A

A

A

Бүлэг: 1979

ЭРЧИМ ХҮЧНИЙ ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ТОГТООЛ

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 703

Улаанбаатар хот

ТАРИФТ ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

  Эрчим хүчний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт, 9.2 дахь хэсэг, Агаарын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг, Засгийн газрын 2017 оны 199 дүгээр тогтоолоор баталсан "Гэр хорооллын өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.1, 2.2, 2.3, 2,4 дэх заалтыг тус тус үндэслэн Эрчим хүчний зохицуулах хорооноос ТОГТООХ нь:

1.Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Нийслэлийн болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын цагийн ялгаварт тарифт тоолууртай өрхийн хэрэглэсэн цахилгааны тарифыг бууруулж дараах хөнгөлөлтийг үзүүлэхийг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай. Үүнд:

1.1. 220 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон өрхийн нэг сарын хугацаанд оройны 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд хэрэглэсэн 1500 кВт.цаг хүртэлх цахилгааны тарифыг 100 хувиар,

1.2. 380 В-ын хүчдэлийн түвшинд холбогдсон өрхийн нэг сарын хугацаанд оройны 21.00 цагаас өглөөний 09.00 цагийн хооронд хэрэглэсэн 3000 кВт.цаг хүртэлх цахилгааны тарифыг 100 хувиар,

1.3. Энэ тогтоолын 1.1, 1.2-т заасан хэмжээнээс илүү хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар.

2.Цахилгаан шугам, сүлжээний тоног төхөөрөмжийн найдвартай, аюулгүй ажиллагааг хангах, гэр хорооллын өрхөд цахилгааны ашиглалтын аюулгүй байдалтай холбоотой сэрэмжлүүлэг, зөвлөмж өгөх ажлыг шуурхай зохион байгуулж ажиллахыг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

3.Энэ тарифын хөнгөлөлтийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мөрдөж ажиллахыг цахилгаан түгээх, цахилгаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосугай.

4.Энэ тогтоолыг гарсантай холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны 2024 оны "Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай" 749 дүгээр тогтоол, 2025 оны "Тогтоолд өөрчлөлт оруулах тухай" 42 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба (Б.Болор-Эрдэнэ)-нд даалгасугай.

ДАРГА    Э.ТҮВШИНЧУЛУУН

ЗОХИЦУУЛАГЧ    П.ТОВУУДОРЖ

ЗОХИЦУУЛАГЧ    Л.ДАШМЯГМАРЖАВ

ЗОХИЦУУЛАГЧ    Д.ЦОГОО

ЗОХИЦУУЛАГЧ    Б.ЭНХЖАРГАЛ