A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 119

Улаанбаатар хот

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 7 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн байгууллагын чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн албан хаагчийн ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллагад чиг үүргийн шинжилгээ хийхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Батцэцэг)-т даалгасугай.

2.Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан чиг үүргийн шинжилгээг хийж, дүгнэлт гаргах хүртэлх хугацаанд сонгон шалгаруулалт зарласан, төрийн албаны удирдах албан тушаалын болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатайгаас бусад төрийн захиргааны сул орон тоог нөхөхгүй байхыг төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

3.Чиг үүргийн шинжилгээний үр дүнг үндэслэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага (төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг Засгийн газрын агентлаг хамаарахгүй)-ын батлагдсан орон тоонд нийтлэг чиг үүрэгтэй албан тушаалын эзлэх хувийг 20 хүртэл хувь байхаар тогтоох, бүтэц, зохион байгуулалтыг байгууллагын үндсэн чиг үүрэгтэй нь уялдуулан сайжруулах талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (Б.Батцэцэг)-т үүрэг болгосугай.

4.Төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу төрийн албан хаагчийг долоо хоногийн ажлын нэг өдөр зайнаас цахим сүлжээгээр ажиллуулах, ажлын цагийг уян хатан байх дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авах, хуульд зааснаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын өдрүүд болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллуулахгүй байхыг төсвийн шууд захирагч нарт даалгасугай.

5.Төрийн албан хаагчийг зайнаас цахим сүлжээгээр ажиллуулах нөхцөл, журам, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт бүхий аргачлалыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталж, мөрдүүлэхийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасугай.

6."Эрх шилжүүлэх тухай" Засгийн газрын 2014 оны 393 дугаар тогтоолын хүрээнд нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг болон тэдгээрийн харьяа байгууллагын ажил эхлэх цагийг 07:00-08:30 цаг, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар зохицуулж байхыг нийслэлийн Засаг даргад даалгасугай.

7.Төрийн бодлого, шийдвэрийг судалгаа, шинжилгээ болон их өгөгдөлд суурилан гаргах бодлогын хүрээнд төрийн албан хаагч "Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт, нэгдсэн мэдээлэл хяналтын систем"-д хандах, мэдээлэл авах нөхцөл бүрдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР