- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 71
Улаанбаатар хот
ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Иргэний нисэхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын хоёрдогч/нөөц төв" (Сайншанд) төслийн бүтээн байгуулалтын ажлыг 2026 оны II улиралд багтаан эхлүүлэхийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасугай.
2.Иргэний нисэхийн ерөнхий газрын орон тооны дээд хязгаарыг 117 байхаар тогтоож, Олон улсын иргэний нисэхийн байгууллагаас хийх аудитын шалгалтын бэлтгэл ажилтай холбогдуулан иргэний нисэхийн аюулгүй байдал болон аюулгүйн хамгаалалтын хяналт, зохицуулалтын чиг үүрэг, орон тоог батлагдсан төсөвтөө багтаан оновчтой зохион байгуулахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд даалгасугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаар"-ын 26-д Иргэний нисэхийн ерөнхий газар "96" гэснийг "117" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх