A

A

A

  • Нүүр
  • Дүгнэлт
  • Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ТОГТООЛ

2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр

Дугаар 03

Улаанбаатар хот

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн холбогдох заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 14.00 цаг

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ж.Эрдэнэбулган, Д.Гангабаатар, О.Мөнхсайхан, Э.Энхтуяа, Ц.Цолмон, Б.Болдбаатар, Р.Батрагчаа /илтгэгч/ нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Их суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Г.Нацагдорж болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар оролцлоо.

Энэхүү хуралдаанаар Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн заалтын "... зөвхөн нэг удаа ..." гэж заасан нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн хяналтын журмаар хянан хэлэлцэв.

Нэг. Монгол Улсын иргэн Г.Нацагдорж Үндсэн хуулийн цэцэд хандаж ирүүлсэн мэдээлэлдээ:

"Монгол Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчилсэн найруулгаар баталсан бөгөөд уг хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг "... зөвхөн нэг удаа томилно." гэжээ. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн хугацаа зургаан жил байхаар хуульчилсан бөгөөд түүнийг улируулан томилох эсэх асуудалд Үндсэн хуулиар аливаа хязгаарлалт тогтоогоогүй байхад Үндсэн хуулийн утга агуулгыг хэт явцууруулан зохицуулсан байна.

Дээрх зохицуулалттай агуулгын хувьд ижил асуудлыг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хянан үзсэн байх бөгөөд нэр бүхий иргэдээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт "Ийнхүү Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан хязгаарлалт нь Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй байна." хэмээн дүгнэж байжээ. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг тухайн үед Улсын Их Хурлын мөн оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч дээрх хуулийн заалтыг хүчингүй болгосон байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хэрэв тухайн албан тушаал болон тухайлсан зохицуулалтад "зөвхөн нэг удаа" эсхүл "нэг удаа" гэх агуулгаар тодотгон зохицуулах хэлбэрээр бүрэн эрхийн хугацаа, хязгаарыг тогтоож өгсөн байдаг. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгүй ажлын өдөр чуулна.", Гучдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Ерөнхийлөгчөөр тавин нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно.", Дөчин есдүгээр зүйлийн 5 дахь хэсэгт "Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж томилно. Тэдгээр нь дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа ажиллах бөгөөд Зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно. ...", Жаран тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Үндсэн хуулийн цэцийн даргаар есөн гишүүний аль нэгийг гурван жилийн хугацаагаар гишүүдийн олонхийн саналаар сонгоно. Түүнийг нэг удаа улируулан сонгож болно." зэргээр тусгайлан зохицуулсан байна.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтээр тогтоож, Улсын Их Хурлаас хүлээн авч хүчингүй болгосон заалтыг шууд буюу агуулгаар нь дахин сэргээсэн байх тул дээрх маргаан бүхий заалтыг хянан үзэж Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн зохицуулалтыг хүчингүй болгож өгөхийг хүсье." гэжээ.

Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар Үндсэн хуулийн цэцэд гаргасан тайлбартаа:

"1.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилохоор заасан байх бөгөөд түүнийг улируулан томилох эсэх талаар тусгайлан зохицуулаагүй.

2.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр 2012 оны Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасан буюу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг зөвхөн нэг удаа томилох агуулгаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн холбогдох заалтыг явцууруулсан гэж үзэх үндэслэлтэй хэмээн дүгнэж, түдгэлзүүлснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрч Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар уг заалтын "нэг удаа" гэснийг хасаж Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээ авч байжээ.

3.Гэтэл Улсын Их Хурлаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн найруулж батлахдаа 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийг "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн томьёоллоор баталсан байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно." гэж, Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, ... нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж, Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалтыг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх арга хэмжээг авах шаардлагатай гэж үзэж байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц (цаашид "Үндсэн хуулийн цэц" гэх) 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурал (цаашид "Улсын Их Хурал" гэх)-аас 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасны "... нэг удаа ..." гэсэн хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно." гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн байна. Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Улсын Их Хурлын 77 дугаар тогтоолоор хүлээн зөвшөөрч, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсгийн "... нэг удаа ..." гэснийг 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлээр хассан байна. Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөөр уг дүгнэлт Үндсэн хуулийн цэцийн эцсийн шийдвэр болсон байна.

2.Улсын Их Хурлаас 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн заалтын "... зөвхөн нэг удаа ..." гэсэн хэсэг нь Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэж заасны "... нэг удаа ..." гэсэн хэсэгтэй эрх зүйн үр дагавар болон агуулгын хувьд адил байна.

3.Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон дээрх хуулийн заалтыг Улсын Их Хурал агуулгаар нь дахин сэргээсэн нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэр эцсийн байх зарчим (res judicata)-ыг алдагдуулсан байна. Тодруулбал, Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн." гэж, Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн." гэж, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, түүнчлэн Засгийн газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хүчингүй болно." гэж, Жаран долдугаар зүйлд "Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно." гэж, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг зөрчсөн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 4 дэх хэсэг, Жаран долдугаар зүйл, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 12 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэгт "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор шүүгчдийнх нь дотроос Ерөнхийлөгч зургаан жилийн хугацаагаар нэг удаа томилно." гэсэн заалтын "... нэг удаа ..." гэсэн хэсгийг Улсын Их Хурал 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуулиар агуулгаар нь дахин сэргээсэн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсгийн "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно." гэсэн заалтын "... зөвхөн нэг удаа ..." гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2.Энэхүү тогтоол эцсийн шийдвэр тул гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ

Г.БАЯСГАЛАН

ГИШҮҮД

Ж.ЭРДЭНЭБУЛГАН

Д.ГАНГАБААТАР

О.МӨНХСАЙХАН

Э.ЭНХТУЯА

Ц.ЦОЛМОН

Б.БОЛДБААТАР

Р.БАТРАГЧАА