- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 122
Улаанбаатар хот
ХҮНСНИЙ НОГООНЫ ҮНИЙН ӨСӨЛТӨӨС СЭРГИЙЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Тариалангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Хүнсний ногооны улирлын чанартай үнийн өсөлт, тариалангийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг холбогдох Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай:
1.1.Газар ашиглалт, дэд бүтцийн чиглэлээр:
1.1.1.Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу газар тариалангийн салбарт тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд үр тарианы зориулалтаар 100 га хүртэл, төмс, хүнсний ногооны зориулалтаар 5 га хүртэлх газрыг давуу эрхээр эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.1.2.тариалангийн талбайг усалгаажуулах зориулалт бүхий уст цэг, нуур, цөөрмийг нэмэгдүүлэх чиглэлийн зөвшөөрлийг холбогдох хууль, журмын дагуу шуурхай олгох зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очирт;
1.1.3.Агро ойн аж ахуй, жимс, жимсгэнийн цэцэрлэг байгуулах, хөрс хамгаалах, тариалангийн талбайн хашаажуулалт, ойн зурвас байгуулах арга хэмжээг эрчимжүүлж ажиллахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.
1.2.Техник, технологийн чиглэлээр:
1.2.1.хүнсний ногооны механикжилтийн түвшинг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах зорилгоор хувийн хэвшлийн техник дундын төвийг байгуулахад дэмжлэг үзүүлэх, технологийн ажлыг түрээсээр гүйцэтгүүлэх боломжийг бүрдүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.2.2.үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэхэд шаардагдах пуужингийн нөөцийг бүрдүүлж, хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;
1.2.3.сэргээгдэх эрчим хүчинд суурилсан болон цахилгаан станцын илүүдэл дулааныг ашиглах, дэвшилтэт технологи бүхий ухаалаг хүлэмжийн аж ахуйг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж ажиллахыг Эрчим хүчний сайд Б.Найдалаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;
1.2.4.тариалангийн үйлдвэрлэлийн технологийн ажилд шаардагдах түлш, шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгахад чиглэсэн арга хэмжээг шуурхай хэрэгжүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нарт, импортоор авч байгаа техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, бараа материалыг улсын хилээр шуурхай нэвтрүүлж ажиллахыг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т;
1.2.5.улсын хилээр импортолсон түлш шатахуун, техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодис, бараа материалын хэмжээг 14 хоног тутамд бараа тодорхойлох, кодлох, уялдуулах систем (БТКУС)-ийн ангилалтын код, хэмжих нэгж, тоо хэмжээ, нэгжийн үнэ, нийт үнэ, импортолсон хилийн боомт зэрэг үзүүлэлтээр гаргаж, тогтмол хяналт тавьж, мэдээлэл ирүүлж ажиллахыг Сангийн сайд З.Мэндсайхан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Гаалийн ерөнхий газар (П.Дэлгэрнаран)-т.
1.3.Хүнсний ногооны салбарт төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын чиглэлээр:
1.3.1.байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, газрын доройтол, хөрсний элэгдэл, усны нөөцийн хомсдол үүсэхээс урьдчилан сэргийлэх, хүнсний ногооны тариалалт, хангамжийг нэмэгдүүлэх, улирлын хамаарлыг бууруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүлэмжийг "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан хүүгүй зээлээр олгож, тариаланч, ногоочдын орлогыг нэмэгдүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад;
1.3.2.хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногооны үрийг "Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК-аар дамжуулан хүүгүй зээлээр олгож, үрийн хангамжийг нэмэгдүүлж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад;
1.3.3.иргэдийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах идэвх санаачилгыг дэмжиж, "Хүлэмжтэй өрх, ногоон гудамж" арга хэмжээг зохион байгуулж хүлэмж, жимс, жимсгэнэ, өрхийн тариалалтыг нэмэгдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;
1.3.4.дотоодын үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд цэцэрлэг, сургуулийн дотуур байрны хүүхдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн "Үдийн цай"-д дотоодод тарьж ургуулсан төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх ажлыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулахыг бүх шатны Засаг дарга нарт, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Төрийн худалдан авах ажиллагааны газар (Ц.Батзул)-т, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Т.Доржханд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат нарт;
1.3.5.төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд төмс, хүнсний ногооны механикжсан агуулах байгуулах, хүнсний ногооны хадгалалт борлуулалтын сүлжээ бий болгох чиглэлээр холбогдох арга хэмжээ авахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт.
2.Хүнсний ногооны улирлын хамаарлыг бууруулах хүрээнд "Өвлийн хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2018 оны 324 дүгээр тогтоолын 2 дахь заалтын "1 м2 талбай тутамд 0.768 квт/цагаар" гэснийг "1 м2 талбай тутамд 1 квт/цагаар" гэж өөрчилсүгэй.
3.Улирлын чанартай хүнсний ногооны өсөлт, тариалангийн салбарт үүсэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдэд төрөөс үзүүлэх дэмжлэг, хөнгөлөлт, чөлөөлөлтөд нэмж шаардагдахаар тооцоолсон зардлыг 2026 оны батлагдсан төсвийн багцын холбогдох хөтөлбөр, арга хэмжээнд багтаан зохион байгуулж, санхүүжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбатад даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД Ц.ИДЭРБАТ
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх