- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 52
Улаанбаатар хот
ӨВЧНИЙ ХЯНАЛТ, СЭРГИЙЛЭЛТИЙН ҮНДЭСНИЙ ТӨВ БАЙГУУЛАХ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 31.5 дахь хэсэг, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын хэмжээнд хүн амын эрүүл мэнд, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, хариу арга хэмжээ авах, өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлэх, өвчний хяналт, сэргийлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах чиг үүрэг бүхий Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг Эрүүл мэндийн яамны харьяанд байгуулсугай.
2.Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай.
3.Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвд эрүүл мэндийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийг нийлүүлж, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгаа, нийгмийн эрүүл мэндийн лабораторийн 204 албан хаагчийн орон тоо, төсөв, эд хөрөнгийг шилжүүлж, тус төвийн орон тооны дээд хязгаарыг 425 байхаар тогтоосугай.
4.Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг баталж, 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс үйл ажиллагааг эхлүүлэх, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн дүрэм, зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасугай.
5.Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасугай.
6.Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгаа, нийгмийн эрүүл мэндийн лабораторийн эд хөрөнгийг Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвд шилжүүлэх ажлыг хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т тус тус үүрэг болгосугай.
7.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Ж.ЧИНБҮРЭН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх