A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 236

Улаанбаатар хот

ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө"-г 1 дүгээр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд "Засгийн газраас боловсруулж, батлуулах хууль тогтоомжийн жагсаалт"-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан төрөөс иргэн, хуулийн этгээдэд үзүүлж байгаа бүх төрлийн үйлчилгээний үнэ, тариф, төлбөр, хураамжийг 2026 оны төсвийн жилд нэмэгдүүлэхгүй байхыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгож, зөвлөл, хороо болон аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд зөвлөсүгэй.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ТЭРГҮҮН ШАДАР САЙД БӨГӨӨД ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН САЙД Ж.ЭНХБАЯР

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 285

Улаанбаатар хот

"ЧӨЛӨӨЛЬЕ" ҮНДЭСНИЙ САНААЧИЛГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуульд тунхагласан хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөөг хангах, Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, шударга өрсөлдөөнийг хамгаалах, технологи, инновацыг хөгжүүлэх, төрийн оролцоог зохистой түвшинд хязгаарлах, өсөлтийн үр өгөөжийг иргэдэд бодитоор хүртээх зорилгоор "Чөлөөлье" үндэсний санаачилгыг хэрэгжүүлэхээр тогтоосугай.

2."Чөлөөлье" үндэсний санаачилгыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралтаар баталсугай.

3.Төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулахыг Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгаж, Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг болон хуулиар хараат бус байдлыг нь баталгаажуулсан төрийн байгууллагын удирдлагад зөвлөж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг энэхүү санаачилгад нэгдэн оролцохыг уриалсугай.

4.Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2026 оны батлагдсан төсөвт багтаан санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгийг Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгахыг Сангийн сайд З.Мэндсайханд даалгасугай.

5.Төлөвлөгөөнд туссан төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын зээл, тусламж болон бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх боломжтой төсөл, арга хэмжээг шуурхай зохион байгуулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, холбогдох төрийн захиргааны байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагад даалгасугай.

6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалт, арга зүйн удирдлагаар хангах, төлөвлөгөөнд туссан арга хэмжээний хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн Засгийн газрын хуралдаанд улирал тутам танилцуулж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт үүрэг болгосугай.

7.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 236 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР