- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2025 оны 07 дугаар тогтоол)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2026 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 165
Улаанбаатар хот
ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг, Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар тогтоолын 1 дэх заалтын 8 дахь дэд заалтыг доор дурдсанаар өөрчлөн баталсугай:
"8/Боловсролын яам:
1.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар (Насан туршийн суралцахуй, тэгш хамруулах сургалтын хэлтэс, Хоол үйлдвэрлэлийн хэлтэстэй);
2.Дээд боловсролын бодлогын газар (Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын хэлтэстэй);
3.Ерөнхий боловсролын бодлогын газар (Сургуулийн өмнөх боловсролын хэлтэстэй);
4.Цахим боловсролын бодлого, өгөгдлийн шинжилгээний газар (Өгөгдлийн шинжилгээ, статистикийн хэлтэстэй);
5.Гадаад харилцааны газар;
6.Боловсролын эдийн засаг, санхүүгийн бодлогын газар;
7.Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар (Салбарын хяналтын хэлтэстэй);
8.Төрийн захиргааны удирдлагын газар (Хууль, эрх зүйн хэлтэстэй)."
2.Мөн тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 8 дахь мөрний "Орон тооны хязгаар" баганын "120" гэснийг "95" гэж өөрчилсүгэй.
3.Мөн тогтоолын 9 дүгээр хавсралтаар баталсан "Боловсролын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай.
4."Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тооны талаар хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Засгийн газрын тохируулагч болон хэрэгжүүлэгч зарим агентлагийн орон тооны дээд хязгаар"-ын 21 дэх мөрний "Орон тооны хязгаар" баганын "91" гэснийг "120" гэж өөрчилсүгэй.
5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр болон зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн баталж, хэрэгжилтийг ханган ажиллахыг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.
6.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 53 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ
БОЛОВСРОЛЫН САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
Текст томруулах
A
A
A
Нүүр
Сонсох / Сонгосон утга сонсох
Pdf
Word
Хэвлэх