A

A

A

Бүлэг: 1979

ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2026 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/164

Есөнбулаг сум

Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай

  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.2, 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэг, Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.10 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Аймгийн хэмжээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралтаар шинэчлэн тогтоосугай.

2.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар (Д.Бүрэнбаатар), сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

3. Захирамжийг холбогдох хууль, журмын дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс (Н.Эрдэнэ-Очир), Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс (Д.Чинзориг)-т тус тус даалгасугай.

4. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн "Цагийн хязгаарыг шинэчлэн тогтоох тухай" А/199 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА Г.ЧИНБАТ