A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 129

Улаанбаатар хот

УЛСЫН ҮЗЛЭГИЙН МӨРӨӨР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүн, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг" үр дүнтэй болсныг тэмдэглэж, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх болон улсын үзлэгийн явцад илэрсэн зөрчлийг арилгах хүрээнд дараах арга хэмжээ авахыг доор дурдсан албан тушаалтнуудад даалгасугай:

1.1.төрийн байгууллагын архивын хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, хадгаламжийн санг холбогдох стандартын дагуу бүрдүүлэхэд шаардагдах арга хэмжээг жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэх, шинээр баригдах төрийн байгууллагуудын барилгын зураг төслийг "Архивын зориулалтын барилга, өрөө тасалгаанд тавигдах шаардлага MNS 6929-1, 2:2021" стандартад нийцүүлэн боловсруулж, хэрэгжилтийг хангаж ажиллахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт;

1.2.төрийн байгууллагад ашиглагдаж байгаа цахим системүүдийг албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмаар тогтоосон шаардлагад нийцүүлэх, цахим гарын үсэг, тамга, хэвлэмэл хуудас, цахим баримт бичгийн хүчин төгөлдөр байдлыг хангах, цахим архив үүсгэх, хадгалах зэрэг үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгох, давхардал, хийдлийг арилгах зорилгоор холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Архивын ерөнхий газар (Л.Нямгэрэл)-т;

1.3.төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан ажилтны албан тушаалын ангилал, зэрэглэл, цалингийн шатлал болон хөдөлмөрийн нөхцөлийг "Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт"-д хамааруулах асуудлыг судалж, холбогдох санал боловсруулан 2026 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт;

1.4.салбарын үйл ажиллагааны онцлогоос шалтгаалан баримт их хэмжээгээр үүсэж, хөтлөгдөж байгаа төрийн байгууллагын жагсаалтыг гаргаж, тэдгээр байгууллагын архивыг төрийн болон салбар архивын статустай болгох асуудлыг судалж, зохих арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Архивын ерөнхий газар (Л.Нямгэрэл)-т;

1.5.Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсгийн хэрэгжилтийг хангах хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн харьяа сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн байгууллага болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудад архив, бичиг хэргийн орон тооны ажилтныг томилж ажиллуулах талаар зохих арга хэмжээ авахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.6.архив, бичиг хэргийн мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх хүрээнд мэдээллийн технологитой хосолсон чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, давтан сургалт болон мэргэшүүлэх тогтолцоог бий болгох, их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт албан хэрэг хөтлөлтийн хичээлийг оруулах асуудлыг судалж, холбогдох санал боловсруулан 2026 оны 2 дугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нарт;

1.7.архивын сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг сайжруулах, стандартын шаардлага хангасан зориулалтын байр, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангах асуудлыг судалж, үе шаттайгаар шийдвэрлэх арга хэмжээ авахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Архивын ерөнхий газар (Л.Нямгэрэл), аймаг, нийслэлийн Засаг дарга нарт;

1.8.төрийн байгууллагын бүтэц, орон тооны өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн, чиг үүргийн болон ажлын байрны шинжилгээнд үндэслэн баталж, архив, албан хэрэг хөтлөлтийн чиг үүргийг бие даасан байдлаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх, ажлын байрны нэршил, ангилал зэрэглэл, түүнд хамаарах орон тоог чиг үүрэг, үүрэг оролцооны хэлбэрт нийцсэн, ачаалал тэнцвэртэй байдлаар тогтоох, батлагдсан албан тушаалын тодорхойлолтыг тогтвортой мөрдөхийг төсвийн шууд захирагч нарт.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН