- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 151
Улаанбаатар хот
ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАРИМ АЛБАН ТУШААЛЫН ЦАЛИНГИЙН ДООД ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ
Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.14 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 1 дүгээр хавсралт, Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 2 дугаар хавсралт, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 3 дугаар хавсралт, Боловсролын сургалтын байгууллагын номын санчийн албан тушаалын цалингийн доод хэмжээг 4 дүгээр хавсралт, Боловсролын салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт, Боловсролын салбарын төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад албан тушаалын цалингийн доод хэмжээг 6 дугаар хавсралт, Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний бусад байгууллага болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт, Шинжлэх ухааны салбарын төрийн үйлчилгээний мэргэжлийн бусад албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт ёсоор тус тус шинэчлэн тогтоосугай.
2.Шинжлэх ухаан, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг шинэчлэн тогтоосонтой холбогдуулан шаардагдах хөрөнгийг 2026 оны батлагдсан төсөвтөө багтаан санхүүжүүлэхийг Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон холбогдох сайд нарт даалгасугай.
3."Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 3 дахь заалтын "Энэ тогтоолын 1 дэх хэсэгт зааснаас" гэснийг "Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбараас" гэж өөрчилсүгэй.
4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 1 дэх заалтын "Шинжлэх ухааны байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 5 дугаар хавсралт," гэснийг, "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 7 дугаар хавсралт," гэснийг, "Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын цалингийн доод хэмжээг 8 дугаар хавсралт," гэснийг тус тус хассугай.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Төрийн албаны зарим албан тушаалын цалингийн хэмжээ, доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 238 дугаар тогтоолын 5, 7, 8 дугаар хавсралт, "Төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 224 дүгээр тогтоолын 1, 2 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6.Энэ тогтоолыг 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
ГЭР БҮЛ, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД Т.АУБАКИР
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх