- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ (Эрчист Монгол ТӨХХК)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 91
Улаанбаатар хот
ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАХ ТУХАЙ
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Төрийн өмчит компаниудыг удирдлага, менежментээр хангах үүрэг бүхий "Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийг татан буулгасугай.
2."МИАТ" ТӨХК, "Монголын төмөр зам" ХК, "Автоимпекс" ХК, "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК, "Төрийн орон сууцны корпораци" ХХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгчээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрыг тогтоосугай.
3."Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 84 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам"-ын 2.6 дахь заалтын ""Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани," гэснийг "төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага," гэж өөрчилсүгэй.
4.Татан буугдсан компанийн өр төлбөрийг барагдуулах, эд хөрөнгийг шилжүүлэх, архив, баримт бичгийг хүлээлгэн өгөх болон бусад зохион байгуулалтын арга хэмжээг холбогдох хууль тогтоомжийн дагуу авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл)-т даалгасугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан ""Эрчист Монгол" хязгаарлагдмал хариуцлагатай компани байгуулах, давхардсан чиг үүргийг бууруулах тухай" Засгийн газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр тогтоол, ""Эрчист Монгол" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар тогтоол, "Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 286 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БЯМБАЦОГТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх