- Нүүр
- Дүгнэлт
- Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Ц.Цолмон, Р.Батрагчаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг.Монгол Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хандан дараах хүсэлтийг ирүүлжээ:
"Монгол Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах санал гаргасныг Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу хэлэлцэн шийдвэрлэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж байна.
Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
1.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн энэхүү зохицуулалтын дагуу Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, гагцхүү Үндсэн хуульд захирагдах үүрэг бүхий байгууллага болно. Улмаар Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлд Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх маргааныг тусгайлан хуульчилж тодорхойлсон бөгөөд үүнээс бусад асуудлаар шийдвэр гаргах талаар Үндсэн хуульд тусгаагүй байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн цэцэд Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг олгосон буюу шийдвэрлүүлэхээр зохицуулсан, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна." гэж заасныг зөрчсөн байж болзошгүй байна.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг хуульчлахдаа тус зүйлийн 25.7 дахь хэсэгт шүүн таслах ажиллагааны талаарх бүрэн эрхийг тусгайлан тодорхойлсон бөгөөд 25.7.4 дэх заалтад "хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;" бүрэн эрхийг заажээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." нь Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарахыг тодорхой заасан бөгөөд уг хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх заалтаар Улсын дээд шүүхэд хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох бүрэн эрхийг олгосон Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталж, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан бөгөөд сүүлд баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар Улсын дээд шүүхэд хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох бүрэн эрхийг олгосонтой холбоотойгоор тухайн харилцааг зохицуулсан хуулиудад давхардал үүссэн байна.
Хуулиудын энэхүү давхардсан зохицуулалт нь хэвээр үйлчилснээр Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасантай тус тус нийцэхгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэхээр байна.
3.Уг зөрчилтэй зохицуулалтын улмаас Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэцээс нэр бүхий иргэний гаргасан гомдлоор Улсын Их Хурлыг хариуцагчаар татсан эрх зүйн маргаанд хэргийн харьяалал тогтоох асуудлаар ялгаатай шийдвэр гаргаж, хууль хэрэглээний ойлгомжгүй байдал үүссэн жишээг дурдаж болно.
Тодруулбал, "Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай" Улсын Их Хурлын 2019 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 45 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль (2007 он)-ийн 45 дугаар зүйлд заасан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын удирдах албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх журмын дагуу холбогдох Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад заасны дагуу онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд, хуулиар эрх олгогдсоны дагуу шийдвэрлэсэн болно.
Гэтэл уг асуудлаар нэр бүхий иргэнээс гомдол гаргахад иргэний болон захиргааны хэргийн шүүх маргаан үүсгэхээс татгалзсан ба Үндсэн хуулийн цэц 2023 оны 01 дүгээр магадлалдаа "... эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын дээд шүүх эцэслэн шийдвэрлэх үндэслэлтэй ..." гэж дурдсан бол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 09 дүгээр тогтоолд "... ердийн шүүх Үндсэн хуулиас бусад хуулийг хэрэглэх замаар шийдвэрлэх "эрх зүйн маргаан" гэж үзэхээргүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх заалтад заасан нөхцөл үүсээгүй, "хэргийн харьяалал тогтоох" үндэслэлгүй байна ..." гэж үзэж хэргийн харьяалал тогтоохоос татгалзсан байна. Үүний дараа Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 10 дугаар магадлалаар уг маргааныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд харьяалуулан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн байна.
Дээр дурдсан хуулиудын давхардал, хийдэл нь хууль хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай байна.
Иймд Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна: 1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх; 2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, түүний гишүүний ба Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар сонгуулийн төв байгууллагын гаргасан шийдвэр Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх; 3/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор Үндсэн хууль зөрчсөн эсэх; 4/Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байх тул дээрх маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье." гэсэн байна.
Хоёр.Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нар Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж заасан.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэж Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хянан шийдвэрлэх маргааны хүрээ, хязгаарыг тодорхойлсон бөгөөд үүнээс бусад ердийн шүүхээр шийдвэрлэгдэх эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоож, холбогдох шүүхэд шилжүүлэх талаар Монгол Улсын Үндсэн хуульд тусгаагүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж заасан нь Үндсэн хуулиар гол тулгуур асуудал, зарчмыг тодорхойлсон хэм хэмжээнд нийцүүлэн органик болон бусад хуулиар нарийвчлан зохицуулах эрхийг хууль тогтоох дээд байгууллагад Үндсэн хуулиар шилжүүлсэн бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулахдаа 25 дугаар зүйлийн 25.7.4 дэх заалтад "хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох;" гэж заасан. Шүүхийн хэргийн харьяалал тогтоох зохицуулалтыг түүхчлэн судлан үзэхэд 1993, 2002, 2012 онд Монгол Улсын Их Хурлаас баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиудаар энэ харилцааг зохицуулж ирсэн байна.
Монгол Улсын Их Хурлаас баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль болон Монгол Улсын шүүхийн тухай хуулиудад давхардсан зохицуулалтын улмаас хууль хэрэглээний нэгдмэл байдал хангагдахгүй, ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай байна.
Иймд Монгол Улсын Их Хурлаас 1997 оны 5 дугаар сарын 01-ний өдөр баталсан Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байх тул дээрх маргааныг хянан шийдвэрлэж өгөхийг хүсье." гэжээ.
Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол, Цэцийн гишүүний тогтоол);
Монгол Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн холбогдох шийдвэр;
Монгол Улсын Их Хурлын хүсэлт, 2025.05.08, УИХ-01/5848;
Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хорооны 2025.04.09, 2025.04.15, 2025.04.16-ны өдрийн хуралдааны тэмдэглэл, санал дүгнэлт, Улсын Их Хурлын 2025.04.18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;
Монгол Улсын Их Хурлаас 2024.05.16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуультай хамт баталсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, хуулийн төслийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024.04.14, 2024.04.24, 2024.05.01-ний өдрийн хуралдааны тэмдэглэл, Улсын Их Хурлын 2024.04.11, 2024.04.25, 2024.05.02, 2024.05.16-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;
Монгол Улсын Их Хурлаас 2021.01.15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, холбогдох судалгаа болон хуулийн төслийг хэлэлцсэн Хууль зүйн байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн төсөл, үзэл баримтлал, танилцуулга, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурал (Ардын Их Хурал)-аар уг төслийн Жаран дөрөв, Жаран зургадугаар зүйлд холбогдох хэсгийг хэлэлцсэн хуралдааны тэмдэглэл, холбогдох судалгаа тайлан;
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурал (Улсын Бага Хурал)-ын хуралдааны протокол, 1991.10.18, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж III, 2022;
Ардын Их Хурлын хуралдааны протокол, 1991.12.14, 1991.12.16, Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж IX, 2022;
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, П.Сайнзориг нарын "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.07.03, УИХ-03/8397;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, "Хуулбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.06.03, №ТГ-02/675;
Монгол Улсын дээд шүүх, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.06.25, №04/2166;
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, хавсралтын хамт, 2025.06.20, №05/2114;
Венецийн комисс, Үндсэн хуулийн шүүхийн талаарх Венецийн комиссын санал, тайлан, судалгааны эмхэтгэл, CDL-PI(2020)004; Хувь хүний үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийн шинэчилсэн тайлан, CDL-AD(2021)001; Хууль дээдлэх зарчмын шалгуур үзүүлэлтийн шинэчилсэн найруулга (The Updated Rule of Law Checklist), CDL-AD(2025)002; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай болон Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийн дүгнэлт, CDL-AD(2025)022;
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Судалгааны төв, "Гадаадын зарим орны Парламент болон Засгийн газраас Үндсэн хуулийн шүүхэд хандах асуудлаарх эрх зүйн зохицуулалт" түүвэр судалгаа, 2025 он; "Эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох, Парламент Үндсэн хуулийн шүүхэд хандах хэлбэр, онцлог" судалгаа, 2025 он; "Ерөнхийлөгчийн зарлиг болон Засгийн газрын шийдвэрийг Парламент хүчингүй болгох эрхтэй эсэх талаарх гадаадын зарим орны эрх зүйн зохицуулалт" түүвэр судалгаа, 2025 он;
Улсын Их Хурлын Тамгын газрын Судалгаа, шинжилгээний хэлтэс, "Зарим орны Үндсэн хуулийн шүүхийн маргаан хянан шийдвэрлэх үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт" харьцуулсан судалгаа, 2014 он, XVIII боть;
Холбогдох ном сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, өгүүлэл, судалгааны материал зэрэг.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас Үндсэн хуулийг зөрчсөн тухай хүсэлтийг ирүүлсэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх) маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэж шийдвэрлэхээр зохицуулсан байна. Мөн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан шууд үүсгэж шалгана." гэж заасныг баримтлан 2025 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хүсэлтээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн болно.
2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй нийцсэн эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Үндсэн хуульд нийцээгүй тухай
3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу өөрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ." гэсэн заалтын агуулгыг хэт өргөжүүлж, Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулсан байна.
4.Үндсэн хуулийн заалтыг тайлбарлахдаа бичвэрийн үгийн шууд утгыг ашиглахаас гадна тухайн заалтын зорилгод нийцсэн байдлаар утгажуулах шаардлагатай (Цэцийн дүгнэлт, 2025.10.22, №08). Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц өөрийн санаачилгаархянан шийдвэрлэнэ гэсэн нь иргэн өөрийн Үндсэн хуулиар баталгаажсан эрх, эрх чөлөө (цаашид "үндсэн эрх" гэх) нь зөрчигдсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргахаар, мөн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргах агуулгыг илэрхийлжээ. Харин иргэдийн гаргасан өргөдөл, мэдээллийн дагуу Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргаан үүсгэх эсэхийг Үндсэн хуулийн цэц зөвхөн өөрийн санаачилгаар шийдвэрлэхээр байна. Түүнчлэн Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ гэсэн нь дээрх эрх бүхий байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргасан тохиолдолд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа шууд үүсгэн хянан шийдвэрлэхээс өөрөөр бусад байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийн цэцэд хандах эрхийг багтаагаагүй болохыг Үндсэн хуулийн бичвэрийн үгийн шууд утгаар ойлгохоор байна. Гэтэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл, хүсэлт гаргах эрх бүхий эдгээр субъектээс гадна төрийн бусад байгууллага, албан тушаалтан, олон нийтийн байгууллага аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор гомдол гаргахыг зөвшөөрч нэмсэн нь Үндсэн хуулийн цэцэд хандах субъектийг хэт өргөжүүлсэн байна.
5.Маргаан бүхий зохицуулалт нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргааныг мөн өргөтгөсөн байна. Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх учиртай. Гэтэл Үндсэн хуулийн цэц аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоохоор заасан нь зөвхөн Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар бус, бусад хуулиар тодорхойлсон хэргийн харьяалал (нутаг дэвсгэрийн харьяалал, эсхүл шүүхийн харьяалал)-ыг шийдвэрлэх өргөн агуулгатай байна. Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт иргэний хэргийн харьяаллыг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт захиргааны хэргийн харьяаллыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хоёрдугаар бүлэгт эрүүгийн хэргийн харьяаллыг тус тус хуульчилж, холбогдох шүүх нь шийдвэрлэхээр тогтоосон байна.
6.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох асуудлыг нарийвчлан зохицуулаагүй тул Монгол Улсын дээд шүүх (цаашид "Улсын дээд шүүх" гэх)-ийн энэ талаарх бүрэн эрхтэй давхцал үүсгэхээр байна. Тодруулбал, 2021 оны Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд тус зүйлийн 25.7.4 дэх заалтад "хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныхэргийн харьяаллыг тогтоох;" гэж, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт "Улсын дээд шүүхийн танхим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журамд нийцүүлэн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд тус зүйлийн 28.1.1 дэх заалтад "хуульд өөрөөр заагаагүй болхэргийн харьяаллыг тогтоох;" гэж тус тус заасан байна. Үүнээс үзвэл аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох болон хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныхэргийн харьяаллыг тогтоох зохицуулалт ямар ялгаатай болох нь тодорхойгүй байна. Улсын дээд шүүх хуулиар харьяаллыг нь тогтоогоогүй эрх зүйн маргааныхэргийн харьяаллыг тогтоох хүрээнд аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох боломжтой байх бөгөөд ийнхүү харьяалал тогтоогоогүй нь иргэний үндсэн эрхийг зөрчсөн тухай өргөдөл ирүүлснээс бусад тохиолдолд Үндсэн хуулийн цэц уг асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхгүй.
7.Улсын дээд шүүхэд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацаанд "хэргийн харьяалал тогтоолгох" асуудлаар 20 иргэнээс өргөдөл, хүсэлт ирүүлснээс 7 хэргийн харьяаллыг тогтоож шийдвэрлэсэн байна (Улсын дээд шүүхийн Тамгын газар, 2025.06.23, №05/2141). Тухайлбал, нэр бүхий иргэнээс Чингэлтэй дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан эцэг тогтоосон бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийн харьяалал тогтоолгох хүсэлт гаргасны дагуу 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 156 дугаар тогтоолоор захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан болохыг тогтоож шийдвэрлэсэн байна.
8.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "... холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэж заасан нь Үндсэн хуулийн цэцээс шүүхтэй харилцах харилцааг хэт өргөжүүлсэн байх тул Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй байна. Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд тус хэсгийн 3 дахь заалтад "хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;" гэж Үндсэн хуулийн цэцээс үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлэн хянан шийдвэрлүүлэхийг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байна. Харин Улсын дээд шүүхээс бусад шүүх (анхан болон давж заалдах шатны шүүх)-д үндсэн эрхийг хамгаалах талаарх асуудлыг шууд шилжүүлэн шийдвэрлүүлэх бүрэн эрхийг Үндсэн хуулийн цэцэд олгоогүй байхад маргаан бүхий зохицуулалтаар бусад шүүхэд шилжүүлж болохоор хуульчилсан нь Үндсэн хуульд нийцэхгүй байна.
9.Үндсэн хуулийн цэц эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох асуудлыг маргаан бүхий хуулийн хэт ерөнхий зохицуулалтын дагуу шийдвэрлэх үндэслэлгүй байна. Харин эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоохтой холбоотой үндсэн эрхийн маргааныг Үндсэн хуульд нийцүүлэн иргэний өргөдлийн дагуу хянан шийдвэрлэх боломжтой. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлээр зохицуулсан аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоох хүрээнд Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ..." үндсэн эрхийг хамгаалах асуудлыг хянан шийдвэрлэж байсныг Үндсэн хуулийн цэцийн дараах шийдвэрээс харж болно. Үндсэн хуулийн цэцийн 1997 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 07 дугаар магадлалаар иргэн Ц.Алтанцолын гаргасан гомдлын дагуу Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг үндэслэн "Иргэн Ц.Алтанцол нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх, учирсан гэм хорыг арилгуулахаар Нийслэлийн шүүх, Ардын эрх сонины газартай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Улсын дээд шүүхээр харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай." гэж шийдвэрлэсэн байна. Энэ магадлалд "Иргэн Ц.Алтанцолын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэхээр гаргасан гомдолтой эрх зүйн маргааныг Улсын дээд шүүх, Нийслэлийн шүүх, Баянзүрх дүүргийн шүүх 1997 оны 02 дугаар сарын 06-аас одоо хүртэл шийдвэрлэж өгөөгүй болох нь нотлох баримтуудаар тогтоогдож байна" гэж дүгнэснээс үзвэл уг хэргийн харьяаллыг тогтоох замаар тухайн иргэний шүүхэд гомдол гаргах эрхийг хамгаалсан байх төдийгүй уг асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлж Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг агуулгаар нь хэрэглэсэн байна. Түүнчлэн, Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 11 дүгээр магадлалаар "Иргэн Б.Отгонтуяа, С.Аюушжав, Л.Ганзориг, Д.Эрдэнэчимэг нарын 12 шүүгчийг албан тушаалд буцаан томилоогүйтэй холбогдуулан эрх нь зөрчигдсөн тухай маргааныг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд анхан шатны журмаар харьяалуулан шийдвэрлүүлэхээр тогтоосугай." гэж шийдвэрлэжээ. Энэхүү магадлалд "нэр бүхий иргэдийг шүүгчийн албан тушаалд буцаан томилоогүй тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар Үндсэн хуулийн цэц, иргэний болон захиргааны хэргийн давж заалдах, анхан шатны шүүхэд хандан өргөдөл, нэхэмжлэл, гомдол удаа дараа гаргасан боловч харьяаллын бус гэсэн үндэслэлээр хэрэг, маргаан үүсгэхээс татгалзсан ..." нь хэргийн харьяаллыг ийнхүү тогтоох үндэслэл болсон талаар тэмдэглэсэн байх тул энэ нь иргэний шүүхэд гомдол гаргах үндсэн эрхийг хамгаалахад чиглэсэн байна. Уг магадлалд Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг удирдлага болгосон нь Үндсэн хуулийн тус зохицуулалтын хүрээнд шүүх хуулийг хэрэглэхдээ шүүхэд гомдол гаргах зэрэг үндсэн эрхийг зөрчсөн асуудлыг хянан шийдвэрлэх агуулгатайг харуулж байна.
10.Дээрхээс үзэхэд, эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаагаас иргэний Үндсэн хуулиар хамгаалсан үндсэн эрх зөрчигдсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж, шаардлагатай тохиолдолд тухайн маргааны хэргийн харьяаллыг тогтоохоор байна. Өөрөөр хэлбэл, эрх зүйн маргаан аль шүүхийн харьяалалтай нь Монгол Улсын шүүхийн тухай болон бусад хуульд заасны дагуу Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамаарах бол уг маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүйн улмаас иргэний үндсэн эрх зөрчигдсөн тухай өргөдлийг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэнэ. Ингэхдээ иргэний өргөдлийн дагуу үндсэн эрхийн маргаан хянан шийдвэрлэх замаар буюу эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн иргэн холбогдох шүүхэд, дараа нь Улсын дээд шүүхэд хандах зэргээр хуульд заасан бүхий л арга замыг дуусгасны дараа (субсидиар зарчмыг хангаж) эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэх учиртай. Энэ нь хэргийн харьяаллыг тогтоох Улсын дээд шүүхийн бүрэн эрхийг үгүйсгээгүй, харин шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэрийн улмаас иргэний үндсэн эрх зөрчигдөхгүй байх, зөрчигдсөн тохиолдолд сэргээн эдлүүлэх замаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх болон бусад эрхийн баталгааг хангах хяналтыг хэрэгжүүлж байгаа юм. Улсын дээд шүүхээс ирүүлсэн тайлбарт Үндсэн хуулийн цэц эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаагаас иргэний үндсэн эрх зөрчигдсөн эсэхийг хянан шийдвэрлэх нь "Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөний хамгаалал ба иргэн, хуулийн этгээдийн шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгааг хадгалж байна" гэжээ (Монгол Улсын дээд шүүх, 2025.06.25, №04/2166). Иймд Үндсэн хуулийн цэцээс иргэний өргөдлийг Дунд суудлын хуралдаанаараа хянан шийдвэрлэж, эрх зүйн маргааныг аль ч шүүх авч хэлэлцээгүй нь үндсэн эрхийг зөрчсөн гэж үзвэл Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу Улсын дээд шүүхэд шилжүүлж шийдвэрлэхээр байна.
11.Үндсэн хууль нь ард түмний дээд эрх мэдлийг илэрхийлж, тэдний эрхэм зорилгыг агуулдаг тул эрэмбийн хувьд Монгол Улсад заавал биелэх, дээд хүчин чадалтай суурь хууль мөн. Энэ агуулгыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тусгасан байна. Төрийн аливаа байгууллага, албан тушаалтны шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцсэн байхаар ийнхүү заасан нь үндсэн хуульт ёсыг хэрэгжүүлэх нөхцөл юм. Үндсэн хуулийн цэц бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулж, энэ нөхцөлийг хангана (Цэцийн тогтоол, 2024, №02).
12.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэхээр өргөн агуулгаар тусгасан байх тул түүний харьяалан шийдвэрлэх маргаан нь зөвхөн мөн зүйлийн 2 дахь хэсэгт тоочин заасан "маргаантай асуудал"-аар хязгаарлагдахгүй бөгөөд Үндсэн хуулийн эдгээр зохицуулалтад "маргаан", "маргаантай асуудал" гэх ялгаатай агуулга бүхий нэр томьёог хэрэглэсэн байна. Иймээс Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочсон маргаантай асуудал төдийгүй Үндсэн хуулийг зөрчсөн тухай бусад маргааныг хянан шийдвэрлэхээр байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж түүний бүрэн эрхийг ерөнхийлөн томьёолжээ. Эндээс үзвэл, Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан маргаантай асуудлаар дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй бөгөөд эдгээр бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх замаар Үндсэн хуулийг чандлан сахиулна.
13.Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг ..." иргэнийхээ өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллага, албан тушаалтны гаргасан аливаа эрх зүйн акт Үндсэн хууль, түүнд заасан үндсэн эрхэд нийцсэн байвал зохино (Цэцийн тогтоол, 2024, №02).
14.Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлээс үзэхэд олон тооны гишүүд нь Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болохын хувьд хууль, төрийн байгууллага, албан тушаалтны бусад шийдвэр, үйл ажиллагаа үндсэн эрхийг зөрчсөн тухай маргааныг тухайн иргэний өргөдлийн дагуу шийдвэрлэх бүрэн эрхтэй гэсэн байр суурийг илэрхийлж байжээ. Түүнчлэн иргэн шүүхэд хандан шийдвэрлүүлэх бүх арга замыг ашиглаж дуусгасан (Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан) ч үндсэн эрхээ хамгаалуулж чадаагүй гэж үзвэл Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргаж хянан шийдвэрлүүлэх эрхтэй гэж ойлгож, тодорхой жишээ дээр тайлбарлаж байжээ (Үндсэн хуулийн эх сурвалж III, 2022, х. 228-230, 233-236; Үндсэн хуулийн эх сурвалж IX, 2022, х. 513-514, 632, 664, 688-689, 695-696; Үндсэн хуулийн эх сурвалж X, 2022, х. 419-420, 566-567, 569, 576-577).
15.Үндсэн хууль, түүнд заасан үндсэн эрх нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын шийдвэрийг хязгаарлах хүчин чадалтай, эдгээр байгууллагын шийдвэр үндсэн эрхийг зөрчөөгүй, зөрчсөн тохиолдолд Үндсэн хуулийн цэц түүнийг нь сэргээж чаддаг байж Үндсэн хууль бүхэлдээ шууд хэрэгждэг эрх зүй болно. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хамаарах аль ч байгууллага, албан тушаалтан Үндсэн хуулийг зөрчихгүй байх ёстой. Тэдгээрийн үйлдэл, эс үйлдэхүй, гаргаж буй шийдвэрийг бүхэлд нь Үндсэн хуульд нийцүүлж хянах бүрэн эрхийг хэрэгжүүлснээр Үндсэн хуулийн цэц бусад улсын үндсэн хуулийн шүүхийн нэгэн адил Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болж бүрэн утгаараа чадах бөгөөд Үндсэн хуулийг ийм агуулгаар тайлбарлах нь зүйтэй байна.
Үндсэн эрхийг хамгаалах асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхэд шилжүүлэх тухай
16.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочоогүй эрх зүйн акт, тухайлбал хуулийг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбар, тодорхой хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр үндсэн эрх зөрчсөн тухай маргааныг Үндсэн хуулийн цэц хянан шийдвэрлэж байжээ. Тодруулбал, Үндсэн хуулийн цэцийн 1994 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн дунд суудлын хуралдаанаас гаргасан 08 дугаар дүгнэлтэд "Улсын дээд шүүхийн бүгд хурлын 1993 оны 25 дугаар тогтоолоор баталсан Өмч хувьчлалын тухай хуулийн зарим зүйл, хэсэг, заалтын тайлбарын 3 дахь заалт нь утга агуулгаараа ... Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан иргэдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхийг бэхжүүлсэн заалттай харшилсан байна. ..." гэж дүгнэж, уг асуудлыг Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, мөн зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Улсын дээд шүүхэд шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
17.Үндсэн хуулийн цэц шүүх хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргаснаар иргэний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрх зөрчигдсөн асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлж, уг эрхийн зөрчлийг арилгуулсан байна. Тодруулбал, иргэн Т.Ганбатын нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх 2018 онд тус тус хянан шийдвэрлэснийг 2019 онд хяналтын шатны шүүх хянан үзээд холбогдох шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Ийнхүү уг хэргийг 2020 онд анхан, давж заалдах шатны шүүхээр, 2022 онд хяналтын шатны шүүхээр хэлэлцээд маргааныг дуусгавар болгожээ. Гэвч 2018 онд анхан шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхэд бүрэлдэхүүнд нь орсон шүүгч 2022 онд хяналтын шатны шүүх хуралдаанаар шийдвэрлэхэд мөн бүрэлдэхүүнд нь дахин орсон байна. Холбогдох шүүгч хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй буюу дахин оролцож болохгүй тухай журмыг зөрчсөн талаар Шүүхийн сахилгын хорооны шийдвэр гарсан ч Улсын дээд шүүх хэргийг дахин хянахаас татгалзсан байна. Иймээс энэ талаар иргэн Т.Ганбат Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргасныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн хянаад 2024 оны 2/168 дугаар албан бичгээр "Шүүх хууль бус бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах нь иргэний шударга шүүхээр шүүлгэх үндсэн эрхийг илтэд зөрчих үр дагавартай" гэж үзэж, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг үндэслэн уг эрхийг хамгаалах асуудлыг хянан шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхэд шилжүүлсэн байна. Улмаар Улсын дээд шүүх энэхүү албан бичгийн дагуу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.5 дахь заалтыг удирдлага болгон нийт шүүгчийн хуралдаан хийж, 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 20 дугаар тогтоолыг гарган Т.Ганбатын өргөдөлд дурдсан асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхээр Иргэний хэргийн танхимд шилжүүлсэн байна. Улмаар Улсын дээд шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 001/ШТ2024/00029 дүгээр тогтоолоор тухайн хэргийг урьд нь хянан шийдвэрлэсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2022/00839 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр дахин хуваарилсан байх бөгөөд уг хэргийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тогтоол гаргажээ (2024.06.18, №001/ХТ2024/00148).
18.Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт тоочсон хууль, бусад шийдвэр, албан тушаалтны үйл ажиллагааны талаарх өргөдөл болон Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын хүрээнд багтах шүүхийн шийдвэр, хуулийг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбар үндсэн эрх зөрчсөн тухай өргөдлийг хянан шийдвэрлэх журам нь адил байх боловч гарах шийдвэр, үр дагавар нь ялгаатай. Шүүх хуулийг тайлбарлах, хэрэглэхдээ тухайн өргөдөл гаргасан иргэний үндсэн эрхийг зөрчсөнийг Үндсэн хуулийн цэцийн магадлалаар тогтоосон бол Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтын дагуу холбогдох эрхийг хамгаалах асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлнэ. Улсын дээд шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.5 дахь заалтад заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан магадлалын дагуу тухайн асуудлыг үндсэн эрхэд нийцүүлэн шийдвэрлэнэ.
19.Үндсэн хууль болон бусад хуульд баталгаажуулсан эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх нь шүүхийн гол зорилт юм. Тиймээс иргэний өргөдлийн дагуу үндсэн эрх нь зөрчигдсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц тогтоож, хуулийн дагуу шүүхээр тухайн эрхийг хамгаалуулах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шаардлагатай гэж үзвэл Улсын дээд шүүхэд шилжүүлнэ. Улсын дээд шүүх өөрт нь ийнхүү шилжүүлсэн асуудлыг зохих журмын дагуу заавал хянан шийдвэрлэх замаар үндсэн эрхийг хамгаалах үүргээ хэрэгжүүлнэ.
20.Үндсэн хуулийн цэцээс үндсэн эрхийн маргааныг магадлан шийдвэрлэхдээ холбогдох шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүй, харин үндсэн эрхийг хамгаалах асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлж хянан шийдвэрлүүлж байгаа учраас энэ нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ." гэж заасантай харшлахгүй. Үндсэн хуулийн цэцийн магадлалаар шүүхийн шийдвэр, хуулийг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбар үндсэн эрх зөрчсөн гэдгийг тогтоовол уул асуудлыг Улсын дээд шүүхэд шилжүүлж өөрөөр нь хянан шийдвэрлүүлэх энэхүү журам нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага ..." гэж заасныг харгалзсан Үндсэн хуулийн хяналтын Монгол загварын үндсэн шинж юм. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, Засгийн газрын шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх дүгнэлтийг Улсын Их Хуралд оруулах зохицуулалт нь Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн …" гэж заасныг мөн адил харгалзсан хэрэг болно. Үндсэн хуулийн цэц үндсэн эрхийн маргааныг ийнхүү хянан шийдвэрлэх журмыг Монгол Улсын Үндсэн хуулийн дээд байдлыг баталгаажуулж, шүүх эрх мэдлийн институтийн залгамж чанарыг хангаж, шүүх бүрийн Үндсэн хуулиар тогтоосон үйл ажиллагааны бүхэллэг байдлыг хамгаалахад нийцнэ гэж Венецийн комисс үзжээ (CDL-AD(2025)022, догол 146).
21.Үндсэн хуулийн цэц иргэний өргөдлийн дагуу маргааныг хянан шийдвэрлэхдээ өргөдөлд дурдсан эрх зүйн акт (шүүхийн шийдвэр зэрэг) тухайн иргэний үндсэн эрхийг зөрчсөн эсэхийг шалгана. Үндсэн хуулийн цэц зөвхөн Үндсэн хууль зөрчсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх тул хууль хэрэглээтэй холбоотой асуудлыг ердийн шүүхэд үлдээж, зөвхөн Үндсэн хуулийн хүрээнд үндсэн эрхийг зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Энэ талаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьж түүнийг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэнэ." гэж заасан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулиас бусад хуулийг зөрчсөн эсэх тухай маргааныг Цэц харьяалан шийдвэрлэхгүй.", 13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цэцэд ирүүлсэн маргааны шаардлагын зарим нь Цэцэд, зарим нь өөр шүүх буюу бусад байгууллагад харьяалалтай байвал Цэц зөвхөн өөрийн харьяалалтай маргааны шаардлагыг шийдвэрлээд бусдын харьяалах маргааны шаардлагыг шийдвэрлэхээс татгалзана. Энэ нь тэр маргааныг харьяалах байгууллагаас хянан шийдвэрлэх ажиллагаанд саад болохгүй." гэж хуульчилсан. Иймд Үндсэн хуулийн цэц нь шүүх хуулийг зөв хэрэглэсэн эсэхийг хянахгүй бөгөөд шүүхийн мэргэжлийн алдааг засах шат дамжлага биш юм. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиас бусад хуулийн заалтыг тайлбарлах, хэрэглэх, хэргийн үйл баримтыг тогтоох, үнэлэх асуудлыг харьяалах шүүх нь шийдвэрлэнэ. Харин Үндсэн хуулийн цэц шүүхийн хэрэглэсэн ердийн хуулийг бус, гагцхүү Үндсэн хуулийг хэмжүүр болгоно.
22.Иргэний өргөдлийн дагуу маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх эсэхийг шийдвэрлэхэд хүлээн авах боломжгүй, давтагдсан, илт үндэслэлгүй гаргасан өргөдлийг тодорхойлох, үндсэн хуулийн шүүхийн ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор эдгээртэй адил шүүлтүүрийг баримталдаг бусад улсын нийтлэг сайн туршлага байгааг тэмдэглэх нь зүйтэй (Венецийн комисс, CDL-AD(2021)001, догол 73-98).
23.Иймд иргэний үндсэн эрхийг баталгаатай эдлүүлэх талаарх Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, тус зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтыг холбож цогцоор нь авч үзвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэсэн нь Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасантай нийцээгүй байна.
Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтийн тухай
24.Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн талаарх хүсэлт нь Үндсэн хууль мөрдөгдөж эхэлснээс хойших анхны тохиолдол бөгөөд Улсын Их Хурлын хууль тогтоох онцгой бүрэн эрхтэй нь хамааралтайгаараа онцлог байна.
25.Улсын Их Хурал хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах онцгой бүрэн эрхээ хэрэгжүүлэх бүрэн боломжтой байсан ч Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус хуульд өөрчлөлт оруулах замаар хүчингүй болсонд тооцоогүй байна. Харин Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцэд гаргасан хүсэлтдээ "... хуулиудын давхардал, хийдэл нь хууль хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсгэж байгаа тул зөрчлийг арилгах зайлшгүй шаардлагатай байна." гэж үндэслэлээ тодотгосон байна. Хуулиудын давхардал, хийдлийг арилгах замаар хуулийг боловсронгуй болгох асуудал нь Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй, хууль тогтоогчийн бүрэн эрхийн асуудал болохыг онцлон тэмдэглэж байна.
26.Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээлэл, эсхүл эрх бүхий байгууллага, албан тушаалтны хүсэлтээр хянан шийдвэрлэдэг хэдий ч Улсын Их Хурлаас шийдвэрлэсэн улс төрийн бодлогын асуудал (political question) Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй. Тодруулбал, гадаад харилцаа, үндэсний аюулгүй байдал, улсыг батлан хамгаалах, төрийн санхүү, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, үндсэн чиглэлийг тодорхойлох, хөгжлийн болон үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцүүлэн боловсруулсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, улсын төсөв батлах зэрэг асуудал нь Үндсэн хуулиар хууль тогтоогчид онцгойлон хуваарилсан улс төрийн бодлогын асуудал тул Үндсэн хуулийн маргааны шинжийг агуулдаггүй.
27.Улсын Их Хурлын болон бусад эрх мэдлийн онцгой бүрэн эрхэд хадгалахаар тогтоосон, Үндсэн хуулийн бичвэр, зарчим, үзэл баримтлалд уг маргааныг хянан шийдвэрлэхэд удирдлага болгох эрх зүйн шалгуур тусгагдаагүй, хүний үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, эрх мэдлээ хэтрүүлээгүй (ultra vires) зарим асуудлыг Үндсэн хуулийн цэцийн харьяалан шийдвэрлэх маргаанд үл хамаарах улс төрийн бодлогын асуудал гэж үзэх номлолыг Үндсэн хуулийн цэцийн өмнөх олон шийдвэрт баримталсан байна. Энэ нь ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон, тэднийг төлөөлж, бодлого боловсруулж, хууль тогтоох үүрэг хүлээсэн хууль тогтоох байгууллагад Үндсэн хуулиар олгосон онцгой бүрэн эрх, сонгогчдын өмнө хүлээсэн хариуцлага, Үндсэн хуульд тусгасан төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг хүндэтгэж буйн илрэл юм (Цэцийн магадлал, 2025.04.30, №14).
28.Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцэд хандан хуулийн зүйл, заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаж байгаа нь дэлхийн ихэнх улсад байдаггүй практик юм. Улсын Их Хурал хамтын шийдвэр гаргадаг төрийн эрх барих дээд байгууллага бөгөөд Үндсэн хуульд өөрөөр заагаагүй бол чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэдэг тул хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн гэж үзвэл энэ талаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргах замаар бус, харин Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу өөрөө шийдвэрлэх боломжтой байна. Иймд парламент дахь цөөнхийн хяналтыг сайжруулах үүднээс Улсын Их Хурал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргахаас гадна, цөөнх буюу тодорхой тооны гишүүн ийм хүсэлт гаргах эрхтэй тул энэ чиглэлээр холбогдох хуулийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатай байна.
29.Үндсэн хуулийн шүүхэд хандах эрхийг парламент дахь цөөнхөд буюу тодорхой тооны гишүүнд эдлүүлдэг Холбооны Бүгд Найрамдах Герман Улс (Бундестагийн нийт гишүүний 1/4), Бүгд Найрамдах Франц Улс (парламентын, эсхүл сенатын 60 гишүүн), Бүгд Найрамдах Албани Улс (парламентын нийт гишүүний 1/5), Бүгд Найрамдах Болгар Улс (Үндэсний Ассамблейн нийт гишүүний 1/5) зэрэг ардчилсан тогтолцоотой, эрх зүйт төртэй улсын сайн туршлага байна (Венецийн комисс, CDL-PI(2020)004, х. 45-46). Эдгээр улс хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн шүүхэд хандахад парламентын хуралдаанд оролцсон гишүүдийн олонхоор шийдвэр гаргахыг шаарддаггүй, харин парламент Үндсэн хууль зөрчсөн, эсхүл иргэний үндсэн эрхийг хязгаарласан хууль баталсан гэж үзвэл цөөнх болсон гишүүдийн зүгээс энэ асуудлаар (a posteriori) Үндсэн хуулийн шүүхэд хандахыг зөвшөөрдөг байна.
Бусад асуудал
30.Хууль дээдлэх зарчим (Rule of Law) нь эрх зүйн онолын суурь ойлголтын нэг бөгөөд энэхүү зарчмыг эрх зүйн онолын эрдэмтэд өөр өөрийн өнцгөөс, тухайн улсын онцлогт тохируулан олон янзаар тодорхойлж байсан байна. Тухайлбал, Венецийн комиссын баталсан 2016 оны "Хууль дээдлэх зарчмын шалгуур үзүүлэлт"-д хууль ёс, эрх зүйн тодорхой байдал, эрх мэдлийг урвуулан ашиглахаас урьдчилан сэргийлэх, хуулийн өмнө эрх тэгш байх болон ялгаварлан гадуурхахгүй байх, шүүхэд хандах, хууль дээдлэх зарчмын тулгамдсан асуудлуудын жишээг хууль дээдлэх зарчмын шалгуур үзүүлэлт болгож байсан бол 2025 оны "Хууль дээдлэх зарчмын шалгуур үзүүлэлтийн шинэчилсэн найруулга"-аар дээрх шалгуур үзүүлэлтийг төрийн эрх мэдлийн харилцан хяналт, тэнцэл, үндсэн хуулийн хяналтаар нэмж баяжуулсан байна (Венецийн комисс, CDL-AD(2025)002). Эдгээр шалгуур үзүүлэлтийг тус комиссын 46 гишүүн болон бусад улс өөрийн ардчилсан тогтолцоог хэмжихэд хэрэглэдэг боловч заавал дагаж мөрдөх үүрэггүй, зөвлөмжийн шинжтэй (soft law) хэдий ч Монгол Улсын хувьд Венецийн комиссоос гаргасан зөвлөмжийг эрх зүйн онолын эх сурвалжаар ашиглаж Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт хэрэглэх боломжтой.
31.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хууль дээдлэх" тухай ойлголт нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаар илэрхийлэгдсэн боловч агуулга, багтаамжийн хувьд ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг өргөн агуулгаар хамгаалж, үндсэн хуульт ёс болон хууль дээдлэх ёсны суурь үзэл баримтлалыг өөртөө багтаана (Цэцийн дүгнэлт, 2025, №02) гэж Үндсэн хуулийн цэцийн олон шийдвэрт тусгалаа олжээ. Эдгээрээс үзэхэд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хууль дээдлэх зарчим"-ыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд харин ч иргэний шүүхэд хандах буюу гомдол гаргах эрхийг илүү баталгаажуулсан зохицуулалт болжээ.
32.Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийг зөрчсөн тухай маргааныгхянан шийдвэрлэх бүрэн эрхийг баталгаажуулсан байна. Түүнчлэн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр дараахь маргаантай асуудлаар дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:" гэсэн бөгөөд маргаан бүхий заалтаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргадаггүй, харин Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд магадлал гаргаж холбогдох шүүхэд шилжүүлдэг тул Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлд "Аль ч шүүх авч хэлэлцэхгүй байгаа эрх зүйн маргааны хэргийн харьяаллыг тогтоолгохоор иргэн, албан тушаалтан, төр, олон нийтийн байгууллага Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргавал хэргийн харьяаллыг тогтоож холбогдох шүүхэд шилжүүлнэ." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасанд нийцээгүй байна.
2.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцсэн байна.
3.Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Ц.ЦОЛМОН
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх