A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2026 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 233

Улаанбаатар хот

"ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НЭГДСЭН СИСТЕМ (E-BUSINESS)"-ИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1.Төрөөс хуулийн этгээдэд үзүүлж байгаа үйлчилгээг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр дамжуулан цахим хэлбэрээр үзүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгаж, шүүх, прокурор болон Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог төрийн байгууллагын удирдлагуудад тус тус зөвлөсүгэй.

2.Хуулийн этгээд байгуулах болон хуулийн этгээдийн үйл ажиллагааг дуусгавар болгох хүсэлтийг "Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ээр хүлээн авч шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх талаар холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин нарт тус тус даалгасугай.

3."Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ийн 2.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүлж, системийн бэлэн байдал, шаардлагатай дэд бүтцээр хангаж ажиллахыг "И-Монгол академи" УТҮГ (М.Баттулга), "Үндэсний дата төв" УТҮГ (Б.Дагвасүмбэрэл)-т, мэдээлэл хариуцагч байгууллагуудад мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулахыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар (Ц.Борхүү)-т тус тус үүрэг болгосугай.

4."Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (e-business.mn)"-ийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг 2026 оны 06 дугаар сард багтаан цахим хэлбэрээр зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номинд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ

ЦАХИМ ХӨГЖИЛ, ИННОВАЦ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД Ч.НОМИН