- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 146
Улаанбаатар хот
ЖУРАМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Засгийн газрын 2021 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 226 дугаар тогтоолоор баталсан "Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам"-д доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/1.6.5 дахь заалт:
"1.6.5."баталгааны тэмдэг" гэж тухайн баримт бичгийн хууль ёсны хүчинтэй байдлын нотолгоог."
2/3.1.18 дахь заалт:
"3.1.18.Байгууллагын зохион байгуулалтын бүтцийн нэгжид хамаардаг, хуулийн этгээдийн эрхгүй боловч тамга хэрэглэх эрх бүхий нэгжийн тамганы дардас нь 4.0х4.0 см хэмжээтэй, соёмбоны зүүн талд нь харьяалах дээд байгууллагын нэр, баруун талд нь тухайн нэгжийн албан ёсны нэр, соёмбоны доод талд хяналтын дугаар бичигдсэн байна."
3/3.32 дахь хэсэг:
"3.32.Энэ журмын 2.5-д заасан эрх бүхий албан тушаалтны хэрэглэх цахим баталгааны тэмдэг, тоон гарын үсгийн дардас нь түүний хүчинтэй эсэхийг шалгах боломжтой хоёр хэмжээст код (4.0х4.0 см хэмжээтэй холбогдох өгөгдөл агуулсан) бүхий харагдах хэлбэртэй байна."
2.Мөн журмын 2.1.10 дахь заалтын "тодорхойлогддог" гэсний дараа "дүрэмд нь тамга хэрэглэхээр заасан" гэж, 2.1.12 дахь заалтын "Чөлөөт бүсийн" гэсний дараа "болон эдийн засгийн тусгай бүсийн" гэж, 2.5 дахь хэсгийн "баталгааны тэмдэг" гэсний өмнө "биет болон цахим" гэж, 2.10 дахь хэсгийн "Энэ журмын 2.5, 2.6, 2.7-д заасан" гэсний дараа "биет болон цахим" гэж, 3.1 дэх хэсгийн "дармалаар" гэсний дараа "хяналтын дугаар" гэж, 4.9 дэх хэсгийн "хот, тосгон, чөлөөт бүсийн" гэсний дараа "болон эдийн засгийн тусгай бүсийн" гэж тус тус нэмсүгэй.
3.Мөн журмын 3.10 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
"3.10.Тамга анх хийлгэх зөвшөөрөл авахад тухайн байгууллагыг байгуулсан шийдвэр, тамга дахин хийлгэхэд зөвшөөрөл авахад ашиглалтын шаардлага хангахгүй болсон бол тухайн тамганы дардас, нотлох баримтыг, тамга гээгдсэн, алдагдсан тохиолдолд хуулийн этгээдийн эрх бүхий этгээдийн шийдвэр, цагдаагийн байгууллагад бүртгүүлсэн тухай тодорхойлолт, хяналтын дугаарыг хүчингүйд тооцсон тухай хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн хамт Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт албан бичгээр хүргүүлнэ."
4.Мөн журмын 4.9 дэх хэсгийн "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга" гэснийг "иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга" гэж өөрчилсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.АМАРСАЙХАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх