A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 224

Улаанбаатар хот

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧИЙН ЦАЛИНГИЙН ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.14 дэх хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн албан тушаалын цалингийн хэмжээг салбарын хамтын хэлэлцээр, ажил мэргэжлийн онцлогийг харгалзан 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн батлагдсан төсөвтөө багтаан нэмэгдүүлэн тогтоохыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарт зөвшөөрсүгэй.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасны дагуу тогтоосон цалингийн хэмжээг бусад салбарт ажилладаг эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчид нэгэн адил мөрдөнө.

3.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт зааснаас бусад төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн хэмжээг албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, зайлшгүй шаардлагатайгаас бусад сул орон тоонд албан хаагч нөхөж авахгүй байх, үр ашиггүй зардлыг багасгах, ажлын гүйцэтгэл, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах зэрэг арга хэмжээ авах замаар 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан нэмэгдүүлэхийг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны цалингийн нэгдсэн систем"-д холбогдох өөрчлөлт оруулах арга хэмжээ авахыг Сангийн сайд Б.Жавхланд үүрэг болгож, "Хүний нөөцийн удирдлагын мэдээллийн тогтолцоо" цахим системд өөрчлөлт, хөгжүүлэлт хийхийг Төрийн албаны зөвлөлийн дарга Л.Цэдэвсүрэнд зөвлөсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР