A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 311

Улаанбаатар хот

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 18.5.9, 31.1.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулахад үндэсний компанийн боловсруулсан программ хангамжийг түлхүү ашиглах, төсөвт зардлыг хэмнэх зайлшгүй шаардлагыг харгалзан "Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр" (Mindgolia) системийг нийтийн мэдээллийн дэд бүтцийн дэмжих системийн хүрээнд бий болгож, системийн техникийн нөхцөл, шаардлага, заавар, аргачлалыг баталж, мөрдүүлэхийг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд даалгасугай.

2."Үндэсний программ хангамжийн цахим их дэлгүүр" (Mindgolia) системийг худалдан авах ажиллагааны цахим системтэй нягт уялдуулахыг Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

3.Хуульд зааснаас бусад тохиолдолд төсвөөс хөгжүүлэлт хийхгүй байх программ хангамжийн чиглэлийг хавсралтаар баталсугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан нарт даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Н.УЧРАЛ