- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 127
Улаанбаатар хот
БИЗНЕСИЙН ОРЧНЫГ ДЭМЖИХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 23 дугаар зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсэг, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Иргэн, хуулийн этгээдэд Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй боловч бусад хуулиар бүртгэл хийх шаардлагатай худалдаа, үйлчилгээг эрхлэх тухай мэдэгдлийг төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан бүртгэх, бүртгэлд шаардлагатай мэдээллийг төрийн мэдээлэл солилцооны системээс бүрдүүлэх, зөвшөөрөл олгох үйл ажиллагааг зөвшөөрлийн нэгдсэн цахим системээр дамжуулан хэрэгжүүлэх, үйл ажиллагааны онцлогоос хамааран газар дээр нь шалгалт хийх, дүгнэлт, үнэлгээ гаргах ажлыг эрх бүхий этгээд гүйцэтгэж, түүний үр дүнг төрийн үйлчилгээний нэгдсэн системд бүртгэх, шийдвэрлэлтийн явцыг тухай бүр цахим хэлбэрээр иргэн, хуулийн этгээдэд хүргэж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт даалгасугай.
2.Худалдаа, үйлчилгээ эрхлэхтэй холбоотой хууль тогтоомж, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын талаар иргэн, хуулийн этгээдэд мэдээлэл, мэдэгдэл, зөвлөмжийг цахим хэлбэрээр хүргүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахыг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар (Ц.Борхүү)-т тус тус даалгасугай.
3.Зөвшөөрлийн нэгдсэн сан, төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон мэдэгдэл хүргэх системийн бэлэн байдлыг ханган, шаардлагатай дэд бүтэц, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг "Санхүүгийн мэдээллийн технологийн төв" УТҮГ (Б.Наранбаатар), "И-Монгол академи" УТҮГ (М.Баттулга), "Үндэсний дата төв" УТҮГ (Б.Дагвасүмбэрэл)-т тус тус даалгасугай.
4.Төрөлжсөн бүртгэл, төрөлжсөн мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах, боловсруулахад хувийн хэвшлийн системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, нээлттэй холболтын сервис (API)-ийг нийтийн мэдээллийн бүтцэд бий болгож, холбох арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгасугай.
5.Төрийн үйлчилгээний нэгдсэн систем болон төрийн байгууллагын дотоод үйл ажиллагааг дэмжихээс бусад зорилгоор төрөөс иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээ үзүүлэх мэдээллийн системийг шинээр хөгжүүлэхэд төсвийн хөрөнгө зарцуулахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга нар, аймаг, нийслэл, дүүргийн Засаг дарга нарт хориглосугай.
6.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар (П.Батбаатар)-т даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Б.ЭНХБАЯР
Хянасан:
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН
ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА
Б.ЭНХБАЯР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх