- Нүүр
- Дүгнэлт
- Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр
Дугаар 02
Улаанбаатар хот
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зарим зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар /илтгэгч/, О.Мөнхсайхан, Б.Болдбаатар, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хүсэлт гаргагч Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Батбаатар, Ц.Цогт нар оролцов.
Энэхүү хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн холбогдох зохицуулалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд хандан гаргасан хүсэлтэд:
"Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлэхээр зааж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт мэргэжлийн нэгдсэн холбоо буюу төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх эрхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг хуульчилсан байна.
1.Төрийн эрх мэдэл хуваарилах үзэл баримтлал болон Үндсэн хуульд заасан шүүх эрх мэдлийн чиг үүргийн агуулгад зөрчил үүсэж буй талаар:
Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.", ... Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх ... дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 1, 2, 3, 4, 5 дахь заалтад "хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;", "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", "хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;", "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;", "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." гэж Улсын дээд шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх шүүхийн үндсэн үүргээс гадна шүүхийн дээд байгууллага болохын хувьд хэрэг,маргаан шийдвэрлэсэн тогтоол, албан ёсны тайлбараараа хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэгтэй болохыг хуульчлан баталгаажуулжээ.
Үндсэн хуульд зааснаар шүүх нь хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх замаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах үндсэн чиг үүрэгтэй. Энэ хүрээнд аливаа этгээдийн хооронд үүссэн хувийн болон нийтийн эрх зүйн маргааныг хуулиар тогтоосон журмаар хянан шийдвэрлэж, эцсийн шийдвэр гаргадаг. Тиймээс хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүрэгт хамаарах аливаа чиг үүргийг хэрэгжүүлэхгүй байх нь төрийн эрх мэдлийг хуваарилах зарчимд нийцэж, шүүхэд маргаж болох аливаа асуудлаар шүүх хөндлөнгийн байр суурьтай байх шаардлага тавигддаг.
Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр баталж, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөгдөж эхэлсэн Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ.", 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад мэргэжлийн нэгдсэн холбоо гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог ойлгохоор зааснаас үзвэл мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал нь бусад төрийн бус байгууллагын адил буюу Иргэний хуульд заасан нэг төрлийн хуулийн этгээд байна. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн нэгдсэн холбоо гэдэг нь эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа этгээд (аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хүн, хуулийн этгээд) нийтлэг эрх ашгаа хамгаалах зорилгоор сайн дурын үндсэн дээр зохион байгуулагдсан нэгдлүүдийн холбоо буюу төрийн бус байгууллага байна. Уг холбоо нь бусад төрийн бус байгууллагаас эдийн засгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй этгээдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилгоороо л ялгагдаж байгаагаас өөр ямар нэгэн онцгой, ялгаатай шинж алга байна.
Хувийн болон нийтийн эрх зүйн харилцаанд оролцогч аливаа хуулийн этгээдийн эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой бүртгэлийн үйл ажиллагаа нь гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд, чиг үүрэгт нь хамаарч улсынбүртгэлийн байгууллага буюу төрийн захиргааны байгууллага эрхлэн хэрэгжүүлэхээр Улсын бүртгэлийн ерөнхий хуульд заасан. Түүнчлэн хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагаа нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд байхаар тогтоожээ.
Гэтэл Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар мэргэжлийн нэгдсэн холбоо гэх төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсаныг Улсын дээд шүүх бүртгэхээр заасан нь шүүхийн үндсэн чиг үүрэг, мөн чанар, тэр дундаа Улсын дээд шүүх (хяналтын шатны шүүх)-ийн үндсэн чиг үүргийн агуулгад харшлахуйц, нөгөө талаар, гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллагад хариуцуулснаараа Үндсэн хуулийн эрх мэдэл хуваарилах зарчимтай зөрчилдөнө. Мөн хуулийн этгээдийг бүртгэх захиргааны чиг үүрэг, бүртгэлийн үйл ажиллагааг зохицуулсан журам болох захиргааны хэм хэмжээний акт батлах чиг үүргийг Улсын дээд шүүхэд харьяалуулсан нь Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан Улсын дээд шүүхийн үндсэн чиг үүргийн агуулгатай нийцэхгүй болсон байна.
Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.", Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." гэж тус тус заасны дагуу Улсын дээд шүүхийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийг Монгол Улсын шүүхийн тухай хуулиар тогтоодог байхад шүүхийн дээд байгууллага болох Улсын дээд шүүхэд түүний бүрэн эрхийн агуулгад хамааралгүй асуудлаар шинээр үүрэг оногдуулах зохицуулалтыг Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар тогтоосон нь Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын агуулгад харшилж байна.
Хууль тогтоогч нь мэргэжлийн нэгдсэн холбоодыг Улсын дээд шүүх бүртгэх зайлшгүй шаардлага, үндэслэл байгаа талаар, мөн Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх талаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, үзэл баримтлалд тусгаагүй, ийнхүү хуульчилсан үндэслэл, шаардлага тодорхойгүй байна.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан улс төрийн намыг бүртгэхтэй холбоотой Улсын дээд шүүхийн чиг үүрэгтэй агуулгын хувьд ялгаатай талаар:
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт заасан Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохион байгуулалт тогтоохтой холбоотой. Мөн зүйлийн 25.8.8 дахь заалтад заасан улс төрийн намыг бүртгэх чиг үүрэг нь иргэд улс төрийн үзэл бодлоороо чөлөөтэй эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг хангах, Үндсэн хуульд заасан төрийн эрх ард түмний мэдэлд байх зарчим, иргэд улс төрийн нам байгуулж, эсхүл намд элсэх, нэгдэх замаар төрийг удирдахад оролцох эрхийн баталгааг хангахад Улсын дээд шүүх оролцох агуулгатай. Түүнчлэн хүний эрхийг ноцтой зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулахуйц хууль бус үйл ажиллагаа явуулах улс төрийн намыг бүртгэхээс татгалзах, ийм хууль бус үйл ажиллагаа явуулж буй намыг тараах, улмаар төрийн эрх барих дээд байгууллагыг нийтээрээчөлөөтэй сонгох эрхийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, тараах эсэх асуудлыг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, хараат бусаар шийдвэрлэх шаардлагын үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бус, харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд харьяалуулсан гэж үздэг.
Гэтэл эдийн засгийн салбарын хүрээнд мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй этгээдүүдийн нэгдсэн холбоо нь худалдаа, бизнес, эдийн засгийн өргөн хүрээний харилцаанд бие даан орох, ашгийн болон ашгийн бус үйл ажиллагаа явуулах этгээд бөгөөд ийм хуулийн этгээдийг үүсгэн байгуулахтай холбоотой харилцаанд Улсын дээд шүүх оролцох нь эрх зүйн онолын болон хууль зүйн чиг үүрэгт тохирохгүй төдийгүй шүүх эрх мэдлийн чиг үүрэгтэй зөрчилдөх үр дагавар үүсгэхээр байна.
3.Хүн, хуулийн этгээдээс эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл Үндсэн хуульд заасан шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчих агуулгатай талаар:
Аливаа хуулийн этгээдийг бүртгэх эсэхийг эрх бүхий захиргааны байгууллагаас захиргааны акт гаргах замаар шийдвэрлэдэг. Тухайн акт нь хуульд нийцсэн эсэх, түүний улмаас бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар маргаан үүсвэл маргааныг шүүх шийдвэрлэх үүрэгтэй. Гэтэл мэргэжлийн нэгдсэн холбоог Улсын дээд шүүх (нийт шүүгчийн хуралдаан) бүртгэх талаар шийдвэр гаргаснаар уг шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзсэн этгээдийн шүүхэд гомдол гаргах эрх хязгаарлагдах, уг шийдвэрийг шүүхийн журмаар дахин хянан үзэх боломжгүй болохоор байна.
Тухайлбал, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Улсын дээд шүүхэд Хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо гэх хуулийн этгээдийг бүртгүүлэх хүсэлтийг тус холбооны ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн. Тухайн хүсэлттэй холбогдуулан Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүн 8 аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "тухайн холбоог төлөөлөх эрхгүй этгээд хуурамч дүрэм зохиож бүртгэл хийлгэсэн, шүүхээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон, хууль хяналтын байгууллагаар улсын бүртгэлийн зарим ажилтантай нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг асуудлууд нь хянагдан шалгагдаж байгаагаас гадна холбооны сонгуульт ажил эрхлэх хугацаа нь дууссан зэрэг асуудалтай тул мэргэжлийн холбооны сонгон шалгаруулалтаас хасаж, хамтран ажиллахаас татгалзаж, бүртгэхгүй байх" агуулгатай хүсэлтийг мөн ирүүлжээ.
Үүнээс үзэхэд,Хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хангах, эсхүл хангахгүй байх аль ч шийдвэрийн улмаас эрх зүйн маргаан, тухайн хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай холбоотой маргаан ч үүсэх боломжтой. Энэ тохиолдолд холбогдох этгээдийн шүүхэд гомдол гаргах эрх нь хязгаарлагдах, түүнчлэн шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах журмаар шийдвэрийг хянуулах боломжийг хаах үр дагаварт хүрэхээр байгаа нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн холбогдох заалтад нийцэхгүй байна.
Эдгээр үндэслэлүүдээр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн заримзохицуулалтҮндсэн хуулийнДөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсадшүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.",Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх.",Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад"... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ..." гэснийгзөрчсөн агуулгатай байна.
Иймд мэргэжлийн нэгдсэн холбоо буюу төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн үйл ажиллагааг Улсын дээд шүүх эрхлэн хэрэгжүүлэхтэй холбоотой заалтууд Үндсэн хуулийг зөрчсөн тухай хүсэлтийг хүргүүлэхээр Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар шийдвэрлэв." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа:
"Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн зорилт нь мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, түүнд тавигдах шаардлага, мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдал, зохион байгуулалт, үйл ажиллагааг тодорхойлох, төрийн байгууллагатай хамтран ажиллахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 8.2-т заасан "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-д хамаарах салбарын мэргэжлийн нэгдсэн холбоонд энэ хууль үйлчилнэ." гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалтад ""мэргэжлийн нэгдсэн холбоо" гэж тухайн салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын гишүүнчлэлтэй, салбарын нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилго бүхий холбоог." ойлгоно гэж тус тус заажээ.
Мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт "Мэргэжлийн холбоо болон энэ хуулийн 3.1-д зааснаас бусад салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо байгуулах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулна." гэж заасан. Өөрөөр хэлбэл, бүх холбоог энэ хуулиар зохицуулах бус бусад салбарын холбоог Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулж байна.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ." гэж, 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбогдсон журмыг улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн энэ хууль болон бусад хуульд нийцүүлэн батална." гэж заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолоор "Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журам"-ыг баталсан.
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "... бүх шатны шүүх ... хуульд заасан эрх мэдэл буюу гэмт хэрэг,эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх онцгой бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрээс бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно." гэж эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхээс бусад захиргааны чиг үүрэгбүхий шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан Улсын дээд шүүхийг захиргааны байгууллага гэж үзэхээр хуульчилсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гэж, мөн зүйлийн 25.8.8 дахь заалтад "улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох;" бүрэн эрхийг олгожээ. Иймд Улсын дээд шүүхэд улс төрийн намын бүртгэл, мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийн үйл ажиллагааг харьяалуулсан байна.Гэвч Улсын дээд шүүхэд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг хариуцуулах нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон чиг үүргийн хувьд тохиромжтой бус байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Түүнчлэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 85 дугаар зүйлийн 85.6 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар нь энэ хуулийн 25.8.8-д заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд туслах чиг үүрэг бүхий нэгжтэй байна." гэж Улсын дээд шүүхийн Тамгын газарт шинээр нэгж байгуулж, мэргэжлийн нэгдсэн холбооны хүсэлт гаргагчид гэрчилгээ, тамга, тэмдгийн хяналтын дугаар олгох, мэргэжлийн нэгдсэн холбооны нэрийн санг хөтөлж, лавлагаа олгохоор зохицуулсан.
Иймд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэг, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.6, 8.7, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийн заримзохицуулалтньҮндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх, ... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус зөрчөөгүй." гэсэн байна.
Гурав. Монгол Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа:
"Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгчийн "Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт заасны дагуу эрх зүйн маргаан хянан шийдвэрлэхээс бусад захиргааны чиг үүрэг бүхий шийдвэр, үйл ажиллагаатай нь холбогдуулан Монгол Улсын дээд шүүхийг захиргааны байгууллага гэж үзэхээр байна." гэх тайлбарын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт "Энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино." гэж тус хуулийн зорилгыг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, тус хуулийн зорилго нь захиргааны байгууллага иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны үндсэн суурь зарчмыг зохицуулахад орших бөгөөд улмаар иргэн, хуулийн этгээдийн субьектив эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллагын аливаа хууль бус үйл ажиллагаанаас хамгаалах чиг үүргийг өөртөө багтаасан. Захиргааны ерөнхий хууль нь хууль дээдлэх зарчмыг урьтал болгож захиргааны аливаа үйл ажиллагаа тус хуулийн зохицуулалтын гадна, цаашлаад шүүхээс магадлах ажиллагаанаас ангид байх эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор зарчмын шинжтэй, ерөнхий агуулгатайхэм хэмжээнүүдийг тусгаж өгсөн. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн захиргааны байгууллагын зохицуулалт нь дээрх хэм хэмжээнүүдийн нэг болно.
Энэ хүрээнд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийг тайлбарлавал тус зохицуулалт нь иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс захиргааны байгууллагыг аль болох ерөнхий агуулгаар нээлттэй томьёолж хуульчилсан байна (general clause). Иргэний эрхийн зөрчлийг хянах, хамгаалах үүднээс захиргааны шийдвэрийг шүүхээс магадлах ажиллагаанаас гадуур захиргааны байгууллага байх учиргүй бөгөөд иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоос салангид байдлаар тус зүйлийг тайлбарлах боломжгүй. Өөрөөр хэлбэл, тус зохицуулалт нь шүүх эрх мэдэлд зайлшгүй дагалдах захиргааны чиг үүргийг орхигдуулахгүй байх зорилгыг агуулсан болохоос бус шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч шүүх (шүүгч, шүүх бүрэлдэхүүн), түүний шийдвэрийг захиргааны байгууллага болоод захиргааны актад тооцох зохицуулалт биш.
Иймд Улсын дээд шүүхээс гаргасан бүртгэлийн шийдвэр нь захиргааны акт биш шүүхийн акт (judicial act) болж хувирч байгаа тул уг шийдвэрт холбогдуулж шүүхэд гомдол гаргах боломжгүй болно.
Шүүх нь эрх зүйн маргаан хянан шийдвэрлэх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүхийн зохион байгуулалтын чиг үүргийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү шүүхийн зохион байгуулалтын чиг үүргийг хэрэгжүүлэх, тодорхой шийдвэрийг гаргахад иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх боломжтой байхыг үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн гомдол гаргах эрхийг хангах үүднээс Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт "... бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан уг байгууллагыг захиргааны байгууллагад тооцно." гэж хуульчилсан байна.
Иймд "... бусад захиргааны чиг үүрэг, шийдвэртэй нь холбогдуулан ..." гэснийг шүүхийн зохион байгуулалтын, эсхүл захиргааны тодорхой шийдвэр гэж тайлбарлах нь Захиргааны ерөнхий хуулийн зорилго болоод шүүхийн хяналтад байх захиргааны байгууллагын зохицуулалтын үзэл баримтлалд нийцнэ. ..." гэжээ.
Дөрөв. Уг маргааныг Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд хэлэлцүүлэхээр бэлтгэх ажиллагааны явцадхууль зүйнухааныдоктор, дэд профессорБ.Буянхишигийг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтэд:
"... Дэлхийн жишгээс үзвэл мэргэжлийн нэгдсэн холбооны асуудал нь бодлогын түвшинд мэргэжлийн нэгдсэн холбоо шаардлагатай эсэхийг шийдэх, бүртгэлийн түвшинд бодлого хэрэгжүүлэгч захиргааны байгууллагын (салбарын яам, хууль зүйн товчоо, иргэний хэргийн яам) эрхлэх чиг үүрэгт багтаж байна. Цөөн тохиолдолд ердийн холбооны бүртгэл нь шүүх эрх мэдлийн байгууллагад харьяалагддаг боловч бүртгэлийг анхан, давж заалдах шатны шүүхэд бус Улсын дээд шүүхэд харьяалуулснаараа бусад орны загвараас ялгарч байна. Энэ нь дэлхийн жишигт онцгой загвар болох ба ийнхүү захиргааны байгууллагаар бус, харин шүүхийн институтэд бүртгэлийг төвлөрүүлсэн нь шүүхийн хяналтад илүү анхаарах ёстойг илэрхийлдэг. Тиймээс Монгол Улсын загварыг эрх мэдэл хуваарилалтын зарчим, ялангуяа шүүх эрх мэдлийн үндсэн чиг үүрэг болоодэвлэлдэн нэгдэх эрхийн институтийн баталгаа хангагдсан эсэхийг шалгах шаардлагатай. ...
... Эх газрын эрх зүйн уламжлалд мэргэжлийн нэгдсэн холбоо нь төрийн зохицуулалтын бодлогын хэрэгсэл, шүүх нь эрх зүйн маргаан таслах, хяналт тавих институт юм. Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэл, бүтэц, хяналт зэрэг нь шүүхийн биш, харин гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрхийн хүрээнд хэрэгждэг нь институтийн заагийг хадгалах, эрх мэдэл хуваарилалтын тэнцвэрийг хамгаалах зорилготой. Хэрэв шүүх байгууллага эдгээр бодлогын чиг үүрэгт оролцвол шүүхийн хараат бус байдал алдагдаж, эрх зүйн маргаан таслах үндсэн үүрэг бүдгэрнэ. ...
... Улсын дээд шүүхийн бүртгэл нь хараат бус, эрх зүйн дээд хяналт байх тул эвлэлдэн нэгдэх эрхийг баталгаажуулна. Гэвч уг шийдвэрийг хянуулах процессын үндсэн эрхийг хязгаарлаж, улмаар үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх, чиг үүргийн оновчгүй давхардал үүсгэх эрсдэлтэй байгаа нь эрх зүйт төрийн зарчимд нийцэхгүй байх талтай. ..." гэсэн байна.
Тав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичигтэй танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн тогтоол, дүгнэлт, магадлал, Цэцийн гишүүний тогтоол);
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, уг төслийг хэлэлцсэн Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл;
Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.09.08, №01/1389; 2025.09.19, №01/1489;
Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газар, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.01.30, №05/359;
Улсын бүртгэлийн ерөнхий газар, "Хариу тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.09.16, №1/10774;
Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.10.20, №03/2866;
"Монголын Эмнести Интернэшнл" төрийн бус байгууллага, Албан бичиг, 2025.09.24, №375; Мэргэжлийн дүгнэлт, 2026.02.25, №021;
Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Буянхишиг, Шинжээчийн дүгнэлт, 2025.10.13;
Үндсэн хуулийн цэцийн Судалгааны төв, "Улс төрийн нам болон мэргэжлийн холбоог шүүхэд бүртгэхтэй холбоотой судалгаа", 2025.09.29.
ҮНДЭСЛЭЛ:
Монгол Улсын Үндсэн хууль (цаашид "Үндсэн хууль" гэх)-ийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:" гээд 1 дэх заалтад "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;" гэж заасны дагуу Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан байна. Уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэххүсэлтийг хүргүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт "... Улсын дээд шүүх ...", мөн зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар ..." гэж тус тус зааж, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Монгол Улсын дээд шүүхэд олгожээ. Улсын дээд шүүх маргаан бүхий хуулийн зохицуулалтаар Улсын дээд шүүхийн үндсэн чиг үүргийн агуулгад харшлахуйц, гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах чиг үүргийг олгосон нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчим болон Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг тус тус зөрчсөн гэж үзэн хүсэлт гаргасан байна. Энэхүү маргаан нь Үндсэн хуульд тусгагдсан төрийн эрх мэдлийн хуваарилалттай холбоотой байх тул Үндсэн хуулийн холбогдох зохицуулалтын агуулгыг тайлбарлан шалгах нь зүйтэй байна.
1.Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх тухай
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:" гээд 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." гэж үндсэн хуулийн дэг журмыгбэхжүүлэх, шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах үйл ажиллагааг үр нөлөөтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай бөгөөд шүүх эрх мэдлийн цөмд харшлахгүй бүрэн эрхийг Улсын дээд шүүхэд хуулиар олгохыг зөвшөөрсөн байна. Улсын дээд шүүхэд хуулиар олгосон чиг үүрэг, бүрэн эрх нь Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтад заасан "хуулиар харьяалуулсан эрүүгийн хэрэг, эрх зүйн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх;", "давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;", "хууль, түүнд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах талаар Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокуророос шилжүүлсэн асуудлыг хянан шийдвэрлэх;", "Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;" бүрэн эрхэд хамааралтай байна. Хуулиар олгосон чиг үүрэг нь Улсын дээд шүүх Үндсэн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй хамааралгүй бол шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшлахгүй байх зарчимд нийцсэн байхыг шаардана.
Улсын дээд шүүхэд хуулиар бүрэн эрх олгох Үндсэн хуулийн заалт нь хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг шүүхийн дээд байгууллагад ямар нэг хязгаарлалтгүй олгохыг зөвшөөрсөн зохицуулалт биш. Хууль тогтоогч уул заалтыг ямар нэг хязгааргүй хэрэгжүүлбэл Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт тогтоосон төрийн эрх мэдлийн хуваарилалт алдагдахад хүрнэ. Тодруулбал, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн чиг үүрэг холилдож, улмаар шүүхийн бүрэн бүтэн, бие даасан байдалд сөргөөр нөлөөлөх болно.
Улсын дээд шүүхийн бүрэн эрхэд хамааралтай чиг үүрэг гэдэгт Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг сонгоход оролцох (Үндсэн хууль, Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэг), Үндсэн хуулийн цэцийн гишүүний гурвыг санал болгох (Үндсэн хууль, Жаран тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг) зэрэг Үндсэн хуулийн бусад заалтаар бүрэн эрх олгосон асуудлаас гадна Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэйшууд холбоотой чиг үүргийг ойлгоно. Тухайлбал, "хуульд тусгайлан заасан тохиолдолд Улсын дээд шүүхэд хэрэг, маргааны төрлөөр дагнасан танхим байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;" (МонголУлсын шүүхийн тухай хууль, 2021, 25 дугаар зүйлийн 25.8.1 дэх заалт), "анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүн таслах ажиллагааны төрлөөр дагнасан танхим байгуулах асуудлыг ... хэлэлцэж, шийдвэрлэх;" (Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2021, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт), "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон шүүхийн үйл ажиллагаа, эрх зүйн байдалтай холбогдсон хууль тогтоомжийн төслийн талаарх саналаа хууль санаачлагчид хүргүүлэх, ..." (Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2021, 25 дугаар зүйлийн 25.8.3 дахь заалт), "давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын бүрдэл, хугацааны хуваарилалт, дарааллыг тогтоох, бэлтгэл хуралдаан хийх журмыг хэлэлцэж, батлах." (Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2021, 25 дугаар зүйлийн 25.8.11 дэх заалт) зэрэг бүрэн эрх хамаарна. Харин мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүрэг нь Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхтэй хамааралгүй байх тул шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшлахгүй байх зарчимд нийцсэн байхыг шаардана.
Шүүхийн үндсэн бүрэн эрхэд харшлахгүй байх зарчим нь Үндсэн хуулийн Гуравдугаар бүлгийн төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэлд хуваарилах зохицуулалт,Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт тусгасан шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим, Дөчин есдүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгээр баталгаажуулсан шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлын зарчим болон Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт агуулагдаж буй зарчим юм. Тус зарчмын хүрээнд "бусад эрх мэдлийн бүрэн эрх биш байх", "шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой байх", "шүүхийн бие даасан байдлыг хангасан байх", "шүүх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх" зэрэг шалгуур тавигдана. Эдгээр шалгуурын аль нэгийг хангаагүй бол Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад нийцэхгүй. Тиймээс хүсэлт гаргагчийн шаардлагын хүрээнд уг зарчмын шалгуур тус бүрээр шалгаж, Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг болон Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад нийцсэн эсэхийг шалгах нь зүйтэй байна.
1.1.Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүрэг нь бусад эрх мэдлийн бүрэн эрх мөн эсэх
Үндсэн хуулийн Хорьдугаар зүйлд "Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална.", Гучин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн.", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ." гэж заасан. Энэ нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ зөвхөн тухайн эрх мэдлийн салаа хэрэгжүүлэх үзэл баримтлалыг тусгасан зохицуулалт тул ямар ч тохиолдолд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн цөмийг бусад эрх мэдэлд шилжүүлэхийг хориглоно.
Хуулийг биелүүлэхэд нарийвчилсан журам шаардлагатай тохиолдолд хууль тогтоогч гүйцэтгэх эрх мэдэлд тухайн хуулийг биелүүлэхэд шаардлагатай журам батлах бүрэн эрхийг шилжүүлж болно. Харин эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангаагүй, хуулийн зорилго, хүрээ, хязгаарыг тогтоолгүйгээр бүрэн эрхийг шилжүүлэх нь Үндсэн хуульд нийцэхгүй. Тухайлбал, Үндсэн хуулийн цэц 2002 оны 02 дугаар тогтоолоор "... Эрүүлжүүлэх гэдэг бол ... жолоодох чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан хүнийг ... гэмт хэрэг, эрх зүйн зөрчил үйлдэх, бусдад гэм хор учруулах, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулан танхайрахаас урьдчилан сэргийлж буй арга хэмжээ боловч нөгөө талаас дээрх зорилгыг хэрэгжүүлэхийн тулдхүний халдашгүй, чөлөөтэй байх тухай Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрхийн хүрээг...хязгаарлаж буй албадлагын арга хэмжээ юм. ... Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх, эрх чөлөөг ямар нэг хэмжээгээр хязгаарлаж буй эрүүлжүүлэх үйл ажиллагааг хуулиар биш Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн Цагдаагийн төв байгууллагын даргын баталсан журмаар зохицуулахаар хуульд заасан нь хүний үндсэн эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлах тухай Үндсэн хуулийн үзэл баримтлал, агуулгад нийцэхгүй байна. ..." гэж үзсэн.
Шүүхэд түүний үндсэн бүрэн эрхэд хамааралгүй чиг үүргийг олгоход Үндсэн хуулиар шалгуур тавигдана. Тухайлбал, төрийн дотоод, гадаад бодлогын асуудлыг санаачлан хэлэлцэх, хууль батлах, Үндсэн хуульд тусгасан албан тушаалтныг томилох, огцруулах, улсын хил тогтоох, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, өөрчлөх, Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, дайн бүхий байдал зарлах (Үндсэн хууль, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг), шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэл, улсын төсөв, зээл, санхүүгийн төлөвлөгөөг боловсруулах (Үндсэн хууль, Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг) зэрэг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн бүрэн эрхийг шүүхэд олгохыг хориглоно.
Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухайхуулиар улсын эдийн засгийн бодлогод үндэслэн мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлыг зохицуулсан байна. Тодруулбал,тусхуулийн төслийн үзэл баримтлалд "төвлөрлийг сааруулж, шийдвэр гаргахад бүх талын оролцоог хангах; ... төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангасан ил тод, хариуцлагатай засаглалыг үндэсний болон орон нутгийн түвшинд бүрдүүлэх; төрийн зарим чиг үүргийг иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого баримталж, хэрэгжилтийг хангах эрх зүйн орчныг цогцоор бүрдүүлэх; ... нийгмийн салбарын хувьчлалыг үргэлжлүүлэх замаар эдийн засгийн төвлөрлийг сааруулах" зэрэг үндэслэлээругтөслийг боловсруулсан гэжээ. Мөн хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлд "Төрийн байгууллагын хэт төвлөрсөн чиг үүргийг задалж зарим чиг үүргийг илүү мэргэшсэн түвшинд гүйцэтгэх боломжийг бүрдүүлснээр төр шинжлэх ухаанч шийдлүүдийг гаргахад мэргэжлийн экспертүүдийн санал, дүгнэлтийг тусгах нөхцөл бүрдэнэ.", "Мэргэжлийн холбоо бол эдийн засгийг төрөлжүүлэх, салбарын яамны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд экспертүүдийн санал, дүгнэлтүүдийг тусгахад гээд эдийн засаг тал руугаа илүү бодитой ажиллана ..." гэж тайлбарласан байна (Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооныхуралдаан, Дэлгэрэнгүй тэмдэглэл, 2019.10.23, х. 51,54).
Төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэжлийн нэгдсэн холбоодын бүртгэл нь улсын эдийн засгийн бодлоготой холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10 дахь заалтын дагуу хуулийн этгээдийн улсын бүртгэл нь Хууль зүй, дотоод хэргийн сайдынэрхлэхажлынхүрээнд багтдаг. Иймд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэл нь төрийн бодлого хэрэгжүүлэх, хуулийн биелэлтийг хангах гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийн хүрээнд хамаарч байх тул бусад эрх мэдлийн бүрэн эрх биш байх шалгуурыг хангахгүй байна.
1.2.Шүүх хэрэгжүүлэхэд илүү зохимжтой чиг үүрэг мөн эсэх
Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад Улсын дээд шүүх хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй гэж хуульчилсан. Үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэх шаардлагын үүднээс биедаасан, тал үл харах (төвийг сахих) шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэх нь илүү зохимжтой чиг үүргийг Улсын дээд шүүхэд олгохыг Үндсэн хуулиар зөвшөөрсөн байна. Тухайлбал, Улсын дээд шүүх "улс төрийн намыг бүртгэх, бүртгэхээс татгалзах, идэвхгүй болон идэвхтэйд тооцох, татан буулгах, тамга тэмдгийн хяналтын, регистрийн, хувийн хэргийн дугаар, гэрчилгээ олгох, хүчингүй болгох, эдгээртэй холбогдсон бүртгэл болон намын нэрийн сан хөтлөх, лавлагаа олгох;" (Монгол Улсын шүүхийн тухай хууль, 2021, 25 дугаар зүйлийн 25.8.8 дахь заалт) зэрэг бүрэн эрх хэрэгжүүлдэг. Мөн намын дүрэм, хөтөлбөр нь Үндсэн хууль болон бусад хуульд харшилсан эсэхийг хянадаг (Улс төрийн намын тухай хууль, 2023, 14 дүгээр зүйлийн 14.4.1 дэх заалт). Улсын дээд шүүхийн эдгээр чиг үүрэг нь нэг талаас өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг улс төрийн, эсхүл бусад зорилгоор зүй бусаар хязгаарлахаас сэргийлэх, нөгөө талаас үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэх, засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх, үндэсний эв нэгдлийг хангах Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой.
Энэ талаар Улсын дээд шүүхийн хүсэлтэд "... улс төрийн намыг бүртгэх чиг үүрэг нь иргэд улс төрийн үзэл бодлоороо чөлөөтэй эвлэлдэн нэгдэх үндсэн эрхийг хангах, Үндсэн хуульд заасан засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчим, иргэд улс төрийн нам байгуулж, эсхүл намд элсэх, нэгдэх замаар төрийг удирдахад оролцох эрхийн баталгааг хангахад Улсын дээд шүүх оролцох агуулгатай. Түүнчлэн хүний эрхийг ноцтой зөрчсөн, ялгаварлан гадуурхсан, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний эв нэгдэлд ноцтой аюул учруулахуйц хууль бус үйл ажиллагаа явуулах улс төрийн намыг бүртгэхээс татгалзах, ийм хууль бус үйл ажиллагаа явуулж буй намыг тараах, улмаар төрийн эрх барих дээд байгууллагыг нийтээрээ чөлөөтэй сонгох эрхийг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй оролцдог улс төрийн намыг бүртгэх, үйл ажиллагааг нь түдгэлзүүлэх, тараах эсэх асуудлыг хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр, хараат бусаар шийдвэрлэх шаардлагын үүднээс гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бус, харин Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанд харьяалуулсан ..." гэж тайлбарласан байна.
Улсын дээд шүүхэд маргаан бүхий хуулиар олгосон мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүрэг нь шүүх эрх мэдлийн байгууллага хэрэгжүүлэхэд зохимжтой чиг үүрэг биш байна. Учир нь шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан аливаа шийдвэр хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд үндэслэсэн байхыг шаарддаг. Харин хуулийн зохицуулалт тодорхойгүй байх нь бодлогын сонголт хийх буюу үзэмжээрээ шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Улсын дээд шүүхэд олгосон үндэслэл тодорхойгүй, шүүх хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай болох нь хуулийн төслийн үзэл баримтлал, танилцуулга, түүнийг хэлэлцсэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын хорооныхуралдаанытэмдэглэл зэргээс хангалттай нотлогдохгүй байна. Хуулийн анхны төсөлд тухайн холбоо нь улсын бүртгэлд бүртгүүлэхээсээ өмнө салбарын яамандаа холбогдох материалаа хүргүүлэх ба яам материалыг хүлээн авч Сайдын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн тохиолдолд хуулийн дагуу шаардсан баримтын хамт бүртгэлийн байгууллагад өгч улсын бүртгэлд бүртгүүлэхээр тусгасан байжээ (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн үзэл баримтлал, х. 3). Үүнийг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар "мэргэжлийн нэгдсэн холбоо үүсгэн байгуулагдсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэдбүртгүүлэх хүсэлт хүргүүлэх" гэж өөрчилсөн боловч Улсын дээд шүүхэд бүртгэлийн чиг үүргийг олгох болсон үндэслэлийн талаар хэлэлцээгүй байна. Мөн Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч тайлбартаа "... Улсын дээд шүүхэд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг хариуцуулан ажиллуулах нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон чиг үүргийн хувьд тохиромжтой бус байгааг цаашид анхаарах нь зүйтэй. ..." гэжээ.
Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхтэй холбоотой зохицуулалт нь хуульд заасан шаардлагын аль нэгийг бодлогын хувьд сонгох боломжийг бүрдүүлсэн зохицуулалт байна. Тухайлбал, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 5.3.2 дахь заалтад "тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй байх;", "энэ хуулийн 5.3.1-д заасан гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх." гэж мэргэжлийн нэгдсэн холбоонд тавигдах шаардлагыг тусгасан. Мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүд үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалтаар зах зээлийн 50-аас дээш хувийг эзлэх, эсхүл тэдгээрийн аль нэг шаардлагыг нь хангах, ямар хугацаанд хамаарах тоон мэдээллийг ашиглах нь тодорхойгүй байх тул эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Маргаан бүхий хуулийн зохицуулалт нь эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилалд хамаарах мэргэжлийн нэгдсэн холбоонд үйлчлэх (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, 2024, 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг) бөгөөд уг салбарын ангиллыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга хамтран батлахаар байна (Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, 2015, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг). Үүний дагуу Сангийн сайд, Үндэсний статистикийн хорооны даргын хамтарсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 319/A/160 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ыг баталсан бөгөөд нийт 21 салбар, 88 дэд салбарыг жагсаажээ. Эдгээр салбар, дэд салбар бүрд нэг хүртэл мэргэжлийн нэгдсэн холбоо байх боломжтой (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, 2024, 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэг). Хууль үйлчилж эхэлснээс хойш Улсын дээд шүүхэд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэхээр 15 хүсэлт ирүүлсэн бөгөөд түүнд хавсаргасан материалаас үзэхэд үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзлэх шаардлагыг хангасны нотолгоо болгож салбарын яам, агентлагийн тодорхойлолт, зах зээлийн болон социологийн судалгаа, татвар төлөгчийн тайлан зэрэг ялгаатай баримтыг хавсаргажээ. Тиймээс зах зээлд эзлэх хувийг тогтоох тухай хуулийн зохицуулалт нь тодорхойгүй, хоёрдмол утгатай байхаас гадна шүүх эрх мэдлийн байгууллагад бодлогын сонголт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Шүүх нь аливаа этгээдийн үйл ажиллагаа хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянах боловч улс төрийн бодлого, үзэл санааны хяналт хэрэгжүүлдэггүй.
Иймд маргаан бүхий хуулийн зохицуулалтыг хуульчлах болсон үндэслэл тодорхойгүй, мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэхэд тавигдах шаардлага нь эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангаагүй, улмаар шүүх эрх мэдлийн байгууллага бодлогын сонголт хийх нөхцөлийг бүрдүүлсэн байх тул шүүх хэрэгжүүлэхэдилүүзохимжтой чиг үүрэг гэж үзэх үндэслэлгүй байна.
1.3.Шүүхийн бие даасан байдлыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Гуравдугаар бүлэгт төрийн эрх мэдлийг хуваарилахдаа шүүх эрх мэдэл нь хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн хөндлөнгийн нөлөөллөөс ангид, бие даасан байх зарчмыг тусгасан. Харин хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаа харилцан уялдаа, хяналттай байх нь парламентын тогтолцооны үндсэн шинж юм. Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", 2 дахь хэсэгт "Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно." гэж хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй байх, шүүх эрх мэдлийн байгууллага хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэхгүй байхаар зохицуулжээ. Шүүх эрх мэдэл хүний нөөц болон чиг үүргийн хувьд бусад эрх мэдлээс бие даасан байх нь шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог. Улсын дээд шүүх хууль тогтоох, эсхүл гүйцэтгэх эрх мэдлийн чиг үүргийг хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдал, үр нөлөөтэй хяналтыг сулруулах эрсдэлтэй. Үндсэн хуульд тусгасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь харшлах, эсхүл сөргөөр нөлөөлөх чиг үүргийг Улсын дээд шүүхэд хуулиар олгох нь шүүхийн бие даасан байдалд нийцэхгүй.
Үндсэн хуулийн дэг журмыг бэхжүүлэхэд зайлшгүй шаардлагатайгаас бусад тохиолдолд гүйцэтгэх эрх мэдэлд хамаарах чиг үүргийг шүүхэд олгох нь төрийн эрх мэдлийн хуваарилалт болон шүүхийн бие даасан байдлыг алдагдуулах бөгөөд Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцэхгүй. Шүүхийн бие даасан байдлын Үндсэн хуулийн баталгаа нь Улсын дээд шүүх хуулиар олгосон чиг үүргээ хөндлөнгийн нөлөөлөлгүйгээр хэрэгжүүлэх боломжтой байхыг шаардана. Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас чиглэл, удирдамж авах, уул чиг үүргийг хамтарч хэрэгжүүлэх, улс төрийн бодлогын сонголт хийхийг шүүхээс шаардах нь шүүхийн бие даасан байдалд харшилна.
Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.", 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй.", 3 дахь хэсэгт "Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана." гэж шүүхийн бие даасан байдлыг баталгаажуулсан. Уг зарчмын талаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтэд "... шүүхийн бие даасан байдал нь шүүх эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусдаа төрийн эрх мэдлийн салаа гэж үзэх агуулгатай ... Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан ... байдлыг хангах хууль зүй, эдийн засаг, нийгэм болон бусад баталгааг төрөөс бүрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд шүүхийн бие даасан ... байдлыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж, эрх зүйн бусад акт гаргахыг хориглоно." гэж тайлбарлажээ.
Шүүхийн бие даасан байдал нь шүүх хэрэг, маргааныг гагцхүү хуульд захирагдан хараат бусаар, тал үл харан хянан шийдвэрлэдэг гэх иргэдийн итгэлийг хамгаалдаг. Энэ итгэлээс шүүх эрх мэдэл нь легитим шинжээ олж авдаг. Үндсэн хуулийн дэг журам бүхий ардчилсан тогтолцоонд иргэний үндсэн эрхийг хязгаарласан шийдвэр нь иргэдийн хүсэл зориг болох хууль тогтоогчийн баталсан хуульд үндэслэх ёстой бөгөөд шүүх эрх мэдэл зөвхөн урьдчилан баталсан хуульд захирагдаж, иргэний эрх, эрх чөлөөг хамгаалдаг. Шүүх хуульд бус, харин бусдын хүсэл зоригт захирагдвал легитим шинжээ алдана. Тиймээс Улсын дээд шүүхэд үндсэн бүрэн эрхэд нь хамааралгүй чиг үүргийг олгосноор түүний бие даасан байдлыг алдагдуулах, эсхүл түүнд итгэх иргэдийн итгэлийг сулруулах эрсдэлтэйбол Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зөрчигдөнө. Өөрөөр хэлбэл, шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх Үндсэн хуулийн заалт нь Улсын дээд шүүхэд шүүхийн бус чиг үүргийг олгож, бие даасан байдлыг нь алдагдуулахыг хориглосон агуулгатай. Маргаан бүхий хуулийн зохицуулалтын хувьд "уул чиг үүргийг шүүхөөрөөхүлээн зөвшөөрсөн байх", "шүүхийн бие даасан байдалд итгэхиргэдийнитгэлийг алдагдуулах эрсдэлгүй байх" гэсэн шалгуураар шүүхийн бие даасан байдлыг хангах эсэхийг шалгана.
Шүүхийн бие даасан байдал нь шүүх хэрэг, маргаан хянан шийдвэрлэх үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон бусад этгээдийн аливаа хөндлөнгийн нөлөөлөл, оролцооноос ангид байх агуулгыг илэрхийлнэ. Тиймээс Улсын дээд шүүхэд үндсэн бүрэн эрхэд нь хамааралгүй чиг үүргийг олгосноор түүний бие даасан байдалд нөлөөлнө гэж шүүх өөрөө үзвэл энэ нь бусад эрх мэдлийн хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх Үндсэн хуулийн агуулгад нийцэхгүй гэх үндэслэл болно. Харин Улсын дээд шүүх хуулиар олгосон чиг үүргийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж байгаа нь хөндлөнгийн нөлөөлөл, оролцоогүйгээр үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтойг илэрхийлнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх нь Үндсэн хуульд нийцэхгүй гэж Улсын дээд шүүх хүсэлт гаргасан тул шүүх өөрөө хүлээн зөвшөөрсөн байх шалгуурыг хангахгүй байна.
Шүүхэд хуулиар олгосон чиг үүрэг нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сулруулахаар бол шүүхийн бие даасан байдлын зарчимд харшилна. Шүүх гагцхүү хуульд захирагдан тал харахгүй, нөлөөнд авталгүйгээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэдэг гэх иргэдийн итгэл нь шүүхийн бие даасан байдлын суурь юм. Шүүх улс төрийн бодлогын асуудалд оролцох, эсхүл бүрэн эрхээ хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн оролцоо, заавар, зөвлөмжөөр хэрэгжүүлэх нь түүний бие даасан, тал үл харах байдалд итгэх иргэдийн итгэлийг бууруулдаг. Хуулиар олгосон чиг үүрэг нь иргэд, олон нийтэд Улсын дээд шүүхийг гүйцэтгэх эрх мэдлээс хараат мэтээр харагдуулах нөлөөтэй бол шүүхийн бие даасан байдалд харшилна. Чиг үүргийн хувьд гүйцэтгэх эрх мэдэлтэй холилдсон эсэхийг иргэд ялгаж, салгахад амаргүй байх нь шүүх эрх мэдэлд итгэх иргэдийн итгэлийг бууруулах эрсдэлтэй. Иргэдийн итгэл бодитой буурсан байх, эсхүл гүйцэтгэх эрх мэдлийн зүгээс шүүхийн бие даасан байдалд нөлөөлснийг заавал нотлох шаардлагагүй бөгөөд шүүхийн бус чиг үүргийг Улсын дээд шүүх хэрэгжүүлсний үр дүнд гүйцэтгэх болон шүүх эрх мэдлийн чиг үүрэг зүй бусаар холилдсон мэт иргэдэд харагдахуйц нөхцөл үүссэн бол Үндсэн хуулийн зөрчлийн шинжийг агуулна.
Уг хуулийн зохицуулалт үйлчилж эхэлснээс хойш мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх талаар Улсын дээд шүүхэд ирүүлсэн зарим хүсэлтэд хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.2 дахь заалтад заасан "... үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзэлдэг байх." шаардлагад холбогдуулан гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас Улсын дээд шүүхэд хандсан албан бичиг гаргуулан авсан байна. Тухайлбал, Монгол Улсын Зам тээврийн яамнаас Улсын дээд шүүхэд ирүүлсэн албан бичигт "Баянзам тээвэрчдийн холбоо нь 2018 оноос одоог хүртэл тээвэрчдийн нийтлэг эрх ашгийг хамгаалах, тээвэр зохион байгуулалт, гэрээ, хэлэлцээр, эрх зүйн баримт бичгүүдийг шинэчлэн сайжруулах чиглэлээр судалгаа хийж, санал санаачилга гарган эдгээртэй холбоотой төсөл боловсруулах, экспортын ачаа тээвэрт тулгарч буй асуудал, шуурхай арга хэмжээ авхуулах чиглэлээр тээврийн салбарын холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ. …" гэж тодорхойлсон байна. Хуулийн шаардлагыг хангасан эсэхийг яам, агентлагийн албан бичигт үндэслэншийдсэн гэж ойлгогдохуйц нөхцөлийг бүрдүүлж байгаа нь шүүх бие даасан гэх иргэдийн итгэлийг алдагдуулах эрсдэлийг үүсгэжээ. Иймд мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Улсын дээд шүүх хэрэгжүүлэх нь шүүхийн бие даасан байдлын зарчим, Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт нийцээгүй байна.
1.4.Шүүх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх шалгуурыг хангасан эсэх
Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно." гэж заасан нь шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зөвхөн Улсын Их Хурлаас баталсан хуулиар зохицуулах агуулгыг илэрхийлнэ. Шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар хэрэгжүүлэх Улсын дээд шүүхийн бүрэн эрх нь шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, хүртээмж зэрэгт сөрөг нөлөө үзүүлэхээр байж болохгүй. Хуулиар олгосон чиг үүрэг нь үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхүйц хэмжээнд Улсын дээд шүүхийн ачааллыг нэмэгдүүлэхээр бол Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцэхгүй.
Маргаан бүхий хуулийн зохицуулалтадУлсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх, эсхүл бүртгэхээс татгалзах шийдвэр гаргахдаа хүсэлт гаргагч, улсын бүртгэлийн байгууллага болон бусад этгээдээс тайлбар авах, нэмэлт баримт бичиг, лавлагаа, мэдээлэл гаргуулах, шинжээч томилох зэрэг ажиллагааг хийхээр тусгажээ (Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль, 2024, 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэг). Улсын дээд шүүхэд ирүүлсэн мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэх хүсэлт, түүний хавсралт материалаас харахад тухайн салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа мэргэжлийн холбоодын олонхын төлөөлөл бүхий гишүүнчлэлтэй эсэхийг тогтоохоор улсын бүртгэлийн байгууллагаас лавлагаа, мэдээлэл гаргуулах; мөн гишүүдийн үйлдвэрлэл, борлуулалт, худалдан авалт нь тухайн салбарын зах зээлийн 50-аас дээш хувийг эзлэх хуулийн шаардлагын талаар ажиллагаа хийх зайлшгүй шаардлагатай байх бөгөөд энэ нь шүүхийн ачааллыг үлэмж нэмэгдүүлэхээр байна.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн 30 хэргийн 1532 нүүр материалыг уншихад ажлын 3 өдөр, 7 цаг; Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн 50 хэргийн 1510 нүүр материалыг уншихад ажлын 4 өдөр, 1 цаг; Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцсэн 24 хэргийн 938 нүүр материалыг уншихад ажлын 2 өдөр, 3 цаг зарцуулсан байна (Улсын дээд шүүхийн Тамгын газар, Хяналтын гомдол гаргаж ирүүлсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн материалыг уншихад зарцуулж буй хугацааг тооцон үзсэн дүн, 2023.10.11). Үүнийг дунджаар тооцоход 3980 нүүр хэргийн материалтай зөвхөн танилцах хугацаа ажлын 9 өдөр байна. Маргаан бүхий хуулийн зохицуулалт үйлчилж эхэлсэн 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Үндсэн хуулийн цэцэд "Хүсэлт гаргах тухай" Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарах хүртэлх (2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр) хугацаанд хүсэлт гаргасан 15 мэргэжлийн нэгдсэн холбоод нийт 2900 гаруй хуудас материал хавсаргажээ. Үүнээс харахад,мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх нь Улсын дээд шүүхийн болон түүний шүүгчийн ажлын ачааллыг нэмэгдүүлж, хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлж, улмаар шүүн таслах ажиллагааны чанар, үр нөлөө, хүртээмжийг
бууруулахаар байна. Иймд хуулиар олгосон бүртгэлийн чиг үүрэг Улсын дээд шүүхийн үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх шалгуурыг хангаагүй байна.
2.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын " … шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. ..." гэснийг зөрчсөн эсэх
Маргаан бүхий хуулийн зохицуулалт нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтын "... шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах … эрхтэй. ..." гэснийг зөрчсөн эсэхийг тогтоохын тулд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийн агуулга тус бүрийг тодорхойлж, шалгах нь зүйтэй байна.
2.1.Шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн эсэх
Шүүхэд гомдол гаргах эрх нь иргэний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх ёсны суурь баталгааны нэг боловч Үндсэн хуулиар баталгаажсанэрүү шүүлт, хүнлэг бус, хэрцгий, доромж хандлагаас ангид байх, итгэл үнэмшил, үзэл бодолтой байх зэрэг ямар ч тохиолдолд хязгаарлагдах ёсгүй туйлын эрх (Цэцийн дүгнэлт, 2024, №03)-д хамаарахгүй болно. Тиймээс шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан тохиолдолд хязгаарлалт нь тохирсон байх болон бусад зарчмыг хангасан байна. Мөн аливаа хязгаарлалт нь уул эрхийн цөмийг хөндөж үл болно. Тухайлбал, гомдол гаргах боломж олгосон ч шүүх нь бие даасан биш бол эрхийн цөмийг үгүйсгэсэн гэж үзнэ.
Шүүхэд гомдол гаргах эрхийн баталгааны хүрээнд иргэн хувийн амьдралынхаа бүхий л асуудлаар шүүхэд хандах хязгааргүй эрх чөлөөг олгодоггүй. Зөвхөн Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах агуулгыг илэрхийлнэ. Мөн бүх төрлийн хэрэг, маргааны талууд зөвхөн хуулиар байгуулагдсан шүүхээр хянуулах гэсэн туйлын утгыг илэрхийлэхгүй болно. Оролцогч талууд маргаан таслах байгууллагыг бие даасан, тал үл харна гэдгийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл хараат бус, бие даасан байдал нь хангагдсан маргаан таслах байгууллага Үндсэн хуулиар олгогдсон өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргахыг хориглохгүй. Тухайлбал, Арбитрын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт "Шүүхэд тусгайлан харьяалуулснаас бусад, арбитрын хэлэлцээрт тусгасан аливаа маргааныг арбитрын журмаар шийдвэрлэнэ." гэж талууд харилцан тохиролцсон, хараат бус, бие даасан этгээдээр маргаанаа шийдвэрлүүлэх талаар хуульчилжээ. Мөн Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах бөгөөд түүний бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журам, бүрэлдэхүүнд тавих шаардлага, томилох журмыг хуулиар тогтооно." гэж заасны дагуу шүүгчийн сахилгын хэргийг аль нэг шүүх бус, харин Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэхээр тусгайлан зохицуулсан. Энэ нь иргэний эрхийг зөрчсөн аливаа хэрэг, маргааныг хараат бус, бие даасан, тал үл харах зарчмаар ажиллах этгээдээр шийдвэрлүүлж, хууль дээдлэх ёсыг баталгаажуулах Үндсэн хуулийн үзэл баримтлалтай холбоотой.
Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.", мөн зүйлийн 3 дахь хэсэгт"Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ." гэж заасан тул Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт (цаашид "Пакт" гэх)-аар хүлээсэн үүргээ Монгол Улс шударгаар сахин биелүүлнэ. Пактын 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх ба маргаан таслах байгууллагын өмнө бүх хүн тэгш эрхтэй. Хүн бүр өөрт тулгасан эрүүгийн хэргийг хянан хэлэлцүүлэх буюу иргэний нэхэмжлэлийн хүрээнд эрх, үүргээ тодорхойлуулахдаа хуулийн дагуу байгуулагдсан бүрэн эрх бүхий, хараат бус, тал үл харах шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй. ..." гэж шүүхэд гомдол гаргах эрхийг баталгаажуулсан байна. НҮБ-ын Хүний эрхийн хорооны Пактын 14 дүгээр зүйлийг тайлбарласан 32 дугаар Ерөнхий тайлбарт "шүүх болон маргаан таслах байгууллагад хандах эрхийг аливаа этгээдэд дотоодын хууль тогтоомжоор олгоогүй тохиолдолд, тухайлбал төрийн албанд дэвшин ажиллах, шүүгчээр томилогдох, эсхүл цаазаар авах ялыг өөр хөнгөн ялаар солих эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагадхуулиар олгоогүй бол шүүх болон маргаан таслах байгууллагад хандах эрх үйлчлэхгүй гэж үзсэн (догол 17). Гэсэн хэдий ч маргаан таслах байгууллагад тодорхой хэргийн талаар хандах эрхийг хязгаарласан нь дотоодын хууль тогтоомжид тулгуурлаагүй, шударга ёсыг зохистойгоор хэрэгжүүлэх зэрэг хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй бус, олон улсын эрх зүйгээс улбаатай хэрэгхянаншийдвэрлэх харьяаллын зохицуулалтад үндэслээгүй, эсхүл шүүхэд хандах эрхийн мөн чанарыг үгүйсгэн хязгаарласан бол 14 дүгээр зүйлийг зөрчсөнд тооцно." (догол 18) гэж шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахдаа тохирсон байх зарчмыг хангаагүй, тус эрхийн мөн чанар (цөм)-ыг үгүйсгэсэн шинжтэй бол эрхийн зөрчилд тооцохоор тайлбарлажээ.
Маргаан бүхий хуулийн зохицуулалт нь шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан эсэх, уг хязгаарлалт нь тохирсон байх зарчмыг хангасан эсэхийг шалгахад дараах үндэслэл тогтоогдож байна:
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд "Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ:" гэж заасан нь үндсэн эрхийг иргэн эдлэх агуулгатай боловчсайн дураарааэвлэлдэн нэгдэх, шүүхэд гомдол гаргах, аж ахуй эрхлэх зэрэг эрх, эрх чөлөөг хуулийн этгээд эдлэхийг хязгаарлаагүй байна. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан мэргэжлийн дүгнэлтэд "Зөрчигдсөн эрхийг үр дүнтэй сэргээлгэх нь эвлэлдэн нэгдэх эрхийн салшгүй хэсэг … бөгөөд энэ нь шударгаар шүүлгэх эрхийн баталгааг хангасан шүүхээр хянуулах эрхийг багтаадаг …" (Мэргэжлийн дүгнэлт, догол 39) гэж шүүхэд гомдол гаргах эрх нь сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийн нэг баталгаа болох талаар дурджээ.
Улсын дээд шүүхэд бүртгэлийн чиг үүргийг олгосноор бүртгэлтэй холбоотой эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд шүүхэд гомдол гаргах боломжгүй талаар Улсын дээд шүүхийн итгэмжилсэн төлөөлөгч нэмэлт тайлбартаа "... Улсын дээд шүүхээс гарсан бүртгэлийн шийдвэр нь захиргааны акт биш шүүхийн акт (judicial act) болж байгаа тул уг шийдвэрт холбогдуулж шүүхэд хандах эрх боломжгүй болно. ..." гэжээ. Тиймээс хуульд мэргэжлийн нэгдсэн холбоог байгуулах, бүртгүүлэх, санхүүжилт бүрдүүлэх болон тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх талаар зохицуулж, субьектив эрхийг тусгасан боловч тус эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах боломжгүй байна. Улсын дээд шүүхийн хүсэлтэд "... Тухайлбал, Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хууль мөрдөгдөж эхэлснээс хойш Улсын дээд шүүхэд Хуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо гэх хуулийн этгээдийг бүртгүүлэх хүсэлтийг тус холбооны ерөнхийлөгчөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ирүүлсэн. Тухайн хүсэлттэй холбогдуулан Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны гишүүн 8 ажахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс "тухайн холбоог төлөөлөх эрхгүй этгээд хуурамч дүрэм зохиож бүртгэл хийлгэсэн, шүүхээр эрх зүйн чадамжгүй нь тогтоогдсон, хууль хяналтын байгууллагаар улсын бүртгэлийн зарим ажилтантай нэгдмэл ашиг сонирхолтой зэрэг асуудлууд нь хянагдан шалгагдаж байгаагаас гадна холбооны сонгуульт ажил эрхлэх хугацаа нь дууссан зэрэг асуудалтай тул мэргэжлийннэгдсэнхолбооны сонгон шалгаруулалтаас хасаж, хамтран ажиллахаас татгалзаж, бүртгэхгүй байх" агуулгатай хүсэлтийг мөн ирүүлжээ. Үүнээс үзэхэдХуурай замын тээврийн салбарын мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгүүлэхээр ирүүлсэн хүсэлтийг хангах, эсхүл хангахгүй байх аль ч шийдвэрийн улмаас эрх зүйн маргаан, тухайн хуулийн этгээдийн эрх зүйн чадамжтай холбоотой маргаан ч үүсэх боломжтой..."гэжээ (Улсын дээд шүүхийн хүсэлт, х. 4-5).
Дээрхээс үзэхэд, мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг Улсын дээд шүүх хийхээр хуульчилсан нь Үндсэн хуулиар баталгаажуулсан шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан байна. Эрхийн хязгаарлалт нь тохирсон байх зарчим (хууль ёсны зорилготой, зорилгодоо хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй)-ыгхангасан байхыг шаардана.
Үндсэн эрхэд хязгаарлалт тогтоосон хуулийн зохицуулалт нь хууль ёсны зорилготой байх учиртай. Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт"... Хуулийн төсөл батлагдсанаар салбарын мэргэжлийн холбоодын эвлэлдэн нэгдэх, хараат бус, бие даасан үйл ажиллагаа явуулах ... иргэний нийгмийн байгууллагын түншлэлийг сайжруулах, улсын төсвийн ачааллыг багасгах боломж бүрдэнэ..." (Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооныхуралдаан,Дэлгэрэнгүй тэмдэглэл, 2024.04.11, х. 20) гэж тус хуулийн зорилгын талаар тайлбарласан байна. Мөн "... Төрийн бус байгууллагууд үндсэндээ улс төрийн нам, улс төржилтийг халхавчилж явдаг болсон. ...Үүнээс салгахын тулд ... аж үйлдвэр болон бизнес, эдийн засгийн чиглэлд ажиллах мэргэжлийн холбоодыг төрийн бус байгууллагаас тусад нь авч үзээд ... төрийн бус байгууллагын тухай хууль дахь заалтуудыг хасаад ... өөрчлөлтийг хийх хэрэгтэй....", "... төрийн бус байгууллагууд...танил тал, хамаатан садан, янз бүрийн лобби хийж төрийн байгууллагатай гэрээ хийж чадах, чадахгүй хүмүүст төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлдэг байдлыг таслан зогсооё гэж энэ хуулийг гаргая гэж байгаа юм." (Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан,Дэлгэрэнгүй тэмдэглэл, 2019.10.25, х. 102, 108) гэж хуулийн төсөл боловсруулах болсон үндэслэлийн талаар хэлэлцсэн байна.Сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг бодитоор хэрэгжүүлэх, бие даасан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх, улмаартөрийн зарим чиг үүргийг мэргэжлийн нэгдсэн холбоонд шилжүүлэн улсын төсвийн ачааллыг багасгах зэрэг зорилгыг хангахын тулд мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бус, харин бие даасан, хараат бусаар ажиллах шүүхэд олгосон байх тул хууль ёсны зорилготой байх шалгуур хангагдсан байна.
Үндсэн эрхийн хязгаарлалт болон төрийн хууль ёсны зорилго хоорондоо уялдсан байна. Хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс бие даасан эрх мэдлийн салаанд хамаарах Улсын дээд шүүх мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийн чиг үүргийг хэрэгжүүлснээр сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхийг улс төрийн, эсхүл бусад зорилгоор зүй бусаар хязгаарлахаас сэргийлэх, бүртгэлийг обьектив шалгуурт үндэслэн хараат бусаар хэрэгжүүлэхэд үйлчлэхээр байх тул уг шалгуурыг хангасан гэж үзнэ.
Маргаан бүхий хуулийн зохицуулалт нь хууль ёсны зорилгод хүрэхэд зайлшгүй байх буюу тухайн үндсэн эрхийг хамгийн багаар хязгаарласан байх шалгуурыг хангаагүй байна. Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлд бие даасан байгууллагын оролцоо зайлшгүй шаардлагатай гэж үзвэл шүүх дээр ийм чиг үүрэгтэй бүртгэлийн алба байгуулж, маргаан гарсан тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулах боломжтой. Тухайлбал, Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд томилогдсон шинжээчийн дүгнэлтэд "БНСУ-ын хувьд холбоо байгуулахын тулд эхлээд холбогдох захиргааны байгууллагаас зөвшөөрөл авч, дараа нь шүүхийн бүртгэлийн газарт бүртгүүлснээр эрх зүйн этгээдийн статустай болно. Энэ бүртгэлийг БНСУ-ын Дээд шүүхийн харьяа бүртгэлийн алба (court registry) хариуцдаг.", "ХБНГУ-д ердийн холбоог анхан шатны шүүхийн дэргэдэх холбооны бүртгэлд, мэргэжлийн нэгдсэн холбоог нийтийн эрх зүйн хуулийн этгээд байхаар төлөвлөж, тухайн салбарын тусгай хуульд заасны дагуу мужийн яам, эсхүл холбооны яам хариуцаж, бүртгэлийг хөтөлдөг" гэжээ. Иймд Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулиар Улсын дээд шүүхэд бүртгэлийн чиг үүргийг олгосон нь эрхийг хамгийн багаар хязгаарлах буюу зайлшгүй байх шалгуурыг хангахгүй байна.
Мэргэжлийн нэгдсэн холбоог Улсын дээд шүүх бүртгэснээр хангагдах нийтийн ашиг сонирхлыг шүүхэд гомдол гаргах эрхийн хязгаарлалтын үр нөлөөтэй харьцуулахад тэнцвэртэй байна гэж үзвэл уг хязгаарлалт нь хууль дээдлэх ёсны үүднээс зөвтгөгдөх боломжтой. Мэргэжлийн нэгдсэн холбооны бүртгэлийг Улсын дээд шүүхэд харьяалуулж,сайн дураарааэвлэлдэн нэгдэх эрхийг хамгаалах нь эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн этгээдийн шүүхэд гомдол гаргах эрхийг бүхэлд нь хязгаарлах ноцтой сөрөг үр дагавартай байх тул тэнцвэртэй байх шалгуурыг хангахгүй байна.
Иймд маргаан бүхий хуулийн зохицуулалтаар шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлахдаа тохирсон байх зарчмын зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурыг хангаагүй байх тул шүүхэд гомдол гаргах эрхийг зөрчсөн байна.
2.2.Шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн эсэх
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад тусгасан "шударга шүүхээр шүүлгэх эрх"-ийн хүрээ нь шүүхийн өмнөх, түүнчлэн шүүх хуралдааны болон түүний дараах үе шатанд эдлэх цогц эрхийг илэрхийлдэг. Тухайлбал, уг эрх нь хуулийн дагуу байгуулагдсан, тал үл харах шүүхээр хэрэг, маргаанаа шийдвэрлүүлэх эрх төдий бус, шүүх хуралдаанаас өмнө эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчөө сонгох, нотлох баримт шалгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд эрх тэгш байж, тэгш боломжоор хангагдах, ялгаварлан гадуурхлаас ангид байх зэрэг нь дээрх эрхийн хүрээнд багтаж байна (Цэцийн дүгнэлт, 2021, №07). Аливаа этгээдийн хуулиар олгогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн гэж үзвэл уг маргаанаа шүүхийн журмаар шийдвэрлүүлэх боломжийг олгох, шүүхээр хянан шийдвэрлэгдэх процесс нь тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг хангасан байхыг шаардах бөгөөд тэдгээр боломж хангагдаагүй тохиолдолд шударга шүүхээр шүүлгэх эрх зөрчигдөнө. Өөрөөр хэлбэл, шүүхэд гомдол гаргах эрхийг бүрэн хязгаарласан тохиолдолд шударга шүүхээр шүүлгэх эрхийг эдлэх боломжгүй бөгөөд маргаан бүхий хуулийн зохицуулалтын хувьд шүүхэд гомдол гаргахэрхийг зөрчсөн ньшударга шүүхээр шүүлгэх эрхийн зөрчлийн шинжийг давхар агуулж байна.
Мөн хэрэг, маргаанаа зохисгүй удаашралгүйгээр шийдвэрлүүлэх нь шударгаар шүүлгэх эрхийн нэг баталгаа юм. Үндсэн чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, хэрэг, маргааныг зохисгүй удаашралгүйгээр хянан шийдвэрлэхэд хүндрэл учруулахуйц чиг үүргийг Улсын дээд шүүхэд олгох нь шударга шүүхээр шүүлгэх эрхийг зүй бусаар хязгаарлахад хүргэнэ. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх чиг үүргийг Улсын дээд шүүх хэрэгжүүлснээр тус шүүхийн болон түүний шүүгчийн ажлын ачаалал нэмэгдэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь сөргөөр нөлөөлөхөөр байна.
Иймд маргаан бүхий хуулийн зохицуулалт нь шүүхэд гомдол гаргах эрхийн баталгааг алдагдуулсан бөгөөд хэрэг, маргааныг зохисгүй удаашралгүйгээр хянан шийдвэрлэхэд хүндрэл учруулахуйц байх тул шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2.3.Шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг зөрчсөн эсэх
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "… шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ..." гэж заажээ. Үндсэн хуулиар баталгаажуулсан уг эрх нь ямар ч нөхцөлд хязгаарлагдаж үл болох туйлын эрх биш бөгөөд тохирсон байх болон бусад зарчмыг хангасан тохиолдолд хязгаарлагдах боломжтой. Давж заалдах эрх нь хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг өөр шүүхээр нэг удаа хянуулах агуулгатай. Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэсэн Улсын дээд шүүхийн шийдвэрийг хэрэг, маргаан хянан шийдвэрлэсэн шийдвэр гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхийг зөрчөөгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт "... Улсын дээд шүүх ...", 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шүүхэд гомдол гаргах, ... шударга шүүхээр шүүлгэх ... эрхтэй. ...", Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.", Дөчин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг хуулиар тогтооно.",Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад "хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх." гэж заасанд нийцээгүй байна.
2.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт "... Улсын дээд шүүх ...", 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "... шүүхийн шийдвэрийг давж заалдах ... эрхтэй. ..." гэж заасныг зөрчөөгүй байна.
3.Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт "Мэргэжлийн нэгдсэн холбоог үүсгэн байгуулсан өдрөөс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хүсэлтийг хүргүүлнэ.", 7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3, 7.4, 8 дугаар зүйлийн 8.1, 8.4, 8.6, 8.7 дахь хэсэгт "... Улсын дээд шүүх ...", 8 дугаар зүйлийн 8.2, 8.3, 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт "... Улсын дээд шүүхийн Тамгын газар ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
4.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Б.БОЛДБААТАР
Р.БАТРАГЧАА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх