A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 120

Төрийн ордон, Улаанбаатар хот

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд хийсэн тусгай шалгалт, нээлттэй сонсголын мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын ашиглалттай холбогдуулан дараах арга хэмжээг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, Монгол Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулсан Хянан шалгах түр хорооны санал, дүгнэлтэд нийцүүлэн авч хэрэгжүүлж, үр дүнг Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулж шийдвэрлүүлэх, явцыг улирал тутам Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороонд нээлттэй танилцуулж, ил тод байдлыг хангаж ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын талбайн хилийн заагт орших "Жавхлант", "Шивээ толгой" ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбогдсон шийдвэр, ажиллагааны хууль зүйн үндэслэл, хуульд нийцсэн байдлыг нягталж, шаардлагатай тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах, ашиглалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулж, үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангаж байхаар төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох санал боловсруулах, ирээдүйд Монголын талын хүртэх үр өгөөжид сөрөг нөлөөлөл, үр дагавар бүхий санхүүжилт, хөрөнгө оруулалттай холбоотой аливаа үүрэг, хариуцлага хүлээхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, баяжмалын агууламжийг уурхайн амнаас лабораториор хянан баталгаажуулж, экспортод гаргах;

2/"Эрдэнэс МГЛ" ХХК, "Айвенхоу Оюу Толгой /Би Ви Ай/" Лтд, "Оюу Толгой Нидерланд Би Ви", "Оюу Толгой" ХХК-ийн хооронд 2011 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан Хувь нийлүүлэгчдийн гэрээ /Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон/-ний хэрэгжилтийг харилцан дүгнэх, алдагдсан боломжийн өртгийг тооцоолж, дүгнэлт гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт, өөрчлөлт оруулах, түүнд холбогдох бусад гэрээ, эрх зүйн баримт бичгийг нийцүүлэх, хувь нийлүүлэгчийн болон гуравдагч этгээдийн санхүүжилтийн хүүгийн хувь, хэмжээг бодитоор бууруулах;

3/стратегийн ач холбогдол бүхий Оюу толгой бүлэг ордын геологи, хайгуулын судалгааг үргэлжлүүлж, үйлдвэрлэлийн нөөцийг өсгөх замаар тус ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх, ашиглалтын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;

4/Монголын талын хүртэх үр өгөөжийг Хөрөнгө оруулалтын гэрээнд тусгагдсан техник, эдийн засгийн үндэслэл /2010 он/-ийн анхны тооцооллын дагуу нэрлэсэн үнээр 53 хувиас доошгүй байх нөхцөлийг баталгаажуулан холбогдох гэрээнд тусгах, уг хувь хэмжээг 3 жил тутам харилцан хянан үзэх зарчмыг нэвтрүүлж, "Оюу Толгой" ХХК-ийн үйл ажиллагааны жилийн тайланд талуудад ногдох үр өгөөжийн тооцоог тусгайлан тусгаж тайлагнах;

5/"Оюу Толгой" ХХК-ийн экспортын борлуулалтын орлогыг Монгол Улсын Төв банк /Монголбанк/ болон арилжааны банкуудаар бүрэн дамжуулдаг болох.

2.Монгол Улсын Их Хурлын Хянан шалгах түр хорооноос "Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх" сэдвийн хүрээнд зохион байгуулсан хяналт шалгалт, нээлттэй сонсголын явцад ил болсон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу шалгаж, шийдвэрлэхийг Монгол Улсын Ерөнхий прокурор /Б.Жаргалсайхан/, Авлигатай тэмцэх газар /З.Дашдаваа/, Тагнуулын ерөнхий газар /П.Одонбаатар/, Цагдаагийн ерөнхий газар /Ж.Болд/-т тус тус зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  Н.УЧРАЛ