A

A

A

  • Нүүр
  • Улсын Их Хурлын тогтоол
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2026 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 15

Төрийн ордон, Улаанбаатар хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг бүрдүүлэх, үнэлэхэд гарч байгаа алдаа дутагдал, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчиж, хязгаарлаж байгаа явдал, хүний халдашгүй байх эрх зөрчигдөх нөхцөл арилахгүй байгаа төдийгүй эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль зөрчсөн шийдвэр, шүүхийн хараат бус байдалд эргэлзээ үүсгэх нөхцөл, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгаа явдал нь тухайн тохиолдол бүрийн алдаа бус, системийн шинжтэй доголдол мөн болохыг тэмдэглэж, тэдгээрийг арилгах, хүний эрхийн баталгааг бодитой хангах зорилгоор дараах бодлогын болон зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т үүрэг болгосугай.

1/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүний эрхийн суурь баталгааг бодитой хангах зорилгоор дараах арга хэмжээг шалгуур үзүүлэлт, тогтмол хяналт, шинжилгээ, хариуцлагын тогтолцоонд тулгуурлан хэрэгжүүлэх:

а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүйгээр байцаалт явуулах, мэдүүлэг авах хууль бус явдлыг бүрэн таслан зогсоож, байцаалт бүрийг өмгөөлөгчийн оролцоотой явуулсан эсэхийг бүртгэлжүүлэх, зөрчлийн тохиолдлыг улирал тутам тайлагнах, илэрсэн зөрчилд сахилгын болон хууль, эрх зүйн хариуцлага ногдуулах нэгдсэн журам баталж мөрдүүлэх;

б/цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хэрэглээг хуульд заасан үндэслэл, шалгуурт нийцүүлэн хатуу хязгаарлах, цагдан хорих шийдвэрийн үндэслэл, хугацаа, сунгалтыг нэгдсэн сангаар бүртгэх, сар бүрийн хяналт, шинжилгээгээр шалгуурт нийцээгүй тохиолдлыг илрүүлж, бууруулах зорилтот үзүүлэлт тогтоох, үндэслэлгүй хэрэглэсэн тохиолдолд хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлж хэрэгжүүлэх;

в/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлттулгах болон бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байх хуулийн зохицуулалтын хэрэгжилтийг хангаж, ийнхүү олж авсан нотлох баримтыг шүүхийн шатанд хассан тохиолдлын тоо, үндэслэл, шалтгаан, холбогдох этгээдэд хариуцлага тооцсон эсэх талаар тогтмол нэгтгэн дүгнэж байх, прокурорын хяналтын шатанд нотлох баримтын хууль ёсны байдлыг урьдчилан хянах механизмыг бүрдүүлэх;

г/эрүүгийн хэрэг хаах, сэргээх, хөөн хэлэлцэх хугацаа тооцох асуудлаарх хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор нэгдсэн тайлбар, аргачлал батлан мөрдүүлэх, шүүх, прокурорын байгууллагын практикт гарч буй зөрүүг хагас жил тутам нэгтгэн дүгнэж, шаардлагатай тохиолдолд тайлбар, аргачлалыг шинэчлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулах;

д/прокурор, мөрдөгчийн хүний эрхийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг системтэйгээр дээшлүүлэх хүрээнд сургалтыг жил бүрийн батлагдсан хөтөлбөрөөр тогтмол зохион байгуулах, оролцоо, үнэлгээ, ахицын шалгуур үзүүлэлт тогтоох, хяналт, шинжилгээ, гүйцэтгэлийн үнэлгээг хүний эрхийн шалгуур үзүүлэлттэй уялдуулж, сахилга, хариуцлагын тогтолцоог бодитоор хэрэгжүүлэх.

2/"Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай" Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтын 4.1.1.1-д "Иргэний үндсэн эрхийн маргааныг шийдвэрлэх ... чиглэлээр Үндсэн хуулийн цэцийн бүрэн эрхийг тодотгоно." гэж, 4.2.1.14-т "Гэрч, хохирогчийг хамгаалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах алба шинээр байгуулж, хохирогчийн эрхийг хангах, хохирол барагдуулах үйл ажиллагааг шинэ шатанд гаргана." гэж заасныг тус тус хэрэгжүүлэх хүрээнд дараах асуудлыг тусган холбогдох хуулийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх:

а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан албыг шинээр байгуулах асуудлыг тусган холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

б/хохирогчийн эрхийг сэргээх зохицуулалтын хүрээнд эрүү шүүлт, хууль бус баривчилгаа, хилс ял, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлөөс үүдэн хохирсон иргэдийн эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн үйлчилгээ үзүүлэх.

3/Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд яллах чиг баримжаа давамгайлсан тэнцвэр алдагдсан тогтолцоог өөрчилж, хүний эрхийн баталгааг бодитойгоор хангах зорилгын хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг цогц шинэчлэх асуудлаар дараах саналыг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулах:

а/эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дээд шатны прокурорт гомдол гаргаж шийдвэрлүүлэх зохицуулалтыг өөрчилж, прокурорын зарим чиг үүргийг шүүхэд шилжүүлэн, мөрдөн шалгах ажиллагаанд шүүхийн хяналтыг тодорхой болгож, прокурор, өмгөөлөгчийн шүүхийн өмнө тэгш байх зарчмыг хангах;

б/өмгөөллийн үйл ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бодит нөлөө үзүүлэх, хүний эрхийн хамгаалалтын бие даасан механизм болох чиглэлд өөрчилж, өмгөөлөгчийн оролцооны зайлшгүй байдлыг хангах, хууль зүйн туслалцааг бодитойгоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх;

в/мөрдөгч, прокурорын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүний эрхийн болон хуулийн зөрчилд ногдуулах хариуцлага зайлшгүй байх механизмыг бий болгож, ил тод, үр нөлөөтэй хяналт, шинжилгээ, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх.

4/Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн улмаас хохирсон хохирогчид төрөөс нөхөн олгосон төлбөрийг тухайн гэмт хэргийг үйлдсэн буруутай этгээдээр буцаан бүрэн төлүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж, уг гэмт хэргийг үйлдсэн этгээдийн мэдээллийн нэгдсэн бүртгэлийг бий болгон хуульд нийцүүлэн хөтлөх, ашиглах журмыг баталж, мөрдүүлэх.

5/Цагдаагийн байгууллагын алба хаагчдыг эрүүдэн шүүх гэмт хэрэг болон хүний эрх, эрх чөлөөний зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хүний эрх, мэргэжлийн ёс зүй, хууль дээдлэх зарчимд суурилсан тасралтгүй сургалт, давтан бэлтгэлийг тогтмол зохион байгуулж, мөрдөн шалгах ажиллагаанд хууль бус арга хэрэглэхийн хууль зүйн үр дагавар, хүний эрхэд учруулах хор уршгийг бодит жишээ, практикт тулгуурлан ойлгуулах, байцаалт, мэдүүлэг авах ажиллагаанд дуу-дүрсний бичлэг хийх, өмгөөлөгчийн оролцоог хангах талаарх сургалт, дотоод хяналтыг сайжруулах, алба хаагчдыг хууль зөрчих нөхцөлд хүргэдэг ажлын ачаалал, гүйцэтгэлийн дарамт зэрэг хүчин зүйлийг бууруулах чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авах.

2.Энэ тогтоолын 1 дэх хэсэгт заасан зохион байгуулалт болон хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шинээр бүрдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллах, тогтоолын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА  С.БЯМБАЦОГТ