- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2014 оны 52 дугаар тогтоолд)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 56
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах бүлэг, заалт нэмсүгэй:
1/1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэг:
"1.4.Хөгжлийн бодлогын баримт бичигт шууд хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр туссан хөгжлийн төслийн талаар хөрөнгө оруулагчдад санал хүргүүлэх, сонирхсон этгээдийн жагсаалт үүсгэх, үнэлгээ хийх, урьдчилсан шалгаруулалт явуулах арга хэмжээг зохион байгуулж болно."
2/"2.Хөгжлийн төслийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах
2.1.Энэ журмын 1.4-т заасан арга хэмжээг Засгийн газраас байгуулсан холбогдох байгууллагын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг зохион байгуулна. Ажлын хэсэг нь Засгийн газраас баталсан удирдамж, чиглэлийн хүрээнд ажиллана.
2.2.Энэ журмын 2.1-д заасан Ажлын хэсэг нь хөгжлийн төслийн цар хүрээ, улсын эдийн засагт оруулах үр өгөөж, техник, эдийн засгийн үндэслэл, хэрэгцээ, шаардлага болон бусад нөхцөлийг үндэслэн дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид нээлттэй санал хүргүүлж, тэдгээрээс хамгийн ашигтай, үр дүнтэй гэж үнэлсэн 5 хүртэлх оролцогч этгээдийн саналын хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна.
2.3.Хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах, урьдчилсан хэлэлцээ хийж, хөрөнгө оруулагчтай зөвшилцөх хүрээ, хязгаарыг Засгийн газар тогтооно."
2."Журам батлах тухай" Засгийн газрын 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 52 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах журам"-ын 2 дугаар бүлгийн дугаарлалтыг "21" гэж өөрчилсүгэй.
3.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Хянасан:
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх