A

A

A

Бүлэг: 1979

Засгийн газрын 2026 оны 03 дугаар

сарын 18-ны өдрийн 89 дүгээр

тогтоолын хавсралт

 

 

 

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН

ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

 

 

Нэг.Нийтлэг үндэслэл

 

1.1.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасан "Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал" горилох бүтээлийг нэр дэвшүүлэх, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэх, хүлээн авах, шалгаруулах, шагнал олгохтой холбогдсон үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.

 

1.2."Байгаль, нийгмийн ухааны шагнал"-ыг 2 жил тутамд 2 хүртэл бүтээлд, "Технологийн дэвшлийн шагнал" болон "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-ыг 2 жил тутам 1 бүтээлд тус тус Засгийн газрын шийдвэрээр олгоно.

 

1.3.Шагнал олгох үйл ажиллагаа нь ил тод, шударга, хараат бус байх зарчмыг баримтална.

 

1.4.Шагнал олгох үйл ажиллагааг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.

 

Хоёр.Шагналд нэр дэвшүүлэх бүтээлд

тавигдах шаардлага

 

2.1."Байгаль, нийгмийн ухааны шагнал"-ыг байгаль, нийгмийн хууль, юмс үзэгдлийн зүй тогтол, мөн чанарыг нээн илрүүлэх замаар шинэ мэдлэг бий болгож, тухайн салбар, шинжлэх ухааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэн, судлаачдын багт олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

 

      2.1.1.зарчмын шинэ технологи, техник, багаж, тоног төхөөрөмж, материал, бодис бий болгох, ашиглах боломж бүрдүүлсэн, эсхүл урьд нь нээгдэж тайлбарлагдаагүй байгаль, нийгмийн шинэ үзэгдэл, зүй тогтлыг тодорхойлсон байх бөгөөд шинжлэх ухааны холбогдох салбарын Бага чуулганаар хэлэлцэн дэмжсэн байх;

 

      2.1.2.техник, технологийн хөгжилд шинэ чиглэл нээсэн буюу Патентын тухай хуулийн 3.1.17-д заасан шинэ бүтээлийн түвшин агуулсан байх;

 

      2.1.3.шинжлэх ухааны холбогдох салбарын гадаад, дотоодын эрдэмтэд хүлээн зөвшөөрсөн байх;

 

      2.1.4.олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн 2-оос доошгүй сэтгүүлд тухайн бүтээлийн сэдвээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байх бөгөөд тухайн нэр дэвшигчийн бүтээлээс 100-аас доошгүй удаа эшлэл авсан байх;

 

      2.1.5.үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, ашиглах замаар эдийн засаг, нийгэмд бодитой үр ашиг өгөх.

 

2.2."Технологийн дэвшлийн шагнал"-ыг өндөр үр ашиг, ач холбогдол бүхий шинэ технологи, бүтээгдэхүүн, материал зохион бүтээж, үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэн ашигласан иргэн, байгууллагад олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

 

      2.2.1.олон улсын техник, технологийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд багтсан байх;

 

      2.2.2.экологийн хувьд цэвэр, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл нь амьдрал дээр нотлогдсон байх;

 

      2.2.3.үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээмж, чанарыг нэмэгдүүлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайжруулсан байх;

 

      2.2.4.бүтээгдэхүүн, технологи нь хууль тогтоомжийн дагуу оюуны өмчийн эрхийн хувьд баталгаажсан байх;

 

      2.2.5.бүтээгдэхүүн, технологи нь олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан, ижил төстэй бүтээгдэхүүн, технологитой харьцуулахад өрсөлдөх чадвараар давуу болох нь чанар, стандартын асуудал хариуцсан эрх бүхий байгууллага болон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 2-оос доошгүй үйлдвэр, аж ахуйн нэгжийн тодорхойлолтоор тус тус тогтоогдсон байх;

 

      2.2.6.тухайн технологийг ашиглан үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний жилийн борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөгөөс багагүй болох нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн санхүүгийн тайлангаар баталгаажсан байх.

 

2.3."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны       шагнал"-ыг Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан гадаадын иргэн, байгууллагад олгох бөгөөд доор дурдсан шаардлага хангасан байна:

 

      2.3.1.Монгол Улсын иргэн, байгууллагад дэлхийн шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл болон өндөр технологийн ололтыг эзэмшүүлэх, шинжлэх ухааны нарийн мэргэшлийн хүний нөөц бэлтгэхэд онцгой хувь нэмэр оруулсан;

 

      2.3.2.Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөтгөн хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;

 

      2.3.3.Монгол Улсын эрдэм шинжилгээний байгууллагын сорилт туршилтын баазыг бэхжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан;

 

      2.3.4.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн болон нарийн мэргэшсэн 50-аас доошгүй мэргэжилтэнтэй байх;

 

      2.3.5.5-аас доошгүй төсөл хамтарч хэрэгжүүлсэн байх;

 

      2.3.6.хамтарч хэвлүүлсэн эрдэм шинжилгээний 10-аас доошгүй бүтээлтэй байх;

 

      2.3.7.оруулсан хөрөнгө оруулалт, хандив, тусламжийн хэмжээ нь                  5.0 тэрбум төгрөгөөс дээш байх.

 

2.4.Энэ журмын 2.2, 2.3-т заасан шагналд нэр дэвшүүлэх бүтээлийн үр дүн нь уг бүтээлийг шагналд дэвшүүлэхээс нэг жилээс доошгүй хугацааны өмнө үйлдвэрлэлд (практикт) нэвтэрч бодитой үр дүн өгсөн байна.

 

Гурав.Шагналд нэр дэвшүүлэх

 

3.1."Шинжлэх ухаан, технологийн салбар"-ын шагналд нэр дэвшүүлэх тухай зарыг тухайн жилийн 1 дүгээр сард багтаан шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон албан ёсны цахим хуудсаар дамжуулан нийтэд зарлана.

 

3.2.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд доор дурдсан байгууллага нэр дэвшүүлэх эрхтэй:

 

      3.2.1.төрийн байгууллага;

 

      3.2.2.их, дээд сургууль;

 

      3.2.3.Шинжлэх ухааны академи;

 

      3.2.4.Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 3.1.15-д заасан улсын бүртгэлд бүртгүүлсэн эрдэм шинжилгээний байгууллагын эрдмийн зөвлөл;

 

      3.2.5.өмчийн хэлбэрээс үл хамааран 50-аас дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллагын хамт олны хурал.

 

3.3.Хэд хэдэн байгууллага хамтарч шагналд нэр дэвшүүлэх тохиолдолд дундаасаа төлөөлөгчөө томилно.

 

3.4.Төрийн шагнал болон түүнтэй дүйцэх шагнал авсан, эсхүл нэр дэвшүүлсэн бүтээлийг шинжлэх ухаан, технологийн шагналд давхардуулан нэр дэвшүүлэхгүй.

 

3.5.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшүүлсэн, энэ журмын 4.7-д зааснаас бусад бүтээл, зохиогчдын талаарх мэдээлэл нийтэд нээлттэй байна. Бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхээр хэлэлцэхэд үр дүнг нь нэвтрүүлэн ашиглагч байгууллагуудын төлөөллийг заавал оролцуулсан байна.

 

3.6.Хамтын бүтээлийг нэр дэвшүүлэхэд зохиогчийн баг нь 5 хүртэл гишүүний бүрэлдэхүүнтэй байна. Зохиогчийн  баг 5 хүнээс илүү байх тохиолдолд уг бүтээлийг бий болгоход гишүүн тус бүрийн оруулсан бодит хувь нэмэр, оролцоог байгууллагын эрдмийн зөвлөлийн хурал, эсхүл хамт олны хурлын нууц санал хураалтаар шийдвэрлэж шагналд нэр дэвшүүлэх зохиогчийг сонгоно.

 

3.7.Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийг бий болгоход захиргааны буюу зохион байгуулалтын ажил эрхэлж байсан ажилтныг зохиогчийн багийн бүрэлдэхүүнд оруулахгүй.

 

3.8.Хамтын бүтээлийн зохиогчдын бүрэлдэхүүн, оролцоог нэр дэвшигч бүхэн хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

 

3.9.Хөтөлбөр, төсөл, төлөвлөгөө, гэрээний үндсэн дээр Монгол Улсын холбогдох байгууллагатай хамтран гүйцэтгэсэн бүтээл нь шагналд нэр дэвшиж байгаа бол уг бүтээлийн зохиогчийн багийн бүрэлдэхүүнд гадаадын иргэнийг оруулж болно.

 

3.10."Технологийн дэвшлийн шагнал", "Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д байгууллагыг нэр дэвшүүлэх бол тухайн байгууллагын хамт олны хурлаас гаргасан шийдвэрийг холбогдох төрийн захиргааны төв байгууллага нь шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаараа хэлэлцэн дэвшүүлэх эсэхийг шийдвэрлэнэ.

 

3.11.Шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн талаарх бичиг баримт, материалыг тухайн жилийн 06 дугаар сарын 30-ны дотор шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.

 

3.12.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд өмнө нь нэр дэвшин комиссын дүгнэлтээр дэмжигдээгүй бүтээлийг сайжруулан боловсруулж, 3 жилийн дараа шагналд дахин нэр дэвшүүлж болно.

 

Дөрөв.Шагналд нэр дэвшүүлэх бичиг баримт,

материалыг бүрдүүлэх

 

4.1."Байгаль, нийгмийн ухааны шагнал", "Технологийн дэвшлийн шагнал"-д нэр дэвшүүлэхдээ доор дурдсан материалыг энэ журмын 3.11-д заасан хугацаанд шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж, бүртгүүлнэ:

 

      4.1.1.шагналд нэр дэвшүүлэх тухай албан бичиг;

 

      4.1.2.шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн нэр, агуулга, зохиогчдын талаарх мэдээллийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээгээр нийтлэхийг зөвшөөрсөн албан бичиг (байгууллагын хэвлэмэл хуудсан дээр үйлдэж, удирдлага гарын үсэг зурж баталгаажуулсан байх);

 

      4.1.3.шагналд нэр дэвшүүлсэн байгууллагын эрдмийн зөвлөл                    (хамт олон)-ийн хурлын тэмдэглэл;

 

      4.1.4.тухайн бүтээлд оролцсон зохиогч тус бүрийн бодит хувь нэмэр болон зохиогч тус бүрийн талаарх дэлгэрэнгүй танилцуулга, тодорхойлолт;

 

Тайлбар:Шагналд нэр дэвшигч тэтгэвэрт гарсан бол уг ажлыг гүйцэтгэх үедээ ажиллаж байсан байгууллагын албан бичгийн хэвлэмэл хуудсыг ашиглана. Нэр дэвшүүлснээс хойш зохиогчийн танилцуулгад өөрчлөлт орсон бол энэ тухай шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад мэдэгдэнэ.

 

      4.1.5.бүтээлийн дэлгэрэнгүй танилцуулга (шинэ технологи, техник, багаж, тоног төхөөрөмж, материал, бодисын үндсэн үзүүлэлт, ашиглалтын нөхцөлийг нээн харуулсан болон гадаад, дотоодын ижил төрлийн бүтээлүүдтэй харьцуулсан дүгнэлт);

 

Тайлбар: Нэр дэвшүүлж байгаа ажлын үндсэн агуулга, үр дүн, эдийн засгийн үр ашиг, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дүнг хэрэглэсэн байдал, цаашид ашиглагдах хэтийн төлөв, шинжлэх ухаан, технологийн болон техник-эдийн засгийн үзүүлэлтүүдийг тусгана. Уг ажлыг  үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төсөл, хөтөлбөр, сэдэвт ажлын хүрээнд хэрэгжүүлсэн бол энэ тухай дурдана.

 

      4.1.6.нэр дэвшүүлж буй бүтээлийн хүрээнд нийтлүүлсэн бүтээлийн жагсаалт, авсан патент, зохиогчийн эрхийн гэрчилгээ, байгууллага, эрдэмтдээс өгсөн дүгнэлт, санал, шүүмж шаардлагатай зураг, загвар, бүдүүвч зэрэг материал;

 

      4.1.7.Шагналд нэр дэвшүүлсэн бүтээлийн товчоон (ажлын товч агуулга, шинжлэх ухаан, практикийн үндсэн ололт, үр дүнг ашигласан хүрээ, эдийн засгийн үр ашиг, шинэлэг байдлын үнэлгээ, ижил төрлийн бүтээлтэй харьцуулсан дүн зэргийг тусгах, зохиогчид бүгд гарын үсэг зурсан байх);

 

      4.1.8.хураангуй танилцуулга;

 

(нэгдүгээр хэсэгт шагналд нэр дэвшүүлж байгаа бүтээлийн нэр, байгууллагын нэр, зохиогчдын танилцуулга, хоёрдугаар хэсэгт бүтээлийн товч агуулга, түүний шинжлэх ухаан, технологийн үндсэн санаа, үр дүн, ач холбогдол, эдийн засаг, нийгмийн өгөөжийн талаар тусгана).

 

      4.1.9.нэр дэвшигчийн шаардлагатай гэж үзсэн нэмэлт материал (техникийн зураг, бүдүүвч, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар, гэрэл зураг, сонин, сэтгүүлд нийтлэгдсэн мэдээлэл зэрэг).

 

4.2.Энэ журмын 3.9-д заасан бүтээлийг шагналд нэр дэвшүүлж байгаа тохиолдолд дараах баримт бичгийг нэмж бүрдүүлнэ:

 

      4.2.1.тухайн бүтээлийг шагналд нэр дэвшүүлэхийг дэмжиж зөвшөөрсөн тухай төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын албан бичиг;

 

      4.2.2.тухайн бүтээлд нэр дэвшигчийн оруулсан бодит хувь нэмрийн талаарх төсөл хамтран хэрэгжүүлсэн байгууллагын тодорхойлолт;

 

      4.2.3.оюуны өмчийн зөрчилгүй болохыг нотолсон холбогдох мэргэжлийн байгууллагын тодорхойлолт.

 

4.3."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны шагнал"-д гадаадын иргэн, байгууллагыг дэвшүүлэхдээ доор дурдсан материал бүрдүүлнэ:

 

      4.3.1.шагналд нэр дэвшүүлэх тухай үндэслэл бүхий албан бичиг, холбогдох баримт материалын хамт;

 

      4.3.2.шагналд нэр дэвшүүлж байгаа байгууллагын хамт олны хурлын тэмдэглэл;

 

      4.3.3.шагналд нэрийг нь дэвшүүлж байгаа гадаадын иргэн, байгууллагын хамтын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл бүхий танилцуулга;

 

      4.3.4.шагналд нэр дэвшиж байгаа байгууллага (иргэн)-аас Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг энэ журмын 2.3-т заасан шаардлагын дагуу манай улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх талаар хэрэгжүүлсэн арга хэмжээ, үйл ажиллагааны цар хүрээ, эдийн засаг, нийгэм, шинжлэх ухаан, технологийн бодит үр дүн, өгөөжийг баримт материалаар нотлон харуулсан, монголын талын байгууллагуудын санал, үнэлгээ, дүгнэлт бүхий дэлгэрэнгүй танилцуулга.

 

4.4.Бүрдүүлсэн материалд байгаа баримт бичгийн мэдээлэл нь үнэн зөв байна.

 

4.5.Бүрдүүлсэн материал нь монгол хэл дээр байх бөгөөд товчилсон үг хэрэглэхгүй, гадаад хэлээр хэвлэгдсэн материалыг хавсаргасан бол албан ёсны орчуулгаар баталгаажуулсан байна.

 

4.6.Нууцын зэрэглэлтэй бүтээлийг нэр дэвшүүлсэн тохиолдолд бүрдүүлсэн материалыг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нууцлалын зэрэглэл тогтоосон байна.

 

Тав.Бүтээлийг хүлээн авах, шалгаруулах

 

5.1.Шинжлэх ухаан, технологийн салбарын шагналд нэр дэвшүүлж, энэ журамд заасан шаардлагын дагуу бүрдүүлсэн материалыг зохиогч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад энэ журмын 3.11-д заасан хугацаанд хүргүүлж,  бүртгүүлнэ.

 

5.2.Материал бүрдүүлэлт дутуу бол тухайн бүтээлийн материалыг хүлээн авахгүй бөгөөд энэ нь материалыг бүрэн гүйцэд бүрдүүлэн энэ журмын 3.11-т заасан хугацаанд дахин хүргүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.

 

5.3.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн бүтээлийн жагсаалтыг шагнал олгох өдрөөс 3 сараас доошгүй хугацааны өмнө зохиогчийн нэрийн хамт хэвлэлд нийтэлж, олон нийт, мэргэжлийн байгууллага, иргэдийн саналыг нээлттэй авна.

 

5.4.Дэвшүүлсэн бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргаж шалгаруулах, шагнал олгох санал бэлтгэх ажлыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага доор дурдсанаар зохион байгуулна:

 

      5.4.1.шагналд нэр дэвшүүлсэн материалыг хүлээн авч энэ журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгах;

 

      5.4.2.шаардлага хангасан бүтээлд шинжээчийн дүгнэлт гаргах үүрэг бүхий холбогдох эрдэмтэн, мэргэжилтний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилох;

 

      5.4.3.энэ журмын 5.4.2-т заасан дүгнэлтэд үндэслэн бүтээлийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий комиссыг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухай бүр томилох бөгөөд комиссын бүрэлдэхүүнийг нэр дэвшсэн бүтээлийн хамаарах салбарын эрдэмтэн, судлаач болон төрийн захиргааны төв байгууллагын төлөөллөөс бүрдүүлэх;

 

      5.4.4.комиссын хурлаар хэлэлцэж, сонгосон бүтээлийн материалыг тухайн жилийн 10 дугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд зохих журмын дагуу танилцуулж шийдвэрлүүлэх.

 

5.5.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээлийг хүлээн авах, шалгаруулахдаа батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон төрийн нууцыг хадгалах, хамгаалах асуудал хариуцсан эрх бүхий байгууллагатай хамтран ажиллана.

 

Зургаа.Шалгарсан бүтээлийг баталгаажуулах,

шагнал олгох

 

6.1.Энэ журмын 2.3-т заасан шагналд олгох өргөмжлөлийн загварыг уралдаан зарлаж, сонгон шалгаруулсны үндсэн дээр шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

 

6.2.Энэ журмын 2.1, 2.2-т заасан шагналын үнэмлэхэд Монгол Улсын Ерөнхий сайд гарын үсэг зурах бөгөөд шагналыг Монгол Улсын шинжлэх ухааны ажилтны өдрөөр Монгол Улсын Ерөнхий сайд гардуулна.

 

6.3.Шагналыг дагалдах мөнгийг шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохиогчийн багийн гишүүдэд энэ журмын 3.8-д заасан оролцооны хувь хэмжээгээр хуваарилж олгоно. Шалгаруулалтын явцад нас барсан хүний шагналыг хууль тогтоомжид заасны дагуу хууль ёсны өв залгамжлагчид нь зохих хууль тогтоомжид нийцүүлэн олгоно.

 

6.4."Шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны       шагнал"-ыг гардан авах нэг хүний тухайн орноос Улаанбаатарт ирэх, буцах онгоцны билет, Улаанбаатарт 3 хоног байх зочид буудал, хоолны зардлыг монголын тал хариуцна.

 

6.5.Шинжлэх ухаан, технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь шагнал хүртэгчдийн мэдээллийн санг бүрдүүлнэ.

 

6.6.Үндэсний аюулгүй байдлыг хангах, батлан хамгаалах зэрэг төрийн болон албаны нууцад хамаарах мэдээлэл бүхий бүтээлээс бусад шалгарсан бүтээлийн талаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

 

 

 

---o0o---