- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Засгийн газарт чиглэл өгөх тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 119
Төрийн ордон, Улаанбаатар хот
Засгийн газарт чиглэл өгөх тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1."Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2025 оны 109 дүгээр тогтоолд тусгасан ногоон эдийн засгийг дэмжих, ногоон төслийг хэрэгжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх замаар эрчим хүчний болон газрын тосны импортын хараат байдлыг бууруулах, үндэсний эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх, эрчим хүчний алдагдлыг бууруулах, ногоон технологид суурилсан тогтвортой аялал жуулчлал, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх болон байгаль орчинд ээлтэй зам, тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх, олон улсын стандартад нийцсэн ногоон барилга, хот байгуулалтын технологи, шийдлийг нэвтрүүлэхэд чиглэсэн төслийн санал, санаачилгыг дэмжих;
2/өрхийн болон орон нутгийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж, айл өрхүүдэд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар суурилуулах, хэт урт шугамын цахилгаанаар хангагддаг аймаг, сум, суурин газрын сэргээгдэх эрчим хүчний бие даасан эх үүсвэр, эрчим хүч хуримтлуур бүхий системээр хангах замаар төвлөрсөн шугам сүлжээний ачаалал, алдагдлыг бууруулах, хэрэглэгчийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг сайжруулах;
3/цахилгаан тээврийн хэрэгслийн нийтийн хурдан цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн түншлэл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад тулгуурласан сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий олон улсын туршлагад нийцсэн цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх дэд бүтцийн багц төслийг нэвтрүүлэх.
2.Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын Парисын хэлэлцээрийн 6 дугаар зүйлд заасан удирдамжийн хүрээнд гадаад улстай байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар карбон кредитийг хөгжүүлж, энэ тогтоолын 1 дэх заалтад заасан арга хэмжээтэй холбоотой төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд үр өгөөжтэй байдлаар ашиглах, Монгол Улсад орох хөрөнгө оруулалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхийг чиглэл болгон ажиллахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай.
3.Цахилгаан эрчим хүчний импортыг бууруулах, төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр хангах зорилгоор эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох, ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, ногоон санхүүжилтийн хөрөнгө оруулалтын боломжийг өргөтгөх, тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т үүрэг болгосугай.
4.Энэ тогтоолын 1 дэх заалтыг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/ногоон төслийн бэлэн байдлыг хангуулах хүрээнд санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах арга хэмжээг зохион байгуулах;
2/тархмал эх үүсвэрийг түгээх сүлжээнд холбох, илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулсан дүрэм, журмыг иргэн, хувийн хэвшилд ойлгомжтой, хэрэглэгчид ээлтэй, шийдвэр гаргалт, үйл ажиллагааг ил тод, шуурхай болгож, өөрчлөх;
3/20 кВт хүртэлх хүчин чадалтай нарны панель, батарейн системийг техникийн нөхцөл шаардахгүйгээр нэг стандартыг хангуулан түгээх сүлжээнд холбох, хэрэглээнээс илүү гарсан цахилгаан эрчим хүчийг түгээх сүлжээнд нийлүүлэхтэй холбогдсон орлогыг нийлүүлэгчид тухай бүр авах боломжийг бүрдүүлэх;
4/өөрийн хэрэглээг хангаж, эрчим хүчээ хэмнэх зорилготой, түгээх сүлжээнд цахилгаан нийлүүлэхгүй тархмал эх үүсвэрийг техникийн нөхцөл шаардахгүйгээр 10 кВ хүртэлх хүчдэлийн түгээх сүлжээнд холбох боломжийг бүрдүүлэх;
5/эрчим хүчний хэмнэлттэй сууц, стандартад нийцүүлэн сууцаа дулаалсан айл өрхөд нарны панель, батарей, халаагуур хосолсон системийг үе шаттайгаар нэвтрүүлж, халаалтын асуудлыг шийдвэрлэх, агаарын бохирдлыг бууруулах, цэвэр, эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх;
6/төвлөрсөн эрчим хүчний системээс алслагдсан, хэт урт шугамын цахилгаанаар хангагддаг, эрчим хүчний алдагдал өндөртэйбүс нутагт тархмал эх үүсвэр, эрчим хүч хуримтлуурын нэгдсэн шийдлийг үе шаттайгаар нэвтрүүлэх;
7/тархмал эх үүсвэрийн төслийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хөрөнгө оруулалт, санхүүгийн таатай орчныг бүрдүүлэх зорилгоор Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, олон улсын хөгжлийн болон санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд төслийн нэгжийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулах, урт хугацааны, хөнгөлөлттэй санхүүжилт татах, нийлүүлэлтийн сүлжээг оновчтой зохион байгуулах арга хэмжээг авах;
8/тархмал эх үүсвэр бүхий халаалтын системийг нутагшуулах зорилгоор олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, зураг төсөл, угсралт, суурилуулалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ, ашиглалтын инженер, техникийн ажилтан, гүйцэтгэгчийг бэлтгэх, давтан сургах чиглэлээр мэргэжлийн холбоо, сургалтын байгууллагатай хамтран чадавх бэхжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх, хүний нөөцийг орон нутгаас бэлтгэж, төслийн бүтээн байгуулалт, туршилт тохируулга, засвар үйлчилгээ, ашиглалтын ажилд орон нутгийн ажиллах хүчний оролцоог дэмжих;
9/тархмал эх үүсвэрээс эрчим хүч худалдах, худалдан авах урт хугацааны гэрээг түншлэгч, төсөл хэрэгжүүлэгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор тусгай нөхцөлөөр байгуулж, сонгогдсон байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгох, эсхүл улсын тусгай хэрэгцээнд авч, төслийг саадгүй хэрэгжүүлэх боломжоор хангах;
10/олон улсын, орон нутгийн чанартай болон тусгай зориулалтын авто зам, аялал жуулчлал, логистик, худалдааны коридор дагуух стратегийн байршилд сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэр бүхий цахилгаан тээврийн хэрэгслийг цэнэглэх станц байгуулах, үйлдвэрлэсэн ногоон эрчим хүчийг дотоодын хэрэглээнд үр ашигтайгаар шингээх, нийтийн хурдан цэнэглэх дэд бүтцийг хот болон хот хоорондын авто тээврийн бодлоготой уялдуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
11/бүрэн цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгсэл болон туулах зай уртасгагчтай цахилгаан хөдөлгүүрт тээврийн хэрэгслийг байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгслийн ангилалд оруулж, замын хөдөлгөөний дугаарын хязгаарлалтад хамруулахгүй байх зохицуулалтыг нэвтрүүлж хэрэгжүүлэх;
12/агаарын бохирдол, эрчим хүчний алдагдлыг бууруулах зорилтын хүрээнд гэр, хувийн сууц, барилга байгууламжийн дулаан төсөл болон эрчим хүчний, ногоон барилга байгууламжийг барих, цэнэглэх станцын барилга байгууламж, тоног төхөөрөмжийг "ногоон төсөл"-ийн ангилалд хамруулж, зөвшөөрөл олголтыг хялбаршуулах, холбогдох зөвшөөрлийг, төсөл хэрэгжүүлэгчид Хөрөнгө оруулалтын тухай хуульд заасан тогтворжуулах гэрчилгээг тус тус олгох, ногоон төслийн хэрэгжилтэд тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг тодорхойлж, шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
13/хот байгуулалт, дахин төлөвлөлт, эрчим хүчний сүлжээний өргөтгөл, орон сууцны бодлогыг агаарын бохирдлыг бууруулах бодлоготой уялдуулан дулаалгын төслийг хэрэгжүүлэх, төрийн болон орон нутгийн өмчит барилга байгууламжид дулаалгын ажлыг үлгэрчилсэн байдлаар хэрэгжүүлж, зах зээлийн тогтвортой эрэлтийг бий болгох;
14/дулаалгын төслийн үр дүнд бий болох эрчим хүчний хэмнэлт, хүлэмжийн хийн ялгарлын бууралтад үндэслэн карбон кредит тооцох, бүртгэх, арилжаалах боломжийг бүрдүүлэх, "хэмжилт, тайлагнал баталгаажуулалт" /MRV/-ын тогтолцоог олон улсын стандартад нийцүүлэн нэвтрүүлэх талаар холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
15/дулаалгын төслийн хэрэгжилт, санхүүжилтийн үр ашиг, бодит үр нөлөөнд тогтмол мониторинг хийх, агаарын бохирдлыг хэмжих үндэсний сүлжээг бий болгож үнэлгээ хийх, хэрэгжилтийн үр дүнд тулгуурлан бодлогын дэмжлэгийн механизмыг үе шаттайгаар сайжруулах;
16/агаарын бохирдлын төлбөрөөс төсөвт төвлөрөх орлогыг агаарын бохирдлыг бууруулах дулаалгын төслийг хэрэгжүүлэх эх үүсвэрт төвлөрүүлж, олон улсаас ногоон санхүүжилт татах бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх.
5.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
6.Энэ тогтоолын 4 дэх заалтад заасан арга хэмжээний явц, биелэлтийн талаар Улсын Их Хуралд 2026 оны 1 дүгээр улиралд багтаан танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.
7.Эрчим хүчний бие даасан байдлыг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх талаар гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангуулж, эрчимжүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавьж, үр дүнг танилцуулахыг Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
8.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх