- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,
түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн
40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Б.Болдбаатар /илтгэгч/, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч иргэн Б.Баярмагнай болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Б.Баярмагнай Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий өргөдлийг ирүүлжээ. Үүнд:
"Монгол Улсын Их Хурлаас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан ба уг хуулийн 40 дүгээр зүйлд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг дараах байдлаар заасан байна. Тодруулбал, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" гээд 40.1.1 дэх заалтад "төлөөлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлэх явцад олж мэдсэн төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлд хамаарах мэдээллийг задруулах, хувьдаа ашиглах;", 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх.", мөн зүйлийн тайлбарт "Энэ заалтыг 2024 оны орон нутгийн ээлжит сонгуулиас эхлэн дагаж мөрдөнө." гэжээ.
Тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байхыг хориглосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;" гэснийг зөрчиж байна.
Учир нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно." гэж заасан ба нэгэнт хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвших эрхийг хүлээн зөвшөөрч хуульчилсан байхад уг эрхийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар хязгаарлаж буй нь Үндсэн хуулийн агуулга, үзэл баримтлалтай зөрчилдөж байна. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар Үндсэн хуульд заасан хүний баталгаатай эдлэх эрхийн хүрээнд нийцүүлэн нэр дэвшигч нь аймгийн болон сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид зэрэг нэр дэвших эрхтэй бөгөөд нэгэнт ийнхүү сонгогдсон төлөөлөгчийг хориглож байгаа нь Үндсэн хуулиар олгогдсон сонгогчдын сонгох эрхийг хуулиар хязгаарлаж байгаа гэж үзэхээр байна.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар аймаг, суманд зэрэг нэр дэвшиж сонгогдсон нэр дэвшигчийг тухайн шатны сонгуулийн хороо батламжлах эсэх, бусад нам, эвслээс хуулийг өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж нийгэмд төөрөгдөл, эмх замбараагүй байдал зэрэг нөхцөл байдлууд үүсээд байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгогдсон тухайн нэр дэвшигчийг сонгосон олон мянган сонгогчдын сонгох эрх, нэр дэвшигчийн сонгогдох эрх нь зөрчигдөж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэх заалт зөрчигдөөд байна.
Иймд хуулийн дээрх заалтад холбогдуулан маргаан үүсгэн хянан шийдвэрлэж өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"... Ардчилсан нийгмийн нэг онцлог нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаа өөрсдөө сонгож, төрийн болон орон нутгийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан үйл ажиллагаанд оролцох явдал юм. Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь тухайн нутаг дэвсгэрийн нийгмийн асуудал болон тэдний эрх ашгийг хуулийн хүрээнд бие даан шийдвэрлэж чаддаг, өөрөө хариуцлагаа үүрэх чадвартай, өөрийн гэсэн өмчтэй, иргэдийн төлөөллийн нөгөө талаас төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллага. Нутгийн өөрөө удирдах ёсны тухай Европын Харти /European Charter of Local Self-Goverment/-ийн 3 дугаар зүйл буюу "Нутгийн өөрөө удирдах ёсны ойлголт" гэсэн хэсэгт "Нутгийн өөрөө удирдах ёс гэдэг нь нутаг дэвсгэрийн бие даасан хамтлагаас өөрийн хариуцлага дор төрийн хэргийн үлэмж хэсгийг тухайн орон нутагт оршин суугаа иргэдийн ашиг сонирхолд нийцүүлэн, хуулийн хүрээнд шийдвэрлэх, удирдлагыг хэрэгжүүлэх эрх, бодит чадвар юм." гэжээ.
Нутгийн өөрөө удирдах ёс бол орон нутгийн хүн амын хамтын нийгэмлэг нь ардчилсан төр нийгмийн байгууллагуудын нэг үндсэн хэлбэр байж, иргэдээс засгийн эрхийг барилцах, нийгмийн хэргийг удирдахад оролцох улс төрийн суурь эрхээ шууд хэрэгжүүлдэг гол боломж нь юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно." гэж заасан. Энэ хэм хэмжээгээр нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг тэдний өмнөөс шийдвэрлэж болохгүй "дээд шатны байгууллага" гэдэгт төрийн байгууламжийн нэгдмэл зарчмаар холбогдсон дээд шатны төлөөлөгчдийн болон төрийн захиргааны төв, орон нутгийн бүх байгууллагыг хамруулан ойлгоно.
Дээд шатны байгууллага шийдвэрлэж үл болох "нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудал" гэдэгт юу хамаарахыг Үндсэн хууль тогтоогчид задгай орхиогүй бөгөөд Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "эдийн засаг, нийгмийн амьдралын асуудал" гэдгийг тодорхой заасан. 2001 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Монголын нутгийн удирдлагын II их хурлаар Нутгийн өөрөө удирдах ёсны Монгол Улсын тунхаг бичгийг сайшаан баталсан ба энэ нь орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын Олон улсын холбооны 31 дүгээр бага хурлаас Торонто хотноо 1993 онд баталсан "Нутгийн өөрөө удирдах ёсны олон улсын тунхаг"-ын үзэл санааг дэмжсэн байдаг. Уг баримт бичгийн 3 дугаар зүйлд "Нутаг дэвсгэрийн аливаа нэгжид оршин суугчид өөрсдийн амьдрал, аж ахуйд хамаарах бүхий л асуудлыг ардчилсан шууд, нууц, тэгш, тогтмол хугацааны, бүх нийтийг хамарсан сонгуулиар сонгон байгуулсан төлөөллийн байгууллаараа дамжуулан өөрсдийн итгэл үнэмшил, нийтийн ашиг сонирхолд нийцүүлэн хөрөнгө мөнгөнийхөө хэмжээнд, хууль тогтоох дээд байгууллагаас батлан гаргасан хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэн зохицуулах эрх мэдлийг нутгийн өөрөө удирдах ёс хэмээнэ." гэж тодорхойлжээ.
Дээрх тодорхойлолтуудаас үзэхэд нутгийн өөрөө удирдах ёс нь дараах үндсэн шинжтэй байна. Тухайлбал, нутаг дэвсгэрийнхээ аливаа асуудлыг бие даан шийдвэрлэх бөгөөд энэ шинж нь аливаа өөрөө удирдах ёсны үндэс болдог. Өөрөөр хэлбэл, өдөр тутамдаа үүсэж буй болон алс ирээдүйд бий болох бүхий л асуудлыг толгой мэдэн түүнээс гарах үр дагавар, хариуцлагыг өөрөө хүлээж буй хэрэг мөн билээ. Эрхлэх асуудлаа шийдвэрлэн хэрэгжүүлэхэд гадны ямар нэг дарамт шахалтад орохгүйгээр бие даасан шинжтэй байх буюу асуудлыг хэн нэгэн түүний нэрийн өмнөөс шийдвэрлэхгүй, гагцхүү өөрөө шийдвэрлэдэгт гол мөн чанар нь оршдог. Хамгийн ерөнхий байдлаар авч үзвэл энэ нь бүх нийтийн сонирхол болон тухайн тодорхой орон нутгийн өвөрмөц сонирхлын харьцааны тухай асуудал бөгөөд бүх нийтийн сонирхлын хэрэгжилт нь орон нутгийн хэрэгцээ, сонирхлыг тэр бүр бүрэн дүүрэн хэрэгжүүлдэггүй, зарим тохиолдолд зөрчилтэй байх нь элбэг байдаг. Орон нутгийн бие даасан байдал нь дээд шатны байгууллагуудаас дарамт шахалтгүйгээр өөрийн эрх зүйн байдалд нийцүүлэн тухайн орон нутгийн оршин суугчдын ашиг сонирхлыг хангахад чиглэсэн үр нөлөө бүхий үйл ажиллагааг чөлөөтэй явуулж, хариуцлага хүлээх эрх болон чадвар юм.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд аймаг, сумын түүнчлэн нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр давхар сонгогдон ажиллахыг хуулиар хязгаарлаагүй байсан тул сумын Хурлын төлөөлөгч аймгийн Хурлын, дүүргийн Хурлын төлөөлөгч нийслэлийн Хурлын төлөөлөгчийн үүргийг давхар гүйцэтгэж ирсэн байдаг. Энэ нь дээр дурдсан нутгийн өөрөө удирдах ёсны үндсэн шинжийг алдагдуулах, улмаар нэг хүн хоёр хурлын хуралдаанд оролцохоос эхлээд хүч боломж нь тарамдах нөхцөлийг бүрдүүлнэ гэж үзэж, Хурлын төлөөлөгч өөр шатны хуралд давхар сонгогдон ажиллахыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтаар хориглосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах ёсны бие даасан байдлыг хангах суурь үзэл баримтлал, нутгийн өөрөө удирдах ёсны тухай Европын Хартийн үзэл баримтлалтай нийцсэн зохицуулалт болсон гэж үзэж байна.
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтыг зөрчсөн эсэх талаар:
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. Сонгох эрхийг арван найман наснаас эдэлнэ. Сонгогдох насыг төрийн зохих байгууллага, албан тушаалд тавих шаардлагыг харгалзан хуулиар тогтооно;" гэж заасан. Сонгох эрх нь төрийн байгууллагад олон түмнийг төлөөлөн, тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах хүнийг сонгох эсэх талаарх саналаа чөлөөтэй илэрхийлэх бодит боломж юм. Үүнийг зарим судлаачид сонгуулийн идэвхтэй эрх гэж нэрлэх нь бий. Сонгогдох эрх нь зохих байгууллага, албан тушаалд олон түмний итгэл найдварыг хүлээх замаар сонгогдож, уг албан тушаалын үүргийг хуулиар заасан хугацаанд гүйцэтгэн биелүүлэх боломжоор илэрдэг. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хорооны Ерөнхий тайлбарын 25 дугаар зүйлээр хамгаалагдсан эрхийг эдлэхэд тавигдах аливаа хязгаарлалт нь бодитой, үндэслэл бүхий шалтгаанд тулгуурласан байна. Жишээ нь сонгох эрхийг насанд хүрсэн хүн бүр эдэлдэг бол зарим албан тушаалд сонгогдох, томилогдох насыг харьцангуй өндөр тогтоох шаардлага байж болно.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрийн удирдлагын харилцаанд иргэн эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, сонгосон төлөөлөгчдөө захиа даалгавар өгөх, төлөөлөгчийн тайланг сонсох, төлөөлөгчөө хамтаар эгүүлэн татах зэрэг өргөн хүрээний эрхийг зохицуулсан.
Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" гээд 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх."-ыг хориглосон нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.
2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:
Төрийн болон өөрийн удирдлагын үйл ажиллагааны анхдагч нь иргэн гэх суурь үзэл санааг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулиар бэхжүүлсэн. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн сонгуульд оролцож, саналаа өгч байгаа иргэн нийтээрээ чөлөөтэй, шууд, саналаа нууцаар гаргахаас гадна сонгуулийн үйл ажиллагаа, үр дүнг хамгаалах, сонгогдогчид нь мөн сонгуульд нэрээ чөлөөтэй, эрх тэгш дэвшүүлэх бололцоотой байх зэрэг олон асуудал нь ард түмэн засгийн эрхийг хэрэгжүүлэх буюу төрийн үйл хэрэгт оролцох хэлбэрийг тодорхойлсон.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэхээс илүү "Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно." гэсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасан зохицуулалтыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дээрх зохицуулалттай нийцүүлэх зайлшгүй шаардлага бий болж байна.
Дээр дурдсаныг үндэслэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" гээд 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх." гэсэн нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй гэж үзэн энэхүү тайлбарыг хүргүүлж байна." гэсэн байна.
Гурав. Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны явцад Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзоригийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд:
"1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар "... хуульд заасан шаардлага хангасан иргэн ..." намаас, эсхүл өөрөө бие даан нэр дэвших эрхтэй. Энэ эрхийн үндсэн дээр эрх бүхий байгууллагад бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан иргэн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигч гэсэн статустай болно. Нэр дэвшигч иргэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр хараахан сонгогдоогүй, тодруулбал, төлөөлөгч гэсэн статус олж аваагүй, сонгосон иргэдийг төлөөлөх үүрэг, эрх үүсээгүй байгаа учраас нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ, төрийн байгууламжийн нэгдмэл байх тогтолцооны уялдаа холбоо, хэрэгжилтийг хангахад шууд нөлөө үүсгэх, үр дагавар бий болгох нөхцөл үүсэхгүй юм.
Харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт иргэн өөр өөр шатны хуралд зэрэг нэр дэвшиж болохоор заасан нь иргэн сонгогдсон хойноо аймаг, сумын Хурлын эрх хэмжээг хэрэгжүүлэхэд зохих ёсоор сөрөг нөлөө үзүүлнэ. Учир нь ийнхүү зэрэг нэр дэвшүүлэхэд мөрийн хөтөлбөрийг боловсруулж, иргэдэд таниулахаас эхлүүлээд төлөөлөл бий болох тохиолдолд өөр өөр ашиг сонирхол илэрхийлэх, шийдвэр гаргах, түүнийг хэрэгжүүлэх зэрэгт зөрчилдөөнт байдал бий болгох суурь үндсийг тавьж байна гэж үзэж байна. Цаг хугацааны хувьд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль нь нутгийн удирдлагын суурь харилцааг зохицуулдаг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиас өмнө батлагдсан болохыг анхаарах ёстой юм.
Өөр өөр шатны хуралд зэрэг нэр дэвших нь төлөөлөгчөөр сонгогдсоны дараа буюу төлөөлөгч болсны дараа зөрчилдөөнт байдлыг бий болгохоор байна.
2.Өөр өөр шатны иргэдийн Хуралд сонгогдон ажиллах нь Үндсэн хуульд заасан иргэний "... төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх ...", "аймаг, нийслэл, сум, дүүрэг бол хуулиар тогтоосон чиг үүрэг"-тэй байх, Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн "Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. ..." гэсэн зүйл, заалт, тэдгээрт агуулсан зарчимтай зөрчилдөнө.
Сонгогч-иргэн төлөөллийн байгууллагаараа дамжуулан төр, нийгмийг удирдах хэрэгт оролцох нь иргэний үндсэн эрхийн нэг мөн. Энэ талаар Үндсэн хуулийн хэд хэдэн заалтад тодорхой заажээ. Харин сонгогдогч иргэн нь иргэдийн хуралд ажиллахдаа сонгогч иргэдээ төлөөлөх, тэдний эрх ашгийг хамгаалах, тэдний нэрийн өмнөөс шийдвэр гаргах, гүйцэтгэх эрх мэдэлд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ. Өөрөөр хэлбэл, сонгогдогч иргэн дан ганц сонгогдох эрх эдлэхээс гадна иргэдээ төлөөлөх үүрэг хүлээнэ. Энэ талаар Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заахдаа "... тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн." гэжээ.
Тэгвэл аймаг, сумын Хурлын Төлөөлөгч нэг хүн байх тохиолдолд сумын иргэдийн, эсхүл аймгийн иргэдийн аль эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах вэ, аль иргэдийг төлөөлөх вэ гэдэг зүйл дээр ойлгомжгүй, мөн зөрчилдөөнтэй байдал үүсэх юм. Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт аймаг, сум нь тус тусдаа хуулиар тогтоосон чиг үүрэгтэй байхаар заасан. Үүний дагуу Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг нь "сумдын үйл ажиллагааг зохицуулах, хяналтыг хэрэгжүүлэгч нэгж" байхаар, харин сумыг "үйлчилгээ үзүүлэх үндсэн нэгж" байхаар тус тус заажээ.
Өөрөөр хэлбэл аймаг, сум өөр өөр чиг үүрэг хэрэгжүүлнэ. Хоёр өөр чиг үүрэг хэрэгжүүлэхээр Үндсэн хууль, салбар хуульд тухайлан заасаар атал чиг үүргүүдийг нэг хүнээр гүйцэтгүүлэх нь зарчмын болон практикийн хувьд зөрчил үүсгэхээр байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд аймаг нь сумдын ажлыг зохицуулах, тэдний үйл ажиллагааг хянахаар заасан талаар дээр дурдсан. Тэгвэл зохицуулах чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлэх, хяналт тавих гэх мэт олон асуудлыг бий болгоно. Мөн аймгийн Хурлаас тодорхойлсон бодлогыг сумдад хэрэгжүүлэх талаар хуулийн тодорхой зүйл, заалт бий. Энд ихэвчлэн аймгийн хэмжээний бодлогыг аймаг тодорхойлох, сум хэрэгжүүлэх, эргээд аймаг, сумандаа хяналт тавих агуулга байна.
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч аймгийн бодлогыг хэрэгжүүлэхэд оролцох, шийдвэр гаргалцах, тухайн хүн сумын хурлын төлөөлөгч байж, өөрөө оролцож гаргасан шийдвэрээ өөрийн сумандаа хэрэгжүүлэхээр тухайн үйл ажиллагаанд оролцох, тайлагнах зэрэг олон зөрчилтэй асуудлыг энд хөндөж байгаа. Үүнээс гадна нэг хүн өөр өөр шатны Хуралд ажиллаж аймаг, сумыг чиг үүргээр нь өөр хооронд нь зааглан хууль тогтоомж гарахаас өмнө боломжтой байсан болно. Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох эрх нь нэр дэвших, санал хураалтын дүн гарч, төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдсоноор төгс хэрэгжих эрх гэж үзэж байна. Иргэдийн Хурлын анхдугаар хуралдаанд төлөөлөгчөөр сонгогдсон иргэний төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр төлөөлөх үүрэг үүснэ. Өөрөөр хэлбэл, сонгогдох эрх ба төлөөлөгчөөр ажиллах хоёр нь цаг хугацааны хувьд ар араасаа хэрэгжиж бий болдог, агуулгын хувьд өөр өөр утга илэрхийлдэг.
Өөр өөр шатны Хуралд (өөр, өөрийн чиг үүрэгтэй) нэг хүн төлөөлөгчөөр ажиллах нь Үндсэн хуулийн суурь зарчимтай зөрчилдөнө. Тодруулбал, сум үндсэн нэгжийн хувьд хийж гүйцэтгэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд аймгийн Хурлын Төлөөлөгчийн чиг үүрэг зөрчилдөнө. Хуралд сонгогдох эрхтэй эн тэнцэхүйц зүйл бол сонгосон иргэдээ төлөөлөх үүрэг мөн.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэхдээ сум үндсэн нэгж байхаар төсөл боловсруулж байсны дагуу 2022 оны 01 дүгээр сараас хүчин төгөлдөр болсон Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд урьд өмнө нь нэг хүн өөр өөр шатны хуралд төлөөлөгч болох зохицуулалтыг хүчингүй болгосон байна. Иргэд нутгийн хуралд сонгогдохдоо сонгогдох эрх гэхээсээ илүү хэний, юуны төлөө сонгогдож байгаа, ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж байгаа талаарх "уламжлагдаж ирсэн сэтгэлгээ", "хандлага"-ыг өөрчлөх зорилго агуулжээ гэж дүгнэж байна.
3.Өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор иргэн өөр өөр шатны хуралд сонгогдох эрх хязгаарлагдаагүй байна. Мөн өнөөгийн хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжоор иргэн өөр өөр Хуралд ажиллах эрхэд хязгаарлалт тогтоосон нь сонгогдох эрхийн хязгаарлалт болохгүй.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэн өөр өөр шатны Хуралд нэр дэвших эрх нээлттэй байна. Ийнхүү нэр дэвшсэний дараа санал хураалтад оролцох эрх нь мөн адил нээлттэй. Санал хураалтад оролцож олонхын санал авсан иргэн төлөөлөгчөөр сонгогдсонд тооцогдож, түүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тогтоол гарснаар тухайн иргэн-сонгогдогч аль Хурлын төлөөлөгчөөр ажиллахаа өөрөө сонголт хийх нь нээлттэй. Процессын хувьд авч үзвэл, иргэний сонгогдох эрх хэрэгжиж дууссаны "дараа" буюу төлөөлөгч болсноос хойш аль Хуралд "ажиллах" тухай асуудал хөндөгдөнө. Иргэн өөр өөр шатны Хуралд сонгогдох эрхэд ямар нэг хязгаарлалт алга байна.
Сонгогдсоны дараа буюу сонгогдох эрх хэрэгжиж дууссаны дараа 2 өөр Хуралд зэрэг сонгогдсон иргэн эдгээр Хурлаас алийг нь сонгож, төлөөлөгч байх нь тухайн иргэний чөлөөт сонголт байна. Өөр өөр шатны Хуралд ажиллахад хязгаарлалт тогтоох нь иргэний сонгогдох эрхэд хамааралгүй байна.
4.Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл тогтолцоотой улс орнуудын орон нутгийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд өөр шатны байгууллагад төлөөлөгчөөр ажиллахыг шууд зохицуулсан зүйл, заалт хэвээр байна. Төрийн байгууламжийн хувьд нэгдмэл улс болох Бүгд Найрамдах Чех Улс, Эстони Улс, Финланд Улс, Хорват Улсын ... хууль тогтоомжийг судлав. Түүнээс гадна холбооны улс болох Оросын Холбооны Улс, улсуудын нэгдэл болох Швейцарын Холбооны Улсын хууль тогтоомжийг судлав.
Өөр өөр шатны байгууллагад төлөөлөгчөөр ажиллахыг хориглохоос илүүтэйгээр нэгэнт өөр өөр шатны хурал байгаа тул ашиг сонирхлын зөрчилдөөн үүсэхээс сэргийлэх зохицуулалт их байна. Иргэн-сонгогдогч тухайн нутаг дэвсгэр буюу нэг бол аймаг, эсхүл сумаа төлөөлөх, түүний төлөө ажиллах хүсэл зориг харьцуулсан орнуудад түлхүү байдаг ухамсар, менталитет байдаг гэж үзэхээр байна." гэсэн байна.
Дөрөв. Өргөдлийг урьдчилан шалгах болон Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс баримт, тайлбар, лавлагааг гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн дүгнэлт, тогтоол);
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурал болон Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлаар Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл, холбогдох судалгаа, тайлан;
2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, холбогдох судалгаа, тайлан;
2020 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл, түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёолол, судалгаа;
Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Албан бичиг, 2024.12.02, ХЭГ/2382;
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, Албан бичиг, 2024.11.22, №1/1072;
Монголын нутгийн удирдлагын холбоо, Албан бичиг, 2024.12.19, №271/24;
"Тунгаамал төв" төрийн бус байгууллага, Албан бичиг, 2024.12.20, №3;
Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш Д.Ганзориг, Шинжээчийн дүгнэлт, 2025.03.27;
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоол, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, 1966, 2200А(XXI);
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн хороо, "Ерөнхий тайлбар: Төрийн үйл хэрэгт оролцох эрх, сонгуулийн эрх, төрийн алба хаших тэгш хүртээмжтэй байх эрх", 1996, №25, CCPR/C/GC/25;
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, "Нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгч, өөр шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчөөр хавсран ажиллах тухай харьцуулсан судалгаа", 2025 он.
ҮНДЭСЛЭЛ:
Энэ маргаан нь иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч /цаашид "Хурлын төлөөлөгч" гэх/ өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглохтой холбоотой байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний төлөөлөгчийн тухай Үндсэн хуулийн агуулгыг тодорхойлсны үндсэн дээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" гээд 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хууль /цаашид "Үндсэн хууль" гэх/-ийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.
Нэг. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
1.1.Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байх бөгөөд нутаг дэвсгэр нь зөвхөн засаг захиргааны нэгжид хуваагдана, Тавин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана.", Тавин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ." гэж тус тус заасан. Нутгийн өөрөө удирдах ёс гэж тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээний амьдралын асуудлыг иргэд өөрсдөө шууд, эсхүл төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан бие даан шийдвэрлэж эрхлэн хөтлөх, хариуцах зарчмыг ойлгоно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх төрийн удирдлага гэж бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар болон харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.
Үндсэн хуулийн Дөрөвдүгээр бүлэгт Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын суурь асуудлыг зохицуулж, нутгийн өөрөө удирдах ёсны үндсийг тогтоосон байна. Тухайлбал, Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. ..." гэж нутгийн өөрөө удирдах байгууллагын хэлбэрийг заасан байна. Мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно. Эдгээр Хурлын болон сум, дүүргийн Хурлын төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хуулиар тогтооно." гэж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг сонгуулиар байгуулах, холбогдох журмыг хуулиар тогтоохоор заажээ. Үндсэн хуульд иргэд нийтээрээ, чөлөөтэй, тэгш, шууд сонгох, саналаа нууцаар гаргах зэрэг ардчилсан сонгуулийн зарчмыг тусгасан нь нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуульд адил үйлчлэх бөгөөд эдгээр зарчим нь сонгогчдын хүсэл зоригийн чөлөөт илэрхийллийг баталгаажуулж, ардчилсан сонгууль явуулах суурь нөхцөлийг тогтоож өгдөг (Цэцийн дүгнэлт, 2025, №01; №04; №09; Цэцийн тогтоол, 2022, №01).
Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болохоор заасан. Энэхүү заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагад нутаг дэвсгэрийнхээ хэмжээний асуудлыг шийдвэрлэж, тухайн нутаг дэвсгэртээ үйлчлэх шийдвэрийг гаргах боломжийг Үндсэн хуулийн хүрээнд олгосон зохицуулалт юм (Цэцийн дүгнэлт, 2019, №04).
Улсын Их Хурал Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинэчлэн найруулж батлахдаа тус хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт "Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ асуудлыг шийдвэрлэхэд оролцохыг хориглоно." гэж эдгээр байгууллагын бие даасан байдлыг баталгаажуулсан байна. Түүнчлэн тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх заалтад "нутгийн өөрөө удирдах байгууллага нь нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх, үүний төлөө хариуцлага хүлээх;", мөн зүйлийн 12.1.5 дахь заалтад "нутгийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохгүй байх;" зэргээр засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагыг хэрэгжүүлэхэд баримтлах зарчмыг тодорхойлсон байна.
Хурлын төлөөлөгч нь тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар улс төр, өөрийн болон өөрт хамаарал бүхий этгээдийн эрх, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй бөгөөд тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлагч мөн. Иймээс тэрээр сонгогдох эрх эдлэхээс гадна тухайн орон нутгийн иргэдийг төлөөлөх үүрэг хүлээнэ. Энэ талаар тус хуулийн 39 дүгээр зүйлд тусгаж, Хурлын төлөөлөгч нь асуудал хэлэлцэн шийдвэрлэхэд таслах эрхтэй оролцох, асуулт асууж хариулт авах, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, тодорхой асуудал хэлэлцүүлэхээр санаачлах, санал оруулах, Хурлаас байгуулсан байгууллага, сонгосон буюу томилсон албан тушаалтны илтгэл, сонсголыг хэлэлцэх, санал гаргах, Хурлын шийдвэрийг сонгогчид тайлбарлан таниулах, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг даргад асуулт, асуулга тавих, сонгогчидтой тогтмол холбоотой ажиллаж, тэднээс тавьсан өргөдөл, санал, гомдлыг зохих журмын дагуу шийдвэрлэх буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлан хариуг хуульд заасан хугацаанд авах, үйл ажиллагаагаа жилд нэг удаа сонгогчдод тайлагнах зэрэг эрх, үүргийг хэрэгжүүлэхээр хуульчилжээ.
Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ..." гэж тус тус заасан. "Төрийг удирдах хэрэг" гэдэг нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй холбоотой өргөн хүрээтэй ойлголт бөгөөд олон улсын, үндэсний, бүсийн болон орон нутгийн түвшинд бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд оролцох агуулгатай. Тийм ч учраас Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлд нутгийн өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх хэлбэрийг зааж, энэ хүрээнд баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд иргэн саналын эрхтэй оролцох зэргээр шууд ардчиллыг, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар уламжлан төлөөллийн ардчиллыг хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.
1.2.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт "Хурлын төлөөлөгчийн үйл ажиллагаанд дараах зүйлийг хориглоно:" гээд 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх." гэж заасан, харин Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт "Сум, дүүргийн Хурлын Төлөөлөгчид нэр дэвшигч нь аймаг, нийслэлийн Хурлын Төлөөлөгчид зэрэг нэр дэвшиж болно." гэж хуульчилжээ. Энэ нь Хурлын төлөөлөгч болон нэр дэвшигчтэй холбоотой өөр өөр харилцааг зохицуулж байгаа боловч хоёр шатны хуралд нэгэн зэрэг нэр дэвшиж сонгогдсон этгээд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар өөр шатны хуралд төлөөлөгчөөр хавсран ажиллах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбарт "... 2024 оны Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн нийт 8031 мандатад 17278 нэр дэвшигч бүртгүүлснээс хоёр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 815 хүн нэгэн зэрэг нэр дэвшин бүртгүүлсэн байх бөгөөд уг 815 нэр дэвшигчээс 78 нь сум, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд давхар сонгогдсон байна. ... Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 73.4 дэх хэсэгт тус тус зааснаар тухайн шатны сонгуулийн хороо нь хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрийг сонгууль дууссанаас хойш долоо хоногийн дотор тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлнэ. Гэтэл Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад зааснаар Хурлын төлөөлөгч нь өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглосон нь сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч эхлээд зэрэг нэр дэвшиж сонгогдсон тухайн хоёр шатны Хуралдаа төлөөлөгчийн бүрэн эрхээ зөвшөөрсний дараа аль нэг шатны төлөөлөгчийн бүрэн эрхийг хугацаанаас өмнө дуусгавар болгох асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар тухайн сонгогдсонд тооцогдсон нэр дэвшигч нь хоёр шатны Хуралд төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрсөн тогтоол батлагдсан боловч зөвхөн аль нэг шатны Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлэх бөгөөд аль шатны Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхээ өөрөө шийдвэрлэх боломжтой. Хоёр хуулийн дээрх зохицуулалтаас үүсэж буй нөхцөл байдал, шийдвэрлэх дараалал нь тухайн шатны Хурал анхдугаар хуралдааныг зохион байгуулахад хүндрэл үүсгэж, зарим тохиолдолд хууль хоорондын энэхүү зөрүүтэй зохицуулалтын улмаас Хурлаас хууль бус шийдвэр гаргах нөхцөл байдлыг үүсгэж байна." гэжээ (2024.11.22, №1/1072).
Улсын Их Хурлын 2020 оны "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай" 45 дугаар тогтоолоор тус хуультай бусад хууль тогтоомжийг нийцүүлэх, холбогдох хуулийн төслийг өргөн мэдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан боловч өнөөг хүртэл Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийг уг хуульд нийцүүлэх арга хэмжээ аваагүй байна.
Иймд өөр өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зэрэг нэр дэвших эрхийг хуулиар олгосон зохицуулалт нь нэр дэвшигчийн эрхийг хязгаарлах төдийгүй тухайн нэр дэвшигчийг дэмжиж саналаа өгсөн сонгогчийн хүсэл зоригийг үгүйсгэж, тэдний төлөөллийг зүй бусаар хязгаарласан шинжтэй байх тул эдгээр зохицуулалтын зөрүүтэй байдлыг арилгаж, хууль тогтоомжийн нийцлийг хангах үүднээс Хурлын төлөөлөгчийг сонгох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
Хоёр. Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад нийцсэн эсэх талаар
Сонгох, сонгогдох эрх нь иргэний улс төрийн эрхийн бүрэлдэхүүн бөгөөд сонгох эрхийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн нийтээрээ эдлэх, харин сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд тухайн албан тушаалын онцлогийг харгалзан тусгайлсан болзол, шалгуурыг хуулиар тогтоож болохоор байна.
Үндсэн хуулийн үзэл баримтлалын хүрээнд туйлын эрхээс бусад үндсэн эрхийг хязгаарлаж болох ч уул хязгаарлалт нь тухайн эрхийн цөмийг үл хөндөх, эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зэрэг зарчимд нийцэхийг шаардах бөгөөд аль нэг зарчимд нийцээгүй бол тухайн хязгаарлалт үндсэн эрхийг зөрчсөн гэх үндэслэл болно (Цэцийн дүгнэлт, 2017, №07; 2020, №03; 2023, №03; 2024, №02; №03; №04; 2025, №01; №02; №03; №04; №05; №06; №07; №09; №10; Цэцийн тогтоол, 2024, №02; №03; 2025, №01).
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан сонгогдох эрх нь туйлын эрхэд хамаарахгүй. Иймээс маргаан бүхий зохицуулалт нь сонгогдох эрхийн цөмийг үл хөндөх зарчмыг хангасан эсэхийг эхний ээлжид шалгаж тогтоох бөгөөд уг цөмийг үл хөндсөн тохиолдолд эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчимд нийцсэн эсэхийг шалгана.
2.1.Эрхийн цөмийг үл хөндөх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөний зарчим нь үндсэн эрхийг аль болох эдлүүлэхийг шаардах бөгөөд үндсэн эрхийг зайлшгүй тохиолдолд хязгаарлаж болох ч тэрхүү хязгаарлалт нь тухайн эрхийг бүхэлд нь буюу "тус эрхийн цөмийг илт үгүйсгэхийг" хориглоно (Цэцийн дүгнэлт, 2024, №03; Цэцийн тогтоол, 2024, №03). Өөрөөр хэлбэл, үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь тухайн эрхийн цөмийг үл хөндсөн байх ёстой.
Үндсэн эрхийн цөмийн тухай ойлголт нь төрийн оролцооноос хувь хүнийг ямагт хамгаалж, чөлөөтэй байх хүрээг баталгаажуулсан гол агуулга буюу үндсэн эрх бүрд заавал хамгаалагдах бодит цөм бий гэдгийг илтгэх бөгөөд энэ гол агуулгыг ямар ч тохиолдолд хөндөхгүй. Үндсэн эрхийн хязгаарлалт тухайн эрхийн цөмийг хөндсөн нь тогтоогдвол тухайн эрхийг зөрчсөнд тооцох бөгөөд тохирсон байх зарчимд нийцсэн эсэхийг шалгах шаардлагагүй болно.
Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт "18 нас хүрсэн, ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө тухайн аймаг, сум, нийслэл, дүүрэгт шилжин суурьшиж, байнга оршин суугчаар бүртгүүлсэн, сонгуулийн эрх бүхий, энэ хуульд заасан бусад шаардлагыг хангасан иргэн тухайн шатны Хурлын Төлөөлөгчөөр сонгогдох эрхтэй." гэж заасан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглосон зохицуулалт нь иргэнийг аль нэг шатны Хуралд нэр дэвших боломжийг бүрмөсөн хаасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Сонгогдох эрх нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн төрийн эрх мэдлийг төлөөллийн ардчиллын аргаар барих боломжийг хангана.
Иргэн хоёр шатны Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон ч давхар ажиллах боломжгүй байх нь уг эрхийн мөн чанарыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, иргэн аль нэг шатны Хурлын сонгуульд нэр дэвших эрх хадгалагдаж байгаа нь иргэний сонгогдох эрхийн цөмийг хөндөөгүй гэж үзэх үндэслэл болно.
2.2.Эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй эрх зүйт төрийг өргөн агуулгаар хамгаалдаг. Хууль дээдлэх ёс үндсэн эрхийг хуулиас гадуур хязгаарлахыг хориглох бөгөөд үндсэн эрхэд тавих хязгаарлалтыг хуульд хэлбэрийн хувьд тусгаснаар энэ зарчим хангагдахгүй, харин түүний үндэслэл, журмыг тодорхой хуульчлах буюу эрх зүйн тодорхой байдлыг хангах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2024, №03; 2025, №01). Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосон агуулгыг салаа утгагүйгээр ойлгомжтой илэрхийлж байх тул үүний үр дагаврыг сонгогч, нэр дэвшигч нь урьдчилан таамаглаж, зан үйлээ нийцүүлэх боломжтой байна.
2.3.Тохирсон байх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан хууль дээдлэх болон шударга ёсны зарчмын дагуу үндсэн эрхэд тавих хязгаарлалт тохирсон байна. Уг зарчмын дагуу үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03; №04; Цэцийн тогтоол, 2024, №02; №03).
2.3.1.Үндсэн эрхийн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрсөн хууль ёсны зорилготой, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх ёстой (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосон зохицуулалт нь тухайн шатны Хурлын үйл ажиллагааны бие даасан байдал, үр нөлөөг хангах, улмаар өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль ёсны зорилготой байх бөгөөд энэ зорилгод хүрэхэд уялдаатай байна. Учир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг үндэслэн нэг шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон бол нөгөө шатны Хурлын төлөөлөгчөөс чөлөөлөх зэргээр уг заалтын хэрэгжилтийг хангаж байгаа нь холбогдох баримтаар нотлогдож байна.
Иргэн нь хоёр өөр шатны Хурлын төлөөлөгч байх тохиолдолд аль шатны иргэдийг төлөөлж эрх, үүргээ хэрэгжүүлэх, хэнийх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлах нь ойлгомжгүй болох, мөн чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлтэй байна. Тухайлбал, аймаг, сум нь тус тусдаа хуулиар тогтоосон чиг үүрэгтэй байхаар Үндсэн хуулийн Тавин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бөгөөд аймаг нь сумдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт хэрэгжүүлэгч нэгж байх, сум нь үйлчилгээ үзүүлэх үндсэн нэгж байхаар хуульчилсан тул эдгээр чиг үүргийг нэг хүнээр гүйцэтгүүлэх нь зарчмын болон практикийн хувьд зөрчил үүсгэхээр байна (Шинжээчийн дүгнэлт, х. 3). Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас ирүүлсэн тайлбарт "... аймаг, сумын Хурлын, эсхүл нийслэл, дүүргийн Хурлын төлөөлөгчийн эрхийг нэг этгээд зэрэг эдлэх нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгтэй зөрчилдөхөөс гадна, мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд тодорхой хувийн ашиг сонирхлын зөрчил үүсгэх, нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэхэд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бий болгож болзошгүй." гэжээ (2024.12.02, ХЭГ-2382). Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд уялдсан байх шалгуурыг хангаж байна.
2.3.2.Үндсэн эрхийн хязгаарлалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байна. Тус зорилгод хүрэхийн тулд авч болох боломжит, үр дүнтэй арга хэмжээнүүдээс ижил үр дүнтэй боловч үндсэн эрхэд хамгийн бага халдсан арга хэмжээг сонгохыг энэ шалгуур шаардана (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг "зөвшөөрөх", эсхүл "хориглох" гэсэн хоёр загвар байх боломжтой. Хавсрахыг зөвшөөрөх загвар нь өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчил үүсэх эрсдэлээс сэргийлэх зорилгод үйлчлэхгүй, харин хавсрахыг хориглох загвар нь ийм эрсдэлийг бууруулахад чиглэж байна. Маргаан бүхий зохицуулалт нь хавсрахыг хориглох загвар мөн байх боловч аль нэг шатны Хурлын төлөөлөгчөөр сонгогдох, ажиллах боломжийг алдагдуулаагүй байна. Иймээс энэ хязгаарлалт нь дээр дурдсан зорилгод хүрэх үр дүнтэй арга хэмжээ төдийгүй сонгогдох эрхэд хамгийн бага халдсан хязгаарлалт байх тул зайлшгүй байх шалгуурыг хангасан байна.
2.3.3.Хууль ёсны зорилгыг хангаснаар хүрэх үр дүн болон хөндөгдөж байгаа эрхийг хэрэгжүүлэх шаардлага хоорондын тэнцвэрийг хангана. Тодруулбал, тус зорилгод хүрэх цорын ганц арга нь хэт өндөр үнээр хэрэгжих тохиолдолд тухайн аргыг хууль ёсны байсан ч ашиглаж болохгүй (Цэцийн дүгнэлт, 2024, №03; 2025, №01). Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгчийн албан тушаалыг хавсрахыг хориглосноор өөр өөр шатны Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэхэд чиглэж байх бөгөөд аль нэг шатны Хуралд төлөөлөгчөөр сонгогдон ажиллахыг үгүйсгээгүй байна. Энэ нь өөр өөр шатны Хурлын төлөөлөгчөөр давхар ажиллахыг зөвшөөрснөөс үүсэх сөрөг үр дагавраас илүү чухал тул тэнцвэртэй байна.
2.4.Ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хүн бүр эрх тэгш байх зарчмыг баталгаажуулж, хүнийг ялгаварлан гадуурхахыг хориглосон байна. Энэ зарчим нь хүн бүрд бүх талаар тэгш хандах утгыг илэрхийлэхгүй бөгөөд зохих үндэслэлтэй бол адил нөхцөлд байгаа хүмүүст тэгш хандах, харин ялгаатай нөхцөлд байгаа хүмүүст тэгш бус хандах агуулгатай (Цэцийн дүгнэлт, 2025, №01). Маргаан бүхий зохицуулалт нь өөр өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын чиг үүргийн зөрчилдөөн, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх замаар ардчилсан шийдвэр гаргах үйл явцыг баталгаажуулахыг зорьж байх тул зохих үндэслэлтэйд тооцогдоно. Түүнчлэн "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх"-ыг бүх шатны Хурлын төлөөлөгчид адилхан хориглож, мөн Хурлын төлөөлөгч нар адил эрх зүйн байдалтай байх тул ялгаварлан гадуурхахгүй байх зарчимтай харшлаагүй байна.
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь бодитой, үндэслэлтэй байх бөгөөд эрхийн цөмийг үл хөндөх, эрх зүйн тодорхой байдал, тохирсон байх, ялгаварлан гадуурхахгүй байх зарчмыг тус тус алдагдуулаагүй байх тул сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзэхээргүй байна.
Гурав. Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцсэн эсэх
3.1.Маргаан бүхий зохицуулалт нь Хурлын төлөөлөгч өөр шатны Хурлын төлөөлөгч байхыг хориглох замаар иргэдийн "төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрх"-ийг баталгаажуулахад чиглэсэн байх тул Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасанд нийцсэн байна.
3.2.Дээрхээс үзэхэд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалт нь Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасанд нийцсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтад "өөр шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч байх." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад "шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй. ...", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасанд тус тус нийцсэн байна.
2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Б.БОЛДБААТАР
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх