A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН
ДҮГНЭЛТ

2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 12

Улаанбаатар хот

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай
хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх
хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн
эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 11.00 цаг

         Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбаяр, С.Номынбаясгалан нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Ш.Тэгвандан Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ:

"Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэх хугацааг 3 хоногийн дараа гэсэн нь 3 хоногоос хойш гэсэн үг биш бөгөөд 3 хоногийн дараагаас эхлэн, саналыг тавьснаас хойш 10 хоногийн дотор буюу 7 хоногт хэлэлцэн шийдвэрлэхээр тодорхой заасан байна. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн, саналыг тавьснаас хойш 10 хоногийн дотор буюу 3 хоногийн дотор шийдвэрлэхээр заасан нь Улсын Их Хурлын тус асуудлыг хэлэлцэх хугацааг 4 хоногоор багасгасан байна.

Иймд тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.

Хоёр. Монгол Улсын иргэн Д.Отгонбаяр Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэл, ихэсгэсэн шаардлагадаа:

"Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тухай тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн барьсан тохиолдолд уг тогтоолын төслийг Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, эсхүл 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх эсэхэд Үндсэн хуулийн зөрчил үүссэн байна. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хурал Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэхээр, харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт зааснаар уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэхээр тус тус заасан нь Үндсэн хуульд заасан хугацаатай зөрчилдөж байна.

Хууль тогтоох байгууллагаас батлан гаргаж буй хууль тогтоомж, шийдвэр гаргах процесс нь Үндсэн хуулийн үзэл баримтлалтай бүрнээ нийцэх, ил тод, хариуцлагатай, ардчилсан зарчмаар явагдаж хууль ёсны байдлыг хангах шаардлагатай. Мөн хууль дээдлэх зарчмын агуулга нь эрх зүйн эх сурвалжууд бие биеэ шатлан захирах, ерөнхий байх, тодорхой байх, тогтвортой байх, нийцсэн байх гэх мэт агуулгыг багтаадаг ойлголт юм. Харин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасан 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх хугацааг баримтлах нь эрх зүйн эх сурвалжууд бие биеэ шатлан захирах зарчмыг зөрчсөн үйлдэл болно.

Иймд тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн дүгнэлт гаргаж өгөхийг хүсье." гэсэн байна.

Гурав. Монгол Улсын иргэн С.Номынбаясгалан Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ:

"Үндсэн хуульд баталгаажуулсан хууль дээдлэх зарчмын гол агуулга нь нийт байгууллага, иргэний аливаа үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байхын зэрэгцээ хуулийн хүрээнд явагдах агуулгыг илэрхийлнэ. Хууль дээдлэх зарчмын суурь болох Үндсэн хуулийг дээдлэх үзэл баримтлалын үүднээс авч үзвэл Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг тус тус Улсын Их Хурал "… гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор …" шийдвэрлэхээр тодорхой хугацааг шууд нэрлэн заасан нь энэ хугацаанаас өөрөөр тогтоохыг зөвшөөрөөгүй байна. Хэрэв ийнхүү шууд нэрлэн заасан тодорхой хугацаанаас өөрөөр тогтоосон бол Үндсэн хуулийн зөрчил болно. Тиймээс хууль тогтоогч Үндсэн хуульд шууд нэрлэн заасан тодорхой хугацааг багасгах, эсхүл нэмэх зэргээр өөрчлөлт оруулах нь хууль зүйн хувьд боломжгүй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг тус тус "… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэж Үндсэн хуульд заасан хугацааг нэмж өөрчилсөн байна. Ийнхүү Үндсэн хуульд шууд нэрлэн заасан тодорхой хугацааг өөрчилсөн нь хууль дээдлэх зарчмын агуулгад нийцэхгүй байна. Одоо үйлчилж буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн уг агуулга өмнө нь үйлчилж байсан 2020 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгтэй адил байна. Өөрөөр хэлбэл, хууль тогтоогч Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг хуулиар батлахдаа Үндсэн хуулийн холбогдох хэсгийг удаа дараа зөрчсөн байна.

Иймд тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг, түүнчлэн тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгож өгнө үү." гэжээ.

Дөрөв. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:

"... Улсын Их Хурлаас 2023 онд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж бүхэлд нь өөрчлөн найруулсан.

Уг өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт "... Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж, 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "... Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж тус тус заасан өмнөх зохицуулалтыг хөндөлгүй хэвээр өргөн мэдүүлжээ. Төслийг Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхэд дээрх асуудлаар гишүүд, ажлын хэсгээс санал гараагүй болно.

Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж буй Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дээрх хэсэгт зохих өөрчлөлт оруулахаар тусгасан болно. Түүнчлэн М.Бадамсүрэн нарын Улсын Их Хурлын гишүүдээс 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийг Үндсэн хуулийн холбогдох хэсэгтэй нийцүүлж өөрчлөхөөр тусгасан." гэжээ.

Тав. Маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл (2019.06.06), түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, судалгаа, холбогдох бусад баримт;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл (2024.04.05), түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (2025.11.14), түүний үзэл баримтлал, танилцуулга;

Монгол Улсын Их Хурал, "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" тогтоолын төсөл (2025.05.28), Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, 2019;

Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Албан бичиг, 2025.06.16, №ТГ-02/726; 2025.12.18, №ТГ-02/1434; 2025.12.22, №ТГ-02/1448;

О.Машбат, Шинжээчийн дүгнэлт, 2025.10.20;

Венецийн комисс, Парламент ба Засгийн газрын харилцаа: итгэл болон хариуцлагын тухай тайлан, 2024.06.24, CDL-AD(2024)016.

ҮНДЭСЛЭЛ:

1992 оны Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-аар парламентын тогтолцоог бий болгосон бөгөөд парламентын тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд багтаж хамгаалагдана (Цэцийн тогтоол, 2022, №02). Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх) нь ард түмнээс сонгож байгуулагдсан төлөөлөгчдийн дээд байгууллага тул "төрийн эрх барих дээд байгууллага" мөн (Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл). Иймээс Улсын Их Хурал нь төрийн гүйцэтгэх дээд байгууллагыг бүрдүүлэх болон түүний үйл ажиллагаанд шийдвэрлэх нөлөөтэй. Өөрөөр хэлбэл, парламентын тогтолцоонд Засгийн газар нь легитим шинжээ парламентаас, тодруулбал түүний дэмжлэгийг авах чадвараас олдог. Тиймээс ардчилсан сонгуулиар бүрдсэн Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг томилох замаар Засгийн газрыг эмхлэн байгуулах чиг үүрэгтэй (Цэцийн дүгнэлт, 2025, №09). Засгийн газар нь Улсын Их Хуралд үйл ажиллагаагаа тайлагнаж, түүний өмнө танхимаараа хариуцлага хүлээх (Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг) бөгөөд Улсын Их Хурлын олонхын итгэл дээр тулгуурлан оршино. Ерөнхий сайд буюу Засгийн газар уг итгэлийг алдвал огцрохоор Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1, Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тусгайлан зохицуулжээ.

Энэхүү маргаан нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн Ерөнхий сайдыг огцруулах саналыг шийдвэрлэх зохицуулалт нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 хэсэгт, мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг шийдвэрлэх зохицуулалт нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус нийцсэн эсэхтэй холбоотой байх тул Үндсэн хуулийн эдгээр зүйлийн агуулгыг тайлбарласны үндсэн дээр зөрчигдсөн эсэхийг шалгаж тогтооно.

Нэг. Ерөнхий сайдыг огцруулах талаарх зохицуулалт

1.1.Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Үндсэн хуульд тусгасан нь

Парламентын тогтолцоонд Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээнэ. Энэ хариуцлага нь ердийн шүүмжлэл зэрэг албан бус хэлбэрээс гадна парламентын гишүүн чуулганы хуралдаанд үг хэлэх, асуулт тавих, асуулгын хариуг хэлэлцүүлэх зэрэг хуулиар зохицуулсан, албан ёсны хэлбэртэй. Засгийн газар парламентын өмнө хариуцлага хүлээх хамгийн эцсийн, хүчтэй хэлбэр нь Ерөнхий сайдыг огцруулах санал хураалт (олон улсад үүнийг "the vote of no confidence" буюу "итгэл эс үзүүлэх санал хураалт" гэдэг) юм. Ерөнхий сайдыг огцруулах саналыг парламент санаачилж, Ерөнхий сайд үргэлжлүүлэн ажиллах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэдэг. Энэ санал нь парламентаас Ерөнхий сайд буюу Засгийн газарт үзүүлсэн итгэлээ буцаах тухай хүсэл зоригоо албан ёсоор илэрхийлж буй явдал бөгөөд түүнийг дэмжвэл Ерөнхий сайд болон Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох үр дагавартай.

1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр батлагдсан Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад Ерөнхийлөгч "... Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд оруулах;" бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зааж, Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Засгийн газар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзвэл хугацаа дуусахаас өмнө огцрох тухайгаа Ерөнхий сайд Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавьбал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж анх зохицуулжээ. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт "Үндсэн хууль, бусад хуульд өөрөөр заагаагүй бол Улсын Их Хурлын нийт гишүүний дийлэнх олонхи нь хүрэлцэн ирснээр чуулганыг хүчинтэйд үзэж, чуулганд оролцсон нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ." гэж анх заасан байсан бол 2000 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр уг хэсгийг "Улсын Их Хурлын чуулганы болон Байнгын хорооны хуралдааныг гишүүдийн олонхи нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ. ..." гэж өөрчлөн найруулсан байна.

Дээрхээс үзэхэд, Засгийн газрыг огцруулах саналыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн тэн хагас, Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гэсэн дөрвөн этгээд тавих боломжтой бөгөөд Улсын Их Хурал уг саналыг 15 хоногийн дотор хэлэлцэж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар (ердийн олонхоор) шийдвэрлэхээр хэт ерөнхий зохицуулсан байсан нь Засгийн газрын бие даасан, тогтвортой байдлыг алдагдуулахад нөлөөлж байсан гэж үздэг. Түүнчлэн 1992 оны Үндсэн хуулийн уг эхийн дагуу Засгийн газрыг огцруулахдаа Улсын Их Хурал огт эрсдэл хүлээдэггүй тул хариуцлагагүй ханддаг байсан гэж дүгнэжээ. Засгийн газрыг огцруулсан бол шинэ Ерөнхий сайдыг томилох хугацааг Үндсэн хуульд тогтоогоогүй, ийнхүү томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах зохицуулалт байгаагүйгээс Засгийн газрыг огцруулах саналыг удаа дараа тавьж, Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэдэг байжээ. Тухайлбал, 1992-2019 оны хооронд 14 удаа Засгийн газрыг байгуулж, нэг парламентын бүрэн эрхийн хугацаанд дөрвөн Засгийн газар солигдох тохиолдол ч гарч, улмаар Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дунджаар 1.8 жил болсноос нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлогыг тууштай хэрэгжүүлж, үр дүнг нь үзэх боломжийг хязгаарлаж, ардчилсан дэглэмд итгэх иргэдийн итгэлийг сулруулж байсан байна (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019, х. 3-4; Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2019.06.14, х. 17-24). Түүнчлэн Засгийн газрыг огцруулсны дараа шинэ Ерөнхий сайдыг томилохгүй удах, тухайлбал 1998 онд Засгийн газар зургаан сарын турш үүрэг гүйцэтгэгч бүрэлдэхүүнтэйгээр ажилласан тохиолдол гарч байжээ.

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын бие даасан, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, танхимын зарчмыг бэхжүүлэх зорилгоор Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын бүрэн эрхийг хумьж, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулсан байна. Тодруулбал, тус зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно." гэж тусгажээ. Энэ зохицуулалтаар Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэн гаргахыг зааж, уг саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх хугацааг нарийвчилж, шийдвэрлэх босгыг өндөрсгөн, санал хураалтын агуулга, үр дагаврыг тодорхойлсон байна.

2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно." гэж өөрчлөн найруулсан. Олныг төлөөлөх болон хувь тэнцүүлэн төлөөлөх тогтолцооны аль алиных нь давуу талыг хослон хэрэгжүүлэх, олон намын тогтолцоог бэхжүүлэх, сонгуулийн тогтолцооны тогтвортой байдлыг хангах үүднээс Улсын Их Хурлын сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд ийнхүү тусгасан байна (Цэцийн дүгнэлт, 2025, №09). Гэвч олныг төлөөлөх тогтолцоотой харьцуулахад холимог тогтолцоо нь аль ч нам, эвсэл Улсын Их Хуралд олонхын суудал авахгүй байх, нам, эвсэл зөвшилцөн Засгийн газар байгуулах, уг зөвшилцөл задарч, Улсын Их Хурал дахь олонх тогтворгүй болох магадлалыг нэмэгдүүлэх учраас Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн агуулгыг зөв ойлгож хэрэгжүүлэх нь Засгийн газрын хариуцлагатай, үр нөлөөтэй байдлыг тэнцвэржүүлэх, улмаар хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хяналт, тэнцлийг хангахад чухал ач холбогдолтой.

1.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн тухайд

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хүрээнд Улсын Их Хурал 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа тус хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт "Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж заажээ. Түүнчлэн 2023 онд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлттэй холбогдуулан Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр батлахдаа тус хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж зааж, 2020 оны мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгтэй адилхан зохицуулжээ.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг тайлбарлаж, түүнд 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг нийцсэн эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна:

1.2.1.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал ..." гэж хэдэн гишүүн ямар саналыг Улсын Их Хуралд хандаж тавих талаар тусгажээ. 2023 онд Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрчлөн найруулж, Улсын Их Хурал 76 гишүүнтэй байсныг 126 гишүүнтэй болгож нэмсэн тул түүний гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь буюу 32, эсхүл түүнээс дээш гишүүн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор Улсын Их Хуралд тавих (Цэцийн дүгнэлт, 2025, №08) бөгөөд үүнээс доош тооны гишүүн, эсхүл Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүн зэрэг бусад этгээд уг саналыг тавихыг зөвшөөрөөгүй байна. Учир нь Ерөнхий сайд буюу Засгийн газар гагцхүү Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээх тул түүнийг огцруулж улс төрийн хариуцлага хүлээлгэх санаачилгыг зөвхөн Улсын Их Хурлаас гаргах бөгөөд ийм санаачилгыг бусад этгээд гаргах нь парламентын тогтолцооны мөн чанарт нийцэхгүй. Түүнчлэн Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах (Үндсэн хуулийн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэг) бөгөөд Засгийн газар танхимын зарчмаар ажиллах тул Ерөнхий сайдыг буюу Засгийн газрыг огцруулах саналыг Засгийн газрын гишүүн дангаараа, эсхүл хамтран гаргах нь Үндсэн хуульд нийцэхгүй.

Засгийн газрын гишүүнд хариуцлага тооцох буюу түүнийг огцруулах асуудлыг зөвхөн Ерөнхий сайд шийдвэрлэх бөгөөд Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг тавих бүрэн эрхийг Улсын Их Хурлын гишүүдэд Үндсэн хуулиар олгоогүй байна (Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэг). Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Улсын Их Хурлын гишүүний саналаар Улсын Их Хурлаар хэлэлцэн шийдвэрлэх нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн хуулийн үзэл баримтлалтай харшилна (Цэцийн дүгнэлт, 2015, №11; Цэцийн тогтоол, 2015, №09). Тиймээс Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрын аль нэг гишүүнийг бус, харин зөвхөн Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавих боломжтой байх бөгөөд энэ санал нь Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь огцруулах үр дагавартай юм (Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг).

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол ..." гэж заажээ. Энэхүү заалтын "гишүүд" гэдэг нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй ... " гэж шууд ойлгогдохгүй байх тул уг заалтыг боловсронгуй болгох шаардлагатай байгааг дурдах нь зүйтэй.

1.2.2.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэх болон шийдвэрлэх хугацааны хязгаарыг тодорхой заажээ. Тодруулбал, тус хэсгийн "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэдэг нь Ерөнхий сайдыг огцруулах санал тавьсан өдрөөс хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэх агуулгатай. 3 хоногийн дараа хэлэлцэх хугацааг ийнхүү заасан нь уг хугацаанд Улсын Их Хурлын гишүүн бүр Ерөнхий сайдыг огцруулах саналтай тэгш эрхтэйгээр танилцах, судлах, асуулт, саналаа боловсруулах, Ерөнхий сайд хариу тайлбараа бэлтгэх боломж олгох зорилготой тул уг саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан даруйд Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх нь зүйтэй байна (Цэцийн дүгнэлт, 2025, №08).

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьснаас хойш "... арав хоногийн дотор ..." уг саналыг шийдвэрлэхээр зохицуулсан байна (Цэцийн дүгнэлт, 2025, №08). Энэ заалт нь уг саналыг тавьснаас хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэх утгатай. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурал хэлэлцэх дээд хугацаа нь 7 хоног байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхлэх болон шийдвэрлэх хугацааны хязгаарыг тогтоосон нь Улсын Их Хурлын гишүүд уг саналыг судалж, бэлтгэл хангах, Улсын Их Хурал дээр нухацтай хэлэлцэх, боломжит хугацаанд шийдвэрлэхэд төдийгүй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэсэн байна. Хэрэв ийм хугацааг Үндсэн хуулиар тогтоогоогүй нөхцөлд Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэхгүй, шийдвэрлэхгүй байх, эсхүл хэт олон хоног хэлэлцэж сунжруулах, Засгийн газрын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах зэрэг эрсдэл үүснэ.

Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьснаас хойш "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ..." гэж Үндсэн хуулийн бичвэрт заасан байхад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж өөрчилжээ. Өөрөөр хэлбэл, "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт илт тодорхой заасан хугацааг маргаан бүхий хуулийн заалтаар "… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэж 4 хоногоор уртасгаж, улмаар Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэж эхэлснээс хойш шийдвэрлэх дээд хугацааг 7 хоног байхаар заасныг 3 хоног болгон богиносгосон байх тул Үндсэн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан даруйд гишүүдэд хүргүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгаагүй байгаа нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэх шаардлага зөрчигдөх нөхцөлийг бий болгохоор байна. Тухайлбал, Улсын Их Хурлын нэр бүхий 54 гишүүн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдөр "Монгол Улсын Ерөнхий сайдыг огцруулах тухай" саналыг Улсын Их Хурлын даргад тавьсан ч 2025 оны 10 дугаар сарын 10-ны өдөр буюу уг саналыг тавьснаас хойш 3 хоногийн дараа Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлсэн зөрчил гарсныг Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 08 дугаар дүгнэлтэд тэмдэглэсэн байна.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавьснаас хойш "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ..." гэж заасан учраас Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр уг саналыг энэ хугацааны дотор удаашралгүй хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай. Гэтэл Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр удаашралгүй хэлэлцэж шийдвэрлэх талаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгайлан заагаагүй байгаа нь уг саналыг 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх Үндсэн хуулийн шаардлага зөрчигдөх эрсдэл үүсгэсэн байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг Байнгын хороогоор хэлэлцүүлэх нь хугацаа алдаж, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ..." шийдвэрлэхээр тогтоосныг зөрчих эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна. Түүнчлэн парламентын болон хагас ерөнхийлөгчийн тогтолцоотой бусад улсын сайн туршлагаас үзэхэд Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Бүгд Найрамдах Польш Улс зэрэг улсад Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх (итгэл үзүүлэх) болон Ерөнхий сайдыг огцруулах (итгэл эс үзүүлэх) саналыг парламентын нэгдсэн хуралдаанаар шууд хэлэлцдэг байна. Энэ талаар "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх, эс үзүүлэх асуудлыг хэлэлцэхэд парламентын байнгын хороо оролцдоггүй байна. Байнгын хороо бол хууль тогтоох ердийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд ерөнхийлөгчийн болон парламентын засагтай эсэхээс үл хамааран хууль тогтоох үйл ажиллагаанд голлох үүрэгтэй оролцдог. Харин парламентын засгийн онцлогтой холбоотой, төрийн эрх мэдлийн хяналт, тэнцлийн асуудалд, тухайлан итгэл үзүүлэх, эс үзүүлэх зэрэг асуудалд шууд оролцох үүрэг хүлээхгүй байгааг гадаад улс орнуудын Үндсэн хуулийн заалт, парламентын чуулганы хуралдааны дэг зэргээс нийтлэг ажиглагдаж байна" гэж дүгнэжээ (Шинжээчийн дүгнэлт, 2025.10.20, х. 13). Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.2 дахь хэсэгт "Төрийн байгуулалтынбайнгын хороо Ерөнхий сайдыг огцруулах саналыг хуралдаанаараа хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд танилцуулна." гэж, мөн зүйлийн 101.3 дахь хэсэгт "Нэгдсэн хуралдаанБайнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулна." гэж зайлшгүй зохицуулах шаардлагатай эсэхийг нягталж, уг зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байна.

1.2.3.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрт "... Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд ..." тооцохоор заасан. Энэ өгүүлбэрийн "уг санал" гэдгийг тус хэсгийн 1 дэх өгүүлбэрт заасны дагуу Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь албан ёсоор тавьсан "Ерөнхий сайдыг огцруулах санал" гэж ойлгох (Цэцийн дүгнэлт, 2025, №08) тул энэ нь санал хураах томьёоллын агуулга мөн. Иймээс Ерөнхий сайдыг огцруулах тухай санал нь Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлбэртэй байх бөгөөд Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжих буюу Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураахаар байна.

Улсын Их Хурал 126 гишүүнтэй тул "нийт гишүүний олонх" гэдэгт 64, эсхүл түүнээс дээш тооны гишүүнийг ойлгоно. Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж (Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг), Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хурааж, нийт гишүүний олонх буюу туйлын олонх дэмжсэн бол уг тогтоолыг баталсанд тооцох нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцнэ. Харин Үндсэн хуульд үүнтэй адилаар өөрөөр заагаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар буюу ердийн олонхоор асуудлыг шийдвэрлэнэ (Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг).

Үндсэн хуульд байгаа нэр томьёог аль болох нэг мөр хэрэглэвэл зохих бөгөөд түүнийг өөрчлөн хэрэглэснээр агуулгын алдаа гаргах магадлалтай. Иймээс Үндсэн хуульд заасан нэр томьёо, агуулгыг бусад хууль тогтоомжид нэг мөр тусган хэрэглэх шаардлагатай. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "... уг асуудлыг ..." шийдвэрлэхээр заасан байна. Энэ хэсгийн "уг асуудал" гэдэгт юуг хамааруулах нь бүрхэг байх тул үүнийг Ерөнхий сайдыг огцруулах саналаас өөрөөр ойлгох эрсдэл үүсгэсэн байна. "Уг асуудал" гэдгийг "Ерөнхий сайдыг огцруулах санал"-аас илүү өргөн, эсхүл салаа утгаар хэрэглэх боломжтой байх тул эрх зүйн тодорхой байдлыг хангахгүй байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэхдээ Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд "Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжээгүй саналыг дэмжье" гэсэн томьёоллоор санал хураасан нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж тогтоосон (Цэцийн дүгнэлт, 2025, №08). Иймд дээрх хэсэгт "уг асуудал" гэж заасан нь Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах утгыг алдагдуулж, Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байна.

1.2.4.Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлд Ерөнхий сайдыг огцруулах санал хураалтын үр дагаврыг зохицуулсан байна. Тухайлбал, Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг аваагүй бол тус тогтоол батлагдаагүйд тооцож, Ерөнхий сайд огцрохгүй бөгөөд түүний Засгийн газар үргэлжлүүлэн ажиллана.

Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь өгүүлбэрт зааснаар Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн бол тус тогтоолыг баталсанд тооцох бөгөөд үүнээс хойш 30 хоногийн дотор Улсын Их Хурал Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шинэ Ерөнхий сайдыг томилно. Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг ийнхүү баталсанд тооцсоноор Ерөнхий сайд, мөн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно (Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг). Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолыг баталснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргахаар байна.

Парламентын тогтолцоотой улсад Засгийн газарт хүлээлгэх эцсийн хариуцлага бол түүнийг буюу Ерөнхий сайдыг огцруулах саналыг парламентад тавьж шийдвэрлүүлэх байдаг бол парламентад хүлээлгэх хариуцлага нь түүнийг тараах явдал юм. Тухайлбал, Ерөнхий сайдыг томилох (сонгох) замаар Засгийн газрыг эмхлэн байгуулах, Ерөнхий сайдыг дэмжих замаар гүйцэтгэх эрх мэдлийн хэвийн үйл ажиллагааг хангах нь парламентын чиг үүрэгт багтана (Цэцийн дүгнэлт, 2025, №09). Парламент Ерөнхий сайдыг Үндсэн хуульд заасны дагуу томилоогүй нь чиг үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгааг илтгэх тул тухайн парламентыг тараах нөхцөл болно. Ийнхүү тараах нь парламент, түүний олонхыг бүрдүүлж байгаа нам, эвсэлд улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа явдал юм.

Хоёр. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх талаарх зохицуулалт

2.1.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг Үндсэн хуульд тусгасан нь

Засгийн газар парламентын итгэлийг хүлээсэн байх нь үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөл төдийгүй парламентын тогтолцооны үндсэн шинж юм. Иймээс Засгийн газар парламентын итгэлийг хүлээсэн байвал зохино. Итгэл хүлээлгэх буюу үзүүлэх санал (motion of confidence) нь Ерөнхий сайдын санаачилгаар түүнд итгэл хүлээлгэж буйгаа албан ёсоор илэрхийлэхийг парламентаас хүсэхэд хэрэглэх журам юм. Энэ нь тодорхой бодлогын шийдлийг Засгийн газрын оршин тогтнох тухай санал хураалтаар хамтад нь шийдвэрлүүлэх боломжийг Ерөнхий сайдад олгодог. Парламентын тогтолцоотой улсад итгэл хүлээлгэх санал нь Засгийн газар бүрэн эрхээ үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд хангалттай олонхын дэмжлэгтэй эсэхийг баталгаажуулахад чиглэдэг. Засгийн газрыг дэмжиж буй парламентын олонх хямралд орсон үед үүнийг заримдаа ашигладаг бөгөөд итгэл хүлээлгэх санал нь Засгийн газарт итгэл хүлээлгэж түүнийг дэмжих, эсхүл түүнийг огцруулсны үр дагавартай нүүр тулах хоёрын аль нэгийг парламентын гишүүд сонгохоос аргагүй нөхцөлийг бүрдүүлдэг (Венецийн комисс, CDL-AD(2024)016, догол 13). Ерөнхий сайдад итгэл хүлээлгэвэл Засгийн газар үргэлжлүүлэн ажиллаж, дэмжүүлсэн бодлогоо хэрэгжүүлнэ. Харин итгэл хүлээлгээгүй бол Ерөнхий сайд, Засгийн газар огцорч, шинэ Ерөнхий сайдыг томилох, эсхүл парламент тарах үр дагавартай тул Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх асуудлыг парламентад тавих нь Засгийн газар, парламент хоорондын харилцан хяналт, тэнцлийн нэг хөшүүрэг юм.

1992 оны Үндсэн хуулийн уг эхэд Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх асуудлыг ерөнхий зохицуулсан байсан. Тодруулбал, Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд "Өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсч Засгийн газар тогтоолын төсөл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлэнэ." гэж, Дөчин гуравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурал Засгийн газрыг огцруулах тухай өөрөө санаачилсан болон Ерөнхийлөгчийн санал, Ерөнхий сайдын мэдэгдлийг хүлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж туссан байжээ. Эдгээр зохицуулалтад Засгийн газар өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг хүсэж холбогдох тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулах, Улсын Их Хурал түүнийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор шийдвэрлэхээр ерөнхий заасан байсан. Засгийн газарт итгэл хүлээлгээгүй тохиолдолд Засгийн газар огцрох ч дараагийн Ерөнхий сайдыг томилох хугацаа, томилоогүй бол үүсэх үр дагавар зэргийг Үндсэн хуульд тухайлан заагаагүй байжээ. Тодруулбал, "Ерөнхий сайдын зүгээс өөрт нь итгэл хүлээлгэж байгаа эсэхийг илэрхийлж өгөхийг Улсын Их Хурлаас хүссэний үр дагавар нь тодорхойгүй, уг асуудалд Улсын Их Хурлын зүгээс хариуцлагатай хандах механизм дутмаг" байсан учраас 1992-2019 онд Ерөнхий сайдын зүгээс ийм тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулж байгаагүй ажээ (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019, х. 3; Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, 2019, х. 95).

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх зохицуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ." гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийг "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж тус тус өөрчлөн найруулсан байна. "Ингэснээр Ерөнхий сайд нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх бодлого, хөтөлбөрөө боловсруулж тууштай хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ. Хэрэв Улсын Их Хурал 30 хоногийн хугацаанд шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй бол Улсын Их Хурлыг тараах нөхцөл бүрдэх тул гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн харилцан хяналт, тэнцлийг сайжруулах хөшүүрэг болно" гэж үзжээ (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019, х. 7).

2.2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн тухайд

Улсын Их Хурал 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу 2020 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж заажээ. Түүнчлэн 2023 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, улмаар 2024 онд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг шинээр батлахдаа тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж зохицуулжээ. 2020 оны дээрх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж заасныг 2024 оны тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж өөрчилж, "... түүнээс хойш ..." гэсэн хоёр үгийг шинээр нэмжээ.

Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн агуулгыг тайлбарлаж, түүнд 2024 оны Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг нийцсэн эсэхийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна:

2.2.1.Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал ..." гэж хэн юуг Улсын Их Хуралд оруулах талаар заасан. Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг зөвхөн Ерөнхий сайд өөрөө Улсын Их Хуралд оруулах бөгөөд энэ талаар заавал Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүлэх, эсхүл Засгийн газрын гишүүдтэй зөвлөлдөх шаардлагагүй. Ерөнхий сайдад буюу Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулах бүрэн эрхийг бусад байгууллага, албан тушаалтанд Үндсэн хуулиар олгоогүй байна. Тухайлбал, Засгийн газар танхимын зарчмаар ажиллах, Ерөнхий сайд Засгийн газрыг удирдах Үндсэн хуулийн үзэл баримтлалтай учраас Засгийн газрын гишүүн өөртөө, эсхүл Засгийн газарт итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулахыг зөвшөөрөөгүй байна.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл нь ерөнхий асуудлаар бус, гагцхүү Улсын Их Хурлын дэмжлэг шаардлагатай, улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар байвал зохино. Тухайлбал, "төсвийн болон бодлогын тодорхой асуудал"-д Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2 дахь заалтад зааснаар улсын төсөв, түүний орлого бүрдүүлэх, хуваарилах, зарцуулалтын шинжтэй, эсхүл төрийн санхүү, зээл, албан татвар, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэл, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлого, шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, байгалийн баялгийг ашиглах төрийн бодлогын зэрэг тодорхой асуудал хамаарна. Засгийн газар нь төсвийн болон бодлогын эдгээр асуудлыг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, баталсан шийдвэрийг биелүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхий сайд Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолын төслийг өргөн мэдүүлэхдээ хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр, төсөв тэдгээрийн зүйл, хэсэг, заалтын талаарх өөрийн байр суурь болон Улсын Их Хурлаас дэмжлэг хүсэж байгаа асуудлыг тодорхой илэрхийлсэн байна. ..." гэж зохицуулжээ. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол ..." гэж Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийг эшилж тусгасан байх тул Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулах агуулга алдагдаагүй байна.

2.2.2.Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ." гэж хэлэлцэж эхлэх болон шийдвэрлэх хугацааны хязгаарыг тодорхой заасан нь Улсын Их Хурлын гишүүд уг тогтоолын төслийг судалж, бэлтгэл хангах, нухацтай хэлэлцэх, боломжит хугацаанд шийдвэрлэхэд төдийгүй иргэдийн мэдээлэл авах эрхийг хангахад чиглэсэн байна. Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхэлнэ. Ийнхүү хэлэлцэж эхлэх хугацааг тогтоосон нь тус хугацаанд Улсын Их Хурлын гишүүн уг тогтоолын төсөлтэй тэгш эрхтэйгээр танилцах, судлах, асуулт, саналаа боловсруулах боломж олгох зорилготой тул уг тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулсан даруйд Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэх учиртай. Түүнчлэн Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш 10 хоногийн дотор шийдвэрлэхээр заажээ. Өөрөөр хэлбэл, уг тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш Улсын Их Хурал 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэх утгатай байна. Тодруулбал, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хурал хэлэлцэх дээд хугацаа нь 7 хоног байна.

Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх журмыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэх зэргээр зохицуулсан байна. Үндсэн хуулийн бичвэрт Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж илт тодорхой заасан хугацааг уг зохицуулалтаар "… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэж 4 хоногоор уртасгажээ. Түүнчлэн уг тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш "... арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ." гэж Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт илт тодорхой заасан хугацааг маргаан бүхий зохицуулалтаар "... 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор ..." шийдвэрлэхээр өөрчилсөн байна. Энэ нь уг тогтоолын төслийг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэхээр ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, уг тогтоолын төслийг оруулснаас хойш нийт 10 хоногийн дотор бус, харин 17 хоногийн дотор шийдвэрлэхээр өөрчилжээ. Иймд маргаан бүхий зохицуулалтаар Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх 3 хоногийг 7 хоног болгосон төдийгүй ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш шийдвэрлэх дээд хугацаа 7 хоног байхаар заасныг 10 хоног болгон уртасгасан байх тул Үндсэн хуулийн дээрх заалтыг ноцтой зөрчсөн байна.

Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан даруйд тухайн тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлэхийг үүрэгжүүлсэн зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгаагүй байгаа нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэх шаардлага зөрчигдөх нөхцөлийг бий болгохоор байна. Түүнчлэн улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр удаашралгүй хэлэлцэж шийдвэрлэх талаар тусгайлан хуульчлаагүй байгаа нь уг тогтоолын төслийг 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх Үндсэн хуулийн шаардлага зөрчигдөх эрсдэл үүсгэсэн байна.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Байнгын хороонд оруулах нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу түүнийг Улсын Их Хуралд оруулснаас хойш 3 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэх хугацааг зөрчих эрсдэлийг нэмэгдүүлэхээр байна. Түүнчлэн парламентын болон хагас ерөнхийлөгчийн тогтолцоотой улсад Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхгүйгээр парламентын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэдэг байна. Учир нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх нь хууль тогтоох үйл ажиллагаанд хамаарахгүй, харин хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн хоорондын хяналт, тэнцлийг хангахад чиглэдэг. Иймээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт "Холбогдох Байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг хуралдаанаараа хэлэлцэн санал, дүгнэлт гаргаж нэгдсэн хуралдаанд оруулна." гэж зайлшгүй зохицуулах шаардлагатай эсэхийг нягталж, уг зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байна.

2.2.3.Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхий сайд ... өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал ..." тухайн тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар шийдвэрлэхээр заасан байна. "Улсын Их Хурлын шийдвэр гаргах журмыг тусгайлан зохицуулсан Үндсэн хуулийн заалтыг эерэг утгаар ойлгож санал хураана. Тухайлбал, ... "Ерөнхий сайдын итгэл хүлээлгэх тогтоолын төсөл батлахыг дэмжих" гэсэн томьёоллоор санал хураах нь Үндсэн хуульд илүү нийцэхээр байна" (Цэцийн дүгнэлт, 2025, №08). Иймд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд үзэж (Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэг), Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хурааж, нийт гишүүний олонхоор буюу туйлын олонхоор батлахаар байна.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд ... өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг ... шийдвэрлэнэ." гэж заажээ. Тус хэсгийн "уг асуудал" гэдэгт юуг хамааруулан ойлгох нь бүрхэг байх тул үүнийг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураахаас өөрөөр ойлгох эрсдэл үүсгэсэн байна. "Уг асуудал" гэдгийг Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг эерэг утгаар ойлгож шийдвэрлэхээс илүү өргөн, эсхүл салаа утгаар хэрэглэх боломжтой байх тул эрх зүйн тодорхой байдлыг хангахгүй байна. Иймд тус зүйлийн 102.1 дэх хэсгийн "уг асуудал" гэсэн нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах утгыг алдагдуулж, Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийцээгүй байна.

2.2.4.Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурал тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолыг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж шийдвэрийн үр дагаврыг зохицуулсан байна. Энэ агуулгыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.3 дахь хэсэгт "Энэ хуулийн 102.1-д заасан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын саналаар баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, энэ тухай тогтоол баталсанд тооцно." гэж тусгажээ.

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төсөл Улсын Их Хурлын нийт гишүүний олонхын дэмжлэг аваагүй бол батлагдахгүй бөгөөд Ерөнхий сайдыг огцорсонд тооцож, түүнээс хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу томилно (Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг). Энэ хугацаанд Улсын Их Хурал шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах шийдвэр гаргана (Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсэг).

2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийг өөрчлөн найруулсны дараа 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Ерөнхий сайдаас "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.2 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийг 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэлэлцэж, 17 гишүүн буюу 73.9 хувийн саналаар дэмжсэн байна. Мөн өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай" Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах эсэх асуудлаар нууц санал хураалт явуулж, санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн дэмжиж, 38 гишүүн дэмжээгүйгээс нийт гишүүний олонхын буюу 64-өөс доошгүй тооны гишүүний дэмжлэгийг аваагүй тул уг тогтоолын төслийг батлаагүй байна (Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны дэлгэрэнгүй тэмдэглэл, 2025.06.02, х. 188-189).

Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хурлын нийт гишүүний олонх буюу 64-өөс доошгүй тооны гишүүн дэмжсэн бол уг тогтоолыг баталсанд тооцно. Улсын Их Хурал уг тогтоолыг баталсан бол Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно (Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсэг). Иймд Улсын Их Хурал Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг баталснаар ийнхүү итгэл үзүүлсэн гэж үзэхээс гадна уг тогтоолын төсөлд тусгасан улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлыг мөн дэмжсэнд тооцох үр дагавартайгаараа онцлог байна. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.7 дахь хэсэгт "Ерөнхий сайдад итгэл үзүүлэх тогтоолыг баталсантай холбогдуулан шаардлагатай бол уг тогтоолд нийцүүлэн зохих хууль, бодлого, төлөвлөлтийн баримт бичгийн төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг Улсын Их Хурал энэ хуульд заасан журмаар хэлэлцэн шийдвэрлэнэ." гэж заасан байна.

Нэгтгэн дүгнэвэл

1.Үндсэн хуулиар ард түмнээс сонгогдсон Улсын Их Хурал нь Ерөнхий сайдыг томилох замаар Засгийн газрыг эмхлэн байгуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Засгийн газар нь Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээж, түүний олонхын итгэл дээр тулгуурлан орших учраас уг итгэлийг алдвал огцрох ч үүнд Улсын Их Хурал хариуцлагатай хандах зохицуулалтыг Үндсэн хуульд тусгасан байна. Засгийн газар Улсын Их Хурлын өмнө хариуцлага хүлээх хамгийн эцсийн, хүчтэй хэлбэр нь Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх санал хураалт юм. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс өөрт нь итгэл хүлээлгэж буйгаа албан ёсоор илэрхийлэхийг Улсын Их Хурлаас хүсэж, төсвийн болон бодлогын тодорхой асуудлын шийдлийг Засгийн газрын оршин тогтнох эсэх санал хураалтаар хамтад нь шийдвэрлүүлэх боломжтой. Улсын Их Хурлын нийт гишүүний олонх Ерөнхий сайдыг огцруулахыг буюу Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг дэмжсэн, эсхүл Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлаагүй бол Ерөнхий сайд, Засгийн газар огцорно. Ийнхүү огцруулснаас хойш 30 хоногийн дотор шинэ Ерөнхий сайдыг томилоогүй бол Улсын Их Хурлыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана. Иймээс Улсын Их Хурлын санаачилгаар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг, эсхүл Ерөнхий сайдын санаачилгаар түүнд итгэл хүлээлгэх асуудлыг Улсын Их Хурал хэлэлцэж шийдвэрлэх нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдэл хоорондын харилцан хяналт, тэнцлийн чухал хөшүүрэг мөн.

2.Засгийн газрын бие даасан, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах, танхимын зарчмыг бэхжүүлэх зорилгоор Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. Улсын Их Хурлын нийт гишүүний олонхи уг саналыг дэмжсэн бол Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоол баталсанд тооцож, шинэ Ерөнхий сайдыг гуч хоногийн дотор томилно." гэж 2019 онд өөрчлөн найруулжээ. Гэтэл Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "Гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Ерөнхий сайдыг огцруулах саналыг Улсын Их Хуралд албан ёсоор тавьсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж зохицуулж, Үндсэн хуулийн тус хэсгийг зөрчсөн байна. Энэ зохицуулалтын "гишүүд" гэдэг нь "Улсын Их Хурлын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй" гэж шууд ойлгогдохгүй байх төдийгүй Үндсэн хуулийн бичвэрт "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж илт тодорхой заасан хугацааг "… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэж 4 хоногоор уртасгаж, улмаар Улсын Их Хурал Ерөнхий сайдыг огцруулах саналыг хэлэлцэн шийдвэрлэх 7 хоногийг 3 хоног болгон богиносгосон байна. Түүнчлэн маргаан бүхий зохицуулалтад "уг асуудал" гэж бүрхэг заасан нь Ерөнхий сайдыг огцруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах Үндсэн хуулийн утгыг алдагдуулах эрсдэлтэй байна.

3.Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг "Ерөнхий сайд улсын төсвийн болон бодлогын тодорхой асуудлаар өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулбал Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор Улсын Их Хурлын нийт гишүүний олонхийн саналаар шийдвэрлэнэ." гэж 2019 онд өөрчлөн найруулсан байна. Гэвч Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "Ерөнхий сайд Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлд заасны дагуу өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг оруулсан бол Улсын Их Хурал уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн тус хэсгийг зөрчсөн байна. Учир нь Ерөнхий сайд өөрт нь итгэл хүлээлгэх тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш "... гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж Үндсэн хуулийн бичвэрт илт тодорхой заасан хугацааг "… 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн …" гэж 4 хоногоор уртасгажээ. Түүнчлэн уг тогтоолын төслийг Улсын Их Хуралд оруулснаас хойш "... арав хоногийн дотор ..." шийдвэрлэхээр Үндсэн хуулийн бичвэрт илт тодорхой заасан хугацааг "... 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш 10 хоногийн дотор ..." гэж уртасгасан тул уг тогтоолын төслийг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэх, ийнхүү хэлэлцэж эхэлснээс хойш 10 хоногийн дотор (нийт 17 хоногийн дотор) шийдвэрлэхээр ойлгогдож байна. Мөн маргаан бүхий зохицуулалтад "уг асуудал" гэж бүрхэг заасан нь Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураах Үндсэн хуулийн утгыг алдагдуулах эрсдэлтэй байна.

4.Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл түүнд итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг 3-10 хоногт хэлэлцэж шийдвэрлэхээр Үндсэн хуульд заасан байна. Иймээс эдгээр тогтоолын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн даруйд гишүүдэд хүргүүлэх, Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал харгалзахгүйгээр энэ хугацааны дотор удаашралгүй, шууд хэлэлцэж шийдвэрлэх зэрэг нарийвчилсан зохицуулалтыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд тусгах шаардлагатай байна. Түүнчлэн Ерөнхий сайдыг огцруулах тухай санал Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлбэртэй байх, уг тогтоолын төслийг батлахыг дэмжих агуулгаар санал хураахаар тодорхой хуульчилбал зохино. Мөн Ерөнхий сайдыг огцруулах, эсхүл түүнд итгэл хүлээлгэх тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай эсэхийг нягталж, холбогдох зохицуулалтыг боловсронгуй болгох нь зүйтэй байна.

5.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд түүний агуулга нь ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг өргөн хүрээнд хамгаалж, үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалыг багтаана. Тухайлбал, хууль дээдлэх ёс нь эрх зүйн тодорхой байдлыг хангах, аливаа хууль, эрх зүйн акт Үндсэн хуульд нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлахыг шаардана (Цэцийн тогтоол, 2024, №02). Эрх зүйн тодорхой байдал нь хуулиар юуг зөвшөөрч, хориглох, ямар эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж байгааг мэдэх, хуулийг сахин биелүүлснээр үүсэх үр дагаврыг урьдчилан таамаглах, үүнийхээ үндсэн дээр үйл ажиллагааг төлөвлөж, хэрэгжүүлэх боломжийг баталгаажуулдаг (Цэцийн дүгнэлт, 2025, №02).

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор шийдвэрлэнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт, тус хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус нийцээгүй төдийгүй эдгээр зохицуулалтад "уг асуудал" гэх ойлгомжгүй нэр томьёо хэрэглэж, эрх зүйн тодорхой байдлыг хангаагүй байх тул хууль дээдлэх ёсыг зөрчсөн байна.

6.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр буцаж үйлчлэх хүрээг тодорхойлсон учир энэхүү дүгнэлт нь гарсан цагаасаа хойш (ex nunc) үйлчлэх бөгөөд буцаж үйлчлэхгүй үр дагавартай болохыг тэмдэглэж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "… Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ. ..." гэж заасанд нийцээгүй байна.

2.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн "... уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Дөчин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "... Улсын Их Хурал гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор ... шийдвэрлэнэ." гэж заасанд нийцээгүй байна.

3.Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн ..." гэж, 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "… уг асуудлыг 7 хоногийн дараа хэлэлцэж эхлэн түүнээс хойш ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД

Д.ГАНГАБААТАР

О.МӨНХСАЙХАН

Ц.ЦОЛМОН

Б.БОЛДБААТАР