A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 100

Улаанбаатар хот

"ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ИЙГ ТЭМДЭГЛЭХ ТУХАЙ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганаар баталсан "Дэлхийн адууны өдрийн тухай" тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Дэлхийн адууны өдөр"-ийг жил бүрийн 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлсүгэй.

2."Дэлхийн адууны өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан дараах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:

2.1."Дэлхийн адууны өдөрт зориулсан төрийн хүндэтгэлийн цогцолбор"-ыг Төв аймгийн Аргалант сум, Хүй долоон худагт байгуулахыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт;

2.2."Дэлхийн адууны өдөрт зориулсан төрийн хүндэтгэлийн цогцолбор"-ын барилга, тохижилтын ажлын зураг, төсвийн санхүүжилтийг Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар багцалсан дүнгээр улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр батлагдсан "Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөв, зөвлөх үйлчилгээ (Улсын хэмжээнд)" төсөл, арга хэмжээний хүрээнд шийдвэрлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярт, дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажлыг эрхлэх асуудлын хүрээнд хариуцан зохион байгуулж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нарт;

2.3."Дэлхийн адууны өдөр"-т зориулсан Морин парад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаан зохион байгуулахыг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад;

2.4.Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд нүүдэлчин ахуй, ёс заншлыг хадгалан хамгаалах, адууны өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлан таниулах талаар тусгах, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нарт;

2.5.Малчдын орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэглэгчтэй холбох цахим системийг нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, шаардагдах санхүүжилтийг батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Э.Батшугар нарт, холбогдох сургалтыг зохион байгуулж, ашиглалт үйлчилгээг хариуцахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнд.

3.Энэ тогтоолын хэрэгжилтэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуягт тус тус үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД Х.ГАНХУЯГ