A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 229

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Малчны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.10 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Засгийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Улсын аварга малчин, улсын хошой аварга малчин шалгаруулах журам"-ын 1.1 дэх хэсгийн "хамруулах," гэсний дараа "тариалангийн бүс нутагт мал аж ахуйн үйлдвэрлэлийг төрөлжүүлэн хөгжүүлэх," гэж, 4.1 дэх хэсгийн "улаан халз бүхий таван ханатай гэр" гэсний дараа ", эсхүл малчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, дэвшилтэт технологи шингэсэн, мал аж ахуйн үйлдвэрлэлд нэн хэрэгцээтэй эд зүйл, өндөр ашиг шимт үржлийн мал" гэж тус тус нэмсүгэй.

2.Мөн журмын 3.3, 3.6 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

"3.3.Аймаг, нийслэлийн хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь 2000 малчин өрх тутамд нэг малчныг, малчин өрхийн тоо 2000 хүрэхгүй тохиолдолд нэг малчныг "Улсын аварга малчин"-д нэр дэвшүүлэх зарчмыг баримтална.

3.6.Аймгийн хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сумдаас улсын аварга, улсын хошой аварга малчнаар тодорхойлсон малчдын баримт бичгийг энэ журмын 2.1, 3.3, 3.5-д заасан шаардлагын дагуу хянан аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, 01 дүгээр сарын 05-ны өдрийн дотор хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ."

3.Мөн журмын 3.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

4.Тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД М.БАДАМСҮРЭН