A

A

A

  • Нүүр
  • Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл
  • ЖАГСААЛТ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ, ТӨЛБӨРИЙН АРГА, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /"Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар
Бүлэг: 1979

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2026 оны 5 дугаар сарын 26-ны өдөр

Дугаар 07

Улаанбаатар хот

Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам батлах тухай

  Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.9.8, 14.9.12 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1."Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, төлбөрийн хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээг санхүүжүүлэх төлбөрийн арга"-ыг хоёрдугаар хавсралтаар, "Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээний нэгж тохиолдлыг тооцох, санхүүжүүлэх журам"-ыг гуравдугаар хавсралтаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх журам"-ыг дөрөвдүгээр хавсралтаар, "Төрөөс төлбөрийг нь хариуцах зарим өвчин эмгэг, түүний эмийн жагсаалт, хэлбэр, тун"-г тавдугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

2.Дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга (Н.Эрдэнэбаяр)-д даалгасугай:

1/энэ тогтоол батлагдсантай холбоотой эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж, нэгдсэн мэдээлэл хүргүүлэх;

2/эрүүл мэндийн байгууллагын бүтэц, үйл ажиллагааны стандарт болон зардлыг нэмэгдүүлж байгаа зарим тушаал, шийдвэрт үнэлгээ хийж үр ашгийг сайжруулах арга хэмжээг авч ажиллах;

3/холбогдох эмнэлгийн тусламж, үйлчилгээний эмнэлзүйн заавар, удирдамжийг шинэчлэн батлуулж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эмнэлзүйн үр дүнг сайжруулах цогц арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;

4/хүн амын эрүүл мэндийн эрэлт хэрэгцээнд үндэслэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас худалдан авах тусламж, үйлчилгээний тэргүүлэх чиглэлийг тогтоох, тусгай зөвшөөрөл, магадлан итгэмжлэлийн журам, шалгуурыг шинэчлэх замаар шаардлагагүй эмчилгээ, үйлчилгээг бууруулах бодлогын арга хэмжээг тодорхойлох;

5/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд ашиглаж байгаа анхдагч өгөгдлийг цахимжуулж, холбогдох маягтыг боловсруулж, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах замаар эмч, эмнэлгийн мэргэжилтний ажлын ачааллыг бууруулах, тусламж, үйлчилгээний өртгийн мэдээлэл болон нэхэмжлэлийг бодит цагийн горимд шилжүүлэх цогц арга хэмжээг авч ажиллах;

6/Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарь болон түүнд үндэслэсэн эрүүл мэндийн байгууллагуудын төсөв, тоо хэмжээнд хяналт тавих, төсвөөс давсан зардал төлөвлөхгүй байх, Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцлийг хангаж, өр төлбөргүй ажиллахад хяналт тавих, төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн зардлыг бодитоор төлөвлөх, орлоготой нийцсэн зарцуулалтын эрхийг нээж, санхүүжилтэд хяналт тавих, өр төлбөр үүсгэж ажилласан төсвийн байгууллагын захирагч нарт Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт заасан хариуцлага тооцох;

7/тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлогын хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгээс үзүүлж байгаа зарим тусламж, үйлчилгээг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгт нутагшуулах төлөвлөгөөг боловсруулан батлуулж, хэрэгжилтийг зохион байгуулах;

8/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний шатлалын бодлого, эмнэлэг хооронд өвчтөн шилжүүлэх журмыг боловсронгуй болгож, иргэнийг зохих эрүүл мэндийн байгууллагаас шаардлагатай тусламж, үйлчилгээг авч, давхардлыг арилгах;

9/уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, батлуулах;

10/сэргээн засах тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах, журам зохицуулалтыг боловсронгуй болгон шинэчлэх;

11/энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээг бүтэн жилээр хийж, тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх;

12/төрийн болон орон нутгийн өмчийн эрүүл мэндийн байгууллагын орлого, зарлагад үнэлгээ хийх, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтыг нэгдсэн удирдлагаар ханган үр ашгийг сайжруулах.

3.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (Ц.Батбаатар)-т даалгах нь

1/энэ тогтоолын 1 дэх заалтад заасан төлбөрийн хэмжээ, төлбөрийн аргын дагуу эрүүл мэндийн байгууллагад төсөв хуваарилах аргачлалыг хүн амын эрэлт, бүсчлэл, төвлөрөл сааруулах бодлого, эрүүл мэндийн байгууллагын чадамж, гэрээний хэрэгжилтийн үр дүн зэрэгт үндэслэн боловсруулж, түүний дагуу ил тод, оновчтой хуваарилж, гэрээг байгуулж, тусламж, үйлчилгээг худалдан авах;

2/Эрүүл мэндийн даатгалын сангийн тухайн жилийн батлагдсан төсвийн сар, улирлын хуваарьт үндэслэсэн эрүүл мэндийн байгууллагуудын гэрээг төсвийн хязгаараас хэтрүүлэн байгуулах, журамд зааснаас бусад гэрээнд заасан тоо хэмжээ, төсвөөс хэтэрсэн нэхэмжлэл хүлээн авах, санхүүжилт олгохыг хориглох бөгөөд хэрэв үүнийг зөрчсөн бол холбогдох албан тушаалтанд хариуцлага тухай бүр тооцож, Эрүүл мэндийн даатгалын сангийн тэнцлийг хангаж ажиллах;

3/эрүүл мэндийн байгууллага холбогдох журамд заасныг зөрчиж, даатгуулагчаас нэмэлт төлбөр авсан тохиолдолд холбогдох хариуцлага тооцож, гэрээг түдгэлзүүлэх, цуцлах, тухайн нэхэмжлэлийг хүчингүй болгох, даатгуулагчийг хохиролгүй болгож, тухайн эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилсон эрх бүхий байгууллагад мэдэгдэл хүргүүлэх;

4/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нэхэмжлэлийг иргэн, даатгуулагчийн хурууны хээ болон орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээний Хур системээс бүрэн баталгаажуулсан тохиолдолд хүлээн авах

5/энэ тогтоол батлагдсантай холбоотой эрүүл мэндийн даатгалын цахим системд шаардлагатай нэмэлт, өөрчлөлт хийх;

6/эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан зарим эрүүл мэндийн байгууллагын гүйцэтгэлд үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авч эрүүл мэндийн байгууллагатай байгуулах гэрээний дүн, тоо хэмжээнд өөрчлөлт оруулах;

7/Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээний багц, төлбөрийн хэмжээ, журам, гэрээт эрүүл мэндийн байгууллага болон шимтгэл төлөлтийн талаар даатгуулагчид зориулсан гарын авлага, контент бэлтгэж хэвлэл мэдээллийн бүх төрлийн аргыг хэрэглэн сурталчлан таниулах арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах;

8/гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад энэ тогтоол, түүний хавсралтаар баталсан төлбөрийн хэмжээ, журам, төлбөрийн аргын талаар цогц сургалтыг танхимын болон цахим хэлбэрээр үр дүнтэй хийх, контент боловсруулан тогтмол ашиглах боломжийг бүрдүүлэн сургалт зохион байгуулах;

9/энэ тогтоолын хэрэгжилтийн явцад хагас, бүтэн жилээр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд хүргүүлэх.

4.Эрүүл мэндийн байгууллагын дарга /захирал/ нарт дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасугай:

1/Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.2 дахь заалтын дагуу жил бүрийн төсвийн зарлагыг орлого болон санхүүжүүлэх бусад эх үүсвэрээр нь бүрэн нөхдөг байхаар төлөвлөн баталж, хэрэгжүүлэх, мөн зүйлийн 6.4.1 дэх заалтын дагуу төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах, мөн зүйлийн 6.4.8 дахь заалтын дагуу төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх зарчмыг хэрэгжүүлэх;

2/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын бүрэлдэхүүнд багтсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх зардлыг нэн тэргүүнд санхүүжүүлэх, зардлын бүрэлдэхүүнд багтаагүй хөрөнгө оруулалт, их засвар болон зориулалтын бус зардлыг санхүүжүүлэхгүй байх;

3/эрүүл мэндийн даатгалын байгууллагатай байгуулсан гэрээнд заасан төсөв, тоо хэмжээнд үндэслэн эмнэлгийн үйл ажиллагааны оновчтой удирдлагыг зохион байгуулах

4/төрөөс төлбөрийг нь хариуцах эмийн татан авалтыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж ажиллах;

5/эмнэлгийн тусламж, үйлчилгээний үр дүнг сайжруулах, төвлөрлийг сааруулах, тусламж, үйлчилгээг зохих шатлалд үзүүлэх, шаардлагагүй оношилгоо, шинжилгээ, эмчилгээ үзүүлэхээс татгалзаж ажиллах замаар санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх;

6/эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хяналт, санхүүжилт, төлбөр тооцооны программ, нэхэмжлэлийг хянахад шаардлагатай анхан шатны маягтын мэдээллийг цахим системд оруулж, бодит цагийн горимд шилжүүлж журамд заасны дагуу илгээх, энэ тогтоолын хавсралтаар баталсан тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээ болон журамд заасан зохицуулалттай холбоотой хөгжүүлэлт хийж үйл ажиллагаандаа мөрдөх;

7/иргэн, даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ хурууны хээ болон орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан төрийн үйлчилгээний Хур системээс бүрэн баталгаажуулж илгээх;

8/иргэн, даатгуулагчийг эрүүл мэндийн даатгал, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх тусламж, үйлчилгээ, энэ тогтоолын талаар үнэн зөв мэдээллээр хангах;

9/эрүүл мэндийн салбарын эрэлт, нийлүүлэлтийн бодлоготой уялдуулан эмнэлгээс үзүүлэх тусламж, үйлчилгээний төрөл, зохион байгуулалтыг иргэн, даатгуулагчид сөргөөр нөлөөлөхгүйгээр шинэчлэн зохион байгуулах.

5.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Жагсаалт, төлбөрийн хэмжээ, төлбөрийн арга, журам шинэчлэн батлах тухай" Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 04, 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

6.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын алба (Ц.Сарантуяа), Эрүүл мэндийн яамны Салбарын хяналт, дотоод аудит, хяналт шинжилгээ, үнэлгээний газар (Б.Янжмаа) нарт даалгасугай.

ДАРГА Э.БАТШУГАР