- Нүүр
- Улсын Их Хурлын тогтоол
- Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 117
Төрийн ордон, Улаанбаатар хот
Хууль хэрэгжүүлэх арга хэмжээний тухай
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг баталсантай холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
1/худалдааны түр хэлэлцээрээр тамхи агуулсан янжуур болон бусад тамхины гаалийн тарифыг тэглэсэнтэй холбогдуулан нийтийн эрүүл мэнд, эдийн засаг, улсын төсөв, татварт нөлөөлөх үр дагаврын дүн шинжилгээ хийх, тамхины гаалийн тарифыг нөхөх, тамхины онцгой албан татварыг нэмэгдүүлэх тооцооллыг хийж, холбогдох хууль тогтоомжийн төслийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор Монгол Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2/Монгол Улсын Их Хурлын хэлэлцүүлгийн шатанд байгаа Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдаж, хэрэгжиж эхлэх хүртэлх хугацаанд Гаалийн тухай хуулийн 8.1-д заасны дагуу тамхи, тамхин бүтээгдэхүүн, электрон тамхины импортын хэмжээг 2024 оны сар болгоны хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар хязгаарлах;
3/хэлэлцээрийн биелэлтэд хоёр жил тутамд хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийж, үнэлгээний тайланг Монгол Улсын Их Хуралд танилцуулах.
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо /Г.Тэмүүлэн/, Төсвийн байнгын хороо /Н.Наранбаатар/, Эдийн засгийн байнгын хороо /Р.Сэддорж/-нд тус тус даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.УЧРАЛ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх