A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 186

Улаанбаатар хот

ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Журам шинэчлэн баталж, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 402 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн ажиллах журам"-д доор дурдсан агуулга бүхий зүйл, заалт нэмсүгэй.

1/6 дугаар зүйлийн 6.1.9, 6.1.10 дахь заалт:

"6.1.9.Үндэсний зөвлөлийн гишүүдийг томилох, чөлөөлөх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх;

6.1.10.Үндэсний зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 удаа хурал тасалсан, гишүүний үүргээ хэрэгжүүлж чадахгүй байгаа талаар нэр дэвшүүлсэн төрийн бус байгууллагаас чөлөөлөх албан бичиг ирүүлсэн тохиолдолд чөлөөлөх эсэх асуудлыг жилд 1 удаа Зөвлөлийн хурлаар хэлэлцэж, шаардлагатай бол Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх."

2/Ес дүгээр зүйл:

"Ес.Төрийн бус байгууллагын төлөөллийг сонгох

9.1.Гишүүнээр ажиллах төрийн бус байгууллагын төлөөллийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгоно.

9.2.Энэ журмын 9.3, 9.4-т заасан шалгуурыг хангасан, төрийн бус байгууллага мөн журмын 9.5-д заасан нэр дэвшигчийн баримт бичгийг сонгон шалгаруулах багт хүргүүлж болно.

9.3.Дараах шалгуурыг хангасан төрийн бус байгууллага Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлж болно:

9.3.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 5-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

9.3.2.үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх;

9.3.3.төрийн болон олон улсын байгууллагын захиалгаар сүүлийн 5 жилд гурваас доошгүй ажил, үйлчилгээ гүйцэтгэсэн байх.

9.4.Дараах шалгуурыг хангасан төрийн бус байгууллага Дэд болон салбар зөвлөлд нэр дэвшүүлж болно:

9.4.1.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх ашгийг хамгаалах чиглэлээр 3-аас доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх;

9.4.2.үйл ажиллагаа явуулах өөрийн болон түрээсийн ажлын байр, хүний нөөцтэй байх;

9.4.3.тухайн салбарын бодлого, шийдвэр, үйл ажиллагаанд санал өгч, хамтран ажиллаж ирсэн туршлагатай.

9.5.Зөвлөлийн гишүүнээр нэр дэвшигч доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:

9.5.1.нэр дэвшигчийн анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1);

9.5.2.боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг;

9.5.3.иргэний үнэмлэхийн хуулбар;

9.5.4.мэдлэг, ур чадвар, ажил байдлыг нь тодорхойлсон гишүүнээр ажиллах хүсэлт;

9.5.5.нэр дэвшигчийг дэмжсэн хамт олны хурлын шийдвэр;

9.5.6.хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжих чиглэлээр ажилласан тухай тайлан, үр дүн.

9.6.Зөвлөлийн гишүүнээр ажиллах төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулах багийг Зөвлөлийн даргын тушаалаар дараах 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна:

9.6.1.төрийн байгууллагын төлөөлөл 2 хүн;

9.6.2.төрийн бус байгууллагын төлөөлөл 2 хүн;

9.6.3.хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар ойлголттой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагатай хамааралгүй судлаач 1 хүн.

9.7.Сонгон шалгаруулалтыг зохион байгуулах удирдамжийг Зөвлөлийн дарга батлах бөгөөд сонгон шалгаруулалтын баг нэр дэвшигчдийг нийт авсан онооны нийлбэрээр эрэмбэлэн, дүнг холбогдох зөвлөлд тус тус хүргүүлнэ.

9.8.Сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн төрийн бус байгууллагын төлөөллийг 3 жилийн хугацаагаар томилно.

9.9.Төрийн бус байгууллагыг төлөөлөн ажиллах зөвлөлийн гишүүн бусад зөвлөлд гишүүнээр давхар ажиллахыг хориглоно.

9.10.Зөвлөлийн гишүүн үйл ажиллагааныхаа тайланг жил бүрийн 12 дугаар сарын 3 дахь долоо хоногт багтаан иргэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөлд танилцуулна.

9.11.Зөвлөлийн гишүүний ажлын үр дүн, хуралд оролцсон ирцийг үндэслэн гишүүдийн 30 хүртэлх хувийг 3 жилийн хугацаагаар улируулан томилно."

2.Мөн журмын 7.2.6 дахь заалтын "3.5" гэсний дараа ", 3.6" гэж нэмсүгэй.

3.Мөн журмын дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:

"1.1.Энэ журмаар хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд уялдуулан зохицуулах, хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах чиг үүрэг бүхий Үндэсний зөвлөл (цаашид "Үндэсний зөвлөл" гэх), төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх дэд зөвлөл (цаашид "дэд зөвлөл" гэх), аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын дэргэдэх салбар зөвлөл (цаашид "салбар зөвлөл" гэх)-ийн үйл ажиллагааг зохицуулна."

2/3 дугаар зүйлийн 3.2, 3.3 дахь хэсэг:

"3.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Монгол Улсын Ерөнхий сайд, эсхүл хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байх бөгөөд дэд даргыг зөвлөл дэх төрийн бус байгууллагын төлөөллөөс зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар томилно.

3.3.Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Төрийн албаны зөвлөлийн дарга, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, Үндэсний статистикийн хорооны дарга, Ерөнхий сайдын зөвлөх, яамдын Төрийн нарийн бичгийн дарга, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын /Төсөл хөтөлбөр, гадаад хамтын ажиллагаа хариуцсан/ дэд дарга, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 15 төлөөлөл байна."

3/3 дугаар зүйлийн 3.6 дахь хэсэг:

"3.6.Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, дэд сангийн орлого бүрдүүлэлт, зарцуулалтад судалгаа хийх, эрсдэлийг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт хийж санал, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус мэргэжлийн хороог Зөвлөлийн дэргэд ажиллуулж болно. Мэргэжлийн хорооны гишүүдийг сонгох, хорооны ажиллах журам, гишүүнд олгох урамшууллын хэмжээг Үндэсний зөвлөл батална."

4/8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг:

"8.1.Дэд болон салбар зөвлөл хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын 7 хүртэлх гишүүнтэй байна."

4.Мөн журмын 1.2 дахь хэсгийн "Зөвлөлийн" гэснийг "Үндэсний зөвлөл, дэд зөвлөл, салбар зөвлөл (цаашид "зөвлөл" гэх)-ийн" гэж, 3.4, 3.7, 4.5, 7 дугаар зүйлийн гарчиг, 7.1, 7.2.1, 7.2.2, 8.7 дахь хэсгийн "зөвлөлийн" гэснийг "Үндэсний зөвлөлийн" гэж, 9 дүгээр зүйлийн дугаарыг "10" гэж, 10 дугаар зүйлийн дугаарыг "11" гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР