- Нүүр
- Дүгнэлт
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ
2026 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
Дугаар 04
Улаанбаатар хот
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 10.30 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан /илтгэгч/, Э.Энхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Д.Отгонбат болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир нар оролцлоо.
Энэхүү хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэв.
Нэг. Монгол Улсын иргэн Д.Отгонбат Үндсэн хуулийн цэцэд хандан ирүүлсэн мэдээлэлдээ:
"... Монгол Улсын ардчилсан Үндсэн хууль 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр анх батлагдахдаа Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж заасан байсан. Харин энэ хэсгийг ... 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэж өөрчлөн найруулжээ. Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасныг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн өөрчлөөгүй байна. Өөрөөр хэлбэл, хуулийн энэ заалт одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ... Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг эш татан хэрэглэсэн боловч тухайн хэсэгтэй зөрчилдөж байна. Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг ... Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн болохыг тогтоож өгнө үү." гэжээ.
Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа:
"... Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэснийг "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэж өөрчлөн найруулсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн холбогдох заалтыг нийцүүлэх үндэслэл, шаардлага бий болсон билээ.
Дээрх нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана." гэж заасан бөгөөд уг заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас 2020 оны "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" 02 дугаар тогтоолыг баталсан.
Тус тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан ба тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарийн 2.3 дахь заалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг 2020 онд багтаан боловсруулах, ингэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг тус нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх чиглэл баримтлахаар заасан байна. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос дээрх тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар [холбогдох] албан бичгийг Засгийн газарт ... хүргүүлж байсан болно.
Иймд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлыг шийдвэрлэж өгнө үү." гэсэн байна.
Гурав. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд бэлтгэх хүрээнд дараах баримт бичиг, шийдвэр, судалгаа, эх сурвалжтай танилцаж, эрх бүхий этгээдээс тайлбар, лавлагаа гаргуулан авсан болно:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн холбогдох шийдвэр (Цэцийн гишүүний тогтоол, Цэцийн магадлал, дүгнэлт, тогтоол);
Бүгд Найрамдах Монгол Ард Улс (БНМАУ)-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргын Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд хэлсэн үг, 1991.05.17; Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын илтгэл, 1990.07.02;
Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл (2019.06.06), түүний үзэл баримтлал, танилцуулга, Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны тэмдэглэл, судалгаа, холбогдох бусад баримт;
Монгол Улсын Их Хурал, "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" тогтоол, 2020.01.09, №02; "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" тогтоол, 2021.01.22, №12;
Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, "Тайлбар хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.04.15, УИХ-03/3949;
Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, "Тогтоолын хэрэгжилтийн талаар" албан бичиг, 2020.02.27, №8/1823; "Тогтоолын хэрэгжилтийг хангуулах тухай" албан бичиг, 2020.03.31, №8/2512; "Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" албан бичиг, 2020.10.16, УИХ-10/4381; "Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" албан бичиг, 2021.04.01, УИХ-10/2775; "Тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх тухай" албан бичиг, 2021.08.20, УИХ-10/7396;
Монгол Улсын Засгийн газар, "Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" тогтоол, 2024.11.20, №181;
Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, "Баримт бичиг хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.05.01, ХЭГ/1438;
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, "Материал хүргүүлэх тухай" албан бичиг, 2026.05.05, №1/2255;
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төсөл, 2021; түүний үзэл баримтлал, танилцуулга; Монгол Улсын Ерөнхийлөгчид бүрэн эрх олгосон холбогдох хуульд хийсэн түүвэр судалгаа, 2021; Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар холбогдон гарах зардлын тооцоо, 2021; Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үр нөлөөний үнэлгээний тайлан, 2021; Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээ, судалгааны тайлан, 2021;
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, 2019;
Холбогдох ном, эрдэм шинжилгээний бүтээл, илтгэл, өгүүлэл, судалгаа зэрэг.
ҮНДЭСЛЭЛ:
Энэхүү маргааны зүйл нь Монгол Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн эсэх асуудал байна. Үндсэн хуулийн тус заалтыг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан байх тул уг нэмэлт, өөрчлөлтийн агуулга, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлсны үндсэн дээр маргаан бүхий заалт Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг шалгана.
1.Монгол Улсын Үндсэн хууль болон түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлт
1992 оны Монгол Улсын Үндсэн хуулиар парламентын тогтолцоог бий болгосон бөгөөд парламентын тогтолцоо нь Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд багтаж хамгаалагдана (Цэцийн тогтоол, 2022, №02). Тиймээс Монгол Улсын Засгийн газар нь ардчилсан сонгуулиар бүрэлдсэн Улсын Их Хурлаас буюу түүний дэмжлэгийг авах чадвараас легитим шинжээ олох бөгөөд Улсын Их Хурлын олонхын итгэл дээр тулгуурлан оршино (Цэцийн дүгнэлт, 2025, №12).
Монгол Улсын парламентын тогтолцоонд Монгол Улсын Ерөнхийлөгчийг иргэд ардчилсан сонгуулиар шууд сонгох бөгөөд Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн." гэж тодорхойлжээ. Үндсэн хуулийн төслийг хэлэлцэн батлах үед Ерөнхийлөгч үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагын үйл ажиллагааг холбож, тэдний хоорондын харилцаанд үүсэж болох зарим ээдрээтэй асуудлыг зохицуулахад болон тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй гэж тайлбарлаж байжээ. Өөрөөр хэлбэл, "Ерөнхийлөгч ард түмнээс нэр дэвшин Их Хурлаас сонгогдсон төрийн тэргүүний хувьд өөрөө ард түмэн, түүний төлөөлөгчдийн байгууллагын хяналтад байхын зэрэгцээ төрийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг байгууллагуудын аль нэг нь бүрэн эрхээ хэтрүүлж эхлэхэд хянаж хориг тавих бололцоо бүхий харилцан уялдсан эрх хэмжээтэй байх бөгөөд ингэснээр манай орон цаашид өөрийн гэсэн онцлогтой "Парламентын улс" байх болно." гэжээ (БНМАУ-ын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын даргын Улсын Бага Хурлын чуулганы хуралдаанд хэлсэн үг, 1991.05.17; Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлыг зохион байгуулах комиссын илтгэл, 1990.07.02). Иймд Ерөнхийлөгч нь төрийн тэргүүн, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч бэлгэдлийн чиг үүрэгтэй төдийгүй төрийн эрх мэдэл хоорондын хяналт, тэнцлийг хангахад туслах, нийгэмд үүссэн зөрчилдөөн, сөргөлдөөнийг тайван замаар, зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байх бөгөөд энэ чиг үүргээ гагцхүү үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэгжүүлнэ.
Үндсэн хуулиар парламентын тогтолцоог сонгож, төрийн эрх мэдлийг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван салаанд хуваарилж харилцан хяналт, тэнцлийн үндсийг тавьсан боловч түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой зарим асуудал бий болсон байна (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019.06.06). Иймээс парламентын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор 2000, 2019, 2023 онд тус тус Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт нь "Үндсэн хуулиар тунхагласан ардчилсан тогтолцооны ололтыг улам бататган, парламентат ёсны уламжлалыг хадгалан, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалын хүрээнд ... төрийн эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах"-д чиглэжээ (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн танилцуулга, 2019.06.06).
2019 оны Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалд "Ерөнхийлөгчийн талаархи Үндсэн хуулийн одоогийн зохицуулалт нь Ерөнхийлөгчийг хууль тогтоох эрх мэдэлтэй зэрэгцсэн, парламентын хяналтаас гадна байдаг, тодорхой хуулиар бүрэн эрхийг нь нэмэгдүүлж болдог, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх бололцоо бүхий институт болгожээ." гэж дүгнэсэн байна. Тодруулбал, "Үндсэн хуульд заасан хүрээнээс хальсан бусад бүрэн эрхийг Ерөнхийлөгчид олгох болсон ... нь Ерөнхийлөгчийн нөлөөллийг хүчтэй болгож гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх эрх мэдлийн олон асуудалд хөндлөнгөөс оролцох болж, хяналт, тэнцэл алдагдахад хүргэж байна" гэжээ (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, 2019, х. 104). Иймд Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, эрх хэмжээг парламентын тогтолцоотой улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагатай болсон байна (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлал, 2019.06.06). Ийнхүү 2019 онд Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 3 дахь хэсгийг нэмж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэг, Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцож, Хорин хоёрдугаар зүйлийн 2, Хорин зургадугаар зүйлийн 1, Гучдугаар зүйлийн 2, Гучин гуравдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Гучин есдүгээр зүйл, Дөчин гуравдугаар зүйл зэргийг өөрчлөн найруулах замаар Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, эрх хэмжээг парламентын тогтолцооны мөн чанартай уялдуулжээ.
2.Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Улсын Их Хурлаас 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийг баталсан байна. Уг хуулийн 1 дүгээр зүйлд "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана." гэж заажээ. Үүний дагуу Улсын Их Хурал 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай" 02 дугаар тогтоолыг баталж, холбогдох хууль тогтоомжийн төслийг уг нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх ажлыг хуваарийн дагуу зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байна. Тус тогтоолын хавсралтаар баталсан "Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь"-т парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангах, гүйцэтгэх эрх мэдлийг бэхжүүлэх, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, хариуцлагыг дээшлүүлэх, нутгийн удирдлагатай холбоотой нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийн төслийг нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд 2020 онд багтаан өргөн мэдүүлэхээр нарийвчлан заажээ.
2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх зүйн байдал, эрх хэмжээтэй холбоотой орсон шинэ зохицуулалтыг хэрэгжүүлэх хүрээнд дээрх хуваарийн 1.3 дахь заалтын 1.3.5-т "Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтоох;", 2.1 дэх заалтын 2.1.2-т "Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийн тухай болон Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, зөвшилцөж чадаагүй тохиолдолд өөрөө өргөн мэдүүлэх зохицуулалтыг хуульчлах;", 2.2 дахь заалтын 2.2.1-т "Ерөнхий сайд Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх, огцруулах зохицуулалтыг хуульчлах;" зэргийг тухайлан зааж, 2020 онд Монгол Улсын Их Хурлын тухай /Шинэчилсэн найруулга/, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийг баталсан байна. Түүнчлэн уг хуваарийн 2.3 дахь заалтад "Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх; Ерөнхийлөгчид хуулиар олгосон бүрэн эрх Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан хүрээнд байх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хууль тогтоомжид оруулах; Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрх олгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх." байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийн төслийг боловсруулж, 2020 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт үүрэг болгосон.
Улсын Их Хурлын 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн "Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай" 12 дугаар тогтоолын хавсралтад хууль тогтоомжийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт хариуцуулж, хугацаа тогтоосон байна. Тухайлбал, "Ерөнхийлөгчид нэр дэвшигчид тавих шаардлага, бүрэн эрхийн хугацаатай холбоотой зохицуулалтыг болон зөвхөн Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнх нь хүрээнд тодорхой бүрэн эрх олгох асуудлыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх" үүднээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар боловсруулж, Засгийн газраас 2021 онд багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тусгажээ.
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийн төслийг нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх талаар албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Засгийн газарт 5 удаа хүргүүлсэн байна (2020.02.27, №8/1823; 2020.03.31, №8/2512; 2020.10.16, УИХ-10/4381; 2021.04.01, УИХ-10/2775; 2021.08.20, УИХ-10/7396).
Нэр бүхий иргэдээс Үндсэн хуулийн цэцэд хандаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн тухай мэдээлэл ирүүлж байжээ. Энэ мэдээллийг Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 2/495 дугаар албан бичгээр Улсын Их Хуралд шилжүүлж, Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан хуваарийн дагуу маргаан бүхий хуулийн заалтыг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлэх шаардлагатай тухай тэмдэглэсэн байна.
Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон дагалдах бусад хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад холбогдох судалгааны хамт хүргүүлсэн байна (Хууль зүй, дотоод хэргийн сайд, Албан бичиг, 2021.05.04, №1/2104). Засгийн газрын 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр" тогтож шийдвэрлэсэн (Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, 2021.06.16, №35). Гэвч эдгээр хуулийн төслийг Улсын Их Хуралд өнөөдрийг хүртэл өргөн мэдүүлээгүй байна.
3.Маргаан бүхий хуулийн заалтыг Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийцүүлээгүй тухай
1992 оны Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр дөчин таван нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.", Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно." гэж анх заасан байжээ. Үүний дагуу Улсын Их Хурлаас 1993 оны 6 дугаар сарын 05-ны өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж хуульчилсан. Ерөнхийлөгчийг нэг удаа улируулан сонгож болохоор заасан байсны улмаас ийнхүү дахин сонгогдохын тулд өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрсдэлийг бий болгосон гэж дүгнэжээ. Тиймээс Ерөнхийлөгчийг парламентын болон Засгийн газрын харилцааны хяналт, тэнцлийн тэнхлэг байлгах нэг арга бол түүнийг дахин сонгогдох эрхгүйгээр харьцангуй урт хугацаагаар зөвхөн нэг удаа сонгох явдал гэж үзсэн байна (Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн тайлбар, 2019, х. 103).
Дээрх үндэслэлээр 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэж өөрчлөн найруулж, Гучин нэгдүгээр зүйлийн 7 дахь хэсэгт "Ерөнхийлөгчийг зөвхөн нэг удаа улируулан сонгож болно." гэж заасныг хүчингүй болсонд тооцсон байна. Өөрөөр хэлбэл, энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчөөр сонгогдох насны доод хязгаар 45 байсныг 50 болгон нэмэгдүүлж, 4 жилийн хугацаагаар, нэг удаа улируулан сонгох боломжтой байсныг "зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа" сонгох буюу дахин сонгогдохгүй болгож өөрчилсөн байна. Энэ нь "Ерөнхийлөгчийн эрх зүйн байдлыг парламентын засаглалтай улсын жишигт нийцүүлэн зарим өөрчлөлт, хязгаарлалтыг Үндсэн хуульд тусгах шаардлагын хүрээнд ... Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийг өөрчлөн найруулж холбогдох хязгаарлалтыг тогтоосон" шинжтэй байна (Цэцийн дүгнэлт, 2021, №02).
2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор илт тодорхой зааж, өөрчилсөн атал 1993 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа ... 4 жил байна." гэсэн хуучин заалтыг энэ өөрчлөлтөд нийцүүлээгүйн улмаас Үндсэн хуулийн илэрхий зөрчлийг үүсгэсэн байна.
4.Хууль дээдлэх ёс болон Үндсэн хуульд нийцсэн байх зарчим зөрчигдсөн тухай
Үндсэн хуулийг батлах бүрэн эрх бүхий БНМАУ-ын Ардын Их Хурлыг 1990 оны анхны ардчилсан сонгуулиар бүрдүүлсэн бөгөөд тус хурал нь Үндсэн хуулийн төслийг боловсруулж хэлэлцэхдээ иргэдийн оролцоог хангаж, улс төрийн зөвшилцөл, мэргэжлийн санал, дүгнэлтийг хэд хэдэн үе шатаар тусгаж, Монголын ард түмний эрх мэдлийг хэрэгжүүлж, баталсан байна. Иймээс 1992 оны Үндсэн хууль нь ардчилсан дэглэм тогтоох ард түмний эрх мэдлийг хэрэгжүүлсний үр дүн, хүсэл зоригийнх нь илэрхийлэл тул хууль зүйн хамгийн дээд хүчин чадалтай бөгөөд эрэмбийн хувьд Монгол Улсад үйлчлэх хамгийн дээд хууль юм (Цэцийн тогтоол, 2024, №02). Иймээс хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагаас гаргасан аливаа эрх зүйн акт Үндсэн хуулийг зөрчих ёсгүй бөгөөд Үндсэн хуульд нийцсэн байхыг үндсэн хуульт ёс шаардана. Энэ зарчмыг Үндсэн хуулийн Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж хуульчилжээ. Түүнчлэн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн бөгөөд түүний агуулга нь ардчилсан, эрх зүйт төрийн үнэт зүйлсийг өргөн хүрээнд хамгаалж, үндсэн хуульт ёсны суурь үзэл баримтлалыг багтаана. Тухайлбал, хууль дээдлэх ёс нь аливаа хууль, эрх зүйн акт Үндсэн хуульд нийцсэн байх зэрэг зарчмыг баримтлахыг шаардана (Цэцийн тогтоол, 2024, №02).
Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж болох ч тэрхүү нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийг баталсантай адил легитим шинжийг хангасан тусгай журмаар хэлэлцэж батлахаас гадна Үндсэн хуулийн үндсэн бүтэц, суурь үзэл баримтлалд нийцсэн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалж, төрийн байгууллын болон бусад суурь асуудлыг шийдвэрлэж, тогтоодог учраас түүнд нэмэлт, өөрчлөлт оруулах журам нь ердийн хууль батлах журмаас илүү өндөр шаардлагыг хангана. Иймээс Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бүхий байгууллага, албан тушаалтан гаргах бөгөөд саналыг Үндсэн хуулийн цэц Улсын Их Хуралд өргөн мэдүүлж болно.", 2 дахь хэсэгт "Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал асуулгыг Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан үндэслэлийн дагуу явуулна.", Жаран есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хууль, түүнд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Улсын Их Хурлын нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар батална.", 4 дэх хэсэгт "Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй байна." гэх зэргээр зааж, 2010 оны Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар нарийвчлан зохицуулсан байна.
Улсын Их Хурлаас Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2016-2019 онд боловсруулж, хэлэлцэхдээ иргэдийн оролцоо, улс төрийн зөвшилцлийг хангаж, мэргэжлийн санал, дүгнэлтийг харгалзсаны зэрэгцээ уг төслийг 5 сарын турш гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэж, нийт гишүүнийхээ дөрөвний гурваас доошгүйн саналаар баталсан байх тул энэхүү нэмэлт, өөрчлөлт "... ард нийтийн хүсэл зоригийг илэрхийлсэн гэж үзэхээр байна" (Цэцийн дүгнэлт, 2021, №02). Тиймээс 2019 онд Үндсэн хуульд оруулсан энэхүү нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуулийн нэгэн адил хүчинтэй бөгөөд хууль, бусад эрх зүйн акт түүнд бүрнээ нийцсэн байвал зохино. Тухайлбал, зарим хууль, үйл ажиллагаа 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуульд тусгасан зохицуулалтыг зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж байжээ (Цэцийн дүгнэлт, 2021, №02; 2023, №01; 2025, №08; №12).
Үндсэн хуульд нийцсэн байх зарчим нь Монгол Улсын нутаг дэвсгэрт цаг хугацаа, орон зайгаар хязгаарлагдахгүй үйлчилнэ (Цэцийн тогтоол, 2024, №02). Хууль, бусад шийдвэр нь хүчин төгөлдөр үйлчилж буй тохиолдолд Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөөс өмнө, эсхүл дараа батлагдсан эсэхээс үл хамааран тэдгээрт нийцсэн байх ёстой. Иймээс хууль тогтоогч анхнаасаа Үндсэн хууль, түүнд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцээгүй хууль тогтоомжийг батлахгүй байх негатив үүрэгтэй төдийгүй өмнө нь батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх позитив үүргийг хүлээнэ. Түүнчлэн Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад "хууль батлах, нэмэлт, өөрчлөлт оруулах;", 8 дахь заалтад "хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;" гэж заасан онцгой бүрэн эрхийг Улсын Их Хурал хэрэгжүүлнэ. Тиймээс Улсын Их Хурал Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэн батлах төдийгүй эдгээр хуулийн төслийг боловсруулж, өргөн мэдүүлэх талаарх өөрийн баталсан хуваарийн биелэлтийг хянан шалгах, хангуулахад чиглэсэн идэвхтэй арга хэмжээ авах ёстой.
2019 оны Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "... Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлыг Улсын Их Хурлаас баталсан хуваарийн дагуу хийж дуусгана." гэж заасан бөгөөд түүний 4 дүгээр зүйлд "Энэ хууль Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй." гэжээ. Үүнээс үзэхэд, Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь нь уг нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй хуулийн дагуу батлагдсан тул тус хуваарьт заасан чиглэлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлж, тогтоосон хугацаанд багтаан батлахыг мөн Үндсэн хуулиар үүрэгжүүлсэн гэж ойлгоно. Иймээс уг хугацаанд багтаан хууль тогтоомжийг Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлээгүй эс үйлдэхүй нь хууль дээдлэх ёс, Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг алдагдуулна.
Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарьт 2020 онд багтаан, мөн Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд 2021 онд багтаан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийн төслийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.
Засгийн газар дээр дурдсан Улсын Их Хурлын 2020 оны 02 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар тогтоолын биелэлтийг одоо болтол хангаагүй байх тул Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалтад заасан хуулийг биелүүлэх үүргээ зөрчиж, "Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;" үндсэн бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй байна. Учир нь Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийн төслийг боловсруулж, хуралдаанаараа хэлэлцэн, өргөн мэдүүлэхээр тогтсон боловч Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын дээрх тогтоолоор эдгээр хуулийг 2020, 2021 онд багтаан өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээсэн ч өнөөдрийг хүртэл буюу 6 жилийн турш энэ үүргээ биелүүлээгүй байна. Түүнчлэн 2015 оны Хууль тогтоомжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт "Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэн батална." гэж заасныг 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар "Үндсэн чиглэлийн төслийг Засгийн газар баталж, Улсын Их Хуралд танилцуулна." гэж өөрчлөн найруулжээ. Үүний дагуу Засгийн газар 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181 дүгээр тогтоолоор Монгол Улсын хууль тогтоомжийг 2028 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийг баталсан боловч дээрх хуулийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх талаар тусгаагүй байна.
Улсын Их Хурал Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийн төслийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн батлаагүй байх тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан позитив үүргээ одоог хүртэл буюу 7 жил биелүүлээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн Улсын Их Хурал өөрийн баталсан 2020 оны 02 дугаар тогтоол, 2021 оны 12 дугаар тогтоолын биелэлтийг хянан шалгах бүрэн эрхээ хангалттай хэрэгжүүлээгүй байна. Тухайлбал, 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд холбогдох хуулийн төслийг нийцүүлэн боловсруулж, өргөн мэдүүлэх талаар албан бичгийг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос 2020-2021 онд Засгийн газарт 5 удаа хүргүүлсэн байх боловч үүнээс өөр, илүү идэвхтэй арга хэмжээ аваагүй байна. Мөн Улсын Их Хурал 2021 оноос хойш Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон дагалдах бусад хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэх талаар санаачилга гаргасан эсэх нь тогтоогдоогүй болно. Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд оролцохдоо үүнийг хүлээн зөвшөөрсөн байна (Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн хуралдааны тэмдэглэл, 2026.05.08, х. 5-6).
Дээрхээс үзэхэд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 4 жил байхаар заасан нь Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг илт зөрчсөн байна. Үндсэн хуулийн энэхүү зөрчил нь Засгийн газар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай /Шинэчилсэн найруулга/ болон бусад хуулийн төслийг 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй, Улсын Их Хурал эдгээр хуулийг батлаагүй, мөн өөрийн баталсан хуваарийн биелэлтийг хянан шалгах арга хэмжээ хангалттай аваагүй эс үйлдэхүйгээс үүдэн бий болсон байх тул Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хууль дээдлэх ёс, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн Үндсэн хуульд нийцсэн байх зарчмыг зөрчсөн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон
МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
1.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил байна." гэж заасны "... 4 жил ..." гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гучдугаар зүйлийн 2 дахь хэсгийн "Ерөнхийлөгчөөр ... зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно." гэснийг зөрчсөн байна.
2.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "... 4 жил ..." гэж заасныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.
3.Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.
ДАРГАЛАГЧ
Г.БАЯСГАЛАН
ГИШҮҮД
Ж.ЭРДЭНЭБУЛГАН
Д.ГАНГАБААТАР
О.МӨНХСАЙХАН
Э.ЭНХТУЯА
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх