A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2025 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 226

Улаанбаатар хот

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.5 дахь хэсэг, Төрийн албаны зөвлөлийн саналыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 1 дүгээр, Засгийн газрын агентлагийн төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар, нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалын цалингийн хэмжээг 3 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн баталсугай.

2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дэх заалт болон 3 дугаар хавсралтын гарчгийн "Засгийн газрын агентлаг, нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын" гэснийг "Нийслэл, дүүргийн нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын төрийн захиргааны албан тушаалаас бусад нутгийн захиргааны байгууллага болон төрийн захиргааны бусад байгууллагын" гэж тус тус өөрчилсүгэй.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Төрийн захиргааны төв байгууллагын төрийн захиргааны болон төрийн тусгай албан тушаалын цалингийн хэмжээг 2 дугаар хавсралт," гэснийг хассугай.

4.Энэхүү тогтоолыг албан тушаалын чиг үүргийн давхардлыг арилгах, зайлшгүй шаардлагатайгаас бусад сул орон тоонд албан хаагч нөхөж авахгүй байх, ажлын гүйцэтгэл, үр дүн, бүтээмжийг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг цахимжуулах зэрэг арга хэмжээ авах замаар 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгасугай.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэ тогтоолыг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Г.ЗАНДАНШАТАР

ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР