуудын саналын нийт хувийг хүндэтгэх замаар суудлын хуваарилалтыг нэмж оруулахын тулд пропорционал байдлаар дахин хуваарилдаг олон улсын нийтлэг жишигтэй байгаа. Улсын Их Хурлын сонгуульд оролцож босго давж сонгогдсон намуудын авсан үндсэн санал нэг суудлын зөрүүтэй байхад босго даваагүй намуудын саналыг "тэнцүү хэмжээгээр хуваан" нэмж тооцсоноор Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна." гэх зохион байгуулалтыг хөндлөнгөөс Сонгуулийн ерөнхий хороо сонгогчдын хүсэл зориг, саналын илэрхийллээс гадуур засварлахад хүргэж буй нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ... агуулгатай зөрчилдсөн байж болзошгүй байна." гэсэн байна.
Арван хоёр. Маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, 2023 оны Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, холбогдох судалгаа, тайлан;
2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, 2023 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, холбогдох судалгаа, тайлан;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Албан бичиг, 2024.07.23, №ТГ-02/1176;
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Албан бичиг, 2024.08.01, №1/722; 2025.11.18, №1/451;
Миланы Их Сургуулийн ахлах мэргэжлийн технологич, доктор Стефано Транкосси, Мэргэжлийн дүгнэлт, 2025.02.24; түүний орчуулга, 2025.03.31;
Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн дэд профессор, улс төр судлалын доктор Э.Гэрэлт-Од, Шинжээчийн дүгнэлт, 2025.02.18;
Улс төр судлаач Д.Оргил, Шинжээчийн дүгнэлт, 2024.10.31; Нэмэлт тайлбар, 2025.11.17;
Нэгдсэн Үндэстний Байгууллага (цаашид "НҮБ" гэх)-ын Хүний эрхийн хороо, "Ерөнхий тайлбар: Төрийн үйл хэрэгт оролцох эрх, сонгуулийн эрх, төрийн алба хаших тэгш хүртээмжтэй байх эрх", 1996, №25, CCPR/C/GC/25;
Венецийн комисс, Гүрж Улсын сонгуулийн нэгдсэн хуульд өгсөн санал, CDL-AD(2002)009; Намыг парламентад оруулахыг хязгаарлах сонгуулийн тогтолцооны босго, бусад онцлогийн тухай тайлан (II), CDL-AD(2010)007; Улс төрийн намын парламентад суудал авах босгын талаарх дүгнэлт, тайлангийн эмхэтгэл, CDL-PI(2018)004; Улс төрийн намын зохицуулалтын удирдамж, хоёр дахь хэвлэл, CDL-AD(2020)032;
Европын зөвлөлийн парламентын ассамблей, тогтоол, 2007, №1547; Зөвлөмж: Европ дахь хүний эрх ба ардчиллын байдал, 2007, №1791;
Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (цаашид "АСДҮОУХ" гэх), Сонгуулийн тогтолцооны бүтэц, зохион байгуулалт, 2005; Сонгуулийн холимог тогтолцоо: загвар, туршлага, 2023;
Бүгд Найрамдах Чех Улсын Үндсэн хуулийн шүүх, 2021.02.02, №44/17;
Монгол Улсын Их Хурал, Зөвлөлдөх санал асуулга, зөвлөлдөж шийдье: асуултын лавлагаа, танилцуулга, 2023; Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгааны эмхэтгэл, 2023;
Монгол Улсын сонгууль (1992-2021) эмхэтгэл, 2023;
Ерөнхий тойм: Монгол Улсын Их Хурлын сонгууль 2024.
ҮНДЭСЛЭЛ:
Маргаан бүхий зохицуулалт Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх) зөрчсөн эсэх талаар иргэн Б.Отгон, Г.Батбаяр, Т.Баярхүү, Ө.Баяраа, Д.Ламжав нар мэдээлэл, иргэн А.Отгонбаатар, Б.Ононбаяр, К.Жандос нар өргөдөл Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Маргагч нараас Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-ын 2024 оны ээлжит сонгуулиар иргэн А.Отгонбаатар Үнэн ба зөв намаас 1 дүгээр тойрогт, иргэн Т.Баярхүү Шинэ нэгдсэн эвслийн жагсаалтын 3 дугаарт, Б.Отгон тус эвслийн жагсаалтын 4 дүгээрт, Г.Батбаяр тус эвслээс 8 дугаар тойрогт, Ө.Баяраа Иргэний хөдөлгөөний намын жагсаалтын 1 дүгээрт, К.Жандос Ардчилсан намын жагсаалтын 17 дугаарт бичигдэж нэр дэвшжээ.
Энэхүү маргаан нь Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоход нам, эвсэлд босго тогтоож, уг босгыг давсан нам, эвсэлд суудал хуваарилах, санал хураалтын дүнг гаргахтай холбоотой байх тул Монгол Улсад хэрэглэж ирсэн сонгуулийн тогтолцооны хувилбар, 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцоог тусгайлан заасан үндэслэл, агуулгыг тодорхойлсны үндсэн дээр маргаан бүхий зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгана.
Нэг. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо
Ардчилсан нийгэмд сонгууль нь санал хураалт явуулах замаар нийтийн албан тушаал эрхлэх хүнийг сонгох үйл явц бөгөөд энэ нь улс төрийн шийдвэр гаргах түвшин дэх сонгогчдын оролцоо, төлөөлөл, нийгмийн зөвшилцлийг хангахад чиглэдэг. Сонгуулийн тогтолцоо нь сонгогчид өөрсдийн улс төрийн дэмжлэгээ илэрхийлж саналаа өгөх, өгсөн саналыг нь парламентын суудлын тоонд хөрвүүлэх арга зам бөгөөд түүнийг ерөнхийд нь олныг төлөөлөх, хувь тэнцүүлэн төлөөлөх, холимог гэж ангилдаг байна. Олныг төлөөлөх тогтолцоо нь санал хураалтын дүнг гаргасны дараа хамгийн олон санал авсан нэр дэвшигч, эсхүл намыг ялсанд тооцдог. Хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоо нь сонгуульд нам, эвслийн авсан саналыг тэнцвэртэйгээр суудалд хөрвүүлдэг: дийлэнхдээ нам, эвсэл олон мандаттай тойрогт нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж, сонгогч нам, эвсэлд саналаа өгч, нийт хүчинтэй саналаас нам, эвслийн авсан саналд нь хувь тэнцүүлэн суудал хуваарилдаг. Сонгуулийн холимог тогтолцоо нь олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх хоёр өөр аргаар сонгуулийг явуулж, суудал хуваарилахад аль аль арга нь нөлөөлдөг бөгөөд тус бүрийн давуу талыг нэгтгэн тусгахыг зорьдог.
1990 оноос хойш Монгол Улсад парламентын сонгуулийг нийт 10 удаа зохион байгуулж, тухай бүр сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж байжээ. Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын сонгуулийг олныг төлөөлөх (мажоритар) аргаар, Улсын Бага Хурлыг хувь тэнцүүлэн төлөөлөх (пропорционал) аргаар шууд бусаар сонгож байсан нь анхны ардчилсан сонгуульд тооцогддог. Тодруулбал, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр болсон санал хураалтаар Ардын Их Хурлын депутат сонгох 430 тойргоос 402-т нь олонхын санал авч нэр дэвшигчээр сонгогдсонд тооцсон бол үлдсэн тойрогт мөн оны 8 дугаар сарын 26-ны өдөр дахин санал хураалт явуулж, бусад депутатыг олныг төлөөлөх аргаар сонгосон. Үүний зэрэгцээ тус сонгуулиар түүнд оролцсон намын нэрээр санал хураалт явуулж, саналын дүнг үндэслэн Улсын Бага Хурлын суудлаас тухайн намд ногдох суудлын тоог хувь тэнцүүлэн хуваарилж, 50 гишүүнийг Ардын Их Хурлаас сонгосон байна.
1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуульд Улсын Их Хурлын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахыг тусгайлан заагаагүй байсан. Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишүүнтэй байна.", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.", Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад Улсын Их Хурал "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ хэмээн анх заасан. Эдгээр заалтын дагуу Улсын Их Хурал сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох бүрэн эрхтэй гэж ойлгож, тогтоож байжээ.
1992-2020 оны хооронд Улсын Их Хурлын нийт 8 удаагийн сонгуулийн 7 нь олныг төлөөлөх тогтолцоогоор (үүний 4 нь 1 мандаттай, 3 нь олон мандаттай тойргоор), 1 нь холимог тогтолцоогоор явагдсан байна. Тодруулбал, Улсын Их Хурлын 76 гишүүнийг 1996, 2000, 2004, 2016 онд 1 мандаттай 76 тойргоос, 1992, 2008, 2020 онд олон мандаттай, томсгосон тойргоос олныг төлөөлөх аргаар сонгосон байна. Нэг мандаттай олныг төлөөлөх тогтолцоо (харьцангуй олонхын тогтолцоо)-нд сонгогч нэг мандаттай тойрогт өрсөлдөж буй нэр дэвшигчдээс зөвхөн нэгд нь санал өгөх бөгөөд тухайн тойрогт хамгийн олон санал авсан нэг нэр дэвшигч ялдаг. Түүнчлэн олон мандаттай олныг төлөөлөх тогтолцоо (багц саналын тогтолцоо)-нд сонгогч тухайн тойрогт хуваарилсан мандатын тоогоор санал өгөх боломжтой бөгөөд нийлбэр дүнгээр хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг мандатын тоогоор сонгож, ялсанд тооцдог.
Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулахаар 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд анх удаа тусгаж, 2012 онд 48 гишүүнийг олон мандаттай, томсгосон 28 тойргоос олныг төлөөлөх аргаар, 28 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгосон байна. Энэ хуульд олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх хоёр төрлийн сонгууль тусдаа явагдаж, үр дүн нь өөр хоорондоо ялгаатай, суудал хуваарилалтын хувьд бие биеэсээ хамааралгүй гарахаар зохицуулсан тул холимог тогтолцооны хувилбаруудаас "зэрэгцээ тогтолцоо"-г тусгаж хэрэглэсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 2012 оны 02 дугаар дүгнэлтээр тус хуулийн хувь тэнцүүлсэн сонгуульд хамаарал бүхий зохицуулалтын талаарх маргааныг хянан шийдвэрлэсэн ч Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулах нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар тусгайлан дүгнээгүй байна.
2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Сонгуулийн тухай хуулиар сонгуулийн холимог тогтолцоо (зэрэгцээ тогтолцоо)-г тусгаж, Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг "олонхын сонгуулиар", 28-аас илүүгүй гишүүнийг "хувь тэнцүүлэх сонгуулиар" тус тус сонгохоор зохицуулжээ. Гэвч энэ хуулийн "хувь тэнцүүлэх сонгууль" гэсэн нь Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, 2016 оны 05 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Энэ дүгнэлтэд "Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг ... Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй ..." гэж үзээд уг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь бүхэлдээ, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ... сонгоно." гэсэн нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хамгаалсан "шууд сонгох" эрх болон бусад заалтыг зөрчсөн гэжээ. Үндсэн хуулийн цэцийн уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч, Сонгуулийн тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулан Улсын Их Хурлын 76 гишүүнийг 1 мандаттай 76 тойргоос олныг төлөөлөх аргаар сонгохоор шийдвэрлэж, 2016 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг явуулжээ.
2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Улсын Их Хурлын сонгуультай холбоотой хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Нэгд, сонгуулийн журмыг хуулиар тогтоох цаг хугацаанд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүйгээс ээлжит сонгууль бүрийн өмнө сонгуулийн хуулийг өөрчлөх, шинэчлэн найруулах замаар тодорхойгүй, тогтворгүй, ойлгомжгүй байдал бий болгосоор ирсэн (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019). Сонгуулийн тухай хууль ойр ойрхон, эсхүл сонгуулийн өмнөхөн өөрчлөгдөх нь ард түмний хүсэл зориг сонгуулиар чөлөөтэй илэрхийлэгдэхэд саад учруулна. Тиймээс Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийг "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно." гэж өөрчлөн найруулсан. Энэ заалт нь сонгогч иргэний төрийн үйл хэрэгт сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан оролцох эрхийг баталгаажуулж, сонгуульд оролцох нам, эвсэл, нэр дэвшигчийн гарааны тэгш байдлыг хангах, сонгуулийн хуулийг тогтвортой мөрдөхөд чиглэсэн байна (Цэцийн дүгнэлт, 2024, №01). Хоёрт, сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд тусгайлан заагаагүй ч уг тогтолцоог хуулиар тогтоох онцгой бүрэн эрхтэй гэх агуулга тусгагдсан байжээ. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцооны асуудал нь хууль батлах бүрэн эрхэд хамаарч байгааг Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн байна.
2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж өөрчлөн найруулсан. Энэ өөрчлөлтөөр хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хуваарилалт, хяналт-тэнцлийг хангах, иргэдийг төлөөлөх парламентын чадамж, бие даасан байдлыг бэхжүүлэх, хууль батлах болон хуулийн биелэлтэд хяналт тавих ажиллагааг чанаржуулах зорилгоор Улсын Их Хурлын гишүүний тоог хүн амын тоотой уялдуулан 126 болгон нэмэгдүүлсэн байна. Үүний зэрэгцээ дараах хоёр үндэслэлээр сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд нарийвчлан тодорхойлжээ. Нэгд, Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 01 дүгээр тогтоолын дагуу Улсын Их Хурал сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох бүрэн эрхтэйг тодорхой болгосон ч Үндсэн хуульд тусгайлан заагаагүй байсан тул сонгууль бүрийн өмнө уг тогтолцоог өөрчлөх эрсдэл хэвээр оршин байжээ. Тухайлбал, 1992-2020 онд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоонд холбогдох өөрчлөлтийг 5 удаа хуулийн шинэчилсэн найруулгаар, 3 удаа нэмэлт, өөрчлөлтөөр хийжээ. Өөрөөр хэлбэл, сонгуулиар Улсын Их Хурлыг 8 удаа байгуулахдаа сонгуулийн тогтолцоог тухай бүр өөрчилж, өөрчлөлт бүр нь Улсын Их Хурлын ээлжит сонгуулиас 1-6 сарын өмнө хийгдэж байжээ (Зөвлөлдөх санал асуулга, зөвлөлдөж шийдье, 2023, х. 67). Үндсэн хуульд Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог тодорхой зааж баталгаажуулснаар тус тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх ач холбогдолтой гэж үзжээ (Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн танилцуулга, 2023). Хоёрт, 1992-2020 онд Улсын Их Хурлын 8 удаагийн сонгууль явуулсны 7-д буюу дийлэнхэд нь хэрэглэж ирсэн олныг төлөөлөх тогтолцооны сөрөг үр дагаврыг багасгах, олон намын тогтолцоог бэхжүүлэх үүднээс Үндсэн хуульд сонгуулийн холимог тогтолцоог заасан байна. Олныг төлөөлөх сонгууль нь "иргэдийн санал ихээр гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн" тул түүнийг дангаар нь хэрэглэхээс татгалзах шаардлагатай гэж үзжээ (Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2023; Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, 2023; Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2023.05.05, х. 27).
Олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцооны аль алиных нь давуу талыг нэгтгэн хэрэгжүүлэх үүднээс Үндсэн хуульд Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоог тусгасан байна. Олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоо нь өөр өөрийн давуу, сул талтай. Олныг төлөөлөх тогтолцоо нь ихэвчлэн их санал авсан цөөн нам (том нам)-д ашигтай, улмаар нэг нам парламентын олонхыг бүрдүүлж, засгийн газар тогтвортой ажиллах боломжийг олгодог боловч сонгогчдын санал ихээр гээгдсэний улмаас олон нам, нийгмийн бүлгийн төлөөлөл суудалгүй үлдэх, парламентын бүрэлдэхүүний тэнцвэр алдагдах зэрэг сул талтай. Хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоо нь нам, эвслийн авсан саналыг парламентын суудалд шударгаар хөрвүүлэх, санал бага гээгдэх, олон нам, нийгмийн бүлгийн тэнцвэртэй төлөөллийг хангах, улс төрийн олон ургалч үзлийг дэмжих, бодлогын намыг төлөвшүүлэх давуу талтай ч парламент чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд хүндрэл үүсэх, эвслийн засгийн газар байгуулах, тогтворгүй болох, намын тогтолцоо задрах, бага санал авсан нам (жижиг нам) хэт нөлөөтэй болох зэрэг сул талтай. Иймд олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын давуу талыг тусгасан сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгаж, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахаар шийдвэрлэжээ (2023 оны Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал).
2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах, ингэхдээ 126 гишүүний 78-ыг нь олныг төлөөлөх, 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор ерөнхий харьцааг заасан боловч тус тогтолцооны ялгаатай хувилбараас сонгон хэрэглэж, хөгжүүлэх, эдгээр аргыг хэрэгжүүлэх нарийвчилсан зохицуулалтыг Үндсэн хуульд нийцүүлэн хуулиар тогтоох бүрэн эрх нь Улсын Их Хуралд хадгалагдана. Тиймээс уг өөрчлөлтийг хэрэгжүүлэх хүрээнд 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын нутаг дэвсгэрийг нэг тойрогт тооцож, нам, эвслийн хаалттай жагсаалтаар авсан саналд нь хувь тэнцүүлэн 48 суудлыг хуваарилахаар зохицуулжээ. Хаалттай жагсаалтаар санал хураах тохиолдолд жагсаалтад орсон дарааллынхаа дагуу нэр дэвшигч суудал авдаг. Нээлттэй жагсаалтаар санал хураах тохиолдолд сонгогчийн санал нь нэр дэвшигчийн суудал авах дарааллыг өөрчлөх боломжтой байдаг.
Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулснаар санал гээгдэх үзэгдэл буурч түүний бүрэлдэхүүнийг илүү олон нам, нийгмийн бүлгийн төлөөлөлтэй, харьцангуй тэнцвэртэй болгох, иргэдийг төлөөлөх чадамжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой шинэчлэл болсон байх боловч одоогийн холимог тогтолцоонд олныг төлөөлөх аргын нөлөө өндөр, улмаар их санал авсан намд харьцангуй ашигтай байдал үүсэхээр байгаа нь дараах үндэслэлээр тогтоогдож байна. Нэгд, Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу Улсын Их Хурлын гишүүний 38 хувь буюу 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох тул дан олныг төлөөлөх аргаар сонгож байсан өмнөх тогтолцоотой харьцуулахад илүү цөөн тооны саналыг гээхээр байна. Нийт гишүүний 62 хувь буюу 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгохоор заасан нь сонгуулийн холимог тогтолцоонд энэ аргын давуу талыг тусгахад чиглэсэн байх боловч түүний өндөр нөлөөг хадгалж, энэ хэмжээгээр санал гээгдэж, улмаар их санал авсан намын суудлын тоо нэмэгдэх магадлалыг өсгөсөн байна. Сонгуулийн холимог тогтолцоонд олныг төлөөлөх аргын нөлөө илүү байхаар тогтоовол их санал авсан цөөн намын төлөөлөл илүүрхэж, бусад намын төлөөлөл буурах эрсдэлтэй (Шинжээчийн дүгнэлт, 2025.02.18, х. 5).
Хоёрт, 2023 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс харвал олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх сонгууль нь тусдаа явагдаж, харилцан хамааралгүй суудлыг хуваарилах тул сонгуулийн холимог тогтолцооны хувилбараас "зэрэгцээ тогтолцоо"-г авч тусгасан. Зэрэгцээ тогтолцоо нь олныг төлөөлөх тогтолцооны санал гээгдэх асуудлыг багасгах, пропорционал бус байдлыг нөхөхийг зорьдоггүй бөгөөд зарим нам сонгогчдын багагүй хувийн саналыг авсан ч суудалгүй хоцрох үр дагавар үүсдэг. Харин сонгуулийн холимог тогтолцооны нөгөө хувилбар болох "холимог хувь тэнцүүлсэн тогтолцоо" нь олныг төлөөлөх аргаар явуулсан сонгуулийн тойргийн суудал яаж хуваарилагдсанаас хамаарч, тэнд үүссэн пропорционал бус байдлыг нөхөх байдлаар хоёр төрлийн сонгуулийн үр дүн харилцан уялдаатай гардаг ч энэ тогтолцоог Монгол Улс хэрэглэж байгаагүй байна.
Гуравт, тус хуульд сонгуулийн хэдэн тойрогтой байх, тойрогт хэдэн мандат байх талаар тусгаагүй байх боловч Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 112 дугаар тогтоолоор 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоож, 21 аймгийг бүсчилсэн 7 тойрог, нийслэлийг 6 тойрог болгож, сонгуулийн нийт 13 тойрог байгуулж 78 мандатыг хуваарилсан байна. Өөрөөр хэлбэл, 126 гишүүний 78-ыг буюу 62 хувийг олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос олныг төлөөлөх арга (багц саналын тогтолцоо)-аар сонгохоор зохицуулсан байна. Багц саналын тогтолцоог 1992, 2008, 2020 онд дангаар нь, 2012 оны холимог тогтолцооны олныг төлөөлөх сонгуульд хэрэглэж байсан туршлагаас үзэхэд энэ нь их санал авсан цөөн намд илт давуу байдлыг олгож, зарим тохиолдолд сонгуульд ялагдсан нэр дэвшигчийн авсан санал ялсан нэр дэвшигчийн авсан нийт саналаас давж байжээ (Монгол Улсын сонгууль (1992-2021) эмхэтгэл, 2023, х. 13-14).
Ардчилсан сонгуулийн зарчмын дагуу явуулсан сонгуульгүйгээр ардчилсан нийгэм оршин тогтнох боломжгүй. Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын Их Хурлын гишүүнийг иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг тусгасан бөгөөд иргэн бүр сонгуульд оролцох (сонгох, сонгогдох) тэгш боломжоор хангагдана (Цэцийн дүгнэлт, 2025, №01; №04; Цэцийн тогтоол, 2022, №01). Эдгээр зарчим нь сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг баталгаажуулж, ардчилсан сонгууль явуулах суурь нөхцөлийг тогтоож өгдөг (Цэцийн дүгнэлт, 2025, №04). Мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-ын 25 дугаар зүйлийн (b)-д эдгээр зарчмыг "сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хурааж, сонгогчид жинхэнэ хүсэл зоригоо чөлөөтөй илэрхийлэх боломжийг баталгаажуулсан, жинхэнэ ёсоор тогтмол явагддаг сонгуульд сонгох буюу сонгогдох;" эрхтэй гэж тусгасан байна.
Үндсэн хуулиар бий болгосон төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхэд нам зайлшгүй шаардлагатай. Нам нь иргэдийн улс төрийн хүсэл зориг, олон нийтийн үзэл бодлыг илэрхийлэх чиг үүрэгтэй тул олон намын тогтолцоо, оролцоогүйгээр ардчилсан сонгууль явуулах, иргэдийн төлөөллийг бий болгох боломжгүй. Иймээс 1992 онд Үндсэн хуульд нам байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг баталгаажуулж, Улсын Их Хуралд олонх суудал авсан нам, аль ч нам олонхын суудал аваагүй бол суудал авсан намууд зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх талаар анх тусгажээ. Түүнчлэн 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр намд тавих шаардлагыг тодруулан заасан байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Арван ес1дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Намын дотоод зохион байгуулалт ардчилсан зарчимд нийцсэн, хөрөнгө, орлогын эх үүсвэр, зарцуулалт нь нийтэд ил тод байна. Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, санхүүжилт, төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх нөхцөлийг хуулиар тогтооно." гэжээ. Иймд намаас сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг, үүний дотор хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох жагсаалтын нэр дэвшигчийн эрэмбийг тогтоохдоо ардчилсан зарчмыг баримтлах ёстой. Энэ зарчмыг хэрэгжүүлэх хүрээнд нам нь сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг нууц санал хураалтаар, гишүүдийн оролцоо, ил тод байдлыг хангаж шийдвэрлэх шаардлагатайг тэмдэглэх нь зүйтэй.
Хоёр. Намд тавих саналын босго
Хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг хэрэглэх үед нам, эвслийн заавал авах саналын хувийг сонгогчийн нийт саналаас тооцоолж босго болгон тогтоодог. Өөрөөр хэлбэл, босго нь парламентын суудал авахад шаардагдах, санал хураалтын дүнг ашиглан тогтоосон саналын доод хэмжээ юм. Хуульд зааж тодорхойлсон албан ёсны босго, эсхүл тухайн сонгуулийн тогтолцооны математик нөлөөнд бий болсон далд босго байж болно.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтад нам "... нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан ..." тохиолдолд түүнд суудал хуваарилахаар босгыг хуульчилсан байна (үүнээс гадна мөн зүйлийн 74.2.1 дэх заалтад "... тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх;" шаардлагыг хангасан байхаар заасан). Иргэдээс санал авсан бүх намд бус, харин зөвхөн энэ босгыг давсан намд л хувь тэнцүүлэн суудал хуваарилахаар зохицуулсан тул намуудад ялгаа үүсгэж, тэгш сонгох эрхийг хөндсөн байна.
Тэгш сонгох эрх нь ардчилсан ёсонд агуулагдсан иргэний тэгш байдлыг баталгаажуулдаг бөгөөд Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн эрх тэгш байх зарчмын тусгай шаардлага юм. Эрх тэгш байх зарчим нь үндсэн эрхийг эдлүүлэх болон бусад хүрээнд хүмүүст дур мэдэн буюу зохих үндэслэлгүйгээр ялгаатай хандахыг хориглоно. Өөрөөр хэлбэл, энэ нь "... хүмүүст дандаа адил хандах утгагүй бөгөөд зохих үндэслэлээр ялгаатай хандах, ангилал үүсгэхийг зөвшөөрнө." (Цэцийн дүгнэлт, 2025, №02; №03) Иймээс босгын улмаас босго даваагүй болон давсан нам, эвсэлд өгсөн саналын хооронд ялгаа үүсгэх нь зохих үндэслэлтэй эсэхийг шалгах замаар тэгш сонгох эрх зөрчигдсөн эсэхийг шийдвэрлэнэ.
Сонгогч бүр бусад сонгогчтой адил санал өгөх, тэрхүү санал нь бусад саналтай адил тоологдох, улмаар бүх сонгогчийн өгсөн санал сонгуулийн дүнд адил нөлөө үзүүлэхийг тэгш сонгох эрх шаардана. Пактын 25 дугаар зүйлийн (b)-д тэгш сонгох эрхийг тусгасан. Энэ талаарх Ерөнхий тайлбар (№25, догол 21)-т "Нэг хүн нэг саналын эрхтэй байх зарчим нь улс бүрийн сонгуулийн тогтолцоонд туссан байх ёстой бөгөөд нэг сонгогчийн санал нь нөгөө сонгогчийнхтой тэгш байна. Сонгуулийн тойргийн хүрээг тогтоох болон санал хуваарилахдаа тойрогт ногдох сонгогчийн тоог гажуудуулах, аль нэг бүлгийг ялгаварлан гадуурхах, эсхүл төлөөлөгчөө чөлөөтэй сонгох иргэдийн эрхийг үндэслэлгүйгээр үгүйсгэх, хязгаарлахыг хориглоно." гэжээ.
Тэгш сонгох эрх нь сонгогч бүрийн саналын "тоологдох үнэ цэн" болон "амжилт олох үнэ цэн" зарчмын хувьд адил байх агуулгатай. Тоологдох үнэ цэн нь сонгогч бүр адил тооны санал өгөх утгыг илэрхийлэх бол амжилт олох үнэ цэн нь сонгогчийн өгсөн санал суудалд хөрвөхөд адил нөлөөтэй байх утгатай. Саналын тоологдох үнэ цэн нь сонгуулийн тогтолцооноос үл хамаарч адил байх шаардлагатай бол амжилт олох үнэ цэн нь сонгуулийн тогтолцооны онцлогоос шалтгаалан ялгаатай байх боломжтой. Тухайлбал, олныг төлөөлөх тогтолцоонд бүх саналын амжилт олох үнэ цэн адил биш байдаг. Учир нь хамгийн олон санал авсан нэр дэвшигч парламентад суудал авч, бусад нэр дэвшигчид өгсөн санал (цөөнхийн санал) бүхэлдээ гээгддэг тул сонгогчийн өгсөн санал бүр суудал болж чадахгүй. Энэ тогтолцоонд зөвхөн ялсан нэр дэвшигчийн төлөө өгсөн санал амжилт олдог бөгөөд нийгмийн томоохон хэсэг парламентад төлөөлөлгүй болдог. Харин хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцоо нь сонгогчдын улс төрийн үзэл бодлын ялгарлыг парламентад бодитой, шударга тусгах, сонгогчийн өгсөн саналд хувь тэнцүүлэн суудал хуваарилахыг зорьдог. Энэ нь нам, эвслийн жагсаалтад өгсөн нийт сонгогчийн саналд эзлэх хувьд нь дүйх байдлаар нам, эвслийн төлөөллийг парламентад оруулах утгатай. Иймээс хувь тэнцүүлэх тогтолцоонд саналын амжилт олох үнэ цэн нь адил байна.
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд саналын тоологдох үнэ цэнийг "оролтын тэгш байдал", амжилт олох үнэ цэнийг "гаралтын тэгш байдал" гэж нэрлэсэн байна. Тодруулбал, "саналын тэгш байдлыг сонгогчийн саналын тэгш байдал (оролтын тэгш байдал) болон парламентын суудлын хуваарилалт дахь тэгш байдал (гаралтын тэгш байдал) гэсэн хоёр түвшинд авч үздэг. Сонгуулийн тогтолцоо нь ихэвчлэн эхний тэгш байдлыг хангах үүрэгтэй бөгөөд хоёр дахь тэгш байдлыг бүрэн үгүйсгэхгүй байх ёстой, ялангуяа тухайн тогтолцоо хувь тэнцүүлсэн үр дүн амлаж байгаа бол энэ нь анхаарвал зохих асуудал мөн." гэж тайлбарласан байна (2025.02.24, х. 24).
Нам 4, хоёр намын эвсэл 5, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл 7 хувийн босгыг даваагүй бол суудал хуваарилахгүй байх зохицуулалт нь тэгш сонгох эрхийг хязгаарлаж байна. Учир нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргын хувьд сонгогчийн өгсөн нийт саналын амжилт олох үнэ цэн адил байхыг шаарддаг боловч босго тогтоосноор тухайн босго даваагүй нам, эвсэлд өгсөн санал гээгдэж суудал хуваарилалтад нөлөөлөхгүй болох тул босго давсан намд өгсөн саналтай харьцуулахад амжилт олох үнэ цэнд нь ялгаа үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, босго тогтоосон заалт нь нийт саналын тоологдох үнэ цэнийг хөндөөгүй боловч амжилт олох үнэ цэнийн хувьд тэгш бус байдал үүсгэж, саналын жингийн тэнцвэрийг алдагдуулж байна.
Монгол Улсад туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхаагүй байх, шүүхийн үр нөлөөтэй хяналтад байх зэрэг зарчмыг хангахыг Үндсэн хуулиар шаардах бөгөөд эдгээр зарчмын аль нэгийг хангаагүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2020, №03; 2023, №03; 2024, №02; №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01). Тэгш сонгох эрх нь туйлын эрх биш. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар нам, эвсэлд холбогдох босго тогтоож, нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэнд ялгаа үүсгэсэн нь зохих үндэслэлтэй эсэх, улмаар тэгш сонгох эрхийг зөрчсөн эсэхийг эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчмын дагуу шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
2.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх ёс нь үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтад "намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;" шаардлагыг хангасан намд суудал хуваарилна гэж намын босгыг хуульчилсан нь эрх зүйн тодорхой байдлыг хангасан байна. Учир нь энэ заалтад нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан намд суудал хуваарилахаар хоёрдмол утгагүй, тодорхой зохицуулсан, бүх намд адил үйлчлэх хязгаарлалт байх тул үүний үр дагаврыг сонгогч, нам, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, зан үйлээ нийцүүлэх боломжтой байна.
2.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байх ёстой. Үндсэн эрхийн аливаа хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангахыг тохирсон байх зарчим шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01).
2.2.1.Хууль ёсны зорилгод хүрэхэд уялдсан эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Босго тогтоох нь хэт олон нам парламентад орох, улмаар намын задралаас сэргийлэх, ингэснээр үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой гэжээ (Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгааны эмхэтгэл, 2023, х. 13-14; Шинжээчийн дүгнэлт, 2024.10.31, х. 4; 2025.02.18, х. 10). Венецийн комисс "Намын задралаас сэргийлэх, төлөөллийн оновчтой бүтэцтэй парламент байгуулах, засгийн газар байгуулах үйл явцыг илүү хялбар болгохын төлөөх хамгийн үр дүнтэй, логиктой бөгөөд хамгийн өргөн ашиглагддаг арга нь босго тогтоох юм." гэж тайлбарласан (CDL-AD(2010)007, х. 5).
Улсын Их Хурлын сонгууль нь санал хураалтаар дамжуулан сонгогчдын улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж парламентад төлөөлөл болгон тусгах төдийгүй төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд ардчилсан легитим байдлыг хангахад чиглэдэг тул Улсын Их Хурлыг чиг үүргээ хэрэгжүүлж чадахуйц төрийн эрх барих дээд байгууллага болгон бүрдүүлэх ёстой. Үндсэн хуульд заасан Улсын Их Хурлын бүрэн эрхээс түүний чиг үүргийг тодорхойлно. Тухайлбал, Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг санал болгож томилох замаар Засгийн газрыг эмхлэн байгуулж ажиллуулах асуудлыг хариуцна. Үүнийг хуулийн биелэлтийг хянан шалгах чиг үүргээс нь салган ойлгох боломжгүй бөгөөд энэ чиг үүргийг хэрэгжүүлэхэд Улсын Их Хурал дахь цөөнхийн оролцоо өндөр байна. Түүнчлэн Улсын Их Хурал хуулийг хэлэлцэж батлах бүрэн эрх бүхий хууль тогтоох байгууллага төдийгүй нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн төрийн гадаад, дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэх, уг бодлогын үндсийг тодорхойлох чиг үүрэгтэй. Эдгээр чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд Улсын Их Хуралд тогтвортой олонх бүрдсэн байх шаардлагатай.
Хувь тэнцүүлэн төлөөлөх арга нь Улсын Их Хурлын суудлын эзлэх хувийг янз бүрийн нам, эвсэлд өгсөн саналын эзлэх хувьтай аль болох ойртуулах бөгөөд санал бүр адил жинтэй байх шаардлагыг хангадаг. Үүний үр дагаварт олныг төлөөлөх сонгуульд амжилт олохгүй ч бага санал авсан олон нам суудал авах нөхцөл бүрддэг. Ийнхүү хэт олон нам суудал авснаас үүдэн Улсын Их Хурал олон тооны бүлэгт хуваагдан, олонх бүрдэхээргүй болж, улмаар үйл ажиллагаа нь доголдох, үр нөлөөтэй ажиллах нөхцөл алдагдах, ялангуяа улс төрийн хувьд үр дүнтэй Засгийн газрыг эмхлэн байгуулах, тогтвортой ажиллуулах, хууль батлах, хуулийн биелэлтийг хянан шалгах чадваргүй болох эрсдэлтэй. Энэхүү улс төрийн эрсдэлийг бууруулах зорилгоор босго тогтоон бага санал авсан намыг хувь тэнцүүлсэн суудлын хуваарилалтаас хасаж, улмаар босго давсан болон даваагүй намд өгсөн саналд ялгаатай хандаж амжилт олох үнэ цэнийг нь өөр өөрөөр үнэлэх шаардлага үүсдэг. Иймээс Улсын Их Хурлыг илүү оновчтой харьцаатай бүрдүүлэх, чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгох нь саналын босгын хууль ёсны зорилго гэж үзэхээр байна.
Босгыг хуульчилснаар тухайн босгыг даваагүй нам, эвсэлд суудал хуваарилахгүй тул хэт олон нам суудал авах, нам хуваагдахаас сэргийлж, Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээс үзэхэд хувь тэнцүүлэн төлөөлөх сонгуулиар нам, эвсэлд өгсөн нийт саналын тоо 1,455,188 байснаас намын суудал хуваарилалтад оролцох 4 хувийн босгыг давах дүн нь 58,207 байжээ. Ийнхүү тус сонгуульд 19 нам оролцсоноос босгыг давсан 4 нам (Монгол ардын нам 35, Ардчилсан нам 30.1, ХҮН нам 10.4, Иргэний зориг ногоон нам 5 хувийн санал авсан)-д суудал хуваарилж, үлдсэн 15 намд суудал хуваарилаагүй байна. Уг сонгуулиар 4 нам, 1 эвсэл Улсын Их Хуралд суудал авсан нь 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн олон намын тогтолцоог бэхжүүлэх зорилгыг хангасны зэрэгцээ хэт олон нам суудалтай болохоос сэргийлж, Улсын Их Хурал чиг үүргээ хэрэгжүүлэхэд үйлчилж байна.
2.2.2.Хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй эсэх
Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг нь сонгохыг энэ шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03).
Босго нь тэгш сонгох эрхийг буюу сонгогч бүрийн санал тэгш жинтэй байх зарчмыг хязгаарлах ноцтой тохиолдол тул зөвхөн зохистой хэмжээнд буюу хууль ёсны зорилгыг хангахад зайлшгүй, хамгийн бага түвшинд зөвшөөрөгдөнө. Босгын дээд, эсхүл доод хязгаарыг хэдийгээр Үндсэн хуульд шууд үгчлэн тусгаагүй боловч сонгуулийн тогтолцооны онцлогийг харгалзан тохирсон байх зарчимд нийцүүлэн хуульчлах шаардлагатай. Хэрэв босго тогтоохгүй байх, эсхүл хэт багаар тогтоовол намууд хуваагдах, хэт олон нам суудал авч, Улсын Их Хурал, Засгийн газар тогтворгүй болох эрсдэлтэй, харин эсрэгээрээ хэт өндрөөр тогтоовол цөөн нам парламентад зонхилж, бусад нам гадна үлдэж, сонгогчийн саналыг Улсын Их Хуралд хувь тэнцүүлэн тусгаж төлөөллийг хангах мөн чанар алдагдана (Шинжээчийн дүгнэлт, 2024.10.31, х. 4; 2025.02.18, х. 10; Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2010.04.21, х. 6). Намын жагсаалтаар сонгогдоход хэт өндөр босго тогтоовол босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэнийг ноцтой алдагдуулж, тэгш сонгох эрхийг зөрчих үр дагавартай. Намын 4 хувийн босгыг дотоодын хууль тогтоомжид тусгаж байсан болон олон улсын сайн туршлагын жишиг босготой харьцуулахад амжилт олох үнэ цэнийг хамгийн бага алдагдуулсан гэдэг нь дараах үндэслэлээр тогтоогдож байна.
Түүхчлэн үзвэл, Монгол Улсад сонгуулийн хувь тэнцүүлсэн болон холимог тогтолцоог хуульчлахдаа нам, эвслийн босгыг адил 5 хувь байхаар гурван удаа тогтоож байжээ. Тухайлбал, 1990 онд Улсын Бага Хурлын гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар шууд бусаар сонгохдоо босгыг 5 хувь байхаар тогтоон хэрэглэсэн. Түүнчлэн 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 48 дугаар зүйлд заасны дагуу тойргийн хороодоос ирүүлсэн сонгуулийн дүнг улсын хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна:" гээд 49.1.1 дэх заалтад "нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ""Б" жагсаалт" гэх/-ыг гаргах;" гэж заажээ. Уг хуулийн төсөлд нам, эвслийн босгыг 7 хувь байхаар анх тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад үүнийг олон нам Улсын Их Хуралд суудал авах боломжийг хаахаар өндөр гэж үзэж, 5 хувь болгон бууруулан баталжээ (Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2010.04.21, х. 18; Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2011.06.16, х. 104, 106-107). Мөн 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 133.1-д заасан нам, эвслийн авсан саналын дүнг улсын хэмжээгээр дараах байдлаар нэгтгэн гаргаж, нам, эвсэлд суудлыг хуваарилна:" гээд 134.1.1 дэх заалтад "нам, эвсэл тус бүрийн авсан нийт саналын тоог гаргаж, бүх нам, эвслийн авсан нийт саналын таваас доошгүй хувийн санал авсан бөгөөд олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийг авсан саналын хувиар нь дараалалд оруулан жагсаалт /цаашид ""Б" жагсаалт" гэх/-ыг гаргах;" гэж босгыг нийт саналын 5-аас доошгүй хувь байхаар зохицуулсан байжээ.
2023 онд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед "босгыг 5 хувиас дээш тогтоох үндэсний болон улс төрийн хүчин зүйл манай улсад байхгүй" учраас 5 хувиас доош буюу 3-5 хувь байхаар тогтоовол бага санал авсан нам суудал авах боломж нэмэгдэнэ гэж үзжээ (Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, 2023.05.19, х. 52, 68; Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй холбоотой судалгааны эмхэтгэл, 2023, х. 135). Иймээс 2023 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд босгыг намд 3, хоёр намын эвсэлд 5, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэлд 7 хувь байхаар тусгасан байжээ. Уг төслийг хэлэлцэх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор намын босгыг 4 болгон нэмэх санал гарч дэмжигдсэн байна (Төрийн байгуулалтын байнгын хорооны тэмдэглэл, 2023.06.07).
Сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо, эсхүл сонгуулийн холимог тогтолцооны хувь тэнцүүлсэн хэсэгт босго тогтоодог практик дэлхийд түгээмэл байна. Улс бүрийн хүн амын тоо, намын тогтолцоо, улс төрийн тогтолцооны хуваагдлын түвшин, өрсөлдөх чадвартай намын тоо, парламентын гишүүний тоо, сонгуулийн тогтолцоо, газар нутаг зэргээс хамааран босгыг харилцан адилгүй тогтоож байна. Тодруулбал, сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоо бүхий 78 улсын 29 нь ямар нэг босго тогтоогоогүй, 49 нь 0.67-10 хувийн босго тогтоосон бол сонгуулийн холимог тогтолцоо бүхий 31 улсын 15 нь босго тогтоогоогүй, харин 16 улс 2-5 хувийн босго тогтоожээ (Шинжээчийн дүгнэлт, 2024.10.31, х. 6-7). Тухайлбал, сонгуулийн холимог тогтолцоо бүхий ХБНГУ, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Литва Улс, Шинэ Зеланд Улсад босгыг 5 хувиар тогтоосон нь хамгийн түгээмэл жишиг байх бөгөөд Бүгд Найрамдах Итали Улс, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсад 3 хувийн босгыг хэрэглэдэг байна. Мөн Бүгд Найрамдах Итали Улсад эвсэлд намаас илүү өндөр босго тавих, ХБНГУ, Шинэ Зеланд Улсад олныг төлөөлөх аргаар зохих суудал авсан нам босгыг давсанд тооцох нэмэлт зохицуулалт үйлчилдэг байна.
Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгууль явуулахад босго тогтоохтой холбоотой гурван загвар байх боломжтой. Эхний буюу босго тогтоогоогүй загвар нь хэт олон нам Улсын Их Хуралд орохыг хязгаарлахгүй тул Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх хууль ёсны зорилго хангагдахгүй байх эрсдэлтэй. Хоёр дахь буюу босгыг 3-5 хувиар тогтоох загвар нь үр дүнтэй бөгөөд иргэдийн улс төрийн сонголтыг хэт хязгаарлахгүй, зохистой түвшинд тооцогддог байна. 3-5 хувийн босго нь үндэсний цөөнх болон бусад бүлэгт төлөөлөгдөх боломж олгоно (Венецийн Комисс, CDL-PI(2018)004, догол 68). Шударга төлөөллийн зарчмыг хангах, парламентын үйл ажиллагааг үр дүнтэй байлгахын тулд ардчилал тогтворжсон улсад парламентын сонгуульд босго 3 хувиас ихгүй байхыг зохистойд тооцдог байна (Европын зөвлөлийн парламентын ассамблей, 2007, №1547, догол 58; №1791, догол 17.10). Гурав дахь буюу босгыг 5-аас дээш хувиар тогтоосон загвар нь хэт олон сонгогчийг төлөөлөлгүй үлдээх, хувь тэнцүүлэн төлөөлөх аргын мөн чанарыг алдагдуулах эрсдэлтэй. Босго 5 хувиас дээш байх нь нийгмийн бүлгийн төлөөллийг хангахгүй байх тул өндөрт тооцогддог (АСДҮОУХ, 2005, х. 126).
Дээрхээс үзэхэд, Монгол Улсын хувьд сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэсэн 2011, 2015 оны холбогдох хуульд намын босгыг 5 хувь байхаар тогтоосон байсныг 2023 онд 4 хувь болгон бууруулсан байна. Энэ 4 хувийн босго нь хэт олон нам суудал авахаас сэргийлэх замаар Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломжийг бий болгосон бөгөөд өмнө нь хэрэглэж байсан 5 хувийн босгоос бага байна. Иймд намд тогтоосон 4 хувийн босго нь одоогийн сонгуулийн тогтолцооны хувьд саналын амжилт олох үнэ цэнийг багаар хязгаарласан, олон улсын сайн туршлагад нийцсэн байх тул зайлшгүй байх шалгуурт нийцэж байна.
2.2.3.Тэнцвэртэй эсэх
Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж буй эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, үндсэн эрхийг хязгаарласнаар хангагдах ашиг сонирхол нь халдаж буй эрхийг хамгаалах ашиг сонирхлоос дээгүүр байвал тухайн хязгаарлалт нь хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын үүднээс зөвтгөгдөх боломжтой. Харин зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03).
Холимог сонгуулийн тогтолцооны зэрэгцээ хувилбарыг хуульчилж, Улсын Их Хурлын гишүүний 62 хувийг олон мандаттай бүсчилсэн тойргоос олныг төлөөлөх аргаар сонгохын зэрэгцээ тойрогт ногдох нийт мандатын 50, эсхүл түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх нэмэлт шаардлагыг хуульчилж, олныг төлөөлөх аргын нөлөөг өндөрсгөж, их суудал авсан намд ашигтай байхаар зохицуулсан байна. Энэхүү онцлогийг харгалзан намын босгыг 5 хувиас 4 хувь болгон бууруулах нь гуравдагч хүчин буюу бусад намын төлөөлөл Улсын Их Хуралд орох боломжийг нэмэгдүүлж, тэнцвэрийг хангасан байна. Хувь тэнцүүлсэн элемент нь өндөр байх тусмаа иргэдийн өгсөн санал суудал болж хувирах магадлал нэмэгддэг ч Монгол Улсад хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөө харьцангуй бага тул саналын амжилт олох үнэ цэн төдий хэмжээгээр алдагдахаар байна. Энэ нь саналын босгыг 4 хувь болгон бууруулах үндэслэл мөн.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам оролцсоноос босгыг давсан 4 нам (Монгол ардын нам 509,482, Ардчилсан нам 438,506, ХҮН нам 151,111, Иргэний зориг ногоон нам 73,006 буюу нийт 1,172,105 санал авсан)-д суудал хуваарилж, үлдсэн 15 нам (эдгээр намд 138,205 санал өгсөн нь нийт саналын 9.5 хувь)-д суудал хуваарилаагүй байна. Сонгогч бүр нам, эвслийн жагсаалтад нэг санал өгсөн байх тул түүний тоологдох үнэ цэн алдагдаагүй байх боловч 4 хувийн босго даваагүй намд суудал хуваарилаагүй тул эдгээр намд өгсөн 138,205 саналын амжилт олох үнэ цэн алдагдсан байна. Босгыг 4 хувиар тогтоосноор тус сонгуульд 19 нам оролцсоноос 4 нь Улсын Их Хуралд суудал авсан байх тул хэт олон нам суудал аваагүй байна. Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг ийнхүү хангасан нь уг босго даваагүй намд өгсөн санал (138,205)-ын амжилт олох үнэ цэнийг алдагдуулсан сөрөг үр дагавраас илүү дээгүүр байна. Түүнчлэн 4 хувийн босго нь хэт өндөр биш бөгөөд бага санал авсан нам суудал авах боломжийг бүрэн хаагаагүй тул тэнцвэртэй байна.
Гурав. Эвсэлд намаас илүү өндөр босго тавьсан талаар
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.3 дахь заалтад "хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 ...", 74.2.4 дэх заалтад "гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 ...", эсхүл түүнээс дээш хувийн санал авсан тохиолдолд суудал хуваарилахаар зааж, эвсэлд тавих босгыг намын босгоос өндөрсгөж хуульчилжээ.
3.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Дээрх зохицуулалтаар эвсэлд нэгдсэн намын тооноос хамаарч босго тогтоосон нь хоёрдмол утгагүй, тодорхой байх тул эрх зүйн тодорхой байдал хангагдсан байна. Тодруулбал, нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 хувийг хоёр намын эвсэл, 7 хувийг гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл аваагүй бол суудал хуваарилахааргүй байна. Энэ үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглах, үүний дагуу зан үйлээ нийцүүлэх боломжтой байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд хоёр намын 2 эвсэл оролцсон байх бөгөөд нийт саналын 5 хувь (72,759)-ийн санал аваагүй 1 эвсэлд суудал хуваарилаагүй байна. Уг босгыг давсан Үндэсний эвсэл 75,196 санал авч 4 суудалтай, харин Шинэ нэгдсэн эвсэл 69,682 санал авсан ч босго даваагүй тул суудал аваагүй байна. Энэ нь саналын бага зөрүүтэй этгээдэд ялгаатай хандсан мэт ойлголтыг бий болгосон ч урьдчилан таамаглахуйц үр дагавар байжээ. Эвсэл нь намд тавих 4 хувийн босгыг давсан ч эвсэлд тавих эдгээр босгыг даваагүй бол суудал авахгүй гэдэг нь хуулийн зохицуулалтаас ойлгомжтой тул эвсэлд нэгдэх эсэхээ шийдвэрлэхдээ тооцоолох боломжтой байна.
3.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой.
3.2.1.Хууль ёсны зорилгод хүрэхэд уялдсан эсэх
1992 оны Үндсэн хуулийн уг эхэд эвслийн тухай зохицуулаагүй байжээ. Харин 2000 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр энэ ойлголтыг анх тусгасан байна. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.", Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хуралд олонхи суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг; бусад тохиолдолд Улсын Их Хуралд суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхийг бүрдүүлж нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч тав хоногийн дотор Улсын Их Хуралд оруулна." гэж суудал авсан нам төдийгүй эвсэл, түүний бүлгийг Үндсэн хуулийн түвшинд хүлээн зөвшөөрсөн.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.9 дэх хэсэгт "Эвсэлд нэгдэн орсон намууд нь Улсын Их Хурлын нөхөн сонгууль, түүнчлэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын үйл ажиллагаанд нэг этгээд болж оролцоно." гэж заасан. Эвсэлд нэгдсэн хоёр, эсхүл түүнээс дээш нам Улсын Их Хурлын сонгуульд нэг этгээдийн хувьд оролцох тохиолдолд тэдгээр нам тус бүрийн дэмжигчид тухайн эвсэлд санал өгөх тул илүү олон санал авах, намд тавих босгыг давж, суудал авах магадлал нэмэгдэх бөгөөд үүгээрээ нам сонгуульд дангаараа оролцохоос илүү давуу талтай гэж үзэх үндэслэлтэй байна.
Эвслийн босгыг намынхаас илүү өндөр хуульчилснаар зөвхөн босгыг давах зорилгоор намууд эвсэх, нам хуваагдахаас сэргийлэх, намыг бэхжүүлэхэд ач холбогдолтой. Монгол Улсад намын хэт хуваагдлаас сэргийлж, олон улсын жишгийн дагуу нам, эвсэлд ялгаатай босго тогтоосон бөгөөд эвсэлд намаас өндөр босго тогтоох нь цаашид намыг хариуцлагажуулах, намуудын нэгдэх сонирхлыг нэмэгдүүлсэн зохицуулалт гэж үзжээ. Олон улсад намын хуваагдлаас сэргийлэх, засгийн газар байгуулах үйл явцыг хялбаршуулах, тогтвортой байдлыг хангах зэрэг үндэслэлээр эвсэлд намаас өндөр босго тогтоож болно гэж үздэг (Венецийн комисс, CDL-AD(2020)032, догол 179).
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл оролцсоноос намд тавих 4 хувийн босгыг 4 нам, хоёр намын эвсэлд тавих 5 хувийн босгыг 1 эвсэл хангаж суудал авсан бөгөөд гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл тус сонгуульд оролцоогүй байна. Эндээс үзэхэд, эвсэлд тавих босгыг намынхаас илүү өндөр байхаар хуульчилсан нь намын босгын нөлөөг сулруулахгүй байх, нам хэт хуваагдахаас сэргийлэх, улмаар намын босгын нэгэн адил хэт олон нам суудалтай болж Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлж чадахгүй болох эрсдэлийг багасгасан байх тул уялдаатай байх шалгуурт нийцсэн байна.
3.2.2.Хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй эсэх
Эвсэлд намынхаас өндөр босго тогтоосон нь зайлшгүй эсэхийг дотоод болон гадаад харьцуулалт хийн тогтооно. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа нам болон эвслийн босгыг анх удаа ялгаж хуульчилжээ. Монгол Улсад хоёр намын эвсэлд 5 хувийн босго тогтоосон нь 2011, 2015 оны хуулиар нам, эвслийн аль алинд тавьж байсан босготой адил байх бөгөөд энэ нь нэг намд тавих 4 хувийн босгоос ганц хувиар илүү байх тул харьцангуй бага ялгаа үүсгэж байна. Харин гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэлд 7 хувийн босго тогтоосон нь өмнөх хоёр хуулиар нам, эвсэлд тавьж байсан босгоос 2 хувиар, одоогийн намд тавих босгоос 3 хувиар, хоёр намын эвсэлд тавих босгоос 2 хувиар өндөр байна.
Эвслийн босгыг намын босгоос бага зэрэг өндөр тогтоох нь өрсөлдөөн бүхий намын тогтолцоог бэхжүүлэхэд эергээр нөлөөлөх хандлагатай тул олон улсын сайн туршлагаар зөвшөөрдөг. Хэр зэрэг өндөр босгыг эвсэлд тавих нь хууль тогтоох байгууллагын тавьсан зорилгоос хамаарах боловч эвсэлд тавих босго нь хүрч боломгүй хэт өндөр биш, шударга төлөөллийн зарчмыг хангахуйц байх ёстой. Мөн эвсэлд нэгдэх намын тооноос хамааран шатлан өсөх эвслийн босгыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн байдаг ч энэ нь хэзээ ч тухайн эвслийг бүрдүүлж буй намын босгын нийт нийлбэр хэмжээтэй тэнцүү байх ёсгүй (Венецийн комисс, CDL-AD(2002)009, догол 82; CDL-AD(2020)032, догол 179). Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд ялгаатай босго нэвтрүүлсэн туршлагаас үзэхэд эвслийн босго нь намын босгоос 1.25-3 дахин өндөр байх бөгөөд Монгол Улсын хувьд уг босгын зөрүү хамгийн бага байна гэжээ.
Сонгуулийн холимог, эсхүл хувь тэнцүүлсэн тогтолцоотой улсад сонгуулийн өмнөх эвсэлд босго тавих гурван үндсэн загвар байна. Эхнийх нь сонгуулийн өмнө эвсэл байгуулахыг хуулиар зөвшөөрдөггүй тул нам бүр сонгуульд дангаар оролцож, намд тавих босгыг тус тусдаа давдаг загвар байна. Тухайлбал, ХБНГУ болон Бүгд Найрамдах Эстони Улсын холбогдох хуульд эвслийг сонгуульд оролцуулах талаар зохицуулаагүй бөгөөд хувь тэнцүүлэн төлөөлөх сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшихэд зөвхөн нам дангаар оролцохыг зөвшөөрсөн байна. Хоёр дахь нь сонгуулийн өмнөх эвслийг хүлээн зөвшөөрөх ч түүнд намаас илүү өндөр босго тогтоодоггүй загвар хэрэгждэг. Тухайлбал, Бүгд Найрамдах Унгар, Бүгд Найрамдах Литва зэрэг улсад нам болон эвсэлд адилхан 5 хувийн босго тогтоож байна. Гурав дахь нь сонгуулийн өмнөх эвслийг хүлээн зөвшөөрөх ч намаас илүү өндөр босго тогтоодог загвар байна. Тухайлбал, Бүгд Найрамдах Итали Улсын сонгуулийн холимог (зэрэгцээ) тогтолцоонд хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгогдохын тулд нэг намд 3 хувь, эвсэлд 10 хувийн босго, Бүгд Найрамдах Польш Улсын парламентын доод танхимыг хувь тэнцүүлэн сонгоход нэг намд 5 хувь, эвсэлд 8 хувийн босго тавигддаг бөгөөд энэ хоёр улсын хувьд хэдэн нам нэгдсэнээс үл хамааран эвсэлд адил босго тогтоодог байна. Түүнчлэн Бүгд Найрамдах Чех Улсын доод танхимыг хувь тэнцүүлэн сонгоход нэг намд тавигдах босго 5 хувь, харин эвсэлд нэгдсэн нам бүрийн тоогоор 5 хувийн нэмэлт босго тогтоосон нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн шүүхээс шийдвэрлэсэн байна (2021.02.02, №44/17). Улмаар 2021 оны сонгуулиар тус улсад нэг намд 5 хувь, хоёр намын эвсэлд 8 хувь, гурван намын эвсэлд 11 хувь болгон босгыг бууруулжээ.
Дээрхээс үзэхэд, сонгуулийн өмнөх эвслийг хүлээн зөвшөөрдөггүй загвар нь парламентын сонгуульд гээгдэх саналын тоог ихэсгэх сөрөг нөлөөтэй байна. Сонгуулийн өмнөх эвслийг хүлээн зөвшөөрч намтай адил босго тогтоох загвар нь Монгол Улсад 2011, 2015 оны холбогдох сонгуулийн хуульд туссан байсан бөгөөд энэ нь нам хэт хуваагдах, намын босгыг давах зорилгоор намууд сонгуулийн өмнөх эвсэл байгуулах, суудал авсны дараа задрах, намын босгын нөлөөг сулруулах, хэт олон нам суудал авсны улмаас Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх боломж хумигдахад нөлөөлж болзошгүй. Харин сонгуулийн өмнөх эвслийг хүлээн зөвшөөрч, эвсэлд намын босгоос өндөр, тухайлбал хоёр намын эвсэлд 5, гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэлд 7 хувийн босго тогтоох зохицуулалт нь олон улсын сайн туршлагад нийцсэн, бага хэмжээнд байх тул одоогийн сонгуулийн холимог тогтолцооны хувьд зайлшгүйгээс хэтэрсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
3.2.3.Тэнцвэртэй эсэх
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд Үндэсний эвсэл 75,196 санал авч, 5 хувь (72,759 санал)-ийн босгыг давсан тул 4 суудал авсан бол Шинэ нэгдсэн эвсэл 69,682 санал (нийт саналын 4.8 хувь) авч, босгыг даваагүй тул суудал аваагүй байна. Сонгогч бүр нам, эвслийн жагсаалтад нэг санал өгсөн тул тоологдох үнэ цэн алдагдаагүй байх боловч 5 хувийн босго даваагүй эвсэлд суудал хуваарилаагүй тул энэ босгыг даваагүй эвсэлд өгсөн 69,682 саналын амжилт олох үнэ цэн алдагджээ.
Эвсэлд намаас илүү өндөр босго тогтоосон нь намд тавих босгын нөлөөг сулруулах, хэт олон нам суудал авахаас сэргийлж, Улсын Их Хурал Үндсэн хуульд заасан чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх чадавхыг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулсан байна. Энэ нь босго даваагүй эвсэлд өгсөн санал (69,682)-ын амжилт олох үнэ цэнийг алдагдуулсан сөрөг үр дагавраас илүү дээгүүр тул тэнцвэртэй байх шалгуур зөрчигдөөгүй байна. Түүнчлэн Монгол Улсад сонгуулийн өмнөх эвслийг хориглоогүй бөгөөд хоёр намын эвслийн 5, гурван намын эвслийн 7 хувийн босго нь хэт өндөр биш тул эвсэл суудал авах буюу амжилт олох боломжийг бүрэн хаагаагүй, нам болон эвслийн босго хооронд хэт зөрүү үүсгээгүй байна.
Эвсэлд тавих босгыг хэт өндөрсгөх нь намууд сонгуулийн өмнө эвсэх боломжийг үгүйсгэх, саналын амжилт олох үнэ цэнийг алдагдуулж тэгш сонгох эрхийг зөрчих эрсдэлтэй. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд "намын болон эвслийн босгын зөрүү хэт их болж, эвсэлд санал өгсөн сонгогчдын саналын тэгш эрх хангагдахгүй хэмжээнд хүрвэл сонгогчдын санал тэгш байх зарчим алдагдах эрсдэлтэй." гэж тайлбарласан байна (2025.02.24, х. 24).
Дөрөв. Босго даваагүй нам, эвслийн авсан саналын хувьд ногдох үлдэгдэл суудал хуваарилах тухай
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь тэгш сонгох эрхийг зөрчсөн эсэхийг эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчмын дагуу шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
4.1.Эрх зүйн тодорхой байдлыг хангасан эсэх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад "энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;" гэж заасан нь эрх зүйн тодорхой байдлыг хангасан байна. Тус заалтын "74.2-т заасан шаардлага хангасан" гэдэгт нам, эвсэл холбогдох босгыг давсан байх агуулга багтана. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь босго даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг босго давсан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцохоор хоёрдмол утгагүй ойлгогдож байх тул түүний үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, үйл ажиллагаагаа нийцүүлэх боломжтой байна. Түүнчлэн Сонгуулийн ерөнхий хороо холбогдох мэдээлэлд үндэслэн энэ агуулгаар босго давсан нам, эвсэлд ногдох саналын хувийг гаргахаар тодорхой, нарийвчлан зохицуулсан тул үзэмжээрээ, эсхүл дур мэдэн тооцоолох эрсдэлийг бууруулсан байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнг тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.1 дэх заалтад "санал хураалтын дүнг үндэслэн нам, эвсэл тус бүрээр авсан саналынх нь тоо, хувиар дараалалд оруулан жагсаалт гаргана;" гэж заасны дагуу жагсаахад Монгол ардын нам 509,482 санал буюу 35 хувь, Ардчилсан нам 438,506 санал буюу 30.1 хувь, ХҮН нам 151,111 санал буюу 10.4 хувь, Үндэсний эвсэл 75,196 санал буюу 5.2 хувь, Иргэний зориг ногоон нам 73,006 санал буюу 5.0 хувь авсан байна. Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтын дагуу тооцоход нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын тоо 1,455,188 (100 хувь), харин босго давсан нам, эвслийн авсан нийт саналын тоо 1,247,301 (85.7 хувь) байх тул тэдгээрийн хоорондын зөрүү 207,887 санал (14.3 хувь) болно. Босго давсан нийт 5 нам, эвсэл байх тул тус бүрийн авсан санал дээр босго даваагүй нам, эвсэлд өгсөн 207,887 саналыг тэнцүү хэмжээгээр хувааж, гарсан тоо болох 41,577.4 санал буюу 2.9 хувийн зөрүүг нэмж тооцжээ. Ийнхүү нэмж тооцоход Монгол ардын намын саналын тоо 551,059.4 буюу 37.9 хувь, Ардчилсан намын саналын тоо 480,083.4 буюу 33.0 хувь, ХҮН намын саналын тоо 192,688.4 буюу 13.2 хувь, Үндэсний эвслийн саналын тоо 116,773.4 буюу 8.0 хувь, Иргэний зориг ногоон намын саналын тоо 114,583.4 буюу 7.9 хувь болсон байна.
4.2.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой.
4.2.1.Хууль ёсны зорилгод хүрэхэд уялдсан эсэх
Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмж тооцохоор хуульчилсан нь сонгогчдын саналыг гээхгүй байх зорилготой гэж хууль тогтоогч үзжээ. Тухайлбал, хуулийн төслийг хэлэлцэх үед босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналыг "хаяхгүй, гээхгүй" байхын тулд тэдгээр саналын хувийг босго давсан нам, эвсэлд "хуваах, олгох"-оор зохицуулж байгаа бөгөөд ийм жишиг олон улсад байдаг хэмээн тайлбарласан байна (Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2023.04.13, х. 84-86). Мөн Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч "сонгуулийн олныг төлөөлөх тогтолцооны үед тодорхой тойрогт өрсөлдөж ялагдсан нэр дэвшигчид сонгогчийн өгсөн санал шууд гээгддэг бол хувь тэнцүүлэх замаар суудал хуваарилснаараа иргэдийн санал үнэгүйдэхээс сэргийлэх зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад тусгасан" гэж эдгээр дөрвөн заалтыг хамтад нь дүгнэжээ (2024.11.18, УИХ-03/5791, х. 7).
Гээгдсэн санал гэдэг нь парламентад төлөөлөлгүй үлдсэн саналыг хэлнэ. Хуулиар босго тогтоосноор уг босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын дагуу суудал хуваарилахгүй тул эдгээр санал нь гээгдэнэ. Өөрөөр хэлбэл, босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналд харгалзах суудлыг босго давсан нам, эвсэлд хэрхэн хуваарилснаас үл хамааран эдгээр санал гээгдэх үр дагавартай. Суудал хуваарилах бүх аргачлал нь тодорхой тооны санал суудал хуваарилалтад тооцогдохгүй үлдэх буюу гээгдэхээс сэргийлж чадахгүй.
Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтын дагуу босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмж тооцох нь босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналыг суудал хуваарилахад тооцож буй явдал биш тул саналыг гээхгүй байх зорилготой гэж үзэх боломжгүй юм. Албан ёсны босгыг хуульчилснаар босго даваагүй нам, эвсэлд авсан саналаар нь суудал хуваарилахгүй тул эдгээр санал гээгдэнэ. Харин эдгээр саналын хувийг босго давсан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр нэмж тооцох нь хуваарилагдаагүй үлдсэн суудлыг хуваарилах агуулгатай байна. Үүнийг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн мэргэжлийн дүгнэлтэд "хууль тогтоох байгууллагын энэ өвөрмөц шийдэл нь гээгдэх саналын хэмжээг дахин хуваарилах шийдвэр бус, харин саналын пропорцыг өөрчилсөн үр дагавартай шийдвэр юм" гэж тайлбарлажээ (2025.02.24, х. 32).
2023 онд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцооны хувилбараас зэрэгцээ тогтолцоог авч, Улсын Их Хурлын нийт гишүүний 62 хувийг олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос олныг төлөөлөх аргаар сонгохоор зохицуулсны улмаас олныг төлөөлөх аргын нөлөө илүү өндөр байхаар байна. Энэ нь их санал авсан намд давуу байдал үүсгэх төдийгүй хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар явуулах сонгуулийн саналын босгын нөлөөг өсгөж байна. Иймд босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэх нь олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулах, улмаар сонгуулийн холимог тогтолцоонд олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэх хууль ёсны зорилготой гэж үзэхээр байна. Хууль тогтоох байгууллага нь Үндсэн хуулиар зөвшөөрсөн хязгаарын дотор олныг төлөөлөх арга болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэх зохицуулалтыг хуульчлах бүрэн эрхтэй.
Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь хувь тэнцүүлэн хуваан нэмэх зохицуулалтыг хуульчилбал их санал авсан намд илүү ашигтай болж, Улсын Их Хуралд эдгээр намын төлөөлөл нэмэгдэх, бусад намын төлөөлөл буурах үр дагавар үүснэ. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээс үзэхэд босго даваагүй нам, эвслийн авсан саналын хувь 14.3 (207,887 санал) байжээ. Энэхүү хувийг босго давсан нам, эвсэлд хувь тэнцүүлэн хувааж нэмсэн бол эдгээр нам, эвслийн авсан саналын хувийг 100 хувьд дүйцүүлэн түүний 40.84 хувь буюу 84,901 саналыг Монгол ардын намд, 35.12 хувь буюу 73,015 саналыг Ардчилсан намд, 12.14 хувь буюу 25,228 саналыг ХҮН намд, 6.07 хувь буюу 12,614 саналыг Үндэсний эвсэлд, 5.83 хувь буюу 12,129 саналыг Иргэний зориг ногоон намд нэмж тооцож, улмаар Монгол ардын нам 19, Ардчилсан нам 17, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 суудал тус тус авч, хамгийн их санал авсан эхний хоёр намд давуу тал үүсгэхээр байжээ.
Босго даваагүй нам, эвслийн авсан саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмснээр хоёр суудал Монгол ардын нам болон Ардчилсан намд бус, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон намд тус бүр нэг нэгээр нэмэгдэж, Улсын Их Хурал дахь гуравдагч нам, эвслийн төлөөллийг дэмжсэн байна. Өөрөөр хэлбэл, тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтын дагуу бага санал авсан намд илүү суудал хуваарилагдах үр дагавар үүссэн байх тул сонгуулийн холимог тогтолцооны хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг нэмэгдүүлж, олныг төлөөлөх аргын сөрөг талыг тэнцвэржүүлэхэд үйлчилж байна. Энэ нь их санал авсан цөөн намын давамгайллыг саармагжуулах замаар шийдвэр гаргах түвшинд нам, нийгмийн бүлгийн оролцоог хангах, парламентын төлөөлөх чадамжийг нэмэгдүүлэх 2023 оны Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн ерөнхий зорилгод үйлчлэхээр байна.
4.2.2.Хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй эсэх
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт босго тогтоосон учраас уг босгыг давсан нам, эвсэлд суудал хуваарилж, түүнийг даваагүй нам, эвсэлд суудал хуваарилахгүй. Гэтэл Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно гэж заасан учраас босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналд дүйцэх үлдсэн суудлыг заавал хуваарилах шаардлагатай. Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь нэмж тооцохдоо тэнцүү хэмжээгээр, эсхүл хувь тэнцүүлэн хуваан нэмэх гэсэн хоёр загвар байх боломжтой бөгөөд эдгээрийн аль алийг нь Монгол Улс хуульчилж байжээ.
Нэг дэх буюу босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэх загвар нь Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар хэрэгжиж, үүний үр дүнд Үндэсний эвсэл болон Иргэний зориг ногоон намд тус тус 1 суудал нэмж хуваарилагдсан байна. Энэ загвар нь бага санал авсан намд илүү ашигтай, одоогийн сонгуулийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулж, тэнцвэржүүлсэн байна. Түүнчлэн 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.2 дахь заалтад босго даваагүй нам, эвслийн авсан саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр одоогийн зохицуулалттай адил агуулгаар тусгаж, энэ загварыг Улсын Их Хурлын 2012 оны ээлжит сонгуульд хэрэглэжээ.
Хоёр дахь буюу босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь хувь тэнцүүлэн хувааж нэмэх загвар нь их санал авсан намд илүү ашигтай байхаар байна. Учир нь энэ загвар олныг төлөөлөх аргын нөлөөг улам нэмэгдүүлэх замаар их санал авсан намын давамгайллыг хадгалах, шийдвэр гаргах түвшинд нам, нийгмийн бүлгийн оролцоог хумих, парламентын төлөөлөх чадамжийг бууруулахаар байна. Энэ загварыг 2015 оны Сонгуулийн тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.2 дахь заалтад "энэ хуулийн 134.1.1-д заасан таван хувийн босгыг даваагүй, олонхийн сонгуулиар нэгээс доошгүй суудал авсан нам, эвслийн авсан нийт саналын хувийг "Б" жагсаалтад орсон нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр хувь тэнцүүлэн нэмж тооцох;" гэж тусгасан байжээ. Гэвч Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтээр хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн гэж шийдвэрлэснийг Улсын Их Хурал хүлээн авч холбогдох зохицуулалтыг хүчингүй болгосон.
Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч "Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь Үндсэн хуульд заасан "хувь тэнцүүлэн төлөөлөх арга"-тай зөрчилдсөн байж болзошгүй" гэжээ (2024.11.22, УИХ-03/6085). Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурлын ... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж заасан тул сонгуулийн хууль энэ шаардлагыг хангах ёстой. "Хувь тэнцүүлэн төлөөлөх арга" гэдэг нь сонгуулийн тогтолцооны пропорционал төлөөллийг илэрхийлсэн орчуулга мөн (харин үндсэн эрхийг хязгаарлахад баримтлах ёстой "пропорционал байх зарчим"-ыг "тохирсон байх зарчим" гэж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт буулгаж хэвшүүлсэн). Энэ нь ард түмний бүрэн эрхт байдал, төлөөллийн ардчилал, сонгуулийн зарчмын дагуу тайлбарлагдах ойлголт бөгөөд түүний агуулга Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар тодорхойлогдохгүй юм. Өөрөөр хэлбэл, "хувь тэнцүүлэн төлөөлөх арга"-ыг хуулиар тодорхойлж болох боловч энэ нь Үндсэн хуулийн шаардлагад нийцсэн байх учиртай.
Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоход босго давсан нам, эвсэлд авсан саналынх нь хувьтай дүйх суудлыг хуваарилах нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн шаардлага бөгөөд хэрэв ийнхүү авах ёстой хувиас цөөн суудал хуваарилбал хувь тэнцүүлэн төлөөлөх аргын мөн чанарыг алдагдуулна. Тухайлбал, Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээс үзэхэд нам, эвслийн авсан саналыг хувь тэнцүүлэн суудлын тоонд шилжүүлбэл Монгол ардын нам 48 суудлын 35 хувь буюу 16 суудал, Ардчилсан нам 30.1 хувь буюу 14 суудал, ХҮН нам 10.4 хувь буюу 4 суудал, Үндэсний эвсэл 5.2 хувь буюу 2 суудал, Иргэний зориг ногоон нам 5 хувь буюу 2 суудал тус тус авах эрхтэй. Босго даваагүй нам, эвсэлд суудал хуваарилаагүйгээс үүдэн үлдсэн 10 суудлыг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийн дагуу эдгээр нам, эвсэлд нэмж хуваарилан эцсийн дүнгээр Монгол ардын нам 18, Ардчилсан нам 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудлыг Улсын Их Хуралд авчээ. Босго давсан эдгээр нам, эвсэлд өөрийн авсан саналын эзлэх хувиас доогуур хувиар суудал хуваарилаагүй төдийгүй 2 суудлыг тус бүр нэмэлтээр хуваарилсан байх тул хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох шаардлага зөрчигдөөгүй байна.
Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр, эсхүл хувь тэнцүүлэн хувааж нэмэх хоёр загварын алийг нь хэрэглэснээс үл хамааран саналын амжилт олох үнэ цэн ноцтой алдагдахгүй. Энэ хоёр загварын аль нь ч босго давсан нам, эвслийн авсан саналын нийт саналд эзлэх хувийнхаа дагуу авах суудлын тоог бууруулахгүй тул эдгээр нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэнд ялгаа үүсгэхгүй байна. Түүнчлэн босго тогтоосноор босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэн алдагдах боловч тус хоёр загварын алийг нь хэрэглэсэн эсэхээс үл шалтгаалан босго даваагүй нам, эвсэлд өгсөн санал нэгэнт гээгдэх учраас тэдгээр саналын амжилт олох үнэ цэнд уг загвараас хамаарсан өөрчлөлт орохооргүй байна.
Хувь тэнцүүлэн төлөөлөх сонгуульд босго тогтоосон бусад улсын хувьд босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг орхиж, босго давсан нам, эвслийн авсан саналыг нийт саналд тооцон түүнээс хувь тэнцүүлэн суудал хуваарилж сонгуулийн дүнг гаргадаг байна. Энэ нь босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналыг хувь тэнцүүлэн хувааж нэмэх загвартай адил үр дагавартай. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалтад заасантай адил босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хувааж нэмдэг загвар бусад улсад байдаг эсэх баримт энэхүү маргааныг хуралдаанд бэлтгэх хүрээнд олдоогүй. Гэвч Үндсэн хуулийн цэцээс томилсон шинжээч, мэргэжилтэн нар энэ загварыг Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулахад тохирсон бөгөөд тус зохицуулалтаас илүү бага санал авсан намд ээлтэй загвар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ (Мэргэжлийн дүгнэлт, 2025.02.24, х. 28, 33-34; Шинжээчийн дүгнэлт, 2025.02.18, х. 17-18; Нэмэлт тайлбар, 2025.11.17, х. 2).
4.2.3.Тэнцвэртэй эсэх
Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хувааж нэмэх нь хувь тэнцүүлэн хувааж нэмэх зохицуулалтаас илүү их санал авсан намд ногдох суудлын тоог бууруулах үр дагавартай байна. Гэвч бага санал авсан намын Улсын Их Хурал дахь төлөөллийг нэмэгдүүлэх замаар олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэх ашиг сонирхол нь их санал авсан намд үүсгэх сөрөг үр дагавраас илүү чухал байна. Тодруулбал, босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг тэнцүү хэмжээгээр хувааж нэмснээр хувь тэнцүүлэн хувааж нэмсэнтэй харьцуулахад их санал авсан хоёр нам тус бүрд 1 суудал дутуу хуваарилагдаж ашиггүй үр дагавар үүссэн байх боловч энэ нь одоогийн сонгуулийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын сул талыг эдгээр намд бий болсон давуу талтай тэнцвэржүүлж байна.
Дээр дурдсанчлан их санал авсан намын анхны саналын хувиас бууруулалгүйгээр суудлыг хуваарилсан байх бөгөөд хоёр суудлын зөрүүг харьцангуй бага өөрчлөлт гэж үзнэ. 2011 оны Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэхээр зохицуулсан нь "нийт дүнгээрээ сонгуулийн дүнд нөлөөлөхүйц хэмжээнд байгаагүй" учраас маргаан гараагүй хэмээн хуулийн төсөл хэлэлцэх үед дүгнэж байжээ (Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2023.04.13, х. 86). Иймд олныг төлөөлөх аргын сөрөг нөлөөг бууруулж, бага санал авсан намын төлөөллийг нэмэгдүүлэх ашиг сонирхол нь их санал авсан намд үүсэх сөрөг үр дагавартай харьцуулахад илүү дээгүүр тавигдах учраас тэнцвэртэй байх шалгуурыг хангасан байна.
4.3.Шууд сонгох эрхийн тухайд
Иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн өргөдөл, мэдээлэл болон Дунд суудлын хуралдааны явцад гаргасан тайлбарт маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд сонгох эрхийн үндсэн дээр ... сонгоно." гэж заасныг зөрчсөн гэжээ. Шууд сонгох эрх гэж "Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг" ойлгоно (Цэцийн дүгнэлт, 2016, №05).
Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмж тооцох нь үлдсэн суудлыг хуваарилахад уг саналын хувийн нөлөөг хэрэглэсэн гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь сонгогчийн саналыг бусдад шилжүүлсэн хэрэг бус, харин үлдсэн суудлыг хуваарилахад босго даваагүй нам, эвслийн авсан саналын хувийг нөлөөтэй болгосон шинжтэй байна. Иймд сонгогч өөрийн саналыг аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн гаргах агуулгыг өөрчлөөгүй тул шууд сонгох эрхийг хөндөөгүй байна.
Тав. Суудлыг хувь тэнцүүлэн хуваарилах зарчмын тухай
Хуулиар тогтоосон босго давсан нам, эвсэлд суудал хуваарилсны дараа зарим суудал хуваарилагдаагүй үлдэх тул эдгээр үлдсэн суудлыг босго давсан нам, эвсэлд нэмж хуваарилах шаардлага үүсдэг. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар явуулсан сонгуулийн дүнд тулгуурлан парламентын суудал хуваарилахад дийлэнхдээ дээд дунджийн, эсхүл их үлдэгдлийн зарчмын нэгийг хэрэглэдэг байна. Дээд дунджийн зарчмаар сонгогчдын саналыг суудалд хуваарилахдаа намын авсан саналыг тодорхой цуврал хуваагчид хувааж, авах суудлын тоог тогтоодог бөгөөд энэ нь их санал авсан намд илүү ашигтай. Энэ зарчмын дагуу хамгийн түгээмэл хэрэглэгддэг нь Хондтын болон Сэйнт Лэгуёгийн арга юм. Хондтын арга нь нам, эвсэлд өгсөн саналыг 1, 2, 3 гэх мэт тоонд дараалуулан хувааж суудлыг хуваарилдаг. Харин Сэйнт-Лэгуёгийн арга нь нам, эвсэлд өгсөн саналыг 1, 3, 5 гэх мэт тоонд дараалуулан хувааж суудлыг хуваарилдаг. Их үлдэгдлийн зарчим нь дээд дунджийн зарчмыг бодвол бага санал авсан намд илүү ашигтай. Их үлдэгдлийн зарчим нь Харе, эсхүл Дрүүпийн аргаар ихэнхдээ хэрэгждэг. Харегийн арга нь нийт хүчинтэй саналын тоог тухайн сонгуулийн тойрогт ногдох суудлын тоонд хувааж тодорхойлдог. Дрүүпийн арга нийт хүчинтэй саналын тоог тухайн сонгуулийн тойрогт ногдсон суудлын тоон дээр нэгийг нэмсэн дүнд хуваадаг байна.
Монгол Улсад хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар Улсын Их Хурлын 48 гишүүнийг сонгохдоо суудлыг дараах байдлаар хуваарилахаар заасан. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь заалтад "энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;" гэж, 74.3.4 дэх заалтад "энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;" гэж, 74.3.5 дахь заалтад "энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;" гэж зохицуулсан.
Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3 дахь заалтын дагуу нийт саналын тоо буюу 1,455,188-ыг 48-д хуваахад нэг суудалд ногдох саналын тоо 30,316.4 буюу 2.1 хувь болно. Мөн зүйлийн 74.3.4 дэх заалтын дагуу дээрх 2.9 хувийн зөрүүг нэмж тооцон нам, эвслийн авсан саналын хувийг нэг суудалд ногдох саналын хувь буюу 2.1-т хувааснаар бутархай нарийвчлалтай суудлын тоо гарна. Тооцож үзвэл, Монгол ардын нам 18, Ардчилсан нам 15, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 3, Иргэний зориг ногоон нам 3 суудал авна. Мөн зүйлийн 74.3.5 дахь заалтын дагуу хуваарилагдаагүй үлдсэн суудлыг хамгийн их үлдэгдэлтэй нам, эвсэлд хувааснаар Ардчилсан намд 1, Үндэсний эвсэлд 1, Иргэний зориг ногоон намд 1 суудал тус тус нэмэгдэж, улмаар Монгол ардын нам 18, Ардчилсан нам 16, ХҮН нам 6, Үндэсний эвсэл 4, Иргэний зориг ногоон нам 4 суудал авсан байна. Ийнхүү мөн зүйлийн 74.3.6 дахь заалтад "Сонгуулийн ерөнхий хороо энэ хуульд заасны дагуу нам, эвслээс ирүүлсэн нэр дэвшигчдийн жагсаалтыг үндэслэн энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу хуваарилсан суудлын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно." гэж заасны дагуу Монгол ардын намын 18, Ардчилсан намын 16, ХҮН намын 6, Үндэсний эвслийн 4, Иргэний зориг ногоон намын 4 нийт 48 нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцжээ (Сонгуулийн ерөнхий хороо, 2024.08.02, №1/722).
Дээрхээс үзвэл, тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад их үлдэгдлийн зарчим, Харегийн аргыг ашиглан суудал хуваарилахаар хуульчилсан нь хууль тогтоогчийн бүрэн эрхийн хүрээнд багтаж байна. Энэ зарчим, арга нь хувь тэнцүүлэн төлөөлөх сонгуулийн дүнгээр суудал хуваарилахад нийтлэг ашиглагддаг бөгөөд бага санал авсан намд илүү давуу тал үүсгэхээр байна. Түүнчлэн тус зохицуулалт нь суудлыг хувь тэнцүүлэн хуваарилах зарчим, аргыг нэг мөр болгох замаар эрх зүйн тодорхой байдлыг хангахад үйлчлэх бөгөөд үндсэн эрхийг хязгаарласан шинжгүй байх тул Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй байна.
Зургаа. Нам, эвсэлд тавигдах бусад шаардлагын тухайд
Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтоох бүрэн эрхийг хууль тогтоогч хэрэгжүүлэх боловч энэ нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, ардчилсан сонгуулийн зарчим төдийгүй үндсэн эрхийг хязгаарлахад тавигдах шаардлагад нийцэх учиртай. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1 дэх заалтад Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгох тойрогт ногдох нийт мандатын 50 буюу түүнээс дээш хувьд нь нэр дэвшүүлсэн байх шаардлагыг хуульчилжээ. Энэ шаардлагыг хангасан эсэхийг Улсын Их Хурлын сонгуулийн санал хураалт явагдахаас өмнө олныг төлөөлөх тойрогт нам, эвслээс нэр дэвшигчээ зарласан даруй мэдэх боломжтой тул урьдчилсан шаардлага гэж ойлгохоор байна. Гэтэл уг шаардлагыг сонгуулийн санал хураалт дууссаны дараа суудал хуваарилах үед хэрэглэгдэхээр хуульчилжээ. Үүний улмаас хэдийгээр босгыг давсан ч уг шаардлагыг хангаагүй тохиолдолд тухайн нам, эвсэлд суудал хуваарилагдахгүй үлдэхээр байна.
Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн дүнгээс үзэхэд Монголын ардчилсан либерал нам 2,820, Эх орончдын нэгдсэн нам 2,168, Монголын социал демократ нам 1,531, Монголконсерватив нам 1,485 санал буюу нийтдээ 8,004 санал авсан байх боловч эдгээр нам нь тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.1 дэх заалтад заасан Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх аргаар сонгох тойрогт ногдох нийт мандатын 50, эсхүл түүнээс дээш хувь (39 мандат)-д нь нэр дэвшүүлсэн байх шаардлагыг хангаагүй байна (Шинжээчийн дүгнэлт, 2025.02.18, х. 17). Эдгээр нам нь босго давсан ч уг шаардлагыг хангаагүй тул суудал хуваарилагдахгүй байсан бөгөөд бусад нам, эвсэлд өгөх боломжтой байсан саналын тоог бууруулахад мөн нөлөөлжээ. Уг шаардлагыг санал хураалтыг явуулахаас өмнө хангасан эсэхийг тогтоох боломжтой тул хэдийн санал хураалт явуулж сонгогчдын саналыг авсны дараа тогтоож, суудал хуваарилах нь тэдгээр саналыг үнэгүйдүүлэх үр дагавартай болохыг тэмдэглэж байна.
Нэгтгэн дүгнэвэл
Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, 126 гишүүний 48-ыг нь хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгох хүрээнд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2, 74.2.3, 74.2.4 дэх заалтаар нам, эвсэлд босго тогтоож, мөн зүйлийн 74.3.2, 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтаар холбогдох босгыг давсан нам, эвсэлд суудал хуваарилах, санал хураалтын дүнг гаргахаар зохицуулсан байна. Энэ зохицуулалт нь дараах үндэслэлээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Хорин нэгдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна:
1.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг хэрэглэх үед парламентад суудал авахын тулд нийт сонгогчийн саналаас тооцоолсон заавал авах саналын хувийг босго болгон тогтоодог. Босго тогтоосноор тухайн босго даваагүй нам, эвсэлд өгсөн санал гээгдэж суудал хуваарилалтад нөлөөлөхгүй тул босго давсан болон даваагүй нам, эвсэл хооронд ялгаа үүсгэж, тэгш сонгох эрхийг хөндөж байна. Тэгш сонгох эрх нь сонгогч бүрийн саналын "тоологдох үнэ цэн" болон "амжилт олох үнэ цэн" зарчмын хувьд адил байх агуулгатай. Тоологдох үнэ цэн нь сонгогч бүр адил тооны санал өгөх утгыг илэрхийлэх бол амжилт олох үнэ цэн нь сонгогчийн өгсөн санал суудалд хөрвөхөд адил нөлөөтэй байх утгатай. Хувь тэнцүүлэн төлөөлөх аргын хувьд сонгогчийн өгсөн нийт саналын амжилт олох үнэ цэн адил байхыг шаардах ч маргаан бүхий зохицуулалтаар босго тогтоосноор саналын амжилт олох үнэ цэнд ялгаа үүссэн байна. Гэвч энэхүү ялгаа нь зохих үндэслэлтэй байх бөгөөд эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчимд нийцжээ:
1.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтаар "намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 ...", 74.2.3 дахь заалтаар "хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 ...", 74.2.4 дэх заалтаар "гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 ...", эсхүл түүнээс дээш хувийн санал авсан тохиолдолд суудлыг хувь тэнцүүлэн хуваарилахаар заасан нь хоёрдмол утгагүй, тодорхой байх бөгөөд үүний үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, зан үйлээ нийцүүлэх боломжтой байна.
1.2.Тохирсон байх зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангах ёстой.
1.2.1.Хувь тэнцүүлэн төлөөлөх арга нь суудлын эзлэх хувийг янз бүрийн нам, эвсэлд өгсөн саналын эзлэх хувьтай аль болох ойртуулдаг тул бага санал авсан олон нам суудал авах, Улсын Их Хуралд олонх бүрдэхгүй болох, улмаар Засгийн газрыг эмхлэн байгуулах, хууль батлах, хуулийн биелэлтийг хянан шалгах зэрэг чиг үүргээ хэрэгжүүлэх чадваргүй болох эрсдэлтэй. Энэ эрсдэлийг бууруулах үүднээс босго тогтоон тухайн босгыг даваагүй нам, эвсэлд суудал хуваарилаагүй нь хэт олон нам суудал авахаас сэргийлэх, Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бий болгоход чиглэсэн байна. Түүнчлэн эвсэлд намынхаас өндөр босго тогтоосон нь намын босгын нөлөөг сулруулахгүй байх, нам хэт хуваагдахаас сэргийлэх нэмэлт зорилгод үйлчилж байна.
1.2.2.Нам, эвсэлд тавих одоогийн босго нь саналын амжилт олох үнэ цэнийг хамгийн бага алдагдуулсан байх тул зайлшгүй байх шалгуур хангагдсан байна. Монгол Улс хувь тэнцүүлэн төлөөлөх аргыг 1990, 2011, 2015 онд хуульчлахдаа нам, эвслийн босгыг ялгалгүйгээр 5 хувь байхаар тогтоож байжээ. 2023 онд намын босгыг 4 хувь болгон бууруулж, эвслийн босгыг өндөрсгөсөн бөгөөд бусад ардчилсан улсад намын босгыг 3-5 хувиар тогтоох нь үр дүнтэй, зохистой түвшинд тооцогддог байна. Хоёр намын эвсэлд 5 хувийн босго тогтоосон нь өмнөх хуулиар нам, эвсэлд тавьж байсантай адил байх бөгөөд нэг намд тавих одоогийн босгоос ганц хувиар илүү байна. Гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэлд 7 хувийн босго тогтоосон нь намд тавих босгоос 3 хувиар, хоёр намын эвсэлд тавих босгоос 2 хувиар илүү байна. Монгол Улсыг бусад улстай харьцуулахад эвсэлд тавьж буй эдгээр босго нь хамгийн бага түвшинд байна.
1.2.3.Босгыг тогтоосон зохицуулалт нь тэнцвэртэй байх шалгуурыг хангасан байна. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвсэл оролцсоноос намд тавих 4 хувийн босгыг 4 нам, хоёр намын эвсэлд тавих 5 хувийн босгыг 1 эвсэл хангаж суудал хуваарилсан байх бөгөөд гурав, эсхүл түүнээс дээш намын эвсэл тус сонгуульд оролцоогүй байна. Ийнхүү хэт олон нам, эвсэл суудал аваагүй нь нам хуваагдах, намын босгын нөлөөг сулруулахаас сэргийлэхэд хувь нэмэр оруулж, Улсын Их Хурал чиг үүргээ үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Энэ нөхцөл нь босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын амжилт олох үнэ цэнийг алдагдуулсан сөрөг үр дагавраас илүү дээгүүр байна. Түүнчлэн одоогийн босго нь хэт өндөр биш тул өрсөлдөх чадвартай нам, эвсэл суудал авах боломжийг хаагаагүй, нам болон эвслийн босго хооронд хол зөрүү үүсгээгүй байна.
2.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх зарчмыг хангаж байна:
2.1.Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.2 дахь заалт нь босго даваагүй нам, эвслийн авсан нийт саналын хувийг босго давсан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцохоор хоёрдмол утгагүй ойлгогдож байх тул түүний үр дагаврыг сонгогч, нам, эвсэл, нэр дэвшигч урьдчилан таамаглаж, үйл ажиллагаагаа нийцүүлэх боломжтой байна. Иймд энэ зохицуулалт нь эрх зүйн тодорхой байдлыг хангаж, эрх бүхий этгээд үзэмжээрээ, эсхүл дур мэдэн тооцоолох эрсдэлийг бууруулжээ.
2.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн гурван шалгуурыг хангахыг тохирсон байх зарчим шаардана.
2.2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр сонгуулийн холимог тогтолцооны хувилбараас зэрэгцээ тогтолцоог хуульчилж, Улсын Их Хурлын нийт гишүүний 62 хувийг олон мандаттай, бүсчилсэн 13 тойргоос сонгохоор зохицуулсны улмаас олныг төлөөлөх аргын нөлөө өндөр байна. Энэ нь их санал авсан намд давуу байдал үүсгэх төдийгүй хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар явуулах сонгуулийн саналын босгын нөлөөг ихэсгэнэ. Иймд босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмж тооцох нь бага санал авсан намд илүү ашигтай тул олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэхэд үйлчилж байна.
2.2.2.Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгохоор хуульчилсан учраас босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналд дүйцэх үлдсэн суудлыг заавал хуваарилах бөгөөд ийнхүү хуваарилах хоёр загвар байна. Тухайлбал, босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэх загвар нь бага санал авсан намд илүү ашигтай, одоогийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулахаар байна. Харин эдгээр саналын хувийг босго давсан нам, эвсэлд хувь тэнцүүлэн хувааж нэмэх загвар нь олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг улам нэмэгдүүлэх, их санал авсан намын давамгайллыг хадгалах, шийдвэр гаргах түвшинд нам, нийгмийн бүлгийн оролцоог хумих, парламентын төлөөлөх чадамжийг бууруулахаар байна. Энэ хоёр загварын алийг нь хэрэглэснээс үл хамааран саналын амжилт олох үнэ цэнийг ноцтой алдагдуулаагүй тул зайлшгүй байх шалгуур зөрчигдөөгүй гэж үзнэ.
2.2.3.Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хувааж нэмэх зохицуулалт нь хувь тэнцүүлэн хувааж нэмэх зохицуулалттай харьцуулахад их санал авсан намд ногдох суудлын тоог бууруулахаар байна. Гэвч бага санал авсан намд хуваарилах суудлын тоог зохистойгоор нэмэгдүүлэх замаар олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх аргын нөлөөг тэнцвэржүүлэх ашиг сонирхол нь их санал авсан намд үүсэх сөрөг үр дагавраас илүү чухал юм. Энэ нь одоогийн сонгуулийн холимог тогтолцооны олныг төлөөлөх аргын өндөр нөлөөгөөр их санал авсан намд бий болох давуу талыг саармагжуулахад ач холбогдолтой. Түүнчлэн их санал авсан намын анхны саналын хувиас бууруулалгүйгээр суудлыг хуваарилсан байх бөгөөд тус зохицуулалтын улмаас үүсэх суудлын зөрүү нь харьцангуй бага байх тул тэнцвэртэй байна.
2.3.Босго даваагүй нам, эвсэлд өгсөн саналын хувийг босго давсанд нь тэнцүү хэмжээгээр хуваан нэмэх нь сонгогчийн саналыг бусдад шилжүүлээгүй, харин үлдсэн суудлыг хуваарилахад уг саналын хувийн нөлөөг хэрэглэсэн байна. Иймээс уг зохицуулалт нь сонгогч өөрийн саналыг аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн гаргах агуулгыг өөрчлөөгүй тул шууд сонгох эрхийг хөндөөгүй байна.
3.Албан ёсны босго давсан нам, эвсэлд суудлыг хувь тэнцүүлэн хуваарилсны дараа зарим суудал хуваарилагдаагүй үлдэх тул эдгээр үлдсэн суудлыг босго давсан нам, эвсэлд нэмж хуваарилах шаардлага үүсдэг. Тус хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3.3, 74.3.4, 74.3.5 дахь заалтад их үлдэгдлийн зарчим, Харегийн аргыг ашиглан үлдсэн суудлыг хуваарилахаар заасан нь олон улсын сайн туршлагад нийцсэн байх бөгөөд бага санал авсан намд илүү давуу тал үүсгэж, олныг төлөөлөх аргын өндөр нөлөөг бууруулжээ. Энэ нь суудал хуваарилах аргыг нэг мөр болгох замаар эрх зүйн тодорхой байдлыг хангахад үйлчлэх бөгөөд үндсэн эрхийг хязгаарласан шинжгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2.2 дахь заалтад "намын тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;" гэж, 74.2.3 дахь заалтад "хоёр нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 5 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх;" гэж, 74.2.4 дэх заалтад "гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн тухайд нам, эвсэлд өгсөн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх." гэж, 74.3.2 дахь заалтад "энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвслийн авсан саналын хувь болон нийт нам, эвсэлд өгсөн хүчинтэй саналын хувь хоорондын зөрүүг энэ хуулийн 74.2-т заасан шаардлага хангасан нам, эвсэлд тэнцүү хэмжээгээр хуваан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувь дээр нэмж тооцно;" гэж, 74.3.3 дахь заалтад "энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан хувиудын нийлбэрийг 48-д хувааж нэг суудалд ногдох саналын тоо, хувийг тооцож гаргана;" гэж, 74.3.4 дэх заалтад "энэ хуулийн 74.3.2-т заасны дагуу тооцож гаргасан нам, эвсэл тус бүрийн авсан саналын хувийг энэ хуулийн 74.3.3-т заасны дагуу тооцож гаргасан нэг суудалд ногдох саналын хувьд хувааж, Улсын Их Хурлын гишүүний 48 суудлыг их үлдэгдлийн зарчмаар хувь тэнцүүлэн хуваарилна;" гэж, 74.3.5 дахь заалтад "энэ хуулийн 74.3.4-т заасны дагуу нэг суудалд ногдох саналын хувьд хуваахдаа бутархай нарийвчлалтай гаргаж, эхний ээлжид бүхэл хэсэгт нь тэнцэх суудлыг хуваарилах, хэрэв хуваарилагдаагүй суудал үлдвэл хамгийн их үлдэгдэлтэйгээс нь эхлэн нэг нэгээр суудлыг нам, эвсэлд нэмж хуваарилах зарчмаар бүх суудлыг хуваарилж дуусгана;" гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Ардчилсан ёс, шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтын "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. ... дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.", мөн зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж заасныг тус тус зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Ц.ЦОЛМОН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх