- Нүүр
- Шүүхийн ерөнхий зөвлөл
- ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН "ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТОГТООЛ
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ
2026 оны 3 дугаар сарын 05-ны өдөр
Дугаар 40
Улаанбаатар хот
"ШҮҮГЧИД ТАВИХ БОЛЗОЛ, ШААРДЛАГЫГ ҮНЭЛЭХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ"-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.5 дахь заалт, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.5 дахь хэсгийг үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ТОГТООХ нь:
1.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-д доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:
1/5.1.2 дахь заалт:
"5.1.2.Энэ журмын 5.1.1.1, 5.1.1.2-т заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол нэр дэвшигч 5.1.1.3-т заасан шалгалтад орох эрхгүй."
2/5.2.2 дахь заалт:
"5.2.2.Энэ журмын 5.2.1.1, 5.2.1.2-т заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол нэр дэвшигч 5.2.1.3-т заасан шалгалтад орох эрхгүй."
3/5.3.2 дахь заалт:
"5.3.2.Энэ журмын 5.3.1.1, 5.3.1.2, 5.3.1.3-т заасан шалгалтын нийлбэр оноо 30 хүрээгүй бол нэр дэвшигч 5.3.1.4-т заасан шалгалтад орох эрхгүй."
4/5.4.7 дахь заалт:
"5.4.7.Энэ журмын 5.1.2, 5.2.2, 5.3.2-т заасан шалгалтын нийлбэр оноог тогтоолоор батална."
2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.4.3 дахь заалтын "баримтална." гэсний дараа "Нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус шинжээчийг оролцуулж болно." гэж, 8.3 дахь хэсгийн "Нэр дэвшигч энэ журмын 5.4.4," гэсний дараа "5.4.7," гэж тус тус нэмсүгэй.
3.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын дараах дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/5.1.1.1 дэх дэд заалт:
"5.1.1.1.Үндсэн хуулийн болон салбар эрх зүйн мэдлэгийг сорилын асуултад хариулах аргаар 120 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх."
2/5.1.1.2 дахь дэд заалт:
"5.1.1.2.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 30 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг өөрөө сонгоно."
3/5.1.1.3 дахь дэд заалт:
"5.1.1.3.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн баримт бичиг боловсруулах аргаар 150 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр шалгалт өгнө. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн тухайд 5.1.1.2-т зааснаар сонгосон салбар эрх зүйтэй давхцахгүй байна."
4/5.2.1.1 дэх дэд заалт:
"5.2.1.1.салбар эрх зүйн хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 30 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр тохиолдол шийдвэрлэнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр тохиолдол шийдвэрлэхийг өөрөө сонгоно."
5/5.2.1.2 дахь дэд заалт:
"5.2.1.2.хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх тухайлсан хуулийг хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн баримт бичиг боловсруулах аргаар 150 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр шалгалт өгнө. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшигчийн тухайд 5.2.1.1-д зааснаар сонгосон салбар эрх зүйтэй давхцахгүй байна."
6/5.2.1.3 дахь дэд заалт:
"5.2.1.3.шүүн таслах ажлын туршлагыг анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Эрүү, иргэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол тухайн салбар эрх зүйн чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийнэ. Эрүү, иргэний хэргийг хамт шийдвэрлэдэг давж заалдах шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд нэр дэвшсэн бол нэр дэвшигч эдгээр салбар эрх зүйн аль чиглэлээр шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийхийг сугалаагаар тодорхойлно."
7/5.3.1.2 дахь дэд заалт:
"5.3.1.2.хууль тайлбарлах мэдлэг, чадварыг хууль тайлбарлан хэрэглэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа энэ журмын 5.3.1.3, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно."
8/5.3.1.3 дахь дэд заалт:
"5.3.1.3.хууль хэрэглэх мэдлэг, чадварыг эрх зүйн тохиолдол шийдвэрлэх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр эрх зүйн тохиолдол шийдвэрлэхээ сонгох бөгөөд энэ тухайгаа журмын 3.6-д заасан өргөдөлд тусгана."
9/5.3.1.4 дэх дэд заалт:
"5.3.1.4. шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх чадварыг анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд дүн шинжилгээ хийх аргаар 240 минутын хугацаанд шалгах, 20 хүртэл оноогоор үнэлэх. Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр дүн шинжилгээ хийхээ энэ журмын 5.3.1.2, 5.3.1.3-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно."
4.Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам"-ын 5.1.1.4, 5.2.1.4, 5.3.1.5 дахь дэд заалтыг хассугай.
5.Энэ тогтоолыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ДАРГА П.ЗОЛЗАЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх