- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 111
Улаанбаатар хот
БИЗНЕС ЭРХЛЭГЧИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТАЛААР АВАХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Монгол Улсад бүртгэлтэй татвар төлөгчийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад татварын өрийг үл маргах журмаар гаргуулахаар арилжааны банкан дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаанд нээж, татварын өрийг төлөх боломжийг татвар төлөгчид олгох ажлыг зохион байгуулахыг Сангийн сайд З.Мэндсайханд даалгасугай.
2.Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч ажил олгогч хуулийн этгээдийн шүүхийн шийдвэрээр тогтоосноос бусад шимтгэлийн өрийг үл маргах журмаар гаргуулахаар арилжааны банкан дахь битүүмжилсэн дансыг 1 сарын хугацаанд нээж, шимтгэлийн өрийг төлөх боломжийг шимтгэл төлөгчид олгох ажлыг зохион байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.
3.Битүүмжилсэн дансыг нь нээсэн этгээдэд татварын болон нийгмийн даатгалын хууль тогтоомжийн талаар зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх, хэрэв тухайн этгээд 1 сарын хугацаанд энэ тогтоолын 1, 2 дугаар зүйлд заасан өрийг төлөөгүй тохиолдолд татварын өрийг хураах, шимтгэлийн өрийг төлүүлэх ажиллагааг холбогдох хуульд заасны дагуу хэрэгжүүлэхийг Татварын ерөнхий газар (Б.Цогтнаран), Нийгмийн даатгалын ерөнхий газар (Б.Батжаргал)-т тус тус үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх