- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 31 өдөр
Дугаар 241
Улаанбаатар хот
НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Нийгмийн халамжийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 насанд хүрсэн одой иргэнд олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд олгох амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн хэмжээг сард тус тус 478,000.00 (дөрвөн зуун далан найман мянга) төгрөгөөр, 65 насанд хүрсэн иргэн, тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг сард тус тус 432,000.00 (дөрвөн зуун гучин хоёр мянга) төгрөгөөр, асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 330,000.00 (гурван зуун гучин мянга) төгрөгөөр, байнгын асаргаа шаардлагатай хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 484,000.00 (дөрвөн зуун наян дөрвөн мянга) төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Нийгмийн халамжийн асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар тогтоол, "Нийгмийн халамжийн тэтгэвэр, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох, тогтоолд өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 247 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх