- Нүүр
- Тогтоол
- Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ
2026 оны 03 дугаар сарын 13-ны өдөр
Дугаар 01
Улаанбаатар хот
Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их
Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны
дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх
маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 13.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбат, А.Отгонжаргал болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар нар оролцлоо.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", 30.1.2 дахь заалтад "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ..." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Д.Отгонбат Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:
"1.Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас 05 дугаар дүгнэлт гарч, уг дүгнэлтээр Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан, одоо хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын зарим зохицуулалт, 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан, одоо хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж байжээ.
2.Үндсэн хуулийн цэцийн дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд 78 дугаар тогтоолыг гаргаж, Үндсэн хуулийн цэцийн тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн байна.
3.Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Их суудлын хуралдаанаар дээрх маргааныг хэлэлцээд, 01 дүгээр тогтоолыг гаргасан байна.
Тус тогтоолоор "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... нэр дэвшигчийн сонсгол хийж ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай."; "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай." гэж холбогдох хуулийн заалтуудыг хүчингүй болгосон байна.
4.Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 29.1.2 дахь заалтын холбогдох зохицуулалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсгийн зарим заалт, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зарим заалтыг тус тус судлан үзвэл:
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг Улсын Их Хурлаас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталж, энэ хуулийг Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон; Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг Улсын Их Хурлаас 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталж, энэ хуулийг Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсон; Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... нэр дэвшигчийн сонсгол хийж ..." гэснийг "Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон." гэх тэмдэглэгээг хийсэн байна.
5.Гэвч Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг, мөн өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг тус тус баталж, энэ хуулиудыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр хуульчилсан байна.
Дээрх Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", 30.1.2 дахь заалтад "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, … танилцах, зөвшилцөх, ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, …" гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон хуулийн заалтуудтай ижил байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн болохыг Үндсэн хуулийн цэц дүгнэж, хүчингүй болгосон байхад Улсын Их Хурлаас дахин сэргээн баталж, мөрдүүлж байгаа нь Үндсэн хуулийг зөрчиж буй бөгөөд Үндсэн хуулийг зөрчсөн хуулийн зүйл, заалтыг нэг ч өдөр хүчин төгөлдөр мөрдөх учиргүй.
Иймд Цэцийн шийдвэрээр хүчингүй болсон хуулийн заалтыг шууд дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", 30.1.2 дахь заалтад "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ..." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1, Тавин нэгдүгээр зүйлийн 2, Тавин зургадугаар зүйлийн 2, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын иргэн А.Отгонжаргал Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:
"1.Үндсэн хуулийн цэцээс 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай 05 дугаар дүгнэлтийг гаргасан байна. Түүнчлэн уг дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн их суудлын хуралдаанаар уг маргааныг дахин хянаж, 01 дүгээр тогтоол гаргажээ.
Уг тогтоолын тогтоох хэсэгт "Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... нэр дэвшигчийн сонсгол хийж ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай."; Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасныг тус тус зөрчсөн байх тул хүчингүй болгосугай." гэж эдгээр хуулийн холбогдох заалтыг хүчингүй болгожээ.
2.Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйл болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлд Үндсэн хуулийн цэцийн дээрх тогтоолоор хүчингүй болгосон хуулийн зохицуулалтад нэмэлт, өөрчлөлт оруулаагүй хэвээр баталж Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлээгүй байна.Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт "Эрх бүхий этгээдээс хуульд заасны дагуу санал болгосон нэр дэвшигчтэй холбогдуулан Улсын Их Хурлаас дараах нэр дэвшигчийн сонсгол явуулна:" гээд 30.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", 30.1.2 дахь заалтад "Улсын Их Хурлаас нэр дэвшигчийн сонсгол явуулахаар хуульд тусгайлан заасан, эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол.", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Улсын дээд шүүхээс Цэцийн гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлсэн саналыг хүлээн авснаас хойш энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ажлын 5 өдрийн дотор тухайн тайлан, эрх бүхий этгээдийн саналыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргана." гэжээ.
Иймд Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, ...", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, … санал, дүгнэлт гаргана." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг зөрчсөн байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн байх тул хянан шийдвэрлэж хүчингүй болгож өгнө үү." гэжээ.
Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:
"1.Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шинэчлэн найруулж баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг тусгаагүй талаар:
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталж, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы хуралдаан эхэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсөн ба ийнхүү эдгээр хуулийн шинэчилсэн найруулгыг баталсантай холбогдуулан 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг тус тус хүчингүй болсонд тооцсон.
Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг 2024 онд батлах үед буюу 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр маргаан бүхий асуудлыг Цэцийн их суудлын хуралдаанаар эцэслэн шийдвэрлээгүй, харин Үндсэн хуулийн цэцийн 2023 оны 05 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн Улсын Их Хурлын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 78 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байсан болно.
Үндсэн хуулийн цэц 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа уг маргаан бүхий асуудлыг, тодруулбал 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн заалтууд тус тус Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, дурдсан зохицуулалтыг хүчингүй болгосон.
2.Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдлын талаар:
Австрийн хуульч, эрдэмтэн Ханс Кельзен "Үндсэн хуулийн шүүх нь эрх зүйн тогтолцооны дээд түвшний баталгаа тул улс төрийн эрх мэдлээс хараат бус байх ёстой".
Аль ч улсын хувьд Үндсэн хуулийн шүүх /Цэц/ нь бусад шүүхүүдтэй харьцуулахад улс төрийн хүчнээс хараат бус, бие даасан байх нь тулгамдсан асуудал байдаг. Учир нь Үндсэн хуулийн цэцээр ихэвчлэн улс төрийн ач холбогдол бүхий маргаан шийдвэрлэгдэж байдгаас гадна маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нэг тал хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн дээд байгууллагын төлөөлөгч байдаг.
Үндсэн хуулийн хяналт яригдах бүрд төрийн эрх мэдлийн хуваарилалт байнга хөндөгддөг нь санамсаргүй зүйл огт биш, учир нь эрх мэдлийн хуваарилалтын эх сурвалж аль ч оронд Үндсэн хууль байдаг. Үндсэн хууль бол эрх зүйн дээд хүчин чадалтай акт төдийгүй улс төрийн чиг баримжааг тодорхойлсон баримт бичиг. Энэ ч утгаараа үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих эрх бүхий үндсэн хуулийн шүүх бол улс төрөөс хараат бус ажиллах ёстой.
Үндсэн хуулийн цэц /шүүх/-ийн бие даасан байдал нь төрийн эрх мэдэл хуваарилах онолын үзэл санаатай объектив хамааралтай, учир нь эрх мэдлийн хуваарилалтын хэрэгжилтэд Үндсэн хуулийн шүүх үр дүн бүхий хяналт хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг.
Дэлхийн улсууд үндсэн хуулийн шүүх бол үндсэн хуулийн хамгаалалтын тулгуур бөгөөд бусад төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч салаа мөчрүүдтэй харьцуулахад хууль зүйн дээд эрх мэдлийг өөртөө хадгалсан тусгай институт гэж үздэг.
Үндсэн хуулийн шүүхийн шүүгчийг томилоход улс төрийн нөлөөг хязгаарлахгүй бол үндсэн хуулийн шүүх парламентын байнгын хороо шиг болж хувирна. Ийм "шүүх" байгуулснаар улс төр, хууль зүйн хоорондын харилцааны зөрчлийг бүрэн шийдэх боловч шүүхийн хараат бус байх зарчим, шүүх эрх мэдлийн тухай ярих нь огт утгагүй. Тийм учраас манай улсын хувьд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох эрхийг парламентад өгсөн боловч парламентын зүгээс Цэцийн гишүүнд үзүүлэх нөлөөг аль болохоор сулруулахыг хичээсэн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэж, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна." гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана." хэмээн Цэцийн гишүүний хараат бус байх зарчмыг баталгаажуулсан.
Цэцийн гишүүнийг төрийн эрх барих дээд байгууллагуудаас санал болгож байгаа нь эрх мэдлийн тэнцвэрийг хангах, аль нэг эрх мэдлээс хараат байх явдлаас сэргийлэх агуулгатай ба харин гишүүний үйл ажиллагаа ямар нэгэн байгууллага, албан тушаалтны хяналтад байдаггүй.
Хууль тогтоох эрх мэдлийн байгууллагаас Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, эгүүлэн татах, Улсын дээд шүүхийн шүүгчийг томилогдохын өмнө Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор Улсын Их Хурал танилцах зэргээр шүүхийн томилгоонд их, бага хэмжээгээр оролцох, шүүхийн үйл ажиллагааг хууль тогтоох замаар хянаж байна. Энэ нь шүүх эрх мэдлийг хууль тогтоох эрх мэдэлтэй тэнцвэржүүлэх үүрэгтэй шүүхийн хараат бус байдлын дархлааны институтүүд бүрэлдээгүй байгаа нь эрх мэдлийн тэнцвэрийг алдагдуулж байна гэж эрдэмтэн, судлаачид шүүмжилдэг.
Үндсэн хуулийн шүүхийн хяналтын гол объект нь парламентын баталсан хууль, шийдвэр байдаг учраас томилгоо нь хөндлөнгийн байх шаардлага бас бий. Учир нь томилгоотой холбоотой процесс нэг субъектээс хэт хамааралтай тохиолдолд Үндсэн хуулийн үр нөлөөтэй хяналтыг тогтоож чадахгүй гэж үздэг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Цэцийн гишүүнээр томилох хүний тухай Улсын Их Хуралд санал болгохдоо Улсын Их Хурлын дарга зохих байнгын хороодын санал дүгнэлтийг үндэслэн захирамж, Ерөнхийлөгч захирамж, Улсын дээд шүүх гишүүдийнхээ олонхийн саналыг үндэслэн зохих шийдвэр гаргана." гэж заасан. Энэ нь Улсын Их Хурлаас нэр дэвшүүлэх гурван хүнийг холбогдох Байнгын хороо, Улсын дээд шүүхээс нэр дэвшүүлсэн гурван хүнийг тус шүүхийн 25 шүүгч судалж, нэр дэвшүүлэх шийдвэрийг гаргадаг. Өөрөөр хэлбэл, Цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх процесс нээлттэй байх зарчмыг хангаж байна гэж үзэж болохоор байна.Ийнхүү үндсэн хуулийн шүүхийн шүүгчид тавих шаардлагыг органик хуульдаа тодорхой заадаг тул тусгайлан нээлттэй сонсгол хийх шаардлагагүй байна.
3.Шүүгчид нэр дэвшигчдийн талаар нээлттэй сонсгол явуулдаг эсэх талаарх гадаад улсуудын туршлага:
Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад шүүгчийг улс төрийн маргааны сэдэв болгохгүй байх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг хамгаалах зорилгоор олон нийтийн сонсгол хийдэггүй.Америкийн Нэгдсэн Улсад Сенатын танхим нь Дээд шүүхийн шүүгчийг томилохын өмнө өргөн хүрээтэй олон нийтийн сонсгол явуулдаг. Нэр дэвшигчээс гишүүд чөлөөтэй асуулт асууж, мэтгэлцдэг. Судлаачдын зүгээс улс төрийн намын зөрчил нь шүүхийг улс төржүүлэх аюултай гэж үздэг. Бүгд Найрамдах Солонгос Улсад парламентын нээлттэй сонсголыг хязгаарлагдмал хүрээнд явуулдаг. Нэр дэвшигчийн намтар, хөрөнгө, ашиг сонирхлын талаар хийсэн урьдчилсан дүгнэлтийг танилцуулж, хүний эрх, үндсэн хуулийн үзэл баримтлалын талаарх асуултаар хязгаарладаг. Япон Улсад гүйцэтгэх засаглалд төвлөрсөн томилгооны механизмтай боловч институтийн тогтвортой байдал, шүүхийн уламжлалт, мэргэжлийн соёлд тулгуурлан хараат бус байдлыг хангахыг зорьдог тул парламентын нээлттэй сонсголыг зохион байгуулдаггүй.
Ялангуяа ардчилсан дэглэмтэй улсуудаас төрийн байгуулалтын хувьд Монгол Улстай ижил Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Япон Улсад үндсэн хуулийн шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх шүүгчийг сонгож томилохдоо парламентын сонсгол зохион байгуулах практикаас татгалзсан байна.
4.Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно." гэж, Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж тус тус заасан байдаг.
Иймд Улсын Их Хурлаас Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн авч биелүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргын 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 61 дүгээр захирамжаар Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн зөрчил, хийдэл, давхардлыг тогтоон судлах, санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллуулж байгаа бөгөөд уг ажлын хэсгийн хүрээнд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолын дагуу холбогдох хуулийн зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг авч байгаа болно." гэжээ.
ҮНДЭСЛЭЛ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх) 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "… нэр дэвшигчийн сонсгол хийж …", Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна.", 3 дахь хэсгийн "Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана.", Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуулийн цэц есөн гишүүнээс бүрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилно." гэснийг тус тус зөрчсөн; түүнчлэн Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар ... Ерөнхийлөгч томилно. ...", Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг Улсын Их Хуралтай зөвшилцөн Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар томилно." гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж, Үндсэн хуулийн цэц 2024 оны 01 дүгээр тогтоолоор дээрх хуулиудын заалтыг хүчингүй болгосон байна.
2.Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …" гэсэн заалт, мөн зүйлийн 30.1.2 дахь заалтын "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", мөн зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн заалттай эрх зүйн үр дагавар болон агуулгын хувьд адил байна.
3.Улсын Их Хурлаас 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, …" гэсэн заалт нь Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэсэн заалттай эрх зүйн үр дагавар болон агуулгын хувьд адил байна.
4.Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон дээрх хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн уг зөрчлийг арилгаагүй нь Үндсэн хуулийн шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим (res judicata)-ыг алдагдуулсан байна. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж, Жаран зургадугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Энэ зүйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Үндсэн хуулийн цэц дахин хянан үзэж эцсийн шийдвэр гаргана." гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно." гэж, Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг эс үйлдэхүйгээр зөрчсөн байна.
Иймд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн холбогдох заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэг, Жаран дөрөвдүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэг, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 32 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ НЬ:
1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх заалтад "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтад "… эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын есөөс доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "… танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн заалтыг Улсын Их Хурал 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 30 дугаар зүйлийн 30.1.1 дэх заалтын "Үндсэн хуулийн цэцийн гишүүн, …", 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын "... эсхүл Улсын Их Хурал танилцах, зөвшилцөх, томилохоор хуульд заасан албан тушаалтны хувьд танилцах, зөвшилцөх, томилгооны сонсгол явуулахаар Улсын Их Хурлын 15-аас доошгүй гишүүн хүсэлт гаргасан бол." гэж заасны "... танилцах, зөвшилцөх, ... танилцах, зөвшилцөх, ..." гэсэн заалтыг тус тус хүчингүй болгосугай.
2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, ... Санал, дүгнэлтэд сонсголын тайлангийн агуулгыг өөрчлөхгүйгээр тусгана." гэсэн заалтыг Улсын Их Хурал 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсгийн "... энэ хуульд заасан журмын дагуу нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулна. ... нэр дэвшигчийн сонсголын тайлан гарснаас хойш ... тухайн тайлан, …" гэсэн заалтыг хүчингүй болгосугай.
3.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Ц.ЦОЛМОН
Б.БОЛДБААТАР
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх