- Нүүр
- Сайдын тушаал
- ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2026 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/188 дугаар тушаалын хавсралт
ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ
НЭГ.ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1.Сумдад үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч (цаашид "ЖДҮҮЭ" гэх)-ээр дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрээр байгуулсан "Хоршоог хөгжүүлэх сан" (цаашид "Сан" гэх)-г бүрдүүлэх, сангийн хөрөнгийг удирдах, төсөл сонгон шалгаруулах, сангаас зээл олгох, эргэн төлүүлэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Сан нь Төрийн санд тусгай данстай байх бөгөөд сангийн орлого, зарлагыг энэхүү дансаар дамжуулан гүйцэтгэнэ.
1.3.Сан нь Төрийн сангаас гадуур данстай байхыг хориглох бөгөөд журмын 1.2-т заасан дансанд хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээс бусад төрлийн санхүүжилт байршуулахыг хориглоно.
1.4.Сангийн орлого, зарлага нь сумын төсвийн гүйцэтгэлийн сар бүрийн мэдээ, улирал, жилийн тайлан тэнцэлд тусгагдана.
1.5.Сангийн хөрөнгө нь хоршоо, ЖДҮҮЭ-д санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор төсөл сонгон шалгаруулах, хөнгөлөлттэй зээл олгох, сургалт зохион байгуулах, борлуулалтыг дэмжих, хяналт тавих, авлага барагдуулах, урамшуулал олгоход зориулагдана.
1.6.Санд зээлийн хүсэлт ирүүлсэн хоршоо, ЖДҮҮЭ-ийн төсөл (цаашид "төсөл" гэх)-ийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий төсөл сонгон шалгаруулах хороо (цаашид "хороо" гэх), хяналт тавих үүрэг бүхий хяналтын зөвлөл тус тус ажиллана.
1.7.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үйл ажиллагааг эрхэлдэг хоршоо, ЖДҮҮЭ-д сангаас зээл олгохгүй.
ХОЁР.САНГИЙН ХӨРӨНГИЙН ЭХ ҮҮСВЭР БҮРДҮҮЛЭЛТ, ЗАРЦУУЛАЛТ, ЗЭЭЛИЙН НӨХЦӨЛ
2.1.Сангийн хөрөнгийг дараах эх үүсвэрээс бүрдүүлнэ:
2.1.1.Улсын болон орон нутгийн төсвөөс олгох хөрөнгө;
2.1.2.Гадаад улс, олон улсын байгууллага, түүнчлэн гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, иргэнээс өгсөн буцалтгүй тусламж, хандив;
2.1.3.Сум хөгжүүлэх сангаас иргэн, аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;
2.1.4.Сангаас аж ахуйн нэгжид олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөр;
2.1.5.Хугацаандаа төлөгдөөгүй зээлийн дүнд ногдуулсан алданги;
2.1.6.Бусад.
2.2.Санд улсын төсвөөс олгох хөрөнгийн хэмжээг тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо хөгжсөн байдал, хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, зээлийн эргэн төлөлт, ашиглалт, хэрэгцээ шаардлага, орон нутгийн идэвх санаачилга зэргийг харгалзан жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр тогтооно.
2.3.Сангийн хөрөнгийг зориулалтын бус, үр ашиггүй зарцуулсан нь энэ журмын 7.1-т заасан зохистой харьцааны шалгуур хангаагүй болон бусад эрх бүхий байгууллагаас хийсэн хяналт шалгалтаар тогтоогдсон бол төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүдийн хамтарсан шийдвэрээр сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэн дахин хуваарилж болно.
2.4.Суманд хуваарилагдсан хөрөнгийн эх үүсвэрийг энэ журмын 2.2, 2.3-т заасан эрх бүхий этгээдийн шийдвэргүйгээр татан төвлөрүүлэх, дахин хуваарилахыг хориглоно.
2.5.Сангаас хоршоо, ЖДҮҮЭ-д олгох хөнгөлөлттэй зээл нь дараах нөхцөлтэй байна:
2.5.1.Хөнгөлөлттэй зээлийн хүүгийн хэмжээ жилийн 5 хувь;
2.5.2.Зээлийн хугацаа 60 хүртэл сар байна;
2.5.3.Зээлийн эргэн төлөлтийн эхний 12 хүртэл сарын хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлж болно;
2.5.4.Сангийн зээлийн эргэн төлөлтийн төлбөр нь сар эсхүл улирал бүр тэнцүү байна;
2.5.5.Сангаас олгох зээлийн доод хязгаар:
Ангилал | Хоршоо | ЖДҮҮЭ |
Аймгийн төвийн сум | 50.0 сая төгрөг | 20.0 сая төгрөг |
Бусад сум | 30.0 сая төгрөг | 15.0 сая төгрөг |
2.6.Зээлдэгч зээлийг хугацаандаа төлөөгүй бол зээлийн үлдэгдлээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд алданги ногдуулах нөхцөлийг сумын Засаг дарга, зээлдэгч нарын хооронд байгуулах гэрээнд заавал тусгана.
2.7.Сангаас олгосон зээлийн хүүгийн өмнөх жилийн орлогын 30 хүртэл хувийг хоршоо, ЖДҮҮЭ-д мэргэжил арга зүйн дэмжлэг болон сургалт, зөвлөх үйлчилгээ, борлуулалтыг дэмжих үйл ажиллагаанд, 20 хүртэл хувийг сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийн явц, үр дүнд хяналт тавих үйл ажиллагаа болон программ хангамжийн зардалд, 10 хүртэл хувийг аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан байгууллагын саналыг харгалзан сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтнийг урамшуулахад зориулан хууль тогтоомжид нийцүүлэн зарцуулж болно.
2.8.Энэ журмын 1.5, 2.7-д зааснаас бусад зориулалтаар сангийн хөрөнгийг сумын төсвийн алдагдал нөхөх, төсөвт байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлэх, байгалийн гамшгаас учирсан хохирлыг нөхөн төлөх зэргээр зарцуулахыг хориглоно.
2.9.Сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх төсөл сонгон шалгаруулахтай холбоотой шимтгэл, хураамж авахыг хориглоно.
2.10.Төсөл сонгон шалгаруулах товыг зээлийн эргэн төлөлт, санхүүжилтийг харгалзан сангийн эх үүсвэрийн 15-аас доошгүй хувийг бүрдүүлсэн тохиолдолд тухайн сумын Төсөл сонгон шалгаруулах хороо тогтооно.
2.11.Төсөл хүлээн авах хугацааг тухайн сумын иргэдэд мэдэгдсэнээс хойш хуанлийн 30 хоногийн хугацаанд цахимаар эсхүл цаасан хэлбэрээр хүлээн авна.
2.12.Төсөл хүлээн авах хугацаа зарлагдахаас бусад үед төсөл хүлээн авахгүй.
2.13.Энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршооны хувьд тухайн сумын хамгийн олон гишүүнтэй, үйл ажиллагааны чиглэл давхардаагүй нэг хоршоог тэргүүн ээлжид дэмжинэ.
ГУРАВ.САНГИЙН УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
3.1.Сангийн үйл ажиллагааг улсын хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэх бөгөөд дараах бүрэн эрхтэй:
3.1.1.Сангийн хөрөнгө оруулалтын бодлогыг төрөөс хоршоо, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх талаар баримталж буй бодлоготой уялдуулан нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллах;
3.1.2.Сангаас олгох зээлийн болон барьцааны гэрээний загвар, маягтыг батлах;
3.1.3.Сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг бүрдүүлэн хөтлөх, холбогдох мэдээллийг Монгол банкны зээлийн мэдээллийн санд нэгтгэхтэй холбоотой дотоод журам батлах;
3.1.4.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг үнэлж, энэ журмын 7.1-т заасан зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд сангийн дансны зарлагын гүйлгээг түр хугацаанд хааж, сангийн хөрөнгийг татан төвлөрүүлэх саналыг төсөв, санхүүгийн болон жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;
3.1.5.Хоршоо, ЖДҮҮЭ-д мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, сангийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, сургалт, борлуулалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;
3.1.6.Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.2.Сангийн үйл ажиллагааг аймгийн хэмжээнд нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах чиг үүргийг тухайн аймгийн Засаг дарга, аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хариуцсан байгууллага хэрэгжүүлнэ:
3.2.1.Аймгийн засаг дарга нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.1.а.Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоо хөгжүүлэх бодлоготой уялдуулан тогтоож, хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтэд нь хяналт тавих;
3.2.1.б.Сангийн хөрөнгийн зарцуулалтад байнгын хяналт тавьж, гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн шийдвэрлэх;
3.2.1.в.Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.2.2.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг хариуцсан байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.2.2.а.Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах хороо байгуулах;
3.2.2.б.Сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг бүрдүүлэн хөтөлж, хяналтын зөвлөлөөс ирүүлсэн тайлан, мэдээг нэгтгэн хянаж, баталгаажуулах, тэдгээрийг жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
3.2.2.в.Орон нутагт хоршоо, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон сумын Засаг даргатай хамтран сургалт, борлуулалтыг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах;
3.2.2.г.Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.3.Сангийн үйл ажиллагааны талаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.3.1.Сангийн орлого, зарлага, төсөв болон зээлийн дээд хэмжээг энэ журмын 2.5.5-д заасан хязгаарыг баримтлан батлах;
3.3.2.Сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавих орон тооны бус зөвлөлийг байгуулах;
3.3.3.Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн, орлого, зарлагын гүйцэтгэлийн тайланг хэлэлцэн зохих журмын дагуу шийдвэрлэх;
3.3.4.Хууль тогтоомж болон Засгийн газрын бодлого, төсөл хөтөлбөртэй уялдуулан, зээл олгох салбар, чиглэл зэргийг батлах;
3.3.5.Батлагдсан төсвийн 40 хүртэл хувийг ахуйн үйлчилгээний салбарыг дэмжихэд зарцуулах;
3.3.6.Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг.
3.4.Сангийн үйл ажиллагааны талаар сумын Засаг дарга дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
3.4.1.Төсөл сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сумын хоршоо, ЖДҮҮЭ-ийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах;
3.4.2.Төслийн нарийвчилсан судалгааг хийх гурав хүртэл хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулах, удирдлагаар хангах;
3.4.3.Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг үндэслэн төслийг хэрэгжүүлэх этгээдтэй холбогдох хууль, журмын дагуу зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, биелэлтийг хангуулах, төслийн явц, үр дүнд байнгын хяналт тавих;
3.4.4.Зээлийн болон барьцааны гэрээ байгуулахдаа барьцаалах үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоох чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан дүгнэлт гаргуулах, үл хөдлөх хөрөнгийг тухайн үеийн зах зээлийн үнэлгээний 70 хүртэл хувиар үнэлэх бөгөөд эсхүл үнэлгээний мэргэжлийн байгууллагын үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн шийдвэр гаргах;
3.4.5.Зээл, зээлийн хүүгийн орлогыг сангийн дансанд төвлөрүүлэх;
3.4.6.Сангийн орлого, зарлагыг хөтлөх үйл ажиллагаанд нягтлан бодох бүртгэлийн тухай хууль тогтоомжийг мөрдүүлж, сангийн санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг Төсвийн тухай хуульд заасан хугацаанд тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тайлагнах;
3.4.7.Сангаас олгосон зээлийн тухайн жилийн хүүгийн орлогыг энэ журмын 1.5, 2.7-д заасны дагуу зарцуулах саналаа боловсруулж, жил бүрийн сумын төсөвтэй хамт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлуулах;
3.4.8.Сангийн үйл ажиллагааны үр дүнг энэ журмын 3.2, 3.3-т заасан байгууллагын өмнө хариуцах;
3.4.9.Хоршоо, ЖДҮҮЭ-д үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх болон бусад шаардлагатай асуудлаар мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх саналаа жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлэн, хамтран сургалт зохион байгуулах;
3.4.10.Сангаас олгосон зээлийн бүртгэл, хяналт, нэгтгэлийн системийг хөтөлж тайлан, мэдээг хянах, баталгаажуулах, тэдгээрийг тогтоосон хугацаанд хүргүүлэх;
3.4.11.Сангаас олгосон зээлийн эргэн төлөлтийн төлбөрийг зээлдэгч төлөхгүй тохиолдолд сумын Засаг дарга уг төлбөрийг төлүүлэх арга хэмжээг авч зээлийн дансанд төвлөрүүлнэ;
3.4.12.Сумын хоршоо жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Монголбанкны зээлийн мэдээллийн санд илгээх мэдээллийг Сангийн Төрийн сангийн дансанд төвлөрүүлсэн эргэн төлөлтийн баримтаар баталгаажуулан аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэнд илгээж хянуулна.
ДӨРӨВ.ХОРОО БОЛОН ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН, ЭРХ, ҮҮРЭГ
4.1.Хороо болон хяналтын зөвлөл тус бүр нь дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдсэн зургаан хүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд зөвлөлийн нарийн бичгийн даргаас бусад гишүүдийг давхардуулан ажиллуулахгүй.
4.2.Хорооны даргаар тухайн аймгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагын хоршооны асуудал хариуцсан нэгжийн дарга, гишүүдээр аймгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний асуудал хариуцсан байгууллагын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын санхүүгийн асуудал хариуцсан нэгжийн дарга, хоршоо, ЖДҮҮЭ-ийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр 2-оос доошгүй жил үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны хоёр төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн даргаар сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна. Дээрх шаардлагыг хангах төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо байхгүй тохиолдолд хоёр иргэнийг хорооны гишүүнээр ажиллуулж болно.
4.3.Хяналтын зөвлөлийн даргаар тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, гишүүдээр төсөв, төрийн сангийн мэргэжилтэн, аймгийн хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбооны хоёр төлөөлөл байх бөгөөд нарийн бичгийн дарга нь сумын хоршоо, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн байна.
4.4.Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо, иргэнийг төлөөлөх хорооны гишүүн дараах шаардлагыг хангасан байна.
4.4.1.Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй;
4.4.2.Сүүлийн хоёр жилд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан албан тушаал хашиж байгаагүй, суманд үйл ажиллагаа явуулдаг байх;
4.4.3.Хууль тогтоомжид заасан бусад шаардлага.
4.5.Хороо болон хяналтын зөвлөлийн үйл ажиллагааны зохион байгуулалтын хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дарга, гишүүд нь тус бүр саналын нэг эрхтэй, нарийн бичгийн дарга саналын эрхгүй байна.
4.6.Хорооны хуралдаанд саналын эрх бүхий дөрөв болон түүнээс дээш гишүүн оролцсоноор хүчинтэйд тооцогдох ба хуралдааны явцыг дуу хураагуур, дүрс бичлэгт буулган хадгалж, хуралдааны тэмдэглэл хөтөлж хадгална. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар шийдвэр гаргах ба санал тэнцсэн тохиолдолд хорооны даргын саналаар эцэслэн шийдвэрлэнэ.
4.7.Хороо нь өөрийн хуралдааны дэгийг батлах бөгөөд хуралдааны тэмдэглэлд оролцсон бүх гишүүд гарын үсэг зурж баталгаажуулна.
4.8.Хорооны төсөл сонгон шалгаруулсан шийдвэр нь тухайн төсвийн жилдээ хүчин төгөлдөр байна.
4.9.Сумын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг, хороо, хяналтын зөвлөл нь дараах үүрэгтэй:
4.9.1.Төслийг судлах болон төслийн хэрэгжилттэй танилцах явцад олж авсан мэдээлэл, баримт бичиг, хурлын шийдвэрийн талаар бусдад задруулахгүй байх;
4.9.2.Энэ журмын 4.9.1-т заасан мэдээлэл, сонгон шалгаруулалтад ирүүлсэн төслийг хувийн болон бусад этгээдийн ашиг сонирхолд үйлчлэх зорилгоор ашиглахгүй байх;
4.9.3.Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчид журам зөрчиж, давуу байдал бий болгохгүй байх;
4.9.4.Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, төсөл сонгон шалгаруулах, хяналт тавих үйл ажиллагаанд оролцох бүрд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдэгдлийг гаргах, албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл бүрт албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж энэ тухай хорооны болон хяналтын зөвлөлийн даргад бичгээр мэдэгдэх.
4.10.Сумын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн, нарийвчилсан судалгаа хийх ажлын хэсэг, хороо нь өөрийн судалсан төсөлд өгсөн үнэлгээг бүрэн хариуцна.
4.11.Энэ журмын 4.2, 4.3-т заасан шаардлагыг хангасан төрийн бус байгууллага тухайн аймаг, суманд байхгүй тохиолдолд сумын иргэдийн олонхын үзэл бодлыг төлөөлөх чадвар бүхий иргэнийг ажиллуулж болно.
ТАВ.ЗЭЭЛД ХАМРАГДАХ ТӨСӨЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА
5.1.Төсөл нь хэрэгжүүлэгчийн мэдээлэл, үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагаа, удирдлага зохион байгуулалт, хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэл, зах зээлийн судалгаа, эдийн засгийн тооцоо, дүгнэлт, хавсралт гэсэн хэсгээс бүрдэх бөгөөд эхлэх, төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт сайжруулалт, дуусгавар болох хугацааг тодорхой заасан байна.
5.2.Төсөл хэрэгжүүлэгчийн тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.2.1.Төслийн товч агуулга;
5.2.2.Хуулийн этгээдийн нэр;
5.2.3.а.Үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхэлж буй хаяг байршил;
5.2.3.б.Хуулийн этгээдийн албан ёсны хаяг;
5.2.3.в.Төсөл хэрэгжих байршил.
5.3.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны үйл ажиллагааны тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.3.1.Үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны технологийн ажиллагаа;
5.3.2.Түүхий эдийн чанарын үзүүлэлт, нөөц;
5.3.3.Үйлдвэрлэлийн хүчин чадал;
5.3.4.Хэрэгжүүлэх төсөлд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт.
5.4.Удирдлага зохион байгуулалт болон хүний нөөцийн удирдлагын тухай мэдээлэлд дараах зүйлийг тусгана:
5.4.1.Даргын иргэний үнэмлэхийн хуулбар;
5.4.2.Бүтэц, орон тоо;
5.4.3.Ажиллагсдын мэргэжил, мэргэшил, ур чадвар;
5.4.4.Шинээр бий болгох болон хадгалах ажлын байрны тоо.
5.5.Төсөлд дараах материалуудыг хавсаргасан байна:
5.5.1.Зээлийн хүсэлт;
5.5.2.Төслийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалд хамрагдах тооцоо;
5.5.3.Хөрөнгө оруулалтын тооцоо (өөрийн хөрөнгө оруулалтын хэмжээ, зээлийн зарцуулалтын тооцоо);
5.5.4.Төслийн өгөөж, хөрөнгө оруулалтыг нөхөх хугацаа;
5.5.5.Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, шаардлагатай бол тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, хоршооны тухай хуульд заасны дагуу хоршоодын холбоонд элсэж тодорхойлолт авсан байх;
5.5.6.Хуулийн этгээдийн хаягийн тодорхойлолт, дэлгэрэнгүй лавлагаа;
5.5.7.Барьцаалах үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн болон эзэмших эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, газрын гэрээ, кадастрын зургийн хуулбар;
5.5.8.Хэрэв зээлийн хэвийн үлдэгдэлтэй бол зээлийн гэрээ, зээлийн дансны баталгаажсан хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар;
5.5.9.Сүүлийн жилийн санхүүгийн баталгаажсан тайлан;
5.5.10.Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчээр бүртгүүлсэн тухай тухайн жилийн тодорхойлолт;
5.5.11.Нийгмийн даатгалд хамруулсан ажилтны тоо, төлж байгаа шимтгэлийн хэмжээ болон нийгмийн даатгалын байгууллагад төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх тодорхойлолт;
5.5.12.Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт;
5.5.13.Төлсөн татварын хэмжээ болон төсөл илгээх сүүлийн өдрийн байдлаар татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй талаарх харьяа татварын албаны тодорхойлолт;
5.5.14.Тухайн төсөл болон зээлдэгчийн талаарх мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэх, холбогдох төрийн байгууллагаас мэдээлэл авах, цуглуулах, ашиглахыг зөвшөөрсөн тухай мэдэгдэл;
5.5.15.Төсөл бүрэн хэрэгжүүлэх баталгаа.
5.6.Төсөл, түүнд хавсаргасан материалын үнэн зөв байдлыг төсөл ирүүлэгч хоршоо, ЖДҮҮЭ бүрэн хариуцна.
ЗУРГАА.САНГИЙН ХӨРӨНГӨӨР САНХҮҮЖҮҮЛЭХ ТӨСЛИЙН САНАЛ ХҮЛЭЭН АВАХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, САНХҮҮЖҮҮЛЭХ
6.1.Хоршоо, ЖДҮҮЭ нь Сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн талаарх саналаа тогтоосон хугацаанд энэ журмын 3.2.2-т заасан хороонд хүргүүлнэ.
6.2.Хороо нь төслийг хоршоо болон ЖДҮҮЭ-ийг онооны нийлбэрээр ихээс бага руу эрэмбэлэн тэргүүн ээлжид хоршоонд, эх үүсвэр үлдвэл ЖДҮҮЭ-д олгохоор зээлийн эх үүсвэрт багтаан жагсаалтыг батална.
6.3.Сангаас зээл авах хүсэлт ирүүлсэн хоршоо, ЖДҮҮЭ нь дараах шаардлагыг хангасан байна:
6.3.1.Тухайн суманд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулдаг байх;
6.3.2.Монголбанкны зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлийн өргүй байх;
6.3.3.Зээлийн хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, хугацаанд нь төлөх төлбөрийн чадвартай, барьцаа хөрөнгөтэй байх;
6.3.4.Хоршоолох үйл ажиллагаа болон жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэх талаар зохих мэдлэг, туршлагатай байх.
6.4.Энэ журмын 6.3-т заасан шаардлагыг хангасан хоршоо, ЖДҮҮЭ-ийн боловсруулсан төсөл дараах нийтлэг шалгуурыг хангасан байна:
6.4.1.Тухайн суманд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ, хоршоог хөгжүүлэх бодлогын хүрээнд орон нутгийн нөөцөд түшиглэн үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгох, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн байх;
6.4.2.Төслийн хүрэх үр дүн, зорилт тодорхой байх;
6.4.3.Гэрээний хугацаанд зээлийг эргэн төлөх боломжтой байх;
6.4.4.Төслийн зээлийн мөнгөн дүнд хүрэлцэхүйц барьцаа хөрөнгөтэй байх;
6.4.5.Төслийг хэрэгжүүлэх явцад учирч болзошгүй эрсдэлийг бодитой тодорхойлсон, даван туулах арга замыг тусгасан байх;
6.4.6.Ажлын байр хадгалж, нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
6.4.7.Хоршооны гишүүнчлэлийг хадгалж, нэмэгдүүлсэн байх;
6.4.8.Хоршооны гишүүдийн оролцоог тусгасан байх.
6.5.Зээл авахаар хүсэлт ирүүлсэн хоршоо, ЖДҮҮЭ нь бизнес төлөвлөгөөгөө танилцуулах, хороо нь төсөл сонгон шалгаруулах, үнэлэх үйл явцыг олон нийтэд ил тод, нээлттэй зохион байгуулна.
6.6.Сангаас олгох зээлийн төсөл сонгон шалгаруулалтыг 3 үе шаттайгаар үнэлнэ.
6.6.1.Сумын жижиг, дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн нь тухайн төслийн иж бүрдэл хангасан эсэхийг шалгаж, иж бүрдлийг хангасан бол төслийн урьдчилсан судалгааг хийж 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг дараагийн шатанд шилжүүлнэ;
6.6.2.Төсөлд нарийвчилсан судалгааг тухайн сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хийж, 100 хүртэл оноогоор дүгнэх ба 70-аас дээш оноо авсан төслийг хорооны шатанд шилжүүлнэ;
6.6.3.Төсөл сонгон шалгаруулах хороо нь хурлаар хэлэлцэж гишүүн тус бүр төслийг 100 хүртэл оноогоор дүгнэн, гишүүдийн дундаж оноог гарган, 3 шатны нийлбэр оноог ихээс бага руу эрэмбэлсэн жагсаалтыг энэ журмын 6.2-т заасны дагуу баталж, шийдвэрийг ажлын 3 хоногийн дотор тухайн сумын Засаг даргад хүргүүлнэ.
6.7.Төсөл сонгон шалгаруулах хорооны шийдвэрийг тухайн сумын Засаг дарга хүлээн авч баталгаажуулан, эрэмбэлсэн жагсаалтын дагуу санхүүжүүлнэ.
6.8.Сумын Засаг дарга төсөл хэрэгжүүлэгчтэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулна. Гэрээ байгуулснаас хойш ажлын 7 хоногийн дотор зээлийн санхүүжилтийг төсөл хэрэгжүүлэгчийн дансанд шилжүүлнэ.
6.9.Сангаас зээл авсан хоршоо, ЖДҮҮЭ нь зээлийн эрсдэлийн болон хөрөнгийн даатгалд жил бүр заавал даатгуулна. Авсан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд сангийн дансанд буцаан төлнө.
6.10.Сумын Засаг дарга зээлдэгчийн талаарх дараах баримт бичгийг эх хувиар нь баримтжуулан хадгална:
6.10.1.Энэ журмын 5.1-д заасан төсөл, 5.5-д заасан баримтууд;
6.10.2.Хорооны шийдвэр, хурлын тэмдэглэл, бусад;
6.10.3.Зээлийн болон барьцааны гэрээ;
6.10.4.Барьцаа хөрөнгийн үнэлгээний жагсаалт, барьцаалсан үнэ, барьцаалсан эд хөрөнгийн гэрчилгээний эх хувь болон барьцаа хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлж барьцаалбар үйлдсэн тухай баримтыг хавсаргана;
6.10.5.Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, санхүүжилт шилжүүлсэн хуулга;
6.10.6.Холбогдох бусад баримт бичиг.
6.11.Сумын Засаг дарга энэ журмын 6.10-д зааснаас гадна төслийн хэрэгжилтийн явцын талаарх хяналтын зөвлөлийн тайлан, үр дүнгийн талаарх бусад мэдээллийг тухай бүр баримтжуулан хадгалж, цахим архив үүсгэнэ.
ДОЛОО.САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ТАЙЛАГНАХ, ХЯНАЛТ ТАВИХ
7.1.Сангийн хөрөнгийн зарцуулалт, үйл ажиллагааны үр дүнг дараах зохистой харьцааны шалгуур үзүүлэлтээр үнэлнэ.
№ | Шалгуур үзүүлэлт | Зохистой харьцаа (жилээр) |
1 | Зээлийн эргэн төлөлт | Нийт хөрөнгийн 30-аас доошгүй хувийг бүрдүүлсэн байх |
2 | Чанаргүй зээлийн хэмжээ | Нийт хөрөнгийн 10 хувиас бага байх |
3 | Хяналт тавих үйл ажиллагаа | Жилд 2-оос доошгүй удаа |
4 | Олон нийтэд тайлагнасан байх | Жилд 1-ээс дээш |
5 | Тайлан, мэдээ | Улирал бүр |
6 | Ажлын байр нэмэгдүүлсэн байх | Зээлийн 50 сая төгрөг тутамд нэгээс доошгүй ажлын байр шинээр бий болгосон байх |
7.2.Сангийн үйл ажиллагаа нийтэд ил тод, нээлттэй байна. Сангийн хөрөнгийн зарцуулалт, ашиглалт, эргэн төлөлт, тайлагналтад хяналтын зөвлөл хяналт тавина.
7.3.Сангийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг сумын Засаг дарга хариуцан арилгах бөгөөд хөнгөлөлттэй зээлийг зориулалтын бусаар зарцуулсан, зээлийн гэрээнд заасан заалтыг зөрчсөн зээлдэгчийн зээлийн гэрээг цуцалж, зээлийг Сангийн дансанд буцаан төвлөрүүлэх ажиллагааг зохион байгуулна.
7.4.Хяналтын зөвлөл сангийн хөрөнгийн зарцуулалт, зээлийн ашиглалт, эргэн төлөлтөд хяналт тавихдаа дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
7.4.1.Зээл авсан хоршооны үйл ажиллагааны үр дүнгийн тайлан, санхүүгийн буюу мөнгөн гүйлгээ, зээлийн эргэн төлөлтийн тайлан, дансны мэдээллийг гаргуулан авах;
7.4.2.Сангийн үйл ажиллагаанд улирал бүр хяналт шалгалт хийж, дүнг тухайн сумын нийт иргэдэд мэдээлж, дараа улирлын эхний сарын 10-ны дотор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга болон аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагад хүргүүлнэ;
7.4.3.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллагын хамт жилд нэгээс доошгүй удаа сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, дүнг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон жижиг, дунд үйлдвэрийн бодлогын хэрэгжилт хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухай бүр хүргүүлэх.
7.5.Сумын Засаг дарга сангийн орлого, зарлагын гүйцэтгэлийн мэдээг улирлаар, тайланг жилээр тус тус гаргаж, улирлын мэдээг дараа улирлын эхний сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор тухайн аймгийн Засаг даргад хүргүүлнэ.
7.6.Аймгийн Засаг дарга энэ журмын 7.5-т заасан жилийн тайланг нэгтгэн дараа оны 2 дугаар сарын 10-ны өдрийн дотор Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
7.7.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ журмын 7.6-д заасан тайланг нэгтгэн, мөн журмын 7.9-д заасан аудитын дүгнэлтийн хамт тухайн жилийн I улиралд багтаан Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.8.Аймгийн жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан байгууллага сангийн үйл ажиллагаа, орлого, зарлагын гүйцэтгэлд жил бүр хөндлөнгийн аудит хийлгэж, нэгдсэн аудитын дүгнэлтийг тухайн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцүүлж, дүгнэлтийг Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 5 дугаар сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ.
7.9.Зээлдэгч нь төслийг зориулалтын дагуу хэрэгжүүлж, зээл, зээлийн хүүгийн төлбөрийг гэрээний үүргийн дагуу төлж, төслийн талаарх тайланг жилд нэг удаа сумын иргэд, олон нийтэд тайлагнана.
7.10.Хоршоо, ЖДҮҮЭ нь сумын иргэдийн хоршиж хөдөлмөрлөх идэвх санаачилгыг дэмжих, шинээр ажлын байр бий болгох, ажлын байрыг тогтвортой хадгалах, эрүүл, аюулгүй хүнс, үйлчилгээгээр хангах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог бүрдүүлэх, орон нутгийн нийгэм эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах үүрэг хүлээнэ.
НАЙМ.ИЛ ТОД БАЙДАЛ
8.1.Төсөл сонгон шалгаруулалтад шалгараагүй төслүүдийн баримт бичгийг үндэслэл, тайлбарын хамт төсөл ирүүлэгчид буцаана.
8.2.Хорооны хурлын шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногт багтаан шалгарсан зээлдэгчийн мэдээллийг аймаг, сумын Засаг дарга цахим хуудсаараа дамжуулан мэдээлнэ.
8.3.Зээлдэгчийн нэр, регистрийн дугаар, шалгарсан төслийн нэр, үйл ажиллагааны чиглэл, төсөл хэрэгжих байршил, сонгон шалгаруулсан шийдвэрийг Шилэн дансны тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дагуу байгууллагын шилэн данс, цахим хуудсаараа дамжуулан нийтэд ил тод мэдээлнэ.
ЕС.ЗЭЭЛДЭГЧИЙН МЭДЭЭЛЛИЙН САН
9.1.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлдэгчийн холбогдох мэдээллийг агуулсан Зээлийн мэдээллийн нэгдсэн санг хөтөлнө.
9.2.Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зээлийн ангиллыг тогтоохдоо Монголбанкны Ерөнхийлөгч, Сангийн сайд нарын хамтарсан тушаалаар баталсан "Активыг ангилах, активын эрсдэлийн сан байгуулж, зарцуулах журам"-ыг баримтална.
9.3.Зээлийн мэдээллийн тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэдээллийг Монголбанкны зээлийн мэдээллийн санд тогтмол нийлүүлнэ.
АРАВ.ЗЭЭЛИЙГ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
10.1.Хяналтын зөвлөл нь зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн эргэн төлөлт, зээлийн хүү, алдангийг тухай бүр төлүүлж буйд хяналт тавина.
10.2.Эргэн төлөлтийн хуваарь нь нийт төлбөр тэнцүү тооцох аргачлалаар үндсэн зээл болон хүүгийн нийт төлбөрийн дүн сар бүр тэнцүү дүнтэй байна.
10.3.Зээлдэгч нь зээлийг гэрээнд заасан хугацааны дотор эргэн төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь чанаргүй активын ангилалд оруулж, Монголбанкны зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчийн ангилалд бүртгэнэ.
10.4.Зээлдэгчийн гэрээнд эрсдэл үүссэн тохиолдолд зээлийн хөрөнгийг эргүүлэн татах ажиллагааг сумын Засаг дарга болон хяналтын зөвлөл хариуцан зохион байгуулна. Энэхүү зохицуулалтыг зээлийн гэрээгээр нарийвчлан зохицуулна.
АРВАННЭГ.ХАРИУЦЛАГА
11.1.Сангийн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулаагүй, энэ журамд заасныг зөрчиж төсөл сонгон шалгаруулсан, төслийн хэрэгжилтэд зохих журмын дагуу хяналт тавьж ажиллаагүй нь эрх бүхий этгээдийн хяналт шалгалтаар тогтоогдсон бол тухайн сумын Засаг дарга болон холбогдох бусад албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлд заасны дагуу хариуцлага хүлээлгэж сангийн хохирлыг барагдуулна.
11.2.Энэ журмыг зөрчсөн гэм буруутай этгээд санд учирсан хохирлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцан барагдуулна.
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх