- Нүүр
- Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
- Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр
Дугаар 03
Улаанбаатар хот
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг
зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн А.Болор, Э.Сувд нар оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн А.Болор, Э.Сувд нар Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээлэл, гомдлыг ирүүлжээ:
"Эрх зүйн хэм хэмжээг зохицуулалтын хүрээ, нөлөөллийн шинжээр нь материаллаг ба процессын хэмээн хувааж, материаллаг хэм хэмжээ нь эрх зүйн институт болон бүтцийг тодорхойлдог бол процессын хэм хэмжээ нь материаллаг хэм хэмжээнүүдийн хэрэгжих хэлбэр, эрх бүхий этгээдүүдээс уг хэм хэмжээг биелүүлэх, хэрэглэх ажиллагааг журамлаж, материаллаг хэм хэмжээгээр тодорхойлогдсон эрх зүйн дэглэмийг хэрэгжүүлнэ. Эрх зүй дэх материаллаг хэм хэмжээ нь хэрэг явдал болж өнгөрсний дараа үйлчилж эхэлсэн боловч буцаан хэрэглэгдэх боломжтой байдаг бол процессын хэм хэмжээ нь бүхий л тохиолдолд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн цаг хугацаанаас хойш зөвхөн одоо үйлчилж буй хэм хэмжээ мөрдөгдөж, өмнө нь үйлчилж байсан хэм хэмжээг цаашид буцаан хэрэглэхгүй.
Зөрчлийн тухай хуульд тодорхойлсон зөрчлийн шинж, шийтгэлийн төрлүүд, албадлагын арга хэмжээ зэрэг нь материаллаг хэм хэмжээнд хамаардаг бол процессын хэм хэмжээний хувьд бодит хэрэг маргаанд тодорхой этгээдийн хувьд тэдгээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэлбэр, дарааллыг тогтоох байдлаар материаллаг хэм хэмжээний үр дагаврыг нөхцөлдүүлдэг буюу шийтгэл оногдуулах үндэслэлийг нотлон тогтоох, тооцон хэрэгжүүлэх аргачлалыг заана. Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд хууль үйлчлэх нутаг дэвсгэр, хугацааг 1.4 дүгээр зүйлд, хөөн хэлэлцэх хугацааг 1.5 дугаар зүйлд тусгасан зэрэг нь хэдийгээр материаллаг хуульд заасан боловч зохицуулж буй харилцааны мөн чанар, агуулгын хувьд процессын шинжийг илэрхийлдэг зохицуулалт болно.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт дурдсан зохицуулалт нь зөрчлийн эрх зүйн материаллаг хэм хэмжээнд хамаарах нь маргаангүй ба энэ шинж чанараараа хөнгөрүүлсэн шинэ хэм хэмжээ гарсан бол ex post facto зарчмаар өмнөх үйл баримтад буцаж хэрэглэгдэх боломжтой. Харин тус зүйлийн 6 дахь хэсэг нь процессын хэм хэмжээг буцааж хэрэглэхгүй тухай ерөнхий зарчмыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, зөрчилд холбогдогчийн хувьд өмнөх процессын хуулийн үйлчлэлээр үүсэж, хэрэгжсэн эрхийн улмаас бий болсон үр дагаврыг шинэ процессын хуулиар өөрчилж, хүчингүй болгохыг хориглоно.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг хуульчилснаар тухайн үед шийтгэлээ биелүүлсэн бусад зөрчилд холбогдогч нарын эрх ашиг зөрчигдөж байх бөгөөд хууль хүн бүрд тэгш үйлчлэхгүй байна. Түүнчлэн тухайн үед мөрдөж байсан Захиргааны хариуцлагын тухай хуульд зааснаар шийтгэл оногдуулснаас хойш 15 хоногийн дотор зөрчилд холбогдогч шийтгэлээ биелүүлэх үүрэгтэй, хэрэв энэ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтнаас албадан гүйцэтгүүлэхээр шүүхэд санал гаргаж, шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалган гүйцэтгүүлэх процессын зохицуулалттай атал эрх бүхий албан тушаалтны албан тушаалдаа хайхрамжгүй хандах, зөрчилд холбогдогч хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс улбаатай нөхцөл байдлыг Зөрчлийн тухай хуульд шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ гэсэн хэм хэмжээгээр хуулийг буцаан хэрэглэх нь эрүүгийн процессын хуулийг буцаан хэрэглэхгүй байх ерөнхий зарчмыг алдагдуулж байна.
Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн зохицуулалт нь хуульд заасан үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн, биелүүлээгүй хоёр хүнд харилцан адилгүй, ялгамжтай байдлаар хэрэглэгдэхээр хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Удиртгал, Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгтэй харшилж байх тул хүчингүй болгохоор дүгнэлт гаргаж өгнө үү." гэсэн байна.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"... Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар:
Эрх зүйг дотор нь материаллаг болон процессын гэж ангилдаг. Материаллаг эрх зүйн салбар нь нийгмийн харилцаанд оролцож буй субъектийн эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон зохицуулдаг. Материаллаг хэм хэмжээ нь нийгмийн харилцаанд оролцох этгээдүүдийг тодорхойлж, тэдний зан үйлийг системчлэн нэгтгэж, улмаар тэдний үйлдэл, эс үйлдэхүй шийдвэрийн хууль зүйн шинж, үр дагаврыг тодорхойлох замаар эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгоход чиглэдэг бол процессын хэм хэмжээ нь тэдгээр эрх, үүргийг хэрэгжүүлэх, хамгаалах, сэргээх үе шат, дэс дараалал, хугацаа зэргийг тогтоож, хууль зүйн асуудлыг шийдвэрлэх журмыг бий болгодог. Процессын эрх зүйн чиг үүрэг нь шүүхээс хууль ёсны, шударга шийдвэр гаргахад чиглэдэг. ...
Материаллаг болон процессын эрх зүйг ялгах чухал шалгуурын нэг нь тухайн эрх зүйн хэм хэмжээний зорилго юм. Тухайлбал, хэм хэмжээний зорилго нь ямар нэгэн шийдвэрийн агуулгыг шууд тодорхойлоход чиглэгдэж байгаа эсэх, нөгөө талаасаа тухайн шийдвэрийг гаргах үйл явц болон хэлбэрт тавигдах шаардлагыг тогтоож байна уу гэдгээр нь ялгана. ... Материаллаг болон процессын хэм хэмжээний нэг ялгаа бол тэдгээрийн цаг хугацааны мөчлөгт орших байршлын онцлог юм. Тухайлбал, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй гэсэн заалт нь хууль, түүнийг батлагдахаас өмнө бий болсон үйл баримтад буцаж үйлчлэхгүй тухай lex retro non agit (ямар ч хууль буцаж үйлчлэхгүй) зарчмаар тайлбарлагдана. Уг заалт нь тухайн харилцаа дуусгавар болсныг илтгэж байгаа буюу Зөрчлийн тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу процессын ажиллагаа явуулж, шийтгэх шийдвэр гарч, уг шийдвэрийг гүйцэтгээд дууссан тохиолдолд процессын болон материаллаг хуулийг аль алиныг буцаан хэрэглэхгүй.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад хариуцлага оногдуулах шийдвэр гарсан боловч шийтгэлийг биелүүлээгүй байх үед тус хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эсхүл шинэчилсэн найруулгаар эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох, эсхүл шийтгэлийн хэмжээг бууруулах, багасгах, хөнгөрүүлэх буюу процессын ажиллагааг дахин явуулахгүйгээр зөвхөн оногдуулсан шийтгэлийг шинээр гарсан хэм хэмжээний дагуу багасгах, хөнгөрүүлэх асуудал билээ. Энэхүү lex mitior poenali retro agit (зөвхөн хөнгөрүүлсэн Эрүүгийн хуулийг хэрэглэнэ) зарчимд материаллаг хэм хэмжээ хамаардаг ба үүний үр дүнд цаг хугацаанд шилжилт хийх боломжтой байна. Өөрөөр хэлбэл, энэ нь шинээр батлагдсан хуулийг өмнөх тодорхой цаг хугацаанд буцааж хэрэглэх буюу Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, ... нэмэлт, өөрчлөлтийг уг хууль хүчин төгөлдөр болохоос өмнөх цаг хугацаанд хэрэглэх тухай асуудал болохоос уг заалтыг хэрхэн, яаж хэрэглэх тухай буюу цаг хугацааны хувьд үргэлжилсэн шинжтэй процессын ажиллагааг зохицуулж байгаа хэрэг биш юм. ...
Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ." гэж заасан бөгөөд Пактаар гэмт хэрэг буюу зөрчил үйлдсэн цаг хугацааг нөхцөл болгосон ба ял, шийтгэлийг оногдуулах шийдвэр гарсан эсэхийг харгалзах талаар дурдаагүй байгааг онцлох нь зүйтэй. ...
Зөрчлийн тухай хуулиар хууль ёсны болон шударга ёсны зарчмын дагуу зөрчил үйлдсэн этгээдэд шийтгэл оногдуулах, хөнгөрүүлэх нөхцөлийг тэдний эрх зүйн байдал, бусад нөхцөл байдлыг харгалзан ижил нөхцөлд ижил, ялгаатай нөхцөлд ялгаатай байхаар буюу тэгш байдлаар зохицуулсан. ...
Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт шударга ёсны зарчмыг хэрэгжүүлэхээр заасан. Төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг хэрэгжүүлнэ гэдэг нь нийтийн албан тушаалтан нийтийн үйл хэрэгт тухайн цаг үед нийтээрээ зөв, зүйтэй, байх ёстой зүйл гэж үзэж, үнэлж байгаа үнэлэмжид тулгуурлан хуулийг тогтоох, хэрэгжүүлэх, шүүн шийдвэрлэх, улмаар түүнийг өдөр тутмын аливаа үйл ажиллагааны арга, хандлага, баримтлал болгох тухай юм. Нийгмийн амьдралын зүй тогтолт хөгжил, өөрчлөлтөөс шалтгаалж шинээр хууль батлан гаргах, үйлчилж байсан хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, хүчингүй болгох зэрэг хөдөлгөөн орж байдаг. Эдгээр нь ямар нэгэн зан төлөвийг хуулийн зохицуулалтад оруулах, хүлээлгэх хариуцлагыг чангатгах, эсхүл хуулийн зохицуулалт, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүчингүй болгох агуулгатай байдаг. Үүнтэй холбогдож тухайн хуулийг хүчин төгөлдөр болоогүй байхад буюу, эсхүл хүчингүй болсон хуулийг үйлчилж байх үед үүссэн эрх зүйн харилцааг шийдвэрлэх тухай асуудал гардаг бөгөөд энэ асуудлыг буруу шийдвэрлэвэл хүний эрх, эрх чөлөөг ноцтой хохироох болдог. Ийм учраас ардчилсан эрх зүйн онол болон практик хэвшүүлэлтэд хуулийг буцаан хэрэглэх тухай хүчин чадлын асуудал хүний эрхийн байдалд аль болох ашигтайгаар шийдвэрлэгддэг.
Зөрчлийн тухай болон захиргааны хэм хэмжээ тогтоосон холбогдох бусад хуулийг зөрчсөн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх зохицуулалтыг Зөрчлийн тухай хуулиар тогтоосон ба зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь эрх зүйн адил байдалтай, адил нөхцөлд байгаа этгээдүүдийн хүрээнд хэрэгжих тул шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн зорилгыг олон нийтийн аюулгүй байдалд халдаж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд тайлбарладаг. Зөрчлийн тухай хуульд хуулийг буцаан хэрэглэх (1.4 дүгээр зүйлийн 4, 6 дахь хэсэг), шийтгэлээс чөлөөлөх, торгох шийтгэлийн хэмжээг хөнгөрүүлэх (2.3 дугаар зүйл), баривчлах шийтгэл оногдуулахгүй байх (3.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэг) агуулгаар тогтоож өгсөн нь Үндсэн хуулийн Удиртгал хэсгийн хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон тунхагласантай нийцэж байна. ...Зөрчил гаргагч хуульд заасан хугацаанд жишээ нь, торгуулиа сайн дураар төлөөгүй бол албадан төлүүлэх механизмыг хуульд заасан бөгөөд төрийг төлөөлж буй албан тушаалтан ийнхүү албадан төлүүлэх талаарх хуулийг биелүүлээгүй нь Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, ардчилсан нийгмийн үзэл баримтлалын дагуу иргэн эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийн үр ашгийг хүртэх боломжийг хаах үндэслэл болохгүй юм. ...
Ямар хууль тогтоомж, хэм хэмжээг зөрчсөн үйлдлийг зөрчилд тооцох, зөрчсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл, хариуцлагын төрөл, хэмжээ, шийтгэл оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шийтгэлийг оногдуулах, чөлөөлөхөд баримтлах нөхцөл, журмыг тухайн үеийн нийгмийн харилцааны онцлог, нийгэмд тулгарч буй асуудал бэрхшээл, эрүүгийн бодлого зэрэгтэй уялдаатайгаар хуульчлан дагаж мөрдүүлэх замаар Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, нийгмийн дэг журмыг сахин хамгаалж, шударга ёсны тогтолцоог хэрэгжүүлэх нь Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлд заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрхийн асуудал юм. ...
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй талаар:
Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйл нь төрөөс гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх үндсэн агуулгаар илэрхийлэгдэнэ. ... Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх нь ихэвчлэн Эрүүгийн хуульд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нийтлэг үндэслэл, журмыг хөнгөрүүлэх, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах байдлаар хэрэгждэг онцлогтой. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлд заасан 4 төрлийн шийтгэлийн аль нэгийг хасах, хүчингүй болгох, 3.1 дүгээр зүйлд заасан шийтгэл оногдуулах үндэслэлийг хөнгөрүүлэх, тодорхой төрлийн шийтгэл оногдуулах, эдлүүлэх үндэслэл, журам, хэмжээ, нөхцөлийг шинэ хуулиар хөнгөрүүлэх зэрэг тохиолдолд ... хуулийн ... холбогдох зүйл, заалтад өөрчлөлт оруулж, шаардлагатай бол тухайн заалтыг хэрхэн хэрэглэх журмыг Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.6 дахь заалтын дагуу хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдлыг тусгайлан заадаг болно. Зөрчлийн тухай хуулиар тогтоосон шийтгэлийн нэг гол зорилго нь зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх боловч маргаан бүхий 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг цаг хугацааны хувьд өмнө нь үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар нэгэнт эрх бүхий субъектээс хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн бол үйлдсэн зөрчилд шийтгэлийг зайлшгүй гүйцэтгэх шилжилтийн үеийн харилцааг зохицуулсан. Шийдвэр гаргах ажиллагаа болгоныг зохицуулсан хэм хэмжээг процессын эрх зүй гэж үзэхгүй, гагцхүү "шүүхийн шийдвэр гаргах ажиллагаа буюу шүүхээс тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх үйл ажиллагааг цогцоор нь зохицуулсан хэм хэмжээг" процессын эрх зүйд хамааруулдаг.
Иймд дээр дурдсан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Гурав. Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2026 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 01/1011 дүгээр албан бичигт:
"... Аливаа эрх зүйн хариуцлагын механизм нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах замаар хэрэгждэг тул хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, түүнд оногдуулах шийтгэлийн талаар хууль тогтоогчийн үзэл баримтлалд орсон өөрчлөлтийг зөрчил гаргагчийн эрх, эрх чөлөөг хамгийн бага хязгаарлах байдлаар lex mitior буюу хөнгөн хуулийг буцаан хэрэглэх зарчимд нийцүүлэн хэрэгжүүлэх нь хүний эрхийн баталгаа болохыг Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлд тусгажээ.
Монгол Улсын Үндсэн хуульд "хууль буцаан хэрэглэх" тухай тусгайлан заагаагүй боловч энэ хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "хууль дээдлэх ёс"-ны хүрээнд уг зарчмыг хүлээн зөвшөөрдөг талаар Үндсэн хуулийн цэцийн 2007 оны 05 дугаар дүгнэлтэд дурдсан. Харин хөнгөн хуулийг буцаан хэрэглэх асуудал нь эрүүгийн эрх зүйгээс бусад салбарт түгээмэл үйлчилдэггүй хэдий ч Европын Холбооны шүүх (Court of Justice of the European Union)-ээс lex mitior зарчим нь тодорхой шалгууруудыг хангасан нөхцөлд захиргааны болон зөрчлийн хууль тогтоомжид үйлчлэх боломжтой хэмээн тайлбарласныг дурдах нь зүйтэй.
Захиргааны, зөрчлийн болоод эрүүгийн хариуцлага нь хүний эрхийг хязгаарлах замаар нийгмийн дэг журмыг сахиулах, бусдын эрх, эрх чөлөөг зөрчигдөхөөс хамгаалах хариуцлагын тогтолцоо болохын хувьд хууль бус үйлдэл, эс үйлдэхүй, түүнд оногдуулах хариуцлагын талаарх хууль тогтоогчийн үзэл баримтлалд орсон өөрчлөлтийг зөрчил үйлдэгчид ашигтай байдлаар хэрэглэх нь хүний эрхийн үзэл санаанд нийцнэ.
Зөрчлийн тухай хуульд заасан "Зөрчилд холбогдогч этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх" зарчмыг:
-Үйлдэгдэх үед зөрчилд тооцож байсан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх үед тухайн үйлдлийг хуулиар зөрчилд тооцохгүй болсон тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг зогсоож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол хөнгөрүүлсэн хэм хэмжээг хэрэглэх замаар;
-Тухайн этгээдэд шийтгэл оногдуулж албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн боловч шийтгэл, арга хэмжээ нь ямар нэг шалтгаанаар хэрэгжээгүй, шийтгэлийг гүйцэтгээгүй байх үед тухайн үйлдлийг хуулиар зөрчилд тооцохгүй болсон тохиолдолд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох, эсхүл шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол хөнгөрүүлсэн хэм хэмжээнд нийцүүлэх замаар тус тус хэрэгжүүлэхийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 72, 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 243 дугаар тогтоолуудаар тайлбарласан.
Өөрөөр хэлбэл, шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн эсэхээс шалтгаалж зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр тогтоох нь хууль тогтоох байгууллагын бүрэн эрхэд хамаарна гэж үзсэнийг уламжилъя." гэсэн байна.
Дөрөв. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Хариу хүргүүлэх тухай" 1/694 дүгээр албан бичигт "Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг ... нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны онцлогтой уялдсан зохицуулалт байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэхгүй байна." гэжээ.
Тав. Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн "Тайлбар хүргүүлэх тухай" 1/725 дугаар албан бичигт "Зөрчлийн хууль тогтоомжид заасны дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулсан шийтгэлийн биелэлтийг хангуулах явцад, эсхүл шийтгэл, албадлагын арга хэмжээ бүрэн биелээгүй байхад тухайн зөрчлийг зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн зэргээр хууль буцаан хэрэглэх үндэслэл тогтоогдвол Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь [хэсгийг] хэрэглэх үндэслэлтэй байх бөгөөд хуулийн энэхүү заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна." гэжээ.
Зургаа. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, холбогдох эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн гишүүний тогтоол, Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол);
Монгол Улсын дээд шүүхийн болон бусад шүүхийн холбогдох шийдвэр;
Монгол Улсын дээд шүүх, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.03.24, №01/1011; Хөнгөн хуулийг буцаан хэрэглэх зарчмын талаар судалгаа, 2025.10.10; Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн заалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрхэн хэрэглэж буй талаарх судалгаа, 2025.10.10;
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.05.12, УИХ-03/6004;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, "Хуулбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.01.27, №ТГ-02/124;
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.02.05, №1/694;
Монгол Улсын Ерөнхий прокурорын газар, "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.02.05, №1/725; "Мэдээлэл хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.03.11, №02/1049;
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Албан бичиг, 2026.03.11, №02/726; 2026.03.20, №01/818;
Цагдаагийн ерөнхий газар, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2025.02.03, №01/149; "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.03.12, №02/84;
Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын Судалгааны төв, "Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх мэдээлэлтэй холбоотой хийсэн судалгаа", 2025 он;
Холбогдох ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, өгүүлэл, судалгааны материал зэрэг.
ҮНДЭСЛЭЛ:
Энэхүү маргааны зүйл нь Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай гарсан шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд уг хуулийг буцаан хэрэглэхээр заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх асуудал байна. Хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь эрүүгийн эрх зүйд хамаарах Үндсэн хуулийн зарчим тул эдгээрийн агуулга, Үндсэн хуулийн үндэслэл, үйлчлэх хүрээг тайлбарласны үндсэн дээр Зөрчлийн тухай хуульд үйлчлэх эсэх, Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг шалгана.
Нэг. Хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг Үндсэн хуульд тусгасан нь
1.1.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "хууль дээдлэх" нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж зааж, багтаамжийн хувьд ардчилсан, эрх зүйт төр, үндсэн хуульт ёсны үнэт зүйлсийг өргөн агуулгаар хамгаалсан байна (Цэцийн дүгнэлт, 2025, №02). Тухайлбал, хууль дээдлэх ёсны дагуу зөвхөн хуулиар гэмт хэргийг тодорхойлж, ялыг тогтооно. Энэ шаардлагыг эрүүгийн эрх зүйд "хууль ёсны зарчим" гэж нэрлэж, "хуульгүй бол гэмт хэрэг үгүй" (nullum crimen sine lege), "хуульгүй бол ял үгүй" (nulla poena sine lege) гэх хоёр агуулгаар ойлгоно. Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нь энэ хоёр агуулгыг зөрчих бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байсан ялаас илүү хүнд ял оногдуулах нь сүүлийн агуулга (nulla poena sine lege)-ыг зөрчинө. Тиймээс хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь Үндсэн хуулиар ийнхүү баталгаажсан хууль ёсны зарчим (nullum crimen, nulla poena sine lege)-д багтах тусгай зарчмын нэгд тооцогдох тул хууль дээдлэх ёсны нэг шаардлага юм (Цэцийн тогтоол, 2024, №02).
Хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим (lex praevia) нь үйлдэл, эс үйлдэхүй гаргах үеийн хуулиар гэмт хэрэгт тооцоогүй байсан бол түүний төлөө хэнийг ч гэмт хэрэгт буруутгахыг, эсхүл гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял оногдуулахыг хориглох утгатай. Өөрөөр хэлбэл, үйлдэл, эс үйлдэхүй гаргасны дараа түүнийг гэмт хэрэгт тооцсон, эсхүл оногдуулах ялыг хүндрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхийг шүүхэд хориглох бөгөөд хууль тогтоогч ийм хуулийг буцаан хэрэглэхээр хуульчилж болохгүй. Харин тухайн үед холбогдох хуулийн дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцож байсан тохиолдолд л эрүүгийн хариуцлага хүлээлгэж болно.
Хууль дээдлэх нь эрх зүйн тодорхой байдлыг баримтлахыг шаардах (Цэцийн тогтоол, 2024, №02) бөгөөд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь үүнийг хангахад чиглэнэ. Эрх зүйн тодорхой байдал нь хуулиар юуг зөвшөөрч, хориглож, ямар эрх эдлүүлж, үүрэг хүлээлгэж байгааг мэдэх, хуулийг сахин биелүүлснээр үүсэх үр дагаврыг урьдчилан таамаглах, үүнийхээ үндсэн дээр хүн хувийн амьдралаа төлөвлөж, хэрэгжүүлэх боломж буюу эрх чөлөөний энгийн утгыг баталгаажуулна (Цэцийн дүгнэлт, 2025, №02).Энэ хүрээнд хууль нь ямар үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, ямар ял оногдуулахыг иргэн өөрөө, эсхүл хууль зүйн мэргэжлийн туслалцаатайгаар мэдэх боломжтой, ойлгомжтой байх шаардлагатай. Иймээс эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь урьдчилан таамаглах боломжийг иргэнд олгож, өөрийн үйл ажиллагааг тодорхойлох эрх чөлөөг эдлэх урьдач нөхцөл болох тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрх чөлөөнд давхар үндэслэнэ.
Иргэд Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын дагуу хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй тул гэмт хэрэгт тооцсон үйлдэл, эс үйлдэхүйгээс зайлсхийж, эрүүгийн хариуцлага хүлээхгүй байхаар үйл ажиллагаа явуулахыг эрмэлзвэл зохино. Иймээс үйлдэл, эс үйлдэхүй гаргах үед нь хууль тогтоогч гэмт хэрэгт тооцож, ял оногдуулахаар хуульчилсан тохиолдолд л ял оногдуулна гэх хууль ёсны итгэл иргэнд үүснэ. Гэтэл иргэн өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг өчигдөр хуульд нийцсэн гэж үзэн хийсэн атал өнөөдөр түүнийг нь гэмт хэрэгт тооцож, ял оногдуулбал тодорхойгүй, урьдчилан таамаглах боломжгүй болж, хууль ёсны итгэлийг алдагдуулна. Түүнчлэн өчигдөр ямар үйлдэл, эс үйлдэхүй гаргахыг өнөөдрийн хуулиар шаардах нь тухайн иргэнээс хийх боломжгүй зүйлийг нэхэхтэй адил. Энэ нь хууль ёсны зорилгод үйлчлэхгүй, харин иргэдийг төөрөгдүүлж, айдаст автуулах бөгөөд "гэм буруугүй бол ял оногдуулж болохгүй" гэх үндсэн зарчмыг үгүйсгэж, иргэн өөрийн үйл ажиллагаанд хариуцлага хүлээх боломжгүй болж, хүний нэр төрд халдана.
Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж ял оногдуулах нь аль хэдийн хийгдсэн үйлдэл, эс үйлдэхүйгээс урьдчилан сэргийлэх боломжгүй учраас төрөөс иргэний эрх чөлөөнд дур мэдэн халдсан явдал болно. Харин эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь үйлдэл, эс үйлдэхүй гаргах үед урьдчилан таамаглах боломжгүй байсан ялыг оногдуулахгүй байх баталгааг хангах тул мөрдөн шалгах, яллах, гэм буруутайд тооцох, ял оногдуулах ажиллагааг хуульд нийцүүлж, энэ талаарх төрийн эрх мэдлийг дур мэдэн хэрэгжүүлэх, урвуулан ашиглахаас сэргийлнэ. Учир нь аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргах үед нь гэмт хэрэгт тооцоогүй байсан бол гэм буруутайд тооцохгүй бөгөөд гэмт хэрэг үйлдэх үед хуульчилсан байснаас илүү хүнд ял оногдуулахаас иргэнийг Үндсэн хуулиар хамгаална.
1.2.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдал болон шударга ёсонд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим (lex mitior) багтаж хамгаалагдана. Энэ зарчмын дагуу гэмт хэрэг үйлдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хууль болон шүүхийн эцсийн шийдвэр гарахын өмнө батлагдсан дараагийн хууль хооронд ял шийтгэлийн зөрүү байвал шүүх шүүгдэгчид илүү ашигтай хуулийг нь хэрэглэх үүрэгтэй.
Хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь хүн өөрийн үйл ажиллагааг тодорхойлох эрх чөлөөтэй хамааралгүй юм. Учир нь шүүгдэгч тухайн үйлдэл, эс үйлдэхүй гаргах үеийн эрх зүйн орчинд үндэслэн шийдвэрээ гаргаж, гэмт хэрэг үйлдсэнийх нь дараа хөнгөрүүлсэн хууль батлагдсан байна. Харин тус зарчим нь өнгөрсөнд хийгдсэн үйлдэл, эс үйлдэхүйд хэрэглэх боломжтой хэд хэдэн хэм хэмжээнээс шүүгдэгчид илүү ашигтайг нь сонгохыг шаардах замаар цаг хугацааны хувьд дараалсан хэм хэмжээг хэрэглэх горимыг тодорхой болгоно. Иймээс хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь эрх зүйн тодорхой байдалд үйлчилж буй тул эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчимтай зөрчилдөхгүй.
Тэгш байдал нь үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, эсхүл оногдуулах ялыг хөнгөрүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө, эсхүл дараа үйлдэгдсэн эсэхээс үл хамааран адил үйлдэл, эс үйлдэхүйд тэгш хандаж ял оногдуулахыг шаардана. Иймээс хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэснээр Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тэгш байдал, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим хангагдана.
Сүүлд батлагдсан хуулийн дагуу хэнд ч ял оногдуулахгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйн төлөө хэн нэгэнд ял оногдуулах, эсхүл ялыг хөнгөрүүлсэн байхад өмнөх хуульд заасан хүнд ялыг оногдуулах нь шударга ёсонд нийцэхгүй. Шударга ёс бол өргөн агуулгатай ч үүний хамгийн түгээмэл утгын нэг нь тохирсон байх зарчим юм (Цэцийн дүгнэлт, 2024, №03). Эрүүгийн эрх зүйд энэ нь шүүхээс оногдуулах ял тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон байх утгаар хэрэгжиж, хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх үндэслэл болно. Хууль тогтоогч юуг гэмт хэрэгт тооцох, ямар ялыг хэр хэмжээнд оногдуулах нь тохиромжтойг заах замаар тухайн нийгмийн үнэт зүйлийг эрүүгийн хуулиар хамгаалдаг. Иргэн үйлдэл, эс үйлдэхүй гаргах үед нь хүчин төгөлдөр байсан хуулийн үнэлэмжээр бус, харин тухайн үйлдэл, эс үйлдэхүйн учруулах хор уршгийг өнөөгийн хуулиар хэрхэн үнэлж байгаагаар шүүлгэх эрхтэй. Иймд хуулиар гэмт хэрэгт тооцохгүй болсон үйлдэл, эс үйлдэхүйн төлөө ял оногдуулах, эсхүл хуучирсан, хэт хүнд гэж үзсэн ялыг оногдуулах нь тохирсон байх зарчимтай харшилна.
Үндсэн хуулиар хамгаалсан хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь ял оногдуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох буюу эцсийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд үйлчилнэ. Учир нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноор тухайн шийдвэр эцсийн, заавал биелэгдэх шинжтэй болдог. Шүүхийн шийдвэр эцсийн байх зарчим (res judicata)-ыг Үндсэн хуулиар хамгаалсан бөгөөд энэ нь эрх зүйн харилцааг тогтворжуулж, процессын үр нөлөөг дээшлүүлж, улмаар эрх зүйн тодорхой байдлыг хангах зорилготой (Цэцийн тогтоол, 2026, №01). Харин Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн төрийн байгууллагын аливаа шийдвэр, үйл ажиллагаа Үндсэн хуульд бүрнээ нийцэх зарчмыг хэрэгжүүлэх онцгой тохиолдолд шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Тодруулбал, Үндсэн хуульд нийцээгүй хууль, бусад шийдвэрийг Үндсэн хуулийн цэц хүчингүй болгосны улмаас Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдсон бол Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг баримтлан хэргийг зохих хуулийн дагуу дахин хянаж болох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ талаарх зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн шүүхийн эцсийн шийдвэр гарсны дараа түүнд заасан ялыг эдлүүлж дуусаагүй байхад хөнгөрүүлсэн хууль хүчин төгөлдөр болсон бол уг хуульд нийцүүлэн ялын хэмжээг багасгахаар хуульчилж болох боловч шүүхийн шийдвэрийг гүйцэтгэсэн бол ийнхүү буцаан хэрэглэхгүй.
1.3.Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад заасан шударга шүүхээр шүүлгэх эрх нь "хуулийн дагуу байгуулагдсан, бүрэн эрх бүхий, бие даасан, төвийг сахисан шүүхээр хэрэг, маргаанаа нээлттэй, шударгаар хянан шийдвэрлүүлж, эрх, эрх чөлөөгөө үр нөлөөтэй хамгаалуулах субьектив эрх бөгөөд энэ эрхийг эдлүүлснээр хууль зүйн үр нөлөөтэй хамгаалал хангагдана" (Цэцийн магадлал, 2026, №04). Энэ эрх нь шүүхийн өмнөх, түүнчлэн шүүх хуралдааны болон түүний дараах үе шатанд эдлэх цогц эрхээс бүрдэх өргөн хүрээтэй (Цэцийн дүгнэлт, 2021, №07). Тухайлбал, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Тавин хоёр, Тавин гурав, Тавин дөрөв, Тавин тавдугаар зүйлд нэрлэн зааснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд талууд эрх тэгш байж, тэгш боломжоор хангагдах, хэрэг, маргааныг зохисгүй удаашралгүйгээр шийдвэрлүүлэх болон шударгаар шүүлгэхийн тулд гарцаагүй эдлэх шаардлагатай бусад эрхийг "шударга шүүхээр шүүлгэх эрх" өөртөө агуулна (Цэцийн магадлал, 2026, №04; Цэцийн дүгнэлт, 2021, №07; 2025, №07; 2026, №02). Иймээс эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дээр дурдсан зарчмаар хамгаалагдсан, заавал дагаж мөрдөх, туйлын шинжтэй шаардлага тул гэмт хэрэгт буруутгагдсан хэн бүхэн эдгээр зарчмын дагуу шүүлгэх үндсэн эрхтэй бөгөөд энэ эрх нь шударга шүүхээр шүүлгэх эрхэд багтана.
1.4.Үндсэн хуулийн Аравдугаар зүйлд заасны дагуу Монгол Улс олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж, соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлж, дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөнө. Тиймээс Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэг үйлдэх үед нь дотоодын хууль буюу олон улсын эрх зүйгээр эрүүгийн гэмт хэрэгт эс тооцож байсан ямар нэг үйлдэл буюу эс үйлдлээр хэнийг ч гэмт хэрэгтэн гэж буруутгаж болохгүй, түүнчлэн эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөнбол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ." гэж заасан тул Монгол Улс эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг баримтлах үүрэгтэй. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Хэрэг үйлдэх үед олон улсын хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн эрх зүйн ерөнхий зарчмын дагуу эрүүгийн гэмт хэрэгт тооцож байсан үйлдэл буюу эс үйлдэл хийсэн этгээдийг шүүхэд шилжүүлэх болон шийтгэхэд энэ зүйлийн заалт саад болохгүй." гэж заасныг хэрэгжүүлнэ. Түүнчлэн Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Хэрэв холбогдох үйлдэл нь түүнийг үйлдэх үед Шүүхийн хэрэг шүүн шийдвэрлэх эрхэд хамаарах гэмт хэргийг бүрдүүлээгүй бол аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.", 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Аливаа хүнд энэхүү дүрмийн дагуу Дүрэм хүчин төгөлдөр болохоос өмнө үйлдсэн үйлдлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.", 2 дахь хэсэгт "Эцсийн шийдвэр буюу тогтоол гаргахаас өмнө тухайн хэрэгт хэрэглэж байсан хуульд нэмэлт өөрчлөлт орсон тохиолдолд мөрдөн байцаалт, шүүх ажиллагаанд байгаа буюу гэм буруутай нь нотлогдсон хүнд илүү ашигтай хуулийг хэрэглэнэ." гэж зохицуулжээ.
1.5.Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан, заавал дагаж мөрдөх, туйлын шинжтэй зарчим тул Эрүүгийн хууль болон түүний хэрэглээ нь эдгээр зарчимд бүрнээ нийцэх ёстой. Бусад салбар эрх зүйтэй харьцуулахад эрүүгийн эрх зүй нь нийгмийн зүгээс хамгийн ноцтой буруутгах үйл ажиллагааг хориглож, хамгийн хүнд хариуцлага хүлээлгэх бөгөөд хүний зан үйлийг төлөвшүүлэх, зохицуулахад хамгийн ихээр нөлөөлдөг. Тиймээс хүнийг гэмт хэрэгт буруутгах, ял шийтгэх үндэслэл нь зөвхөн хууль тогтоогчийн баталсан хууль байх бөгөөд Үндсэн хуулиар баталгаажсан хууль ёсны зарчим (nullum crimen, nulla poena sine lege)-ыг эрүүгийн эрх зүйд хатуу баримталж, дараах тусгай зарчмаар задалж ойлгоно. Нэгд, lex praevia зарчмын дагуу эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхийг хориглоно (харин lex mitior зарчмын дагуу хөнгөрүүлсэн хуулийг заавал буцаан хэрэглэнэ). Хоёрт, үйлдэл, эс үйлдэхүйд ял оногдуулах хуулийн тусгайлсан заалт байхгүй байхад хуулийг төсөөтэй хэрэглэж, ял оногдуулахыг хориглоно (lex stricta буюу хуулийг төсөөтэй хэрэглэхийг хориглох зарчим). Гуравт, гэмт хэрэг болон түүнд оногдуулах ялыг хуулиар тодорхой заах (lex certa буюу эрх зүйн тодорхой байдлын зарчим) бөгөөд ямар үйлдэл, эс үйлдэхүйг хориглохыг, эсхүл ямар ял оногдуулахыг бүрхэг хуульчилж болохгүй. Дөрөвт, гэмт хэрэг, түүнд оногдуулах ялыг шүүхийн жишиг, эсхүл бусад бичигдээгүй хэм хэмжээгээр бус, харин зөвхөн парламентаас баталсан бичмэл хуулиар тодорхойлно (lex scripta буюу бичмэл хуулиар тодорхойлох зарчим).
Хуулийг буцаан хэрэглэхгүй байх болон хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь гэмт хэрэг болон холбогдох ялыг тодорхойлсон материаллаг эрх зүйд үйлчлэх ч процессын эрх зүйд үйлчлэхгүй. Хүчин төгөлдөр үйлчилж буй процессын эрх зүйн хэм хэмжээг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд хэрэглэх зарчимтай (tempus regit actum). Эрүүгийн процессын хуульд материаллаг хэм хэмжээ, эсхүл эрүүгийн хуульд процессын хэм хэмжээ агуулагдахыг үгүйсгэхгүй бөгөөд энэ нь тухайн хэм хэмжээний мөн чанараар тодорхойлогдоно.
Монгол Улсад хууль ёсны зарчмыг Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно." гэж заасан бөгөөд эрүүгийн хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг тус хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж, хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг мөн зүйлийн 1 дэх хэсэгт "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж тусгасан байна. Түүнчлэн мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна." гэж шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх нэмэлт зохицуулалтыг хуульчилжээ.
1.6.Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх ёсны дагуу хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчим нь захиргааны болон хувийн эрх зүйд үйлчлэх (Цэцийн дүгнэлт, 2007, №05; Цэцийн тогтоол, 2005, №1/02) боловч эрүүгийн эрх зүй шиг туйлын шинжтэй биш. Өөрөөр хэлбэл, эрүүгээс бусад салбар эрх зүйн хувьд хууль тогтоогч хууль ёсны зорилгыг хангах үүднээс үргэлжилж буй эрх зүйн харилцаанд холбогдох хуулийг буцаан хэрэглэхээр тухайлан хуульчилж болох ч энэ нь тохирсон байх болон Үндсэн хуулийн бусад зарчимд нийцэх ёстой.
Хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим бөгөөд бусад салбар эрх зүйн хувьд гагцхүү эрүүгийн эрх зүйтэй төстэй буюу зөрчил үйлдэгчийг шийтгэж цээрлүүлэх зорилго бүхий зохицуулалтад хамаатай. Тухайлбал, Зөрчлийн тухай хуулийн дагуу оногдуулах захиргааны шийтгэл, албадлагын арга хэмжээ нь олон нийтэд халтай, болзошгүй өндөр эрсдэлээс урьдчилан сэргийлэх төдийгүй зөрчил үйлдэгчид шийтгэл оногдуулахад чиглэх тул энэ зарчим үйлчилнэ. Учир нь хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим нь адил үйлдэл, эс үйлдэхүйд ял, шийтгэл оногдуулахад тэгш, тохирсон байдлаар хандах шаардлагаас урган гарна.
Хоёр. Зөрчлийн тухай хуулийг буцаан хэрэглэх талаарх зохицуулалт
2.1.Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно.", мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно." гэж хууль ёсны зарчмыг тусгасан байна. Түүнчлэн тус хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ.", мөн зүйлийн 5 дахь хэсэгт "Шинээр зөрчилд тооцсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хүндрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй." гэж хуулийг буцаан хэрэглэхгүй байх зарчмыг заасан бол мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмыг хуульчилжээ.
2.2.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт буюу маргаан бүхий зохицуулалтад "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ." гэж хоёр тусдаа агуулга тусгасан байх бөгөөд "эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль" гэдгийг зөрчилд тооцохгүй болсон, эсхүл оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн хууль гэж ойлгохоор байна.
Хүчин төгөлдөр үйлчилж буй Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт холбогдох шийдвэрийг гүйцэтгэсэн бол эрх зүйн байдлыг дээрдүүлсэн буюу хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхгүй байхаар хуульчилсан нь эрх зүйн тодорхой байдлыг хангах замаар Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх ёсыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байна. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Зөрчилд тооцохгүй болсон, оногдуулах шийтгэлийг хөнгөрүүлсэн, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ." гэж заасан байжээ. Энэ талаар 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийн танилцуулгад "Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлд зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх тухай зохицуулалтыг тусгасан нь зүйтэй боловч уг зүйлийн зохицуулалтаар зөрчил үйлдэж, шийтгүүлсэн этгээдэд ч хэрэглэгдэхээр буюу торгууль төлсөн тохиолдолд төлсөн торгуулийг буцаан олгохоор ... байх тул "шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол" хуулийг буцаан хэрэглэхгүй байх тодорхой зохицуулалтыг тусгасан." гэж тайлбарласан байна (Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, х. 3). Эндээс үзвэл, дээрх заалт нь шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй болохыг тодруулж, нэг мөр болгожээ.
Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ... шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ." гэж заасан нь хууль тогтоох онцгой бүрэн эрхийн асуудал байх тул Үндсэн хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулиар хамгаалагдсан "хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим" нь үйлдэл, эс үйлдэхүй гаргасны дараа батлагдсан хуулиар түүнийг зөрчилд тооцохгүй болсон, эсхүл оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээг хөнгөрүүлсэн бол шийдвэр гаргах үед тухайн хуулийг буцаан хэрэглэхийг үүрэгжүүлнэ. Харин хүчин төгөлдөр болсон шийдвэрийг гүйцэтгээгүй тохиолдолд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэхийг Үндсэн хуулиар шаардаагүй байна.
Иргэд мэдээлэлдээ хууль хэрэглээнд гарч буй асуудал болон хууль тогтоомжийн тодорхой бус байдлыг үндэслэл болгон тусгасан нь зарчмын хувьд харгалзан үзэх нөхцөл байдал мөн боловч энэ нь хууль тогтоомжийг боловсронгуй болгох замаар шийдвэрлэх асуудал байх тул Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймээс Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу холбогдох саналаа хууль санаачлах эрх бүхий албан тушаалтан, байгууллагад уламжлах эрхээ эдлэх нь нээлттэй байна.
2.3.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн маргаан бүхий заалтыг шүүх (1) зөвхөн шийтгэл оногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тухайн шийдвэрийг гүйцэтгээгүй тохиолдолд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх ч шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд буцаан хэрэглэхгүй (Улсын дээд шүүхийн тогтоол, 2020.06.23, №243; Хууль зүй, дотоод хэргийн яам, Албан бичиг, 2025.02.05, №1/694); (2) зөвхөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны хүрээгээр хязгаарлаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1, 7.5 дугаар зүйлд заасан "шийтгэл оногдуулах", "шийтгэл оногдуулсан шийдвэрийг биелүүлэх" харилцаанд хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, харин шүүхийн шийдвэрээр шийтгэл оногдуулсан нь хүчин төгөлдөр болсон, эсхүл уг шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагаанд буцаан хэрэглэхгүй (Улсын дээд шүүхийн тогтоол, 2019.01.28, №19); (3) шийтгэл оногдуулах шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа тухайн шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх (Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Шүүгчийн захирамж, 2024.12.20, №1312) зэргээр ялгаатай хэрэглэжээ. Иймээс хуулийн энэ заалтын хэрэглээнд зөрүү үүссэн байж болзошгүй байна.
Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах, хэрэглэх нь ердийн шүүхийн эрх хэмжээнд хамаарах тул хууль хэрэглээний зөрүүг холбогдох этгээдийн гомдлоор давж заалдах, эсхүл хяналтын шатны шүүхийн чиг үүргийн хүрээнд шийдвэрлэж, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах боломжтой байна. Иргэний өргөдлөөр тодорхой хэрэг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр өөрийнх нь үндсэн эрхийг зөрчсөн тухай маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэснээс бусад тохиолдолд үүнийг Үндсэн хуулийн цэц харьяалан шийдвэрлэхгүй (Цэцийн магадлал, 2025, №28; 2026, №04; Цэцийн дүгнэлт, 2026, №02). Энэ маргааны хувьд иргэд мэдээлэл гаргасан байх бөгөөд үндсэн эрхийг нь хөндөөгүй байна.
2.4.Мэдээлэл гаргагч иргэд маргаан бүхий заалтад "хуульд заасан үүргээ цаг хугацаанд нь биелүүлсэн, биелүүлээгүй хоёр хүнд харилцан адилгүй, ялгамжтай байдлаар хэрэглэхээр хуульчилсан" нь Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна." гэж заасныг зөрчсөн гэж үзсэн байна.
Эрх бүхий этгээдээс шийтгэл оногдуулсан, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг хугацаандаа биелүүлсэн болон биелүүлээгүй этгээдэд эрх зүйн ялгаатай үр дагавар үүсэхээр Зөрчлийн тухай хуульд зохицуулсан байна. Тухайлбал, торгох шийтгэлийг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол уг шийтгэлийг сонгож оногдуулахаар заасан зөрчилд оногдуулсан шийтгэлийг эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солих (Зөрчлийн тухай хууль, 3.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг); зарим төрлийн эрхийг шийтгэлийг биелүүлж дуусах хүртэлх хугацаанд хязгаарлах (Зөрчлийн тухай хууль, 3.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэг); шийтгэлийн хэмжээг 50 хүртэл хувиар нэмэгдүүлэх (Зөрчлийн тухай хууль, 3.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг) зэрэг хугацаандаа биелүүлээгүй этгээдэд авах арга хэмжээг хүндрүүлж заасан байна. Харин торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлбэл шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэхээр хуульчилжээ (Зөрчлийн тухай хууль, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг).
Мэдээлэл гаргагч иргэдээс шаардлагын үндэслэлээ Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг "... агуулгын хувьд процессын шинжийг илэрхийлдэг зохицуулалт ..." учраас процессын эрх зүйн хэм хэмжээг буцаан хэрэглэхгүй тухай ерөнхий зарчмыг зөрчсөн гэжээ. Энэ заалт нь хөнгөрүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчмын үйлчлэх хүрээг тухайн шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн эсэхээр ялган тогтоосон байна. Түүнчлэн тус заалтыг буцаан хэрэглэх эсэх асуудал тавигдаагүй тул түүнийг процессын эрх зүйн хэм хэмжээ мөн эсэхийг тодорхойлох нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна.
2.5.Маргаан бүхий зохицуулалтаар шийтгэл оногдуулсан, эсхүл албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд хөнгөрүүлсэн хууль батлагдвал түүнийг буцаан хэрэглэхээр заасан нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэж заасныг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгэсэн бол хуулийг буцаан хэрэглэхгүй ба шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шийдвэрийг гүйцэтгээгүй байгаа тохиолдолд буцаан хэрэглэнэ." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.", Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна." гэснийг зөрчөөгүй байна.
2.Энэхүү дүгнэлтийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Ц.ЦОЛМОН
Б.БОЛДБААТАР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх