- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 115
Улаанбаатар хот
САЛБАРЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2025 оны 114 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг, 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд чирэгдэл учруулахгүй байх, хяналт шалгалтын давхардлыг арилгах, эдийн засгийг идэвхжүүлэх зорилгоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцлахыг салбарын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд болон Засгийн газрын агентлагийн дарга нарт тус тус үүрэг болгосугай.
2.Иргэн, хуулийн этгээдийн хүсэлт, өргөдөл, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг салбарын хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд болон Засгийн газрын агентлагийн дарга нарт тус тус даалгасугай.
3.Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийгмийн аюулгүй байдалд учруулж болох хор хохирол, үр дагаврын эрсдэлийг бууруулах, хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, түүний шалтгаан нөхцөлийг арилгуулах талаар иргэн, хуулийн этгээдэд зөвлөн тусалж ажиллахыг салбарын улсын ерөнхий байцаагч нарт үүрэг болгосугай.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө батлах тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 184 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан "Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө"-ний 1, 4-12, 14, 16-22, 29-60, 70-74, 78-80, 82 дугаарт заасан төлөвлөгөөт арга хэмжээг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх