- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ (НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээ)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 73
Улаанбаатар хот
ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Олон улсын гэрээний тухай хуулийн 24.3 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2003 оны 41 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан "Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр"-ийн 3.1.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн зөвлөлийн ирүүлсэн зөвлөмжүүдийг 2026-2030 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө"-г хавсралт ёсоор баталсугай.
2.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө баталж, хэрэгжилтийг иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн оролцоотой ханган, биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор Гадаад харилцааны яаманд хүргүүлж байхыг холбогдох Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлаг, байгууллагын дарга нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус зөвлөсүгэй.
3.Дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт даалгасугай:
3.1.Ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх холбогдох яамдын Төрийн нарийн бичгийн дарга, төрийн байгууллагын дарга, албан тушаалтан болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулж ажиллуулах;
3.2.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн 1 дүгээр сард багтаан энэ тогтоолын 3.1-д заасан орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, гарсан саналыг холбогдох байгууллагад хүргүүлэх;
3.3.Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн дунд хугацааны явц, үр дүнг энэ тогтоолын 3.1-д заасан орон тооны бус зөвлөлөөр 2028 оны 1 дүгээр сард хэлэлцүүлж, 2 дугаар сард багтаан Засгийн газарт танилцуулах;
3.4.Монгол Улсын хүний эрхийн төлөв байдлын тавдугаар тайланг ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэд тулгуурлан иргэний нийгмийн байгууллага болон холбогдох бусад байгууллагатай зөвшилцөн 2030 оны 6 дугаар сард багтаан боловсруулан Засгийн газарт танилцуулж, заасан хугацаанд илгээх.
4.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар, уг үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт тус тус үүрэг болгосугай.
5.Ерөнхий төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг жил бүр улс болон орон нутгийн төсөвт тусгуулах арга хэмжээ авахыг холбогдох төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгаж, Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Авлигатай тэмцэх газар, Хүний эрхийн үндэсний комисс, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус зөвлөсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх